Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 75

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                 

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Ш.Хосбаяр

шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 18020000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 6-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “G” ХХКомпанид туслах ажилтан, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамж 134 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүд, дүүгийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 76 дугаар байрны 00 тоотод түр оршин суух,

ял шийтгэл: 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

дугаарын регистртэй, Х- овогт Э-гийн Д-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Д- 2018 оны 10 дугаар сард Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 22.2 грамм ургамал худалдах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 000 тоот орон сууцанд хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах явцад тодорхой мэдүүлсэн болохоор дахин мэдүүлэхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ийм зүйл хийснээр гэмт хэрэг болдог гэдгийг үнэхээр мэдсэнгүй. Би өмнө нь ямар нэгэн бодис хэрэглэж үзээгүй гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Д-ийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1802000000254 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 2-6/, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11312 дугаартай:

1.2.3.  Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. Э.Д- 2018 оны 10 дугаар сарын 24, рд:нэ95120616 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. /хх-н 34/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11308 дугаартай:

1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, ногоон өнгийн хуванцар савтай шингэн зүйл, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт /серийн дугаартай AL2979368/, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас талдаа хар өнгийн нутаг зүйлтэй/, шүдэнзний хайрцагт хийсэн ургамлын үр бүхий ороосон цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын“Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

4. Шинжилгээнд ирүүлсэн ургамал зүйлийн цэвэр жин нь 19.5827 грамм байсан ба шинжилгээнд 0.5 граммыг зарцуулж, бусад обьектуудыг дүгнэлтийн хамт  буцаав. /хх-н 39-40/ гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч Э.Д-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч Э.Д- нь өөрийн гэм буруутай үйлдэл болох сэтгэцэд нөлөөт ургамлыг Төв аймаг руу явж түүсэн гэдгээ ямар нэгэн байдлаар маргалгүй  хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, тухайн цаг хугацаанд түүнийг Төв аймагт байсан талаар гэрч Мөнхбатын У “... манай нөхөр саяхан хөдөө ажлаар 1 сар явж байгаад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ирсэн. Төв аймгийн Баянцогт сум руу явсан. Манай нөхөр албан ёсоор тогтсон ажил хийдэггүй болохоор цалин гайгүй ажил олдвол хийдэг. Энэ удаа явахдаа нэг хашаа барих ажилтай явсан гэсэн би тэр ажлыг нь яг сайн мэдэхгүй байна. Би эдгээр зүйлүүдийг өнөөдөр анх удаагаа харсан. Намайг тагт цэвэрлэхэд дээрх эд зүйлүүд харагдаж байгаагүй, өнөөдөр гаднаас цагдаа нар ирээд манай гэрт үзлэг хийхэд Э.Д- тагтан дээр байсан хувцаснуудын доороос дээрх эд зүйлсийг гаргаж өгч байгаа харагдсан” /хх-н 26-27/ гэж мэдүүлжээ.

 

Иймд Х- овогт Э-гийн Д-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Д-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал; Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт нийгмийн хор аюул, уршиг оршдог.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавар ихтэй учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенциор зохицуулсан.

Дээрх гэмт хэргийг илрүүлэх, цаашлаад гэмт хэргийн шинжийг нь зөв зүйлчлэн тогтоох нь чухал юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байдаг.

 

Шүүх нь ял, хариуцлага оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг, ялангуяа мансууруулах бодистой хамаарал бүхий гэмт хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтыг анхаарах, гэмт хэргээс гарах үр дагаварыг тооцох учиртай.

Өөрөөр хэлбэл мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шүүгдэгчийг нэг талаас цээрлүүлэх, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх, нөгөөтэйгүүр түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой.

 

Шүүгдэгч Э.Д-ий хувийн байдалтай холбоотой;

ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 49/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 52-55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 62/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хэдийгээр уг гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар ихтэй боловч шүүгдэгч Э.Д-ий ар гэр, ахуй байдлыг нь харгалзан түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа хорих ялыг хамгийн доод хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Д-д холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Д- цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “… гялгар уутанд савласан 22.2 грамм /гялгар уутны хамт/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт “өвс” нэршилтэй бодис, ногоон өнгийн хуванцар савтай шингэн зүйл, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрийн тугалган цаас буюу бонго гэх зүйл, шүдэнзний хайрцаганд хийсэн ургамлын үр бүхий ороосон цаас зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тухайн байгууллагаар устгуулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Х- овогт Э-гийн Д-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д-ийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Э.Д- цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ШШГЕГазрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “… гялгар уутанд савласан 22.2 грамм /гялгар уутны хамт/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт “өвс” нэршилтэй бодис, ногоон өнгийн хуванцар савтай шингэн зүйл, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрийн тугалган цаас буюу бонго гэх зүйл, шүдэнзний хайрцаганд хийсэн ургамлын үр бүхий ороосон цаас”-ыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгахыг тухайн байгууллагад даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Д-ийг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ