Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 027

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ногооннуур сумын 7 дугаар багийн оршин суугч Тилеубайн Манарбекийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох;

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Манарбек, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч К.Болат, гуравдагч этгээд И.Оналбек, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Т.Манарбек шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тушаалаар Ногооннуур сумын газрын даамлаар түр томилогдсон юм. Ингээд тухайн албан тушаалд 5 сар гаруй түр ажиллаж байгаад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар бүр томилогдсон юм. Тухайн албан тушаалд томилогдон ажиллах болсон хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай 52 дугаар тогтоол юм. Би газрын даамлын ажилд Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг ханган томилогдсон ба ажилд орсон үеэс эхлэн эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хариуцлагатай хандаж, албан ажлаа хэвийн байдлаар хашиж байсан юм. Төрийн жинхэнэ албан хаагч би албан ажлаа хийж байтал аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Болат нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Т.Манарбекийг ажлаас халах тухай Б/01 дүгээр тушаал гаргасныг миний албан тушаалд томилогдож буй И.Оналбекээр өгөөд явуулсан үед мэдлээ.Түүнээс өмнө сумын Засаг дарга К.Хуаныш намайг дуудаж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат чамайг ажлаас гаргах гэж байгаа юм байна, чиний оронд И.Оналбекийг томилон ажиллуулна, 2016 оны 9 дүгээр сараас эхлэн дадлага хийлгэж, бэлтгэж байгаа гэсэн зүйл хэлж байсан юм.

Нэхэмжлэгч би уг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Т.Манарбек намайг аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын албан тушаалд ажиллуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай 52 дугаар тогтоол хүчинтэй байна.

2. Ажил олгогч нь Т.Манарбек намайг үүрэгт ажлаас чөлөөлөхөд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3-т заасан үйл ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-15.18 дахь хэсэгт заасан миний хуулиар олгогдсон эрхийг эдлэх боломжоор хангаагүй байхад гэнэт ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 13.1, 13.2, 13.3, 15.1.1-15.1.8 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. Ажил олгогч намайг үүрэгт ажлаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэсэн явдал нь Төрийн албаны хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Т.Манарбек би 2016 онд эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, ажлаа хангалттай хийсэн юм. Ажил олгогчоос миний ажлыг албан ёсоор дүгнээгүй, ямар нэгэн хуралдаанд намайг дуудан оролцуулаагүй, миний хувьд заяаг эчнээ байдлаар шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. 2016 оны ажлын тайланг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл авах ёстой байсан ба би 28 төрлийн мэдээ тайланг заасан хугацаанд үнэн зөв гарган өгсөн юм. Харин ажлын тайланг хугацаанд нь өгөөгүй бусад сумуудын газрын даамал, хариуцсан ажилтнууд зөндөө байсан юм. Гэвч тухайн хүмүүсийн ажлын тайланг 80-аас дээш оноогоор К.Болат дарга хангалттай гэж дүгнэсэн шударга бус асуудал гаргасан байна.

4. Т.Манарбек би Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын орон тоо, бүтцэд багтан ажиллаж, цалин хөлсийг сумын Тамгын газрын санхүүгээс авдаг. Намайг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Кеншибай нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар газрын даамлаар томилж, дараа нь 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулсан юм. Харин Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Төкен нь ажилтан Т.Манарбек надтай 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулан хангалттай гэсэн үнэлгээ өгсөн юм.

5. Ажил олгогчийн намайг үүрэгт ажлаас гэнэт халсан асуудлын цаад утга нь миний албан тушаалд томилогдож буй И.Оналбекийг К.Болат тус газрын даргаар томилогдсоноос хойш аймгийн төвд 3 сар гаруй дадлага хийлгэж, зориуд миний албан тушаалд бэлтгэсэн хүн байсныг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хүмүүс мэдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл К.Болат нь намайг ажлаас гаргах төлөвлөгөөг эрт боловсруулж оронд минь И.Оналбекийг ажиллуулахаар болсон байлаа.

6. Ногооннуур сумын Засаг даргаар томилогдоод 1 сар болоогүй байгаа К.Хуаныш нь намайг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт санал ирүүлж байгаа явдалд гайхаж байна. Сумын Засаг дарга К.Хуаныш нь төрийн албан хаагч миний ажилтай танилцан дүгнэлт өгөх байтугай өөрийн ажилтай ч гүйцэд танилцаагүй, тэрээр К.Болаттай бүлэглэн хуйвалдан намайг хууль бусаар ажлаас чөлөөлөх хуйвалдаанд оролцож байгаа явдалд харамсаж байна.

Иймд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, намайг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай асуудлыг дараа нь жич нэхэмжлэх болно гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Манарбек нь төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцээд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3.6-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлснээр Ногооннуур сумын газрын даамлаар томилогдсон юм. Т.Манарбекийг томилсон ажил олгогч нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга бөгөөд энэ нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 тоот тушаалаар нотлогдож байгаа. Маргаан бол нэхэмжлэгч Т.Манарбек, хариуцагч байгууллага болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хооронд үүсэх ёстой. Хөндлөнгөөс М.Төкен гэдэг хүн орж ирээд Т.Манарбекийн ажлыг дүгнэж янз бүрийн дүгнэлт, үнэлгээ тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. М.Төкен нь энэ хүнд цалин тавьж олгох ёстой болохоос гэрээг дүгнэх боломж байхгүй, үр дүнгийн гэрээг аймгаас дүгнэдэг гэдгийг хэлье. Ногооннуур сумын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Төкен нь 2016 онд ажлаас чөлөөлөгдсөн, өөрөө ажил хийгээгүй учраас энэ хүний гэрээг дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хууль тогтоомжоор бол төрийн захиргааны албан хаагч болон аливаа төрийн албан хаагчийн гэрээг томилсон байгууллага дүгнэж, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах эрхтэй. Иймээс М.Төкентэй холбоотой нотлох баримтууд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой биш гэж бодож байна. Бид нар ажил ологчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хууль бус гэж маргаж байгаа бөгөөд энэхүү тушаалд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалт, тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 132 тоот албан бичгийг үндэслэсэн байгаа. Гэтэл сумын Засаг даргын 132 тоот албан бичиг нь хэнд хаяглагдсан нь тодорхой бус, Газрын албанд явуулсан гэхэд яагаад энэ хүнийг ажлаас чөлөөлөх санал тавьж байгаа гэдгийг тодорхой бичээгүй, хууль зүйн хувьд учир дутагдалтай албан бичиг юм. Тухайн үед К.Хуаныш нь сумын Засаг даргаар томилогдоод ганцхан сар болж байсан ба тэр үед газрын даамал мэдээ, тайлангаа аймагт өгсөн байсан. Тийм учраас энэхүү албан тоотыг санал хүргүүлсэн хууль ёсны эрх зүйн үр дагавар үүсгэх хэмжээний эрхийн акт биш гэдгийг хэлье. Мөн Т.Манарбекийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заалтыг баримталсан ба энэ нь хоёр ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн заалт юм. Харин ажилтан үр дүнгийн гэрээг хоёр ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн байх ёстой, хангалтгүй биелүүлсэн гэдгийг шалгаж тогтоосон байх ёстой. Эхний удаа хангалтгүй биелүүлсэн бол өмнөх даргын энэ талаарх эрхийн акт гарсан байх ёстой боловч 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй байна. Гэрээ байгуулж дүгнэх нь ажил олгогчийн үүрэг юм. Мөн тушаалд үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн зүйл, заалт тохирохгүй байна. Ажлын алдаа дутагдал гаргаж болно,үүнийг бол үгүйсгэхгүй. Гэхдээ 69,71 оноо өгч, ажлаас халж байгаа нь учир дутагдалтай байна. Хангалтгүй гэдэг нь 59-ээс доошоо байх ёстой. Одоо бид нар хүнийг эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэмд амьдарч байгаа, бусдын эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу гаргах ёстой байтал уг хуулийн 13 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулаагүй, 15 дугаар зүйлд заасан эрхээр хангаагүй ажлаас халсан нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Ажилтныг ажлаас чөлөөлөх гэж байгаа бол тухайн ажилтныг байлцуулан асуудлыг шийдэх ёстой.

Т.Манарбекийг а-жлаас чөлөөлсөн Б/01 тоот тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэхийн тулд үндэслэлээ тодорхой бичсэн байх ёстой. Тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байхын тулд 2-3 хуудас байсан ч илүүдэхгүй. Ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг тогтоогоогүй байж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан тушаал гаргаж ажлаас халсан нь хууль бус байна. Т.Манарбек нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан гэдгийг нотлох сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Мейремхан, Тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Кеншибай нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй гэдэг нь эрх бүхий байгууллагын албан ёсны дүгнэлтээр тогтоогдоогүй байхад ажлаас халах арга хэмжээ авсан нь үнэхээр хүнд хариуцлага болсон байгаа. Ийм учраас Т.Манарбекийн нэхэмжлэл үндэслэлтэй, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн, түүнийг гаргасан гэх зөрчлийг бодитой тогтоогоогүй учраас ажил үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье. Цалин хөлсний хувьд бол сүүлд нууцын нэмэгдэл, Тамгын газраас олгох нэмэгдэл хөлс зэрэг нэмэгдлүүд гарч байгаа учраас дахиж тооцоо гаргаж, нэхэмжлэл маань хангагдсан тохиолдолд жич нэхэмжлэх бүрэн боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа гэдгийг хэлье. К.Болат даргыг томилсон захирамжийн улмаас Т.Манарбекийн эрх ашиг хөндөгдөөгүй учраас уг шаардлагаас татгалзаж байгаа тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат шүүхэд ирүүлсэн болон шүүххуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу миний хуулиар олгогдсон эрхийг эдлэх боломжоор хангаагүй гэжээ. 2016 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд сумдын бүх даамлуудын цугларалтаар ажил мэргэжлийн сорилт шалгалт явуулж дараах үүрэг өгсөн. Үүнд:

Ажил мэргэжлээр тэнцэхгүй байгаа газрын даамлууд Ногооннуур сум Т.Манарбек, Буянт сум Р.Төхөөн, Баяннуур сум Х.Ардах нарт мэргэжлийн программ хангамжаар ажиллах чадвартай болгох, мэргэжлээ дээшлүүлэх, мэргэжилтэй холбоотой хууль тогтоомж судлах, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлах талаар хугацаат үүрэг даалгавар өгөгдсөн. Түүнээс Буянт сумын даамал Р.Төхөөн, Ногооннуур сумын Т.Манарбек нар нь огт санаачилга гарган үүрэг даалгавар биелүүлээгүй, мэргэжилтнүүдтэй харьцаж утсаар холбогдохгүй, утсаа тасалдаг, программ хангамжийг эзэмшиж чадаагүйгээр сумын иргэд газрын харилцааны асуудлаар байнгын гомдол ирсээр байна.

Ногооннуур сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Манарбекийг Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг үндэслэн чөлөөлсөн ба чөлөөлсөн үндэслэлүүдийг тайлбарлавал:

1. Үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн, үр дүнгийн гэрээнүүдийн биелэлтийг гол үндэслэл болгосон юм. Т.Манарбек үр дүнгийн гэрээний гол гол хэсгүүдийг биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тодруулж хэлэхэд Ногооннуур суманд 48 цэг тэмдэг байх ёстойгоос өнөөдөр 23 цэг тэмдэг алга болсон ба Геодези, зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Геодезийн байнгын цэг, тэмдэг нь төрийн өмч байна гэж тодорхойлсон байгаа. Нэхэмжлэгч Т.Манарбек нь тухайн цэг, тэмдгийг хамгаалж байх үүргээ биелүүлээгүй болно.

2. Бэлчээрийн менежментийн асуудал бас хангалтгүй хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн сумын ургамлын гарц, малын даацыг хүртэл газрын даамал тодорхойлж байх ёстой, энэ утгаараа Ногооннуур сумын хувьд тодорхойлж чадаагүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон юм. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл хөтөлбөр бүх суманд хэрэгжсэн байхад хэрэгжүүлээгүй үлдсэн 2 сумын нэг нь Ногооннуур сум болно. Бэлчээрийн ашиглалтыг тодорхойлох багаж хэрэгсэл нь бүх сумуудад олгогдсон байгаа, зөвхөн Ногооннуур суманд олгогдоогүй байгаа. Яагаад гэвэл мэдээлэл өгч чадаагүй хоцорсон учраас санхүүжилт нь хуваарилагдаагүй байна.

3.Ногооннуур сумын газрын даамал сүүлийн 3 жилийн газрын нэгдмэл сангийн ГТ-6 буюу газарт учруулсан хохирлын тайланд усны эвдрэлд орсон 3 га, хөрс бохирдсон 2 га, бусад хохирол учирсан 13 га газар гэж 3 жил дараалан ямар ч өөрчлөлтгүй, зураггүй, байршил хаана байгаа нь тодорхойгүй тайлан өгсөн. Энэ нь тооцоо судалгаагүй, худал тайлан өгсний тод жишээюм. Хэрвээ тэр газар нь эвдэрсэн, ямар нэгэн хохирол учруулсан бол зураг хийгдэх ёстой. Гэвч ямар ч зураггүй тийм га газар гэсэн тайлан өгч байгаа. Түүний ажлыг манай мэргэжилтнүүд дүгнэхдээ Т.Манарбек нь ГТ-6 тайланг өгсөн боловч огт зураг хийгээгүй тул хангалтгүй дүн өгч байгаа талаар тайлбарласан байгаа.Тийм учраас нэгдмэл сангийн тайланг учир дутагдалтай гаргаж байсан байна.

4. Энэ үед бүх асуудал цахим системд шилжсэн байгаа. Энэ талаар Т.Манарбекийн компьютерийн мэдлэг хангалтгүй гэдгийг манай мэргэжилтнүүд дүгнэсэн. Т.Манарбектэй байгуулсан үр дүнгийн гэрээг тус сумын Тамгын газраас хангалтгүй гэж дүгнэсэн, 2015 онд мөн хангалтгүй гэж дүгнэсэн байна. Дараа нь бид тушаал гаргаад мэргэжлийн байгууллагын хувьд дүгнэлт хийсэн байгаа. Манай байгууллагын 6 мэргэжилтэн чиглэл чиглэлээр үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэсэн ба үр дүнгийн гэрээний биелэлтийг өөрөө бичиж ир гэсэн, үүнийг ямар байдалтай бичсэн вэ гэдгийг одоо судлуулна.

Мөн 2014, 2015 оны Газрын нэгдмэл сангийн тайланг сумын Засаг даргаар албажуулж бичгээр гаргаж өгөөгүй, 2016 оны татварын орлогын төлөвлөгөөг 5 сая төгрөг оруулахаас 4,6 сая төгрөг оруулж газрын төлбөрийн төлөвлөгөө биелэгдээгүй байна.Сумын газрын даамал Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д заасны дагуу газрын төлбөрийг ногдуулж, хураах эрхтэй гэж заасан бөгөөд үүнийг үр дүнгийн гэрээнд татварын орлогын төлөвлөгөөг биелүүлэхийг тусгаж өгсөн. Сумдад явуулсан хугацаа шаардсан албан тоот 10-ийг явуулахад 3 албан бичигт хариу ирүүлсэн байна. Цагааннуур тосгоны захирагчийн газрын даамалд хариуцлага тооцож өгнө үү гэсэн албан тоот газрын даамлыг солих тухай сумын Засаг даргын санал ирсэн, Т.Манарбекийг ажлаас чөлөөлж өгөх тухай иргэдийн гомдол ирсэн.

Мөн өмнөх жилүүдэд үр дүнгийн гэрээ манай мэргэжлийн байгууллагуудад огт хийгдээгүй байна. Энэ нь бас хариуцлага тооцох үндэслэл болно гэдгийг Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-дзаасан байна. Өөрөөр хэлбэл энэ журмын 2.4-т Төрийн жинхэнэ албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө менежерт өгөөгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж заасан байна. Ийм учраас Т.Манарбекийн ажлыг дээрх байдлаар дүгнээд үүрэгт ажлаас халсан болно. Уг тушаалыг хэвээр нь баталж өгөхийг хүсье гэв.

Гуравдагч этгээд И.Оналбек шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие дээд боловсролтой, ХААИС-ийггазрын үнэлгээ мэргэжлээр төгссөн. Миний бие Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Ногооннуур сумын газрын даамлаар түр томилогдсон болно. Мөн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Төкен 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 тоот тушаалаар сумын газрын даамлаар түр томилсон болно. Энэ өдрөөс эхлэн Ногооннуур сумын газрын даамлаар хэвийн ажиллаж байгаа. Иймд И.Оналбек миний бие Ногооннуур сумын газрын даамлаар ажиллахад хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул Т.Манарбекийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд И.Оналбек нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны Б/01 дүгээр тушаалын 2 дахь заалтаар Т.Манарбек халагдсан тул сонгон шалгаруулалт явагдах хүртэл гэх болзолтойгоор Ногооннуур сумын газрын даамлаар томилогдсон юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс И.Оналбек нь зохих журмын дагуу томилогдоогүй, төрийн албан хаагчийн болзол, журмыг хангахгүй мэтээр тайлбарлаж байгаа. Юуны өмнө И.Оналбек нь газар зохион байгуулагч мэргэжилтэй тул тухайн албан тушаалыг гүйцэтгэх бүрэн боломжтой, мөн төрийн албаны сонгон шалгаруулалт зарлагдаагүй байгаа болно. Нэгэнт Т.Манарбекийн нэхэмжлэлийн улмаас И.Оналбекийн эрх ашиг хөндөгдөх учраас Т.Манарбекийг томилсон томилгоо, чөлөөлсөн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийж, тайлбар хэлэх нь зүйтэй байна. Ажил олгогчийн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар Т.Манарбекийг ажлаас халсан явдал нь хуульд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр болсон гэж ойлгож байна. Учир нь Т.Манарбек өөрийн үндсэн чиг үүрэгт хамаарах ажил үүргийг хангалтгүй биелүүлж ирсэн нь батлагдан тогтоогдсон ба түүний өмгөөлөгч ганц удаагийн зөрчил, дутагдал гэж тайлбарлаж байгаа боловч 2, 3 жилийн турш давтагдаж ирсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна. Тухайлбал сумын газар нутагт байгаа цэг тэмдэгтийн судалгааг хийж чадаагүй, бэлчээрийн даац болон зохион байгуулалтын орон нутагт хэрэгжиж байгаа төслийн бодлого, зохицуулалтынасуудлууд орхигдсон нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байгаа. Мөн газрын нэгдмэл сангийн тайланг хугацаанд ньгаргаж  өгөөгүй, газрын нэгдмэл сангийн тайланг албажуулж өгөөгүй, ГТ-6, ГТ-7 тайлангийн зураг, зураглал хийгдээгүй зэрэг зөрчлүүд нь тогтоогдсон, энэ нь тус тусдаа зөрчил ба үүгээр албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдож байна. Мөн сумын Засаг даргын зөвшилцөх, санал солилцох албан бичиг, Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үнэлсэн зэрэг байдал нь хууль ёсны хэрэг гэж үзэж байна. Учир нь төрийн алба бол залгамж чанартай учраас Засаг дарга К.Хуаныш нь нэг өдрийн өмнө томилогдсон ч гэсэн урьд өмнө хийгдсэн ажлыг дүгнэсэн баримт, Засаг даргын ажлын алба болох Тамгын газрын үйл ажиллагаа, ажилтнуудын саналыг харгалзан Т.Манарбекийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Мөн Т.Манарбекийн үр дүнгийн гэрээ хангалтгүй дүгнэгдсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Үүнд:

1. Үр дүнгийн гэрээг дүгнэсэн дүгнэлт. Тус сумын Тамгын газрын албан тушаалтнуудаас илүүтэйгээр аймгийн Газрын албаны мэргэжилтнүүдийн үнэлэлт, дүгнэлт чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 2. Сумын иргэдийн өргөдөл, гомдол байгаа. Энэ нь Т.Манарбек иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж чадаагүйн улмаас ард иргэд хохирч, сумын Засаг даргаас эхлээд аймгийн шүүх хүртэл өргөдөл гаргаж байгаа нь газрын даамлын ажил үүргээ хангалттай биелүүлж чадаагүйг илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Үр дүнгийн гэрээгээр төрийн албан хаагч төрд бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой. Энэхүү бүтээгдэхүүн нь хангалтгүй болсон нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдсон тул ажил олгогч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар Т.Манарбекийг ажлаас халсан ба ажил олгогчийн уг эрхийн акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргаж байна. Ийм учраас өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч анх тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн боловч шүүхээс аймгийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татаж оролцуулахаас өмнө уг ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсныг батлах үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Т.Манарбек нь шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, дараа нь жич нэхэмжлэн шийдвэрлүүлэхээр болсон тул шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжсэн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэсэн болно.

1. Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар[1] Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Т.Манарбекийг Ногооннуур сумын газрын даамлын албан тушаалаас халсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлүүдийг зохицуулсан ба 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар заажээ.

Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг Т.Манарбек нь үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн, 2014, 2015 оны газрын нэгдмэл сангийн тайланг албажуулж өгөөгүй, 2016 оны татварын орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй, сүүлийн 3 жилийн газрын нэгдмэл сангийн ГТ-6 тайланд хохирол учирсан газрын хэмжээг 3 жил дараалан ямар ч өөрчлөлтгүй бичсэн, өгсөн тайлан нь худлаа, тухайн тайлан нь зураггүй, Ногооннуур суманд 48 цэг тэмдэгт байх ёстойгоос 23 цэг тэмдэгт алга болсон ба тухайн цэг, тэмдэгтийг хамгаалж байх үүргээ биелүүлээгүй, хугацаатай албан бичгийн хариуг ирүүлээгүй, газрын даамлыг солих тухай сумын Засаг даргын санал ирсэн, Т.Манарбекийг ажлаас чөлөөлөх тухай иргэдээс гомдол гаргасан гэж тайлбарласан .

1.Нэхэмжлэгч Т.Манарбек нь үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэх асуудлын хувьд:

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, 19.3-т Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно гэж тус тус заасан. Энэхүү заалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамын 6 дугаар зүйлийн 6.1-д Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ, 6.7-д Гэрээний биелэлтийг дүгнэх "Илтгэх хуудас"-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно, 6.8-д "Илтгэх хуудас"-ыг 3 хувь үйлдэж, менежер, төрийн жинхэнэ албан хаагч, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна гэж тус тус зохицуулжээ.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь Ногооннуур сумын газрын даамал Т.Манарбектэй 2014, 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй[2], харин 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, 69,71 оноо өгч D буюу дутагдалтай гэсэн үнэлгээ[3] өгсөн байна.

Гэхдээ нэхэмжлэгч Т.Манарбектэй байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэхдээ дээрх журамд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч Т.Манарбектэй ярилцлага хийхгүйгээр, өөрөөр хэлбэл түүнийг байлцуулахгүйгээр дүгнэж үнэлгээ өгсөн, мөн гэрээний биелэлтийг дүгнэх Илтгэх хуудас-ыг журмын дагуу үйлдээгүй, гэрээний биелэлтийг дүгнэсэн талаарх баримт бичигт гарын үсэг зуруулж албажуулаагүй, түүний 1 хувийг өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдсон ба тухайн дутагдалтай гэсэн үнэлгээ нь хүчин төгөлдөр болоогүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл дээрх журмын 6 дугаар зүйлийн 6.5-д Төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ гэж заасны дагуу санал нийлээгүй тохиолдолд тайлбар гаргах боломжийг олгоогүй, мөн заалтын Хэрэв менежер түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн Илтгэх хуудас-нд тайлбарыг хавсарган төрийн жинхэнэ албан хаагчийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно гэсэн арга хэмжээ авагдаагүй тохиолдолд Т.Манарбекийн 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн Т.Манарбек үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Мөн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаас газрын даамал Т.Манарбектэй 2015,2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн талаар хариуцагчаас тайлбарлаж маргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2015, 2016 онд сумын газрын даамал Т.Манарбектэй үр дүнгийн гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 68 оноогоор дутагдалтай, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 59 оноогоор хангалтгүй гэж дүгнэсэн болох нь тогтоогдож байна. Гэвч дээр дурдсанчлан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамын 6 дугаар зүйлийн 6.1,6.7,6.8 дахь хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч Т.Манарбектэй ярилцлага хийхгүйгээр, өөрөөр хэлбэл түүнийг байлцуулахгүйгээр гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгсөн, гэрээний биелэлтийг дүгнэсэн талаарх илтгэх хуудаст гарын үсэг зуруулаагүй, түүний 1 хувийг өгөөгүй болох нь нотлох баримтуудаар[6] тогтоогдож байгаа, мөн журмын 6.5-д заасан боломжийг олгоогүй, арга хэмжээг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч тухайн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Т.Манарбекийн 2015,2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаарх Ногооннуур сумын Тамгын газрын даргын өгсөн үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн Ногооннуур сумын Тамгын газрын дарга нь 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу нэхэмжлэгч Т.Манарбекийг төрийн албанаас халах тухай тушаал гарснаас хойш үнэлсэн байх тул уг үнэлгээ нь2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Т.Манарбекийг газрын даамлын ажлаас халсан тушаалын үндэслэл болсон гэж үзэхээргүй байна.

2. 2016 оны татварын орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй, 2014, 2015 оны газрын нэгдмэл сангийн тайланг албажуулж өгөөгүй, сүүлийн 3 жилийн газрын нэгдмэл сангийн ГТ-6 тайланд хохирол учирсан газрын хэмжээг 3 жил дараалан ямар ч өөрчлөлтгүй бичсэн, өгсөн тайлан нь худлаа, тухайн тайлан нь зураггүй, Ногооннуур суманд 48 цэг тэмдэгт байх ёстойгоос 23 цэг тэмдэгт алга болсон, тухайн цэг, тэмдэгтийг хамгаалж байх үүргээ биелүүлээгүй, хугацаатай 10 албан бичгийн 3-т хариу ирүүлсэн гэх асуудлуудын хувьд:

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5д зааснаар сумын газрын даамал нь газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах эрхтэй бөгөөд Ногооннуур сумын газрын даамал Т.Манарбек нь 2016 оны газрын төлбөрийн төлөвлөгөөгөөр 5000000 төгрөг хураах ёстойгоос 4557571 төгрөг хурааж, төлөвлөгөөг 91 хувьтай биелүүлсэн байх ба үлдсэнхэсгийн хувьд нэхэмжлэгчээс тайлбар авч тодруулаагүй, түүний буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгч Т.Манарбек нь 2014,2015,2016 оны газрын нэгдмэл сангийн ГТ-6 тайланд хохирол учирсан газрын хэмжээг 3 жил дараалан ямар ч өөрчлөлтгүй бичсэн, өгсөн тайлан нь худлаа гэх асуудлын хувьд Т.Манарбек нь 2014, 2015 оны газрын нэгдмэл сангийн ГТ-6 тайланг гаргаж өгсөн, уг тайланг тус газрын холбогдох мэргэжилтнүүд хүлээн авсан байх ба тухайн үед уг тайлан нь буруу, худлаа гаргасан гэж үзээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар[7] тогтоогдсон болно.Т.Манарбек нь 2016 оны газрын нэгдмэл сангийн ГТ-6 тайланг тогтоосон хугацаанд гаргаж өгсөн, уг тайланг тус газрын холбогдох мэргэжилтэн хүлээн авсан байх ба 2014, 2015, 2016 оны ГТ-6 тайланг худлаа гаргасан, өөрөөр хэлбэл тайланд бичсэн тоо нь бодит байдалтай нийцэхгүй гэж үзэх боломжгүй болох нь гэрчийн мэдүүлгээр[8] тогтоогдож байгаа, мөн тайланг худлаа гаргасан гэх асуудлыгшалгаж тогтоогоогүй байна.

2014, 2015 оны газрын нэгдмэл сангийн тайланг албажуулж өгөөгүй гэх асуудлын хувьд Т.Манарбек нь 2014, 2015 оныгазрын нэгдмэл сангийн тайланг тухайн онуудад файл хэлбэрээр өгсөн, тус газрын холбогдох мэргэжилтэн нь хүлээн аваад тайланг өгсөнд тооцсон, албажуулж өгөөгүй гэж тухайн үед ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь гэрчийн мэдүүлгээр[9]тогтоогдож байгаагаас гадна тайланг албажуулж өгөх үүргээ биелүүлээгүй гэж байгаа тохиолдолд 2014 оны тайлангийн хувьд 2, 2015 оны тайлангийн хувьд 1 жил буюу зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн байна.

Баян-Өлгий аймаг, сумуудад байгаа геодезийн цэгийн тооллого хийсэн судалгаа-г 2014 онд Газрын харилцаа геодези, зураг зүйн газраас ирүүлсэн, уг судалгаанд Ногооннуур суманд байгаа 23 цэг тэмдэгт устсан гэж тусгагдсан буюу Т.Манарбекийг тус сумын газрын даамлаар ажиллаж эхлэхээс өмнө тухайн 23 цэг тэмдэгт нь устсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож[10] байгаа тул нэхэмжлэгчийг хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй. Харин устсан цэг тэмдэгтийн талаар газар дээр нь очиж судалгаа хийгээгүй гэх асуудлын хувьд тус сумын Засаг даргын Тамгын газраас судалгаа хийх төсвийг шийдвэрлэж өгөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан ба энэ нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар [11] давхар нотлогдож байна.

Тус газраас явуулсан албан бичгүүдийн хариуг ирүүлээгүй нь Т.Манарбекийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дутагдалтай гэж дүгнэх үндэслэлийн нэг болсон гэж хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан боловч тус газраас Ногооннуур сумын газрын даамалд явуулсан албан бичгүүдийн хариуг ирүүлээгүй талаарх судалгааг Т.Манарбекийг ажлаас халсны дараа гаргасан болох нь гэрчийн мэдүүлгээр[12] тогтоогдож байгаа, мөн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд тухайн асуудал нь огт хэлэлцэгдээгүй байх тул уг зөрчил нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халахаас өмнө тогтоогдсон байсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан хурлаар сумын газрын даамлуудын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх асуудлыг хэлэлцэж, тус газрын мэргэжилтнүүдийн хариуцсан чиглэлийнхээ дагуу өгсөн оноо болон газрын даргын өгсөн оноог нэгтгэж гаргасан дундаж оноогоор газрын даамлуудын үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг гаргасан байна. Ингэхдээ Ногооннуур сумын газрын даамал Т.Манарбекийн хувьд 2016 оны татварын орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй, 2014, 2015 оны газрын нэгдмэл сангийн тайланг албажуулж өгөөгүй, 2016 оны газрын нэгдмэл сангийн ГТ-6 тайланд харгалзах тоон зургийг өгөөгүй, Ногооннуур сумандбайгаа геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах үүргээ биелүүлээгүй, хугацаатай албан бичгийн хариуг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр түүний 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дутагдалтай гэж үнэлсэн, өөрөөр хэлбэл Т.Манарбекийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ дээрх албан үүргээ биелүүлээгүй гэх асуудлуудыг оруулан дүгнэж, үнэлгээ өгсөнболох нь гэрч нарын мэдүүлэг[13], тухайн хурлын тэмдэглэл[14], хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон болно.

3. Т.Манарбекийг ажлаас чөлөөлөх тухай иргэдээс гомдол ирсэн,газрын даамлыг солих тухай сумын Засаг даргын санал ирсэн гэх асуудлын хувьд:

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д зааснаар тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамлыг томилох, чөлөөлөхөөр зохицуулсан байгаа боловч энэ нь сумын Засаг даргын саналаар газрын даамлыг албан тушаалаас нь шууд чөлөөлөх агуулгатай зохицуулалт биш, өөрөөр хэлбэл газрын даамлыг чөлөөлөхөд тухайн шатны Засаг даргын саналыг авах нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангахын тулд хийгдэж байгаа нэг ажиллагаа юм. Харин төрийн албанаас халах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтаар нарийвчлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 25.1.1-25.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах шийдвэр гаргах журамтайг дурьдах нь зүйтэй.

Ногооннуур сумын газрын даамал Т.Манарбекийг ажлаас чөлөөлөх талаар иргэдээс гомдол гаргасан гэх асуудлын хувьд хариуцагчийн тайлбартаа хавсаргаж ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдол нь Т.Манарбект холбогдолтой эсэх, түүний буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй[15] байх тул дээр дурдсанаар энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл болохгүй.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Т.Манарбекийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлүүдийн ихэнх нь нотлох баримтаар тогтоогдоогүй, зарим зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн, мөн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ дээрх гаргасан гэх зөрчлүүдийг оруулан дүгнэж үнэлгээ өгсөн, энэхүү үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ нь хүчин төгөлдөр болоогүй байх тул Т.Манарбек нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл бүрдээгүй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн үр дүнгийн гэрээний биелэлтийг D буюу дутагдалтай гэж үнэлсэн тохиолдолд уг үнэлгээг албажуулж, улмаар Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамын 7.1-т заасны дагуу албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтанд хамруулах гэсэн арга хэмжээг авах үүргээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа алдагдахад хүрч байна.

Мөн маргаан бүхий захиргааны акт болох Б/01 дүгээр тушаалд нэхэмжлэгч Т.Манарбек ямар албан үүргээ хангалтгүй биелүүлснийг огт тусгаагүй нь хариуцагчийн тайлбарт бичсэн зөрчлүүд нь уг тушаал гарахаас өмнө тогтоогдсон эсэх, тушаалыг гаргах үндэслэл болсон эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг заах гэсэн бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байх тул хууль бус захиргааны акт байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Т.Манарбек нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдоогүй байхад хууль зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас халсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Манарбекийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоожшийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Манарбек нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Манарбекийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. .

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]Хэргийн 8-р хуудас

[2]Хэргийн 163,180-р хуудас

[3]Хэргийн 51-р хуудас

[4]Хэргийн 51-56,125,128,131,134-135,261-р хуудас

[5]Хэргийн 17-30,97-98,100-101-р хуудас

[6]Хэргийн 97-98,100-101

[7]Хэргийн 180-р хуудас

[8]Хэргийн 125-р хуудас

[9]Хэргиын 261-р хуудас

[10]Хэргийн 128,238-255-р хуудас

[11]Хэргийн 237-р хуудас

[12]Хэргийн 182-р хуудас

[13]Хэргийн 125,128,134-135,138,261-р хуудас

[14]Хэргийн 52-56-р хуудас

[15]Хэргийн 131,144,180,261-р хуудас