Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 46

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Ц.Амар

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 180506219000000000 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 12-нд Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгууллагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5; эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 98-2 дугаар байр, 00 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, С- овогт Б-ын С-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.С- 2018 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Н-” их дэлгүүрийн орчим хохирогч Б.С-ийг зодож, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй.

Ер нь бол хохирогч С-ийг би таньдаг, би хоёр ээлжийн жолоочоор ажилладаг байсан. Тэгээд урьд өмнөх жаахан маргаантай асуудлаас болж хэн аль нь согтуу байсан учир би түүнийг цохиж зодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч С-ий хохиролд гэж 2.5 сая төгрөг өгсөн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Бямбаагийн С-э “… 2018 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө би 01 цагийн орчим гэртээ харих гээд явж байсан чинь Сэнгэбаатар гэх таньдаг хүн над руу 89119393 гэсэн гар утаснаас залгаад Баянгол дүүргийн “Н-” их дэлгүүрийн орчим хүрээд ир гэхээр нь “Н-” их дэлгүүрийн ар талын автомат тоглоомын газар очсон чинь Сэнгэбаатар зүс таних С- нар байсан. Тухайн үед Сэнгэбаатар, С- хоёр согтуу байсан ба уулзаж байгаад С-тай би автомат тоглоомын газраас гараад урагшаа Н- их дэлгүүрийн автомашины зогсоолын орчим хамт алхаж явж байснаа С- надад үг хаяж надтай маргалдаж гэнэт цувны малгайнаас толгой дээрээс давуулснаа нүүр рүү 3 удаа өшиглөөд гэдэс, нуруу, бөөр рүү 4-оос 5 удаа өшиглөөд намайг зодсон. Тэр үед С- намайг зодчихоод зугтаад яваад өгсөн. Би зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад хандсан” /хх-н 10-12/ гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.С-ий гэмтэлтэй холбоотойгоор “Б.С-ий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи  хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн 2.3 дугаар шүд, доод баруун 1, зүүн 1.2 дугаар шүдний сулрал, дээд уруулын салстад язрал, цус хуралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 14370 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 14/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.С-ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгч Б.С-ад холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.С- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.С-э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... шүүгдэгчид оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай” хүсэлт гаргасныг хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. С- овогт Б-ын С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.С- торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.С- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.С-э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.С-ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ