Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 4918

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 22-5 тоотод оршин суух, Боржигин овогт Энхболдын Номин /РД:УК93111903/-гийн хүсэлттэй,

           Б.Төрмөнхийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Э.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Төрмөнхийг охин Сондорын эцэг биш болохыг тогтоолгож, охин Сондорыг эх Э.Номингоор овоглуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч Б. Төрмөнх нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/Ш32016/21666 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Иймд Б.Төрмөнхийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Э.Номин  нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Төрмөнхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Э.Номин нь “Б.Төрмөнхийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор Б.Төрмөнхийг охин Сондорын эцэг биш болохыг тогтоолгож, охин Сондорыг эх Э.Номингоор овоглуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

       Б.Төрмөнхийг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь охин Т.Сондорын 1107000299 дугаартай төрсний гэрчилгээ болох хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Б.Төрмөнх нь өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 55-14 тоот хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2016/21666 дугаартай захирамжаар тогтоогдож байна.  

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Төрмөнхийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч Э.Номингийн “Б.Төрмөнхийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                          ТОГТООХ нь:                                                                                                      

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Э.Номингийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хиад-боржигон овогт Батчулууны Төрмөнхийг /РД:УХ89100772/-ийг эрэн сурвалжилсугай.

             2. Хиад-боржигон овогт Батчулууны Төрмөнхийг /РД:УХ89100772/-ийг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА