Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 4820

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 46 гудамж, 520 тоотод оршин суух, Ембүү овогт Гэрлээгийн Мөнхжаргал, /РД:ХМ85092011/-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 12 гудамж, 211 тоотод оршин суух, Өндөр овогт Баярмаагийн Солонго, /РД:ЧЛ87100108/-д холбогдох,

            Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнхжаргал, хариуцагч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мөнхжаргал миний бие 2003 онд Б.Солонготой танилцаж, 2007 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2009-2011 оны хооронд Исланд улсад ажиллаж амьдарч байгаад Солонго жирэмсэн болж нутагтаа хүүхдээ төрүүлэхээр буцсан. 2011 онд охин Намуундарь төрж бид хүүхэдтэй болсон. 2012 онд би нутагтаа ирж бид хэсэг хугацаанд хамт амьдарсан бөгөөд хамт амьдрах хугацаанд үл ойлголцол гарч маргалдах болсон. 2012 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч өнөөдрийг хүрсэн. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Номуундарийг ээжийнх нь асрамжид үлдээж сар бүр 250,000 төгрөг өгч байхаар харилцан тохирсон. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон байх тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв. 

              Хариуцагч Б.Солонго нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2003 онд танилцаж, 2007 онд гадаад явах болж, гэр бүлээ батлуулсан. Бид 2008 онд Исландруу явж амьдарсан. 2010 оны 01 дүгээр сард би Монголдоо буцаж ирсэн. Жирэмсэн байхдаа хэвтрийн дэглэм барьдаг байсан учраас ээж эгч нарынхаа хажууд Монголдоо үлдсэн. Нөхөр маань хүүхдээ төрөх үеээр Монголд ирсэн. 2012 оны 08 дугаар сард Исландаас манай нөхөр ирсэн. Бид байнгын хэрүүл маргаантай байдаг болсон. 2012 оны 11 сард тусдаа амьдраад, бид одоо хүртэл тусдаа байгаа. Дунд нь зөндөө нийлэх гэж үзсэн боловч хоорондоо тохирохгүй байсан. 2012 онд салснаас хойш эхэндээ хүүхдийнхээ хэрэгцээнд нөхрөөсөө мөнгө авдаггүй байж байгаад, 2014 оны дунд үеэс эхлэн сар болгон 300,000 төгрөг авч эхэлсэн. Хүүхдийн тэтгэлэгт эцэг нь охиндоо 18 нас хүртэл нь сар бүр 250,000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Охин М.Номуундарийг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

           Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал нь хариуцагч Б.Солонгод холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

          Г.Мөнхжаргал, Б.Солонго нар 2003 онд танилцаж, 2007 онд хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин М.Намуундарийг төрүүлсэн болох нь №00580471679 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 8 дахь тал/, Г-2759 дугаартай  хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар гэрлэгчдийн хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч  талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, 2012 оноос хойш тусдаа амьдарсан. Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгожээ.

             Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй байх тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

          . Гэрлэгчдийн дундаас 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.Намуундарь нь төрсөн цагаасаа эхлэн эх Б.Солонгын асрамжид, түүнтэй хамт амьдарч байгаа гэх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин М.Намуундарийг эх Б.Солонгын асрамжид үлдээж шийдвэрлэв.

            Хариуцагч Г.Мөнхжаргал нь охин М.Намуундарийг 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэгт сар бүр 250,000 төгрөгийг өгч байхаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх ба нэхэмжлэгч Б.Солонго түүнийг хүлээн зөвшөөрч байх тул эцэг Г.Мөнхжаргалаас сар бүр 250,000 төгрөг гаргуулан охин М.Намуундарийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

           Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

           Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                    ТОГТООХ нь:  

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Ембүү овогт Гэрлээгийн Мөнхжаргал, /РД:ХМ85092011/, Өндөр овогт Баярмаагийн Солонго, /РД:ЧЛ87100108/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин М.Намуундарийг эх Б.Солонгын асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар охин М.Намуундарийг 18 нас хүртэл  хариуцагч Г.Мөнхжаргалаас сар бүр 250,000 төгрөгийг гаргуулж, охин М.Намуундарийг тэжээн тэтгүүлсүгэй.

          4. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай

            5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

  

 

 ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА