Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00652

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00652

 

 

 

 

Б.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/04256 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Т ХХК-д холбогдох

304,445,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонпүрэв, Б.Өнөр-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Б ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д.Т ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, захирал Б.*******ын эзэмшлийн бенз Жи500 маркийн автомашиныг 580,000,000 төгрөгт тооцон бартераар арматурыг 1 тн тутмыг 2,500,000 төгрөгөөр худалдан авах, хугацааг 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуусгахаар тохиролцсон.

1.2. Б.Б ХХК нь гэрээнд заасны дагуу автомашиныг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Т ХХК-ийн нягтлан бодогч Б.*******т шилжүүлэн өгсөн. Д.Т ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 275,555,000 төгрөгийн үнэ бүхий 110 тн арматур нийлүүлсэн. Үлдэгдэл арматурыг янз бүрийн тайлбар тавьж өнөөдрийг хүртэл буулгаагүй байна.

Иймд Д.Т ХХК-аас нийлүүлээгүй арматурын үнэ болох 304,445,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Д.Т ХХК-ийн арматурыг бартераар авах хүсэлтийг хүлээн авч, 580,000,000 төгрөгт Жи500 маркийн автомашиныг авч 232 тн арматурыг Б.Б ХХК-д нийлүүлэхээр тохирсон.

2.2. Д.Т ХХК нь гэрээний үүргээ аль болох биелүүлэхийг хичээж өнөөдрийг хүрсэн, захирал Б.******* бөөрний архаг хүнд өвчний улмаас ажил бизнесээ хийж чадахгүй байгаа бөгөөд манай тооцоогоор үлдэгдэл нь 230,000,000 төгрөг орчим байгаа. Мөн анх бартерт авсан автомашины үнийг зах зээлийн ханшаар тооцуулж зөрүүг хасуулах хүсэлтэй байна. Учир нь захирал Б.******* эмчлүүлэх яаралтай шаардлага гарсан тул нэхэмжлэгч талаас уян хатан хандаасай гэж хүсэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Т ХХК-аас 304,445,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,680,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т ХХК-аас 1,680,175 төгрөгийг гаргуулж Б.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Б ХХК 304,445,000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч нь манай компанид Жи500 маркийн автомашин нийлүүлж тус автомашины үнэ 580,000,000 төгрөгт арматур авахаар харилцан тохиролцсон. Энэ хугацаанд манай компаниас нийт 350,000,000 төгрөгийн 140 тн арматур хүлээлгэн өгсөн бөгөөд нийт үлдэгдэл 230,000,000 төгрөг болсон байхад нэхэмжлэгч тал 110 тн арматур авсан, үлдэгдэл 304,445,000 төгрөг гэж худлаа ярьж 74,444,000 төгрөг илүү нэхэмжилснийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн.

4.2. Энэ тухай манай санхүү хариуцаж байсан нягтлан гадагш явсан, мөн арматурыг хүлээлгэн өгсөн жолоочийг гэрчээр асуулгахаар бэлдэж байх үед шүүх хурлыг хийж мэтгэлцэх эрхээр хангахгүй хариуцагчийн эзгүйд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч талын илүү нэхэмжилсэн 74,444,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн тус нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, тодорхойгүй байхад бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчилж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэ талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээний хүчин төгөлдөр байдал, автомашин хүлээн авсан эсэхэд ямар нэгэн маргаан байхгүй. Анхан шатны шүүхэд хариуцагч талаас автомашин хэт өндөр үнийн дүнтэй байна гэж маргаж байсан. Өөрөөр хэлбэл тооцоололд ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй. Гэвч хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхэд заагаагүй үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

5.2. Нэхэмжлэгч тал авсан арматурын баримтыг тухай бүрд бүртгэж байсан бөгөөд тухайн баримтыг шүүхэд гаргаж өгсөн болох нь хэргийн баримтаас тодорхой харагдана. Энэхүү баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэдэг талаар хариуцагч маргаагүйгээс гадна энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч, тайлбар татгалзлаа нотлоогүй. Хариуцагч тал хэрэгтэй удаа дараа танилцаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Давж заалдах гомдолд дурдсан холбогдох баримтуудыг гаргаж өгөх боломжоор шүүх хангалттай хангасан. Энэ эрхээ хариуцагч тал өөрсдөө хэрэгжүүлээгүй.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Б.Б ХХК нь хариуцагч Д.Т ХХК-д холбогдуулан 304,445,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.Б ХХК, Д.Т ХХК-ийн хооронд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д.Т ХХК нь 232 тн арматурыг худалдан авагчид нийлүүлэх, Б.Б ХХК нь Бенз Жи500 маркийн автомашиныг 580,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээснээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна.

Автомашины үнийг 580,000,000 төгрөгөөр тооцох тухай талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн бөгөөд анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн. Иймээс гэрээгээр шилжүүлэн авсан автомашины үнэ 580,000,000 төгрөгт хүрээгүй, 400,000,000 төгрөгөөр бусдад худалдсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

4. Нэхэмжлэгч нь 5500 УЕК улсын дугаартай, Бенз Жи500 маркийн автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 29,923, 06 дугаар сарын 08-ны өдөр 5,114, 06 дугаар сарын 13-ны өдөр 31,895, 06 дугаар сарын 17-ны өдөр 20,850, 06 дугаар сарын 24-ний өдөр 2,000, 06 дугаар сарын 28-ны өдөр 18,835, 06 дугаар сарын 29-ний өдөр 2,000, нийт 110,707 тн арматур хүлээн авсан, үнэ 275,555,000 төгрөг гэж тооцсоныг хариуцагч үгүйсгэсэн нотлох баримт гаргаагүйг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь 230,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тайлбараа баримтаар нотлоогүйг шүүх зөв дүгнэсэн байна.

 

6.1. Хариуцагч нь арилжааны гэрээний дагуу нэхэмжлэгчид 232 тн арматур нийлүүлэхээс 122 тн арматурыг нийлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

6.2. Аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зохицуулсан.

Талууд арилжааны гэрээгээр шилжүүлсэн автомашин болон арматурыг биет байдлаар харилцан буцаах боломжгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дутуу нийлүүлсэн 122 тн арматурын үнээр тооцон 304,445,000 төгрөгийг төлүүлэхээр шаардсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулахаар шаардсаныг шүүх зөв тодорхойлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүх 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг тайлбарласан.

Мөн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулжээ. Түүнчлэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах тухай хариуцагч талын 2 удаагийн хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 01, 15-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дэлгэрбат, өмгөөлөгч Д.Нарантуяа нар оролцож 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан товлогдсоныг мэдсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан .. санхүү хариуцаж байсан нягтлан гадагш явсан, мөн арматурыг хүлээлгэн өгсөн жолоочийг гэрчээр асуулгахаар бэлдэж байх үед шүүх хурлыг хийж мэтгэлцэх эрхээр хангахгүй, хариуцагчийн эзгүйд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/04256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА