Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 241

 

Ц.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын дээд шүүх таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 24 дүгээр тогтоолтой, Ц.Д-д холбогдох Ц-7562 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1939 оны байдлаар: Ц.Д

Ц.Д нь 1938 оны 07 дугаар сард 6 дугаар дивизийн Хуягт дивизионы штабын дарга агсан Лувсаншаравын эсэргүү байгууллагад элсэн орж, хувьсгалт эх орноос урван тэрсэлж, эсэргүү ажлыг идэвхтэй биелүүлж байсан бөгөөд хувьсгалт цэргийн байлдааны ба улс төрийн бэлтгэл сургуулийг сулруулан хорлож сүйтгэсэн ба улмаар техникүүдийг шатаахыг завдан байсан гэмт хэрэгт холбогджээ.

Улсын дээд шүүх таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 24 дүгээр тогтоолоор “Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд заасан гэмт хэргийг өдүүлсэн 6 дугаар дивизийн Хуягт дивизионы салаан дарга агсан Л, мөн дивизионы номын багш агсан Д, мөн дивизионы жолооч агсан Г, Г нарын үйлдсэн хэргийг авч хэлэлцээд “Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд заасан ёсоор Алтангэрэл овогтой Л  /Л /-ийг 10 жил, Ц  овогтой Д ийг мөн зүйлүүдийг баримтлан 8 жил, О.Г мөн зүйлүүдийг баримтлан 6 жил, Л.Г-г мөн зүйлүүдийг баримтлан 3 жил хорьсугай. Эд нарын гэр бүлд амьдарлыг үлдээж, хөрөнгийг албанаа хураасугай” гэж шийдвэрлэжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан 87 дугаар хурлын тогтоолын хоёрт: “Г.Г, Л.П, ... Ц.Д , Г.Г, ... нарын 86 хүн нь хоригдсоор удаагүй ба засарч хүмүүжсэн баримт илрээгүйн дээр улс төрийн ба мөнгө санхүүг ашигласан зэрэг гэмт хэргийг үйлдсэн болох тул эдгээрт өршөөл үзүүлэхийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... Ц.Д-н үйлдсэн хэрэгт Улсын дээд шүүх таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 24 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлийг баримтлан Ц  овогтой Д  нэрээр 8 жил хорьж, хөрөнгийг хурааж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Ц.Д-г 1939 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 1939 оны 10 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд байцааж 6 удаа мэдүүлэг авахдаа гэмт хэргийн санаа зорилго, гэм буруугийн байдлыг нотлох баримтуудаар тогтоогоогүй байна.

2. Ц.Д-г 1939 оны 10 дугаар сарын 9, 19-ний өдөр байцаасан мэдүүлэгт: ... удаан хугацаагаар жижүүрлэн байцааж, бие махбодь, сэтгэл санааны дарамт шахалт үзүүлж байсны улмаас хилс зохиомол хэргийг хүлээж, бусдыг гүтгэсэн болохоо мэдүүлж байжээ.

3. Ц.Д-тай нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн А.Л, О.Г, Л.Г нарт холбогдох хэргийг хянаад, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар тогтоолоор Улсын дээд шүүх таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эрүүгийн хэргийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, А.Л, О.Г, Л.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан байна.

4. Улсын дээд шүүх таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эрүүгийн хэргийн 24 дүгээр тогтоолд байгаа Ц ийн Д ийн нэр, аймаг, сум, нас, эрхэлж байсан ажил, эсэргүү байгууллагад элссэн ба элсүүлсэн хүмүүсийн нэр, хамт шийтгүүлсэн хүмүүсийн нэр, байцаалт өгч шалгагдаж байсан он, сар зэрэг нь Ц.Д-н мэдүүлгүүдэд өгсөн биеийн байцаалттай тохирч байгаа ба Цэвээний Д , Ц ийн Д нар нь нэг хүн болох нь тогтоогдож байна.

Иймд Ц.Д-н үйлдсэн гэх улс төрийн хэрэг нь нотлогдож тогтоогдоогүй байхад зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдал болж байна.

Иймд Улсын дээд шүүх таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 24 дүгээр тогтоолд: “Дорнод аймгийн Баяндун сумын 7 дугаар багийн харьяат, 6 дугаар дивизийн хуягт дивизионд номын багш байсан Ц.Д-г Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар 8 жил хорих ялаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй” байх тул уг шийтгэх тогтоолоос зөвхөн “Ц.Д-г Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар 8 жил хорьж, хөрөнгийг хураасан” заалтыг хүчингүй болгож, улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Улсын дээд шүүх таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 24 дүгээр тогтоолоор “Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд заасан гэмт хэргийг өдүүлсэн 6 дугаар дивизионы номын багш агсан Д ийн үйлдсэн хэргийг авч хэлэлцээд “Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд заасан ёсоор Ц овогтой Д ийг мөн зүйлүүдийг баримтлан 8 жил хорьсугай. Эд нарын гэр бүлд амьдарлыг үлдээж, хөрөнгийг албанаа хураасугай” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэргийн баримтаас үзэхэд Ц.Д-г 8 сарын турш байцааж мэдүүлэг авахдаа гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотлох баримтаар тогтоогоогүй, удаан хугацаагаар байцааж бие махбод, сэтгэл санааны дарамт шахалт үзүүлж байсны улмаас тэрээр хилс зохиомол хэргийг хүлээхэд хүрч, бусдыг гүтгэсэн болохоо мэдүүлэхээс гадна мөн шийтгэх тогтоолоор Ц.Д-тай хамт шийтгүүлсэн А.Л , О.Г, Л.Г нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хянаж тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх нь үндэслэлтэй байна.

Энэхүү нөхцөл байдал нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”, “улс төрийн хэлмэгдүүлэлт”, мөн дээрх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон Шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд тус тус хамаарч байгаа болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...” гэх үндэслэлээр Улсын дээд шүүх таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 24 дүгээр тогтоолын Ц.Д-г гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгуулж, түүнийг цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Улсын дээд шүүх таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 24 дүгээр тогтоолын “Ц  овогтой Д ийг Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар 8 жил хорьж, ... хөрөнгийг хураасугай” гэх заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлтэйн гадна түүний овгийг буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Улсын дээд шүүх таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 24 дүгээр тогтоолын “Дорнод аймгийн Баяндун сумын 7 дугаар багийн харьяат, 6 дугаар дивизийн хуягт дивизионд номын багш байсан Ц  овогтой Д ийг Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар 8 жил хорих ялаар шийтгэж, ... хөрөнгийг хураасугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, Ц.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Д-г цагаатгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН