Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00633

 

 

 

 

 

 

 

 

    2024        03            29                                    210/МА2024/00633

 

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/04637 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.С-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болон алданги 51,100,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Т, хариуцагч Ц.С-, хариуцагчийн өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ц.С- нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 13,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Уг гэрээний үүргээ биелүүлж 33,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

Хариуцагч нь 20,000,000 төгрөгийн 10 сарын хүү болох 8,000,000 төгрөг, 13,000,000 төгрөгийн хүү болох 1,950,000 төгрөгийг 2014 онд төлсөн. Одоо зээлийн үндсэн төлбөр 33,000,000 төгрөг, алданги 16,500,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний 2 сарын хүү 1,600,000 төгрөг нийт 51,100,000 төгрөг нэхэмжилж байна.

2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч Ц.С-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 16 дугаар хороо Орхоны 2 дугаар гудамжны 00 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний 159 м.кв талбайтай газрыг барьцаалсан. Иймд зээлийн гэрээний үүрэг 51,100,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээгээр 33,000,000 төгрөг авсан, дансаар болон бэлнээр нийт 8,742,800 төгрөг төлсөн, үлдсэн 24,257,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Иргэн хүн банктай адил өндөр хүү бодох хууль байдаг эсэхийг мэдэхгүй. Иймд хүү, алдангийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цын С-ээс 38,486,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц-ын Б-д олгож, нэхэмжлэлээс 12,613,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 16 дугаар хороо Орхоны 2 дугаар гудамж 00 тоотод байршилтай 159 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2205003840 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс 19,799,380 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.2 дахь заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээ бүр тус бүрдээ үүрэг үүсэх ёстой.

2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний 4 дэх заалтад “Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл олгогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 2.4 дэх заалтад “Зээлдэгч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоогоо хийж дуусгаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож зээлдүүлэгч талд алданги төлнө” гэж тус тус тохиролцсоныг үл хайхран Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг багасгаж шийдвэрлэснийг эсэргүүцэж байна. Ийнхүү шийдвэрлэсэн нь зөвхөн хариуцагчийн эрх ашигт нийцүүлсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж хохироож байна. Ц.С- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй олон жил болохдоо нэхэмжлэгчийн зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа нэхэж шаардсаны дагуу сайн дураараа төлсөн зээлийн хүүг үндсэн зээлээс нь хасаж тооцсон. Алданги хасаж тооцох үндэслэл байгаагүй, энэ талаар шийдвэртээ тодорхой тусгаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 12,613,120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль хэрэглэж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч талаас 2 удаагийн зээл авсан эсэх талаар маргаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Ц.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,100,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б- н, хариуцагч Ц.С-тэй байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. /хх7/

 

2.1. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Ц.С-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 12 дугаар гудамж 00 тоотод байршилтай 159 м.кв талбай бүхий эрх улсын бүртгэлийн Г-2205003840 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх6/

 

2.2. Түүнчлэн, Ц.Б- нь Ц.С-тэй байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 13,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар Ц.Б- нь Ц.С-т зээлдүүлж, 3 сарын хүү болох 1,950,000 төгрөг, нийт 14,950,000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх нөхцөлтэйгөөр талууд харилцан тохиролцжээ.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4. Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлийн хүү, алдангийн хэмжээ маргааны зүйл болжээ.

 

4.1. Анхан шатны шүүхээс хариуцагчийн авсан дээрх 2 зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх дарааллыг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 болон 216.4 дэх хэсэгт нийцүүлэн тооцсон нь зөв байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй бөгөөд харин шүүх тооцооллын хувьд алдаатай шийдвэр гаргасан байх тул давж  заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөн тооцох боломжтой гэж үзлээ.

 

4.2. Хариуцагчийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 13,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээнээс 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд илүү хүнд нөхцөлтэй шаардлага гэж үзэх нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар  тэргүүн ээлжинд үндсэн зээлийн 20,000,000 төгрөгөөс, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн нийт 6,588,120 төгрөгийг хасч тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 13,411,880 төгрөг, 2 сарын зээлийн хүү 1,600,000 төгрөг, нийт 15,011,880 төгрөг байна.

 

4.3. 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч гэрээний хугацаанд огт төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээл 13,000,000 төгрөг, хүү 1,950,000 төгрөг, нийт 14,950,000 төгрөгийн үүрэг үүсчээ.

 

5. Анхан шатны шүүх алдангийн хэмжээг багасгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байхад алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт нийцэхгүй байх тул  энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангана.

 

Тодруулбал, хариуцагч нь 2013 болон 2014 онд авсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй 10 жил болсон, зээлийн мөнгөн хөрөнгийг удаан хугацаанд ашигласан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байх тул алдангийг багасгах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 14,950,000 төгрөгийн 50 хувиар алданги тооцоход 7,475,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний үүрэг 15,011,880 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцоход 7,505,940 төгрөг тус тус гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна.

 

6. Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүрэгт нийт 44,937,820 төгрөгийг хариуцагч Ц.С-ээс гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,162,180 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/04637 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “38,486,880” гэснийг “44,937,820” гэж, “12,613,120” гэснийг “6,162,180” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “19,799,380” гэснийг “22,486,880” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “420,584” гэснийг “382,639” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,760 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ