Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00744

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 12 210/МА2024/00744

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/00053 дугаар шийдвэртэй,

С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л ХХК-дхолбогдох

2,611,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Л-тай 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хэв хашмал түрээслэх гэрээ байгуулсан. Бидний 2 талын байгуулсан түрээсийн гэрээнд манай компани гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулж Л ХХК нь тус гэрээнд захирлаараа гарын үсэг зуруулж тамга даруулаад 1 хувийн өгье гэж хэлээд 2 хувь гэрээ авч явсан боловч буцааж өгөөгүй.

1.2. Гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 524 ширхэг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 430 ширхэг, нийт 963 ширхэг сапуд, пум, булан, ингель авсан.

1.3. Манай компаниас хариуцагч талаас барьцаа болон түрээсийн төлбөрөө шаардаж 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн төлбөр 1,436,400 төгрөг, барьцаанд 430,920 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,464,300 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,760,200 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,595,380 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,611,380 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,611,380 төгрөгийн нэхэмжлэх бичсэн.

1.4. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр барьцаа төлбөр 430,923 төгрөг, түрээсийн төлбөрт 1,436,400 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,464,300 төгрөгийг Л-ийн зүгээс С ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Түрээсийн төлбөр болон актын төлбөр нийт 7,357,920 төгрөг болсноос хариуцагч тал 3,331,620 төгрөгийг өгсөн.

Иймд түрээсийн төлбөрийн дутуу төлбөр 2,058,300 төгрөг, дутагдсан туслах материалын үнэ 1,968,000 төгрөг болсноос 50 хувь бууруулан 984,000 төгрөг хасаж нийт 2,611,380 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Л нь С ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй. Манайх нэхэмжлэлд дурдсан зүйлийг аваагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 295.4 дэх заалтыг баримтлан хариуцагч хариуцагч Л-аас 2,437,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, үлдэх 173,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,733 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л-аас 53,955 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт С ХХК-ийн дансны хуулгаар хариуцагч Л нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,436,400 төгрөгийг Лед лаят хандгайт төсөл, 430,9220 төгрөгийг барьцаа, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,464,300 төгрөгийг Л хандагайт төсөл гэж шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Дээрх баримтаас харахад харьцсан данс нь тодорхойгүй зөвхөн гүйлгээний утган дээр Л-ийн нэрийг дардсан байна. Шилжүүлэг хийж буй этгээд нь гүйлгээний утгийг ямар ч байдлаар оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, гүйлгээний утганд Л гэж орсон нь Л-ийг эд хөрөнгө түрээсэлсэн гэсэн ойлголт биш юм.

4.2. Гэрч Э.Н нь шүүхэд ...сапуд, пум, булан зэргийг... Эрдэнэчулуун овогтой Н гэж хүн гэрээ хийхээр ирж, бараа материал аваад явсан, гэрчилгээг хуулбар хувиар авч ирсэн... гэж мэдүүлсэн. Дээрх гэрчийн мэдүүлэгт мөн Э.Н итгэмжлэлгүй байсан, итгэмжлэл хийгээд ир гэхээр хийж ирээгүй, гэрээнд тамга даруулна гэж авч яваад эргэж ирээгүй зэргийг ярьдаг. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд Э.Н С ХХК-аас пум, сапуд, булан гэх зэргийг хүлээн авсан, Л-тай холбоотой баримтууд аваад ир гэхээр буцаж ирдэггүй гэх үйл баримтууд яригдаж байна.

Иймд шүүх гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талаас хэрэгт ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байж амаараа л тайлбарлаад байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Л нь өөрийн компанийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь ххххххх тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,436,400 төгрөг, мөн өдөр 430,920 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,464,300 төгрөгийг С ХХК-ийн Голомт банк ХК дахь 2105000000 тоот данс руу шилжүүлсэн. Гүйлгээний утган дээрээ Лед лаят компани, Хандгайт төсөл гэж бичээд түрээсийн төлбөрөө өгсөн.

С ХХК-аас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,436,400 төгрөгийн НӨАТ-ын баримт буцаан шивсэн. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Л руу 1,464,300 төгрөгийн НӨАТ-ын баримт шивсэн нь хоёр компанийн эрх зүйн харилцаа үүссэн нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдоно.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Л ХХК-дхолбогдуулан 2,611,380 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй гэж маргажээ.

3. Зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйлд хэрэгт хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

5. Нэхэмжлэгч С ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сапуд 500 ширхэг, 40 хэмжээтэй пум 24 ширхэг, 2021 оны 09 сарын 15-ны өдөр сапуд 250 ширхэг, 6м турба 60 ширхэг, 30 хэмжээтэй пум 10 ширхэг, 20 хэмжээтэй пум 21 ширхэг, 15х15 булан 6 ширхэг, 2.4 ингел 15 ширхэг барилгын туслах материалыг хариуцагч Л-ийн эзэмшил, ашиглалтад түр хугацаагаар шилжүүлэх, хариуцагч Л нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүх зөв тогтоожээ. /хх 8-9/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

5.1. Хариуцагч Л нь нэхэмжлэгч С ХХК-ийн Голомт банк дахь ххххххх тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1,436,400 төгрөгийг Лед лаят хандгайт төсөл, 430,920 төгрөгийг барьцаа, мөн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,464,300 төгрөгийг Л хандгайт төсөл гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 31-32/

5.2. Нэхэмжлэгч С ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр болон 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зарлагын баримт, хавсралт гэх баримтыг үндэслэн хариуцагч Л-иас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл эд хөрөнгө ашигласны төлбөрт 2,058,300 төгрөг, барилгын туслах материал дутаасан хохиролд 1,968,000 төгрөгийг 50 хувиар тооцон 984,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч няцааж шүүхэд баримт гаргаагүйгээс гадна нэхэмжлэгчид нийт 3,303,720 төгрөг төлсөн үйл баримтыг үгүйсгээгүй.

5.3. Түүнчлэн, хариуцагч нь гэрээний харилцаа үүсээгүй, барилгын туслах материал аваагүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гүйлгээний утганд Л гэж бичсэн нь Л-ийг эд хөрөнгө түрээсэлсэн гэсэн ойлголт биш гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

5.4. Гэрч Э.Намжилмаа шүүхэд ...Л-иас Э.Н гэдэг хүн гэрээ хийхээр ирж, урьдчилгаа мөнгө хийгээд бараа материал авч явсан..., өөрийгөө тус компанийн инженер гэж танилцуулаад компанийн гэрчилгээтэй ирж гэрээ байгуулсан. Уг гэрчилгээг хуулбар хувиар авч ирсэн, төлөөлөх эрхтэй талаар бүртгэл байсан эсэхийг мэдэхгүй, Э.Н итгэмжлэлгүй явж байна гээд гэрээ байгуулсан. ...тооцоо хийх болоод Э.Нтай ярихад 8888 дугаар бүхий хүн тооцоо хийнэ гэж хэлсэн. Уг дугаар луу залгахад Э.Н хийх ёстой гэсэн... гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ. /44-45/

Дээрх гэрчийн мэдүүлэг нь эргэлзээгүйгээр өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд гэрч Э.Намжилмаагийн мэдүүлгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буцаалт хийсэн 124 ширхэг сапутыг хугацаа хэтрүүлсэн 36 хоногоор тооцож дүгнэн, хариуцагчаас 2,437,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 173,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/00053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,955 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ