Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0096/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                              Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Т.Баярмаа,

Шүүгдэгч                                                       З. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.д холбогдох эрүүгийн 1939000000071 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 17-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх З. /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З. нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 17-11 тоот хашааны гадна иргэн Т.Мөнхчулуунтай маргалдан нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З. нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 17-11 тоот хашааны гадна иргэн Т.Мөнхчулуунтай маргалдан нүүрэн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Мөнхчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөнхбаярыг чи хаашаа явах гээд байгаа юм, согтуу байж орж унтаж амар гэж хэлсэн чинь Мөнхбаяр би найзуудтайгаа явна гээд зөрүүдлээд байсан. Тэгээд Мөнхбаяртай хэрүүл хийгээд байж байсан чинь л гэнэт З. нь машины арын суудал дээрээс бууж ирээд намайг ямар ч үгийн зөрүүгүй нүүр рүү мөргөчихсөн. Миний нүүр рүү оч бутрах шиг болоод л би тэр дороо манараад газар унасан, нөгөө хэд харин машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд Батсүх ах, манай эгч Сүхэнхорол хоёр намайг гэр рүү оруулсан. Намайг З.д мөргүүлж байхад тэр хоёр хашааны гадаа гараад ирчихсан харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

Гэрч Т.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...З. миний хажууд талд машины хойд талын суудал дээр сууж байснаа гэнэт машинаас буугаад Мөнхчулуун ах руу очоод нүүр рүү нь мөргөчих шиг болсон. Тэгтэл З.ын ах нь жолоочийн суудал дээрээс буугаад З.ыг татаад машинд суулгаад бид нар хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

Гэрч Д.З.хурцын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд байж байсан чинь л манай дүү З. машинаас буугаад нөгөө Мөнхбаярын ах гээд байсан согтуу далчиганаад хэрүүл маргаан үүсгээд байсан залуугийн нүүр рүү нэг удаа мөргөөд унагаасан. Тэрнээс өөр тийм айхтар зодоон цохион болсон зүйл байхгүй. ...тэгээд би тэр дор нь дүү З.ыг машиндаа загнаж суулгаад тэндээс хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019.3.05-ны өдрийн №97 дугаартай: “...Т.Мөнхчулууны биед зүүн дээд 1-р шүдний булгарал, зүүн нүдний дээд зовхи, доод уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/,

Яллагдагч З.ын мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Би Мөнхчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч З.т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч З.ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.Мөнхчулуун нь хавтаст хэргийн 7 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ “... “...надад ямар нэг гомдол санал байхгүй, З. ирж надаас уучлалт гуйж, бид хоёр хоорондоо эвлэрцгээсэн...” гэж мэдүүлсэн ба хохирлын талаар баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч З.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч З. нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч З. нь түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА