Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0465

 

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0465

Улаанбаатар хот

“Ж-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0390 дүгээр шийдвэртэй, “Ж-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0390 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах, дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан давж заалдах гомдолдоо: “ ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэг буюу “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан хуулийн уг зохицуулалт нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан агуулгын хувьд ижил зохицуулалт юм.

Хэдийгээр 2015 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн уг зохицуулалтыг шүүхийн практик хэрхэн хэрэглэх талаарх Улсын дээд шүүхээс тайлбар гаргаагүй боловч 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 зүйлийг Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 20-т ““... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ.” Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас шинээр гаргасан захиргааны актад хуульд заасан ердийн журмаар гомдол гаргаж болно.” гэж тайлбарласан байна.

Хэдийгээр уг дээд шүүхийн тайлбар нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг шүүхийн практикт хэрэглэхтэй холбоотой гарсан боловч уг тайлбарт дурдсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7 болон 2015 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасан зохицуулалтууд нь агуулгын хувьд ижил байдлаар зохицуулагдсан заалт юм.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой талаараа шүүхэд илэрхийлсэн тохиолдолд шүүхээс уг журмыг баримталж шийдвэр гаргадаг бөгөөд энэ шүүхийн тогтсон жишиг юм.

Уг маргааныг анхан шатны журмаар 2 удаа шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс шүүхэд удаа дараа бичгээр гаргаж өгсөн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий захиргааны актын алдаатай гарсныг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгуулах хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн болно.

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын зүгээс гаргасан тайлбарыг хэрэгт ач холбогдолтой, бүхий л талаас судалж үзэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0390 дүгээртай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “ … Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг 2 сар хүртэл хугацаанд түдгэлзүүлж, тус хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тооцохоор шийдвэрлэв хэмээн шийдвэрлсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргасан талаар маргаагүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх. Хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд анхан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д  “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаар өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх журамтай.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Ж-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу “Б” ХХК-д нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон сайдын тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргэх талаарх нотлох баримтыг ирүүлээгүй мөн гуравдагч этгээдэд газар олгосон тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрх сэргэх боломж, үндэслэлийн талаар маргаагүй болно.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0390 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч “Ж-Э” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаал, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ ... газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг газрын хувьд хэсэгчлэн дуусгавар болгосон нь хууль бус, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг зөрчсөн, дуусгавар болгосон 1.2 га газар нь 2,0 га газрын аль хэсэгт хамаарч байгаа талаар тодорхой заагаагүй, актыг биелүүлэх боломжгүй, А/401 дүгээр тушаал нь өмнөх захиргааны актын алдааг засах бус давтах аргаар гаргасан, шүүхийн шийдвэрийн анхаарах шаардлагатай асуудлыг анхааралгүй гаргасан гэж маргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаалаар “ ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.5, 40.1.6, ..., Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9, ... Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 5 дугаар зүйлийн 5.12, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0265 дугаар шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1397 тоот санал”-ыг тус тус үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Ж-Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 1,2 га газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгож шийдвэрлэжээ.

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0265 дугаар шийдвэрээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Ж-Э” ХХК-д, 2015 оны А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгүүдийг шинэ акт гаргах хүртэл тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

          Хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, шинэ акт болох 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр шийдвэрийг гаргасан байхад анхан шатны шүүх дахин шинэ акт гаргах хүртэл А/401 дүгээр шийдвэрийг түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дүгээр заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

          Учир нь анх хэргийн оролцогчдын маргасан газрын маргаан эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүйд хүргэх бөгөөд дээрх хуулийн заалтын зорилго биш юм.

          “Ж-Э” ХХК нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/78 дугаар гэрчилгээгээр 2 га газрыг аялал жуулчлалын төвийн зориулалтаар ашиглах эрх авсан гэх боловч тухайн гэрчилгээний хавсралтад заасан солбицлоор 1.2 га газрыг ашиглах эрх олж авсан болох нь хэрэгт авагдсан газар ашиглах гэрчилгээний хуулбар,  зураглалаар тогтоогдож байна.

          Уг газар ашиглах эрхийн хугацааг 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 08 хүртэлх хугацаагаар 5 жилийн хугацаагаар сунгасан болох нь газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний дуусахаас өмнө гаргаагүй байна.

          Энэхүү нөхцөл байдал хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах явцад тогтоогджээ.

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болохоор, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа дуусгавар болоход сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор тус тус заасан.

          Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь дээрх хуулийн дагуу дуусгавар болсон  нөхцөл байдал буюу хууль зүйн ач холбогдол бүхий факт болсны дараа хариуцагч нь 2015 оны А/236 дугаар тушаалаар нэгэнт дуусгавар болсон газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаалаар энэхүү хууль бус алдаатай тушаалаа хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгосныг дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

          Энэхүү тушаалын улмаас газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна.

          Нэгэнт дуусгавар болсон газар ашиглах эрхийг цуцалсан 2015 оны А/236 дугаар  тушаалын үндэслэлийн талаар, Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн буюу улсын байцаагчийн актаар байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний журам зөрчсөн /уул нураасан гэх зэрэг/ зөрчил гаргасан нь тогтоогдсон, тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг гүйцэд төлөөгүй, гадаадын этгээдэд газрыг зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн гэх зэргээр маргасан хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтад дүгнэлт өгөх нь ач холбогдолгүй гэж үзлээ.

          Иймд гуравдагч этгээдийн гаргасан “... нэхэмжлэгч нь газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, газрын төлбөрөө 2012 оны 3 сараас хойш төлөөгүй зэргээс дүгнэвэл ашиглах эрхгүй газар ашиглах эрх нь дуусгавар болсны дараа бидэнд газар ашиглах эрх олгосноос нэхэмжлэгчийн эрх хөндөгдөх үндэслэлгүй ...” гэх гомдол үндэслэлтэй байх тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг орууллаа.