Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00758

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00758

 

хххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

ХХХХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/00695 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүүд 9,118,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххх нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ХХХХ ХХК-тай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан захиалга өгсөн. хххын захиалсан байр нийт 68,4 м.кв талбайгаар нийт 191,520,000 төгрөг болсон. Бид гэрээний дагуу байр ашиглалтад орж 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бид орон сууцандаа орсон. 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр орон сууц хэмжилтийн ХХХХХХ ХХК-д хүсэлт гаргаж орон сууцандаа хэмжилт хийлгүүлсэн. Хэмжилтээр нийт талбайн хэмжээ 65,19 м.кв гарсныг мэргэжлийн байгууллага баталгаажуулсан.

1.2. Гэтэл ХХХХ ХХК-тай хххын хийсэн гэрээгээр 68,4 м.кв хэмжээтэй орон сууцанд гэрээ байгуулсан. Гэрээний 2.6-д зааснаар нийт талбайн хэмжээ нь 1-2 хүртэл хувийн зөрүү үүсэж болох асуудлаар талууд маргаан гаргах эрхгүй гэрээ хийсэн боловч манай орон сууцны хэмжээ 3,21 м.кв дутаж байгаад би гомдолтой байна. Мөнгөөр тооцвол 8,988,000 төгрөг болж байна. ХХХХ ХХК-д олон удаа очиж учир байдлаа хэлсэн боловч үл тоосоор өдий хүрсэн. Иймд ХХХХ ХХК-аас м.кв-ын зөрүү болох 8,988,000 төгрөг, талбайн хэмжилтийн 130,000 төгрөг, нийт 9,118,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тус ХХХХ ХХК нь ХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо ХХ дугаар хороолол ХХХХХХХХХХ хаягтай газарт үйлчилгээтэй ХХ давхар ХХХХ айлын орон сууцны ХХХХХ тоот барилгыг барьж ашиглалтад оруулсан. Худалдан авагч ххх нь хххх байрны хх давхарт хххх тоот 3 өрөө хххх м.кв орон сууцыг ХХХХ ХХК-аас №С-1/99 тоот гэрээ байгуулан худалдан авсан. Тус гэрээний 2.4 дүгээр зүйлд зааснаар байрны нийт талбайн хэмжээг бодохдоо барилгын гадна хананы дотор талаас тооцсон ба байрны дотор хананууд м.кв-ын тооцоонд орсон бөгөөд худалдан авсан талбайн хэмжээг тооцсон тооцоог хүлээн зөвшөөрч ххх гэрээ байгуулсан.

2.2. Худалдан авагч ххх нь ХХХХХХ ХХК-аар сайн дураар тус байрны м.кв-ыг хэмжүүлсэн бөгөөд манай компанийн зүгээс ХХХХХХ ХХК-ийн гаргасан байрны хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу хэмжилтийг хийлгээгүй. Мөн тус орон сууцны тагтыг битүү шилэн хаалттай лоож хэлбэрээр хийж гүйцэтгэсэн ба ийм нөхцөлд 0,5 гэсэн итгэлцүүрээр бодогддог. Тагт 1.78 м.кв байхад 1.00 м.кв гэж бага хэмжээгээр гаргасан. Мөн дотор хамар хана буюу өрөө хоорондын хананы 2.63 м.кв, тагтны зөрүү 0,78 м.кв нийт 3.41 м.кв хэмжээг тооцоход гэрээгээр тохиролцсон 68.40 м.кв хэмжээнд таарч байгаа бөгөөд хэмжилтийг гэрээнд заасан нөхцөлүүдийн дагуу хэмжээгүйгээс зөрүү гарсан.

2.3. ХХХХХХХ дүүрэг хх хороонд байрлах ххх тоотын хх давхар ххххх тоот байрны түлхүүрийг ХХХХ ХХК нь 2021 оны 9 дүгээр 10-ны өдөр хххт хүлээлгэн өгсөн ба тус байр одоогоор хххын эзэмшилд байдаг. ххх нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тохиролцсон графикийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй ба төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. хххын гаргасан нэхэмжлэх нь тус байрны үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авахдаа доголдлыг мэдэх боломжтой байсан боловч хүлээн авсан гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д дотор хана нь тооцоонд орно гэж заасан. Байрыг авахдаа хэмжилт хийлгэх боломжтой байсан. Бид талбайн хэмжээг нуун дарагдуулаагүй. Улсын комисс 2021.09.01-нд ажилласан, айл ороогүй байхад хэмжилт хийлгээд дүгнэлт нь сүүлд гарсан.

Иймд ххх нь гэрээгээр тохиролцсон нөхцөл болон үүргээ зөрчиж талбайн хэмжилтийн 130,000 төгрөг, 8,988,000 төгрөг, нийт 9,118,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч ХХХХ ХХК-с 3,830,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хххт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,287,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 76,236.40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. ххх нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ХХХХ ХХК-тай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан захиалга өгч захилга өгсөн орон сууц нийт хэмжээ нь ххххх м.кв байхаар харилцан тохиролцож 1 м.кв нь 2,800,000 төгрөг байхаар гэрээ байгуулж орон сууц нь гэрээний 3.3-т зааснаар ашиглалтад оруулах хугацаа нь 2021 оны 07 дугаар сард байсан, хугацаа хэтэрч 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцандаа орсон. 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр орон сууц хэмжилтийн ххххх ХХК-д хүсэлт гаргаж орон сууцандаа хэмжилт хийлгэхэд хэмжилтийн зардалд 130,000 төгрөгийг төлсөн баримтаа хэрэгт хавсаргасан боловч шүүх үнэлээгүй.

4.2. Маргаан бүхий орон сууцны талбай нь 1.368 м.кв-аар дутуу гэж үзээд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5,287,600 төгрөгийг хангаагүй үлдээсэнд гомдол гаргаж байна.

4.3. Хариуцагч нь ххх нь орон сууцаа хүлээж авахдаа шалгаж авах боломжтой байсан, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдсан мөн хэмжилтийг гэрээний 2.1-т гадна ханаас хэмжих ба дотор ханыг оруулна тооцохоор тохиролцсон. Гэтэл хэмжилтээр дотор ханыг оруулан тооцоогүй, тагтыг лоож хэлбэрээр битүү хийсэн гэж маргасан боловчэнэ талаар шүүхэд нотолж чадаагүй. Мөн улсын комисс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр улсын комисс ажилласан, улсын комисс ажиллаагүй буюу айл ороогүй байх үед хэмжилтээ хийгээд сүүлд дүгнэлт нь гарсан гэж тайлбарласан. Монгол Улсын 6058 -2009 оны стандартын 7.1-д тагтыг 0.3,7.2 т Орон сууцны барилгын доторх өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна гэсэн зохицуулалтай.

Иймд хххын орон сууцны талбайгаас 68.4 хэмжээтэй орон сууц авахаас 3.21 м.кв дутуу байна гэх нэхэмжлэлээс 1.842 м.кв х 2,800,000 төгрөгөөр бодвол 5,157,600 төгрөг нэмээд хэмжилт хийлгэсэн баримтаар 130,000 төгрөг, нийт анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хангаагүй үлдэх 5,287,600 төгрөгийг нэмж хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д заасан тохиролцоог анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн дагуу хийсэн тохиролцоо гэж үзнэ. Энэ зохицуулалтыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд тухайн орон сууцыг худалдан авахгүй байх боломж нэхэмжлэгч талд байсан. 130,000 төгрөгийн хэмжилттэй холбоотой асуудлыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эд хөрөнгийг шалгах үүрэг худалдан авагч талд хамаарагддаг учир энэ үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг худалдан авагч тал хариуцах ёстой. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дараах байдлаар хангаагүй. Шүүх т алуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Учир нь, талууд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулахдаа 8 давхрын 3 өрөө 68.4 м.кв орон сууцыг зээлээр худалдахаар харилцан тохиролцсон байх ба 2021 оны 7 дугаар сард хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан.

Нэхэмжлэгч нь баригдаад дууссан барилгаас сонголт хийсэн.

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 1.2-т орон сууцыг зээлээр худалдах- худалдан авахаар харилцан тохиролцож байгаа талаараа тусгасан байдлыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй.

Гэрээний гол нөхцөлд гэрээний зүйлийг 8 давхарт байрлах 3 өрөө 68.4 м.кв орон сууц" гэж зааснаас бус тухайн орон сууцыг хэрхэн, юугаар буюу ямар материалаар, ямар загвар дизайнтай байх талаар тусгайлан харилцан тохиролцоогүй байгаа нь энэхүү гэрээг ажил гүйцэтгэх гэрээний шинжийг бус, харин худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байгааг илтгэж байна гэж үзэж байна.

Иймээс талуудын хооронд худалдах-худалдан гэрээний харилцаа үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь графикийн дагуу зээлээр худалдах-худалдан авах гэрээний эргэн төлөлтөө хийж байгаа болно.

Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 2 дугаартай зөвлөмжөөр ажил гүйцэтгэх гэрээний үр дүн бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог. Харин худалдах-худалдан авах гэрээний хувьд гэрээний зүйл бий болох ажиллагаа нь гэрээний зүйлд хамаардаггүй" гэж тайлбарласан бөгөөд нэгэнт баригдаад дууссан барилгын хувьд орон сууц хэрхэн баригдахтай холбоотой харилцааг нөхөж харилцан тохиролцох бодитой боломжгүй, үүнийг талуудын байгуулсан гэрээний гол нөхцөлд хамаатуулах боломжгүй.

Иймд, Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийг талбайн хэмжээсийг шалгаж авах боломжтой байсан гэж үзэх бөгөөд энэ талаарх шаардлага гаргах эрхээ алдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй болно.

6.2. Талуудын хүчин төгөлдөр гэрээний тохиролцоог үнэлээгүй. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний 2.4-т заасан нөхцөлийг гэрээ байгуулах үедээ хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээ байгуулахгүй байж болох байсан. Түүнд энэхүү орон сууцыг худалдан авахыг аливаа байдлаар албадаагүй, тулгаагүй болно. Харин энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч худалдан авсан нь гагцхүү түүний чөлөөт сонголтоор хийгдсэн үйлдэл байсан, хожим нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Тэрээр энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн.

Гэрээний талууд дотор хананы хэмжээг м.кв-ын тооцоонд оруулж тооцож байгаа нь талуудын хүссэн тохиролцоо байж болохыг анхан шатны шүүхээс огт анхаарч үзээгүй. Энэ нь хэмжилтийг буруу, зөв хийсэн эсвэл стандарттай нийцсэн эсэхтэй холбоотой асуудал биш бөгөөд харин хэмжилтийг ямар байдлаар хийснийг талууд хүлээн зөвшөөрөх тухай талуудын тусгайлсан тохиролцоо болно. Иймээс дотор ханыг тооцохгүйгээр 65.19 м.кв байж болох ба харин дотор ханыг оруулан тооцоод 68.4 м.кв болохыг анхнаасаа нэхэмжлэгч мэдэж байсныг анхаарч үзээгүй. Тодруулбал, дотор хана оруулаад 68.4 м.кв, оруулалгүйгээр 65.19 м.кв 3 өрөө орон сууцыг 191,520,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болно.

6.3. Тагтны хэсэг буюу лоужийг холбогдох стандартын дагуу 0.5 гэсэн итгэлцүүрээр тооцдог бөгөөд тагтны хэсгийг лоуж байдлаар тохижуулж шилэн хаалтаар битүүлсэн талаар нэхэмжлэгч талаар огт маргаагүй. Энэ талаар Уран-Асар' ХХК-ийн хэмжилтийн дүгнэлтэд тусгагдсан бөгөөд тус хэмжилтийн компанийн хувьд нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгөхөөс өмнө урьдчилан хэмжилтээ хийсэн. Харин хожим буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дүгнэлтээ гаргаж, дүгнэлт гаргасан өдрөөрөө огноолсон байдаг болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхээс эрх зүйн харилцааг зөв дүгнэсэн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргасан нь зөв. Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын стандарт буюу MNS6050 барилгын стандартын нормын дагуу гэрээ хийгдээгүй. Гэрээний 7.2-т орон сууцны барилгын доторх сууцны өрөө, тасалгааны хэмжилтийг ханын хамар хашлагын өнгөлгөө хийлгэсний дараа дотор талаас нь хэмжинэ гэсний дагуу зөв хэмжилт хийсэн. Лоуж, тагтны талаар анхан шатны шүүх хуралдаанд яригдаж байсан. Хариуцагч талаас нотолбол зохих байдлыг нотлоогүй. Нотлох боломжтой байсан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ххх нь хариуцагч ХХХХ ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 9,118,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэгчийн хийлгэсэн хэмжилт нь гэрээнд зааснаас өөр байна, талбайн хэмжээ бүрэн, анх орон сууцыг хүлээж авахдаа хэмжилт хийх боломжтой байсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талууд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн С-1/99 дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээгээр ХХХХ ХХК нь 68.4 м.кв талбай бүхий орон сууцыг иж бүрэн, чанар сайтай, биет байдлын доголдолгүй барьж, 2021 оны 7 дугаар сард багтаан хүлээлгэн өгөх, ххх нь орон сууцны 1 м.кв-г 2,800,000 төгрөгөөр тооцож, нийт 191,520,000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх4-10/

Гэрээний дагуу ХХХХ ХХК нь орон сууцыг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хххт хүлээлгэн өгсөн байна. Дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. Талууд маргаангүй.

 

4. Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмсыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхэд худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчлэх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүх эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж буруу тодорхойлсон гэх хариуцагчийн гаргасан гомдол хуулийн үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч тал худалдан авсан орон сууцны талбай хэмжээ гэрээгээр тохирсон хэмжээнээс 3.21 м.кв-р дутуу өөрөөр хэлбэл биет байдлын доголдолтой эд хөрөнгө хариуцагч тал шилжүүлсэн тайлбарлан, талууд маргажээ.

 

6. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д тухайн эд хөрөнгийг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тохиолдолд худалдан авагч нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

6.1. Нэхэмжлэгч нь орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул дээрх хуульд заасны дагуу гомдол гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж авснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр үйлийн 254.6-д зааснаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс гомдлын шаардлага гаргах хугацааг тоолоход дууссан байна. Иймд нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан гэх хариуцагчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

 

7. Анхан шатны шүүх хххххт ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцны хэмжилт-ийн тайланг үндэслэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт зааснаар хэмжилт хийлгэсэн өдрөөс эхлэн гомдлын шаардлага гаргах хугацааг тоолно гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Мөн тухайн маргаанд хамаарах Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 3,830,400 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ХХХХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/00695 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан хариуцагч ХХХХ ХХК-д холбогдуулан гаргасан 9,118,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч хххын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД