Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0093/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                              Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                Т.Баярмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                        О., А. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А., О. нарт холбогдох 1939000740050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг, Ангирт багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 03 жил 06 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэж байсан гэх А. /РД: /;

 

Монгол улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг, Ангирт багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх О. /РД: /

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О., А. нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 2-р багийн нутаг, “Асганы ам” гэх газраас иргэн Ш.Гангантөрийн 2 тооны адууг хулгайлж, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.Гангантөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр адуун дээрээ очиход манай адуу Норовлин сумын 2 дугаар баг, “Асганы ам” гэх газар бүрэн бүтэн бэлчээрлэж байсан. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө адуундаа явахад манай адуу мөн тэр газраа байсан бөгөөд миний ухаа зүсмийн азаргатай адуун дотроос хүрэн зүсмийн хязаалан насны үрээ, сартай хүрэн даага алга болсон байсан. Би тухайн үедээ сарнисан байх гэж бодоод хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч Ө.Мөнхтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Норовлин сумын 2 дугаар багт хөдөө Баатар гэдэг айлынд амьдардаг Отгоо гэх залуу мөнгөний хэрэг болоод байна, танд нэг шүдлэн насны адуу зарна гэж хэлээд надаас 2018 оны 9 дүгээр сарын эхэн үед 150.000 төгрөг бэлнээр нь авсан. ...2018 оны 9 дүгээр сарын 23-24-ний үед сумын төв дээр амьдардаг А.ын гэрт нь өөрийнхөө Портер маркийн машинтайгаа очиж, Отгоогоос нэг адуу авах гэсэн юм, хамт ачилцаад өгөөч гэж гуйгаад А.ыг гэрээс нь аваад явах үед тэр би ч гэсэн шинэ гэрийн найр хийх гээд мөнгө, төгрөгний хэрэгтэй байгаа, Отгоогоос нэг тооны даага авахаар болсон юм, таны авах адуутай чинь хамт ачаад ирье гэж хэлж байсан. ...тэр айлд намайг үлдээгээд Отгоо, А. хоёр тэр айлын мотоциклийг нь гуйж унаад адуундаа явсан. ...ирэхдээ хойно айлын хашаанд адуугаа хашчихсан гэж хэлж байсан учраас би тэр хоёрыг машиндаа суулгаад явсан... ...Тухайн үед би хязаалан насны үрээг нь Отгоо надад өгч байгаа юм байна даа гэж дотроо бодож байсан чинь надад даагыг нь өгсөн. Харин хязаалан насны үрээг нь А. Отгоогоос авч надад зарж байгаа юм гэж тэр хоёр ярьж байсан. Хашаанд хашаатай байсан адууг Отгоо нь миний адуу гэж хэлж байсан... 76-07 УНГ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2018 оны 6 дугаар сард Улаанбаатар хотоос Сонгууль гэдэг хүнээс 5.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо энэ хүнийхээ нэр дээр бүртгэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 28 тал/,

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 10 тал/,

А.ын мөрдөн байцаалтанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-22, 63-65 тал/,

О.ын мөрдөн байцаалтанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25, 59-61 тал/,

Шүүгдэгч А., О. нарын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч А., О. нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 2-р багийн нутаг, “Асганы ам” гэх газраас иргэн Ш.Гангантөрийн 2 тооны адууг хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Гангантөрийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, О., А. нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А., О. нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу мал хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Т.Баярмаа шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул А., О. нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Гангантөр нь хавтаст хэргийн 99 дүгээр талд “...хохиролд 1.000.000 төгрөг авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, А., О. нарт гомдолгүй...” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд А., О. нар нь тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А., О. нарт тус бүр 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярсайхан нь А., О. нар өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, ар гэрийн байдал зэргийг харгалзан тэдгээрт ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгч А.ын хувьд урьд бүлэглэн бусдын мал хулгайлж, тус хэрэгтээ 2014 онд ял шийтгүүлж, 4 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан бөгөөд гэмт зан үйлээ засаагүй, нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэнийг түүний хувийн байдалд тооцож, хорих ял оногдуулах нь зүйтэй;

Шүүгдэгч О.ын хувьд ашиг олон гэсэн шунахайн сэдэлтээр бусдын мал хулгайлахыг санаачилсан байдлыг түүний хувийн байдалд тооцож мөн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 метрийн урттай мяндсан бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгч  А., О. нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А., О. нарыг бүлэглэн бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А., О. нарт 06 /зургаа/ сарын хорих ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А., О. нарт оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч А., О. нарыг цагдан хорьсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 метр урттай мяндсан бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА