Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 4899

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 02, Сэнтрал Тауэр, 8 давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 13-106 тоотод оршин суух Боржигон  овогт Энхболдын Хангай /РД:ЧК87031211/-д холбогдох,

 2,252,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Юнител” ХХК нь хариуцагч Э. Хангайтай харилцан тохиролцож 2015 оны 06-р сарын 14-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88072430 дугаарт нь S6 Edge (color- Black) маркийн гар утсыг /IMEI code 359521067521296/ 12 сарын хугацаатай /2015 оны 06-р сараас 2016 оны 06-р сар/ хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 6-р сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:  88072430 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох нийт 1,501,603 төгрөг, алданги болох 750,802 төгрөг, нийт 2,252,405 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Хангай нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 2,252,405 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Э.Хангайгаас 2,252,405  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 2,252,405  төгрөгийг хариуцагч Э.Хангай 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  50,988 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 25,494 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 2,252,405  төгрөгийг хариуцагч Э.Хангай 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,988 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 25,494 төгрөг, хариуцагч Э.Хангайгаас 25,494 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА