Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 4833

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

             Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/а-1 тоотод оршин суух, Барчулуун овогт Агваандандарын Бумчинсүрэн, /РД:ЧН75113062/-гийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 19-663 тоотод оршин суух, Гүнд овогт Нямжавын Ганболд /РД:РП79071716/-д холбогдох,

     Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Бумчинсүрэн, хариуцагч Н.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                   Нэхэмжлэгч А.Бумчинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Бумчинсүрэн миний бие 2005 оны 6 дугаар сарын 18-нд Н.Ганболдтой танилцаж, 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Анх танилцахдаа би 3 настай хүүтэй байсан ба 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охинтой болсон. Н.Ганболд нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай ээжийнхээс 2 шил архи хулгайлж уугаад орой нь охиныг минь 1 сартай байхад намайг зодож би цагдаа дуудаж баривчлуулж байсан. Энэ үеэс янз бүрийн ааш авир гаргаж, удаа дараа архи ууж зодох болсон. Ингээд би 2009 онд манай ээж намайг охинтой минь хамт гэртээ авчирсан. Үүнээс хойш бид тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдээ нэг өдөр ч тэжээн тэтгэж үзээгүй. Манай ээжийнд ирж намайг заналхийлж /чамайг алж байж сална/ янз бүрээр дарамталдаг болсон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү Охин Г.Ариун-Эрдэмийг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байгаа тул эцэг Н.Ганболдоос тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

                Хариуцагч Н.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ганболд миний бие А.Бумчинсүрэнгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэл үнэн зөв байна, би өөрийнхөө бурууг ухамсарлаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

                Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч  А.Бумчинсүрэн нь хариуцагч Н.Ганболд  холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            А.Бумчинсүрэн, Н.Ганболд  нар нь 2005 оны 6 дугаар сард танилцаж, 2006 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Ганболдын Ариун-Эрдэмийг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 8 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

           Гэрлэгчид нь зан харьцааны таарамжгүй байдал болон гэр бүлийг хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй, 2009 оноос хойш тус тусдаа амьдарсан,   хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.           

          Охин Г.Ариун-Эрдэм одоо 10 настай, ба  эх А.Бумчинсүрэнгийн хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2006 оны 11 дүгээр сраын 29-ний өдөр охин Ганболдын Ариун-Эрдэмийг эх А.Бумчинсүрэнгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

           Хариуцагч Н.Ганболд нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул,  эцэг Н.Ганболдоос  хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.Ариун-Эрдэмийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

              Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

             Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                          ТОГТООХ нь:  

             1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Барчулуун овогт Агваандандарын Бумчинсүрэн, /РД:ЧН75113062/, Гүнд овогт Нямжавын Ганболд /РД:РП79071716/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

              2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ганболдын Ариун-Эрдэмийг эх А.Бумчинсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

             3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ганболдын Ариун-Эрдэмийг  11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Ганболдоос сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бумчинсүрэнд олгосугай. 

             5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

           6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй  гэснийг дурдсугай.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА