Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00665

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00665

 

 

 

,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарт холбогдох,

527,653,815 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,, нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ3645106723 тоот зээлийн гэрээг байгуулж 120,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, ЗГ3645106726 тоот зээлийн гэрээг байгуулж 262,400,000 төгрөгийн зээлийг жилийн 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан.

ЗГ3645106723, ЗГ3645106726 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201005140 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 байр, 40 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201004340 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 хороолол, 19 байр, 401 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,,,,,,,,,,гийн өмчлөлийн 21-05 УБХ улсын дугаартай ZIL KC 35750 автокран, арлын дугаар 133822, 4980 УНР улсын дугаартай Тоёото эстима /Toyota estima/ маркийн авто машин, арлын дугаар AHR102010010, 68-41 УБ улсын дугаартай Samsung маркийн эксковатор, арлын дугаар ACY3365, ,,,,,,,,,,-ийн ,,,,,,,,,,,той байгуулсан №01/005 тоот ажил гүйцэтгэх гэрээний орлогыг тус тус барьцаалсан. Мөн ирээдүйд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойт өртөөний баруун талд байршилтай баригдах барилга, 2,841 м.кв талбайтай газрын хамт тус тус барьцаалах хэлцэл хийсэн.

Батлан даалтын гэрээнүүдээр ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, тус тус байгуулж, өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. Мөн ,,,,,,,,,,,, батлан даасан. ,,,,,,,,,, /РД:5949769/ нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шинэчилсэн нэрээ ,,,,,,,,,,,, болгон өөрчилсөн.

,,,,,,,,,, нь ЗГ3645106723, ЗГ3645106726 тоот зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ зөрчиж 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар ЗГ3645106723 дугаартай зээлийн гэрээний хүү 44,163,287.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,328,924.44 төгрөг, эд хөрөнгийн даатгал 40,339.03 төгрөг нийт 50,532,551.14 төгрөг, ЗГ3645106726 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 244,822,222.23 төгрөг, зээлийн хүү 205,585,822.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,252,615.18 төгрөг, эд хөрөнгийн даатгал 460,604.20 төгрөг, нийт 477,121,263.96 төгрөг болж байна.

Иймд зээлийн үүрэгт 527,653,815.10 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас 380,760,481.76 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн хариуцагч ,,,,,,,,,,,,гаас татгалзсан.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Манайх анх зээлийн хүсэлт өгөхдөө нэгийг нь 5 жилээр, нэгийг нь 7 жилийн судалгаагаар компанийнхаа үйл ажиллагааг нотлоод 6 сар төлсний эцэст нэгийг нь 1 жилээр, нэгийг нь 2 жилээр батлаад, 15 айлын хотхон барих гээд нэг том эх үүсвэртэй тэрэндээ тулгуурлаад зээл авсан. Уг төсөл 1,325,000,000 төгрөгийн гэрээтэй байж байгаад, тэрэндээ багтахгүй зогссон. Тэрний дараа ковидын 2 жил үргэлжлээд, 2022 онд манайх гэр бүлийн амралт бааз барих гээд тусгай зөвшөөрөлтэй газар дээр А зөвшөөрөл буюу барилга эхлүүлэх зөвшөөрлийг нь аваад эхлүүлж байсан боловч тусгай зөвшөөрөлтэй газар нь цуцлагдсан учраас төлбөрөө төлөөгүй. Манай компани зээлийн төлбөрөөс 181,901,333 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагын 380,760,481 төгрөгөөс үндсэн зээл, даатгалын хураамжид 144,732,128 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451, 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,-аас зээлийн гэрээний үүрэгт 380,760,481.76 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ,,,,,,,,,,,, төлбөрөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 24 дүгээр байр, 40 тоот, 40 м.кв 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 байр 401 тоот, 40 м.кв 3 өрөө орон сууц, ZILKCK5750 маркийн 21-05 УБХ улсын дугаартай автокран, Тоёота естима маркийн 49-80 УНР улсын дугаартай автомашин, Самсунг маркийн 68-41 УБ улсын дугаартай эксковатор эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,866,420 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,131,952 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Хариуцагч ,,,,,,,,,,, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга.

4.1. Бид 3Г3645106723 тоот гэрээний 120,000,000 төгрөгийн зээлийг 15,676,071 төгрөгийн хүүгийн хамт төлж барагдуулсан. ЗГ3645106726 тоот гэрээний зээлийн үндсэн төлбөр 164,471,000 төгрөгийг хүү 38,037,521 төгрөгийн хамт төлсөн. Нийт 338,184,592 төгрөгийг төлж барагдуулаад байна.

ЗГ3645106723 тоот гэрээний төлөгдөөгүй хүү болох 5,937,079 төгрөг, ЗГ3645106726 тоот гэрээний хүүгийн үлдэгдэл 40,366,161 төгрөгийн хүүг мөн хоёр гэрээний эд хөрөнгийн даатгал 500,943.23 төгрөгийг, мөн ЗГ3645106726 гэрээний үлдэгдэл үндсэн төлбөр болох 97,929,000 төгрөг, нийт 144,733,183 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна.

Дэлхий даяар тархсан цар тахлын хүрээнд доголдсон зогсонги байсан 2 жилийн хугацаанд манай компанийн үйл ажиллагаа хил гаалийн хорио цээр, зорчих эрхийн хязгаарлалтаас болон тахлын дараах эдийн засгийн хямрал барилгын бараа материалын үнийн хөөрөгдлөөс шалтгаалан доголдсон. Иймд энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй нь бидний буруутай үйлдлээс болоогүй тул үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү гэж бодсон төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн үнийн дүнгээс 236,027,298 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлэхэд зээлдэгч буруугүй байх тул дээрх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёсгүй юм.

4.2. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргалын итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна хэмээн шүүх хуралдаанд оролцуулаагүй. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх зүйч мэргэжилтэй учир өмгөөлөгч шаардлагагүй хэмээн үзэж шүүхийн үйл ажиллагаанд компаниа төлөөлөн оролцуулсан боловч гэнэт 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаан дээр итгэмжлэл хүчингүй байна хэмээн шүүх хуралдаанд оролцуулсангүй.

Мөн хуралдааны явцад манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хүчингүй талаар хэлж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон даруйд ,,,,,,,,,,, би тухайн шинэ нөхцөл байдлаас үүдэн өмгөөлөгч авч оролцох хүсэлтэй талаар хэлэхэд, хүсэлт хэлэлцэхэд энэ талаар хэлээгүй хэмээн хууль зүйн туслалцаа авах эрхийг маань эдлүүлээгүйд гомдолтой байна.

Иймд шүүх хуралдаанд оролцоход итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг үндэслэлгүй хүчингүй хэмээн үзэж, хууль зүйн туслалцаа авах эрхийг маань эдлүүлээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, эсвэл дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шийдвэр үндэслэлтэй гарсан. Гомдолд дурдсанчлан хүү, нэмэгдүүлсэн хүүг хасах үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,өд холбогдуулан 527,653,815 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч зарим хариуцагч нарт холбогдох шаардлагыг болон нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан татгалзлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зохицуулалтыг буруу баримтлахын зэрэгцээ техникийн алдаа гаргасан байна.

 

Эдгээр зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах зөрчилд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж буй тул залруулж, зохих өөрчлөлт оруулна.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,, нь 146,893,333 төгрөг төлсөн үндэслэлээр уг хэмжээгээр нэхэмжлэлээсээ татгалзахын зэрэгцээ мөн ,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Энэ татгалзлыг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсныг залруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцүүлж өөрчлөлт оруулна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. ,,,,,,,,,, нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ3645106723 тоот зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, ЗГ3645106726 тоот зээлийн гэрээгээр 262,400,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус ,,,,,,,,,,,,-д олгосон байна.

 

Эдгээр гэрээг батлан дааж мөн өдөр ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нар нь ,,,,,,,,,,-тай батлан даалтын гэрээ байгуулжээ.

 

3.2. Дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс ,,,,,,,,,, нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 24 дүгээр байр, 40 тоот хаягт байрших 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр 401 тоот хаягт байрших 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ,,,,,,,,,,,гийн өмчлөлийн ZILKCK5750 маркийн 21-05 УБХ улсын дугаартай автокран, Тоёота естима маркийн 49-80 УНР улсын дугаартай автомашин, Самсунг маркийн 68-41 УБ улсын дугаартай эксковаторыг барьцаалсан.

 

4. Анхан шатны шүүх ,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

Гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь ЗГ3645106723 дугаартай зээлийн гэрээний хүү 44,163,287.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,328,924.44 төгрөг, эд хөрөнгийн даатгал 40,339.03 төгрөг, нийт 50,532,551.14 төгрөг, ЗГ3645106726 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 244,822,222.23 төгрөг, зээлийн хүү 205,585,822.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,252,615.18 төгрөг, эд хөрөнгийн даатгал 460,604.20 төгрөг, нийт 477,121,263.96 төгрөг буюу 527,653,815 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнээс 146,893,333 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсантай холбогдуулаад үлдэх 380,760,481 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

4.1. Нэхэмжлэгчийн шаардсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хариуцагч ,,,,,,,,,,,, нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.

,,,,,,,,,,,,-ийн зүгээс ковид-19 цар тахлын үеийн 2 жилийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 236,027,298 төгрөгийг төлөхгүй гэж маргаж буй боловч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд талуудын гэрээгээр харилцан тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулах, хүчингүй болгох талаар тусгагдаагүйгээс гадна гэрээний үүргийн зөрчил нь цар тахлын нөхцөл байдлаас өмнөх цаг хугацаанд хамаарч байна. Энэ талаарх хариуцагч талын татгалзал, гомдол үндэслэлгүй.

 

4.2. Иймд анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,-аас 380,760,482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

Шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зохицуулалтыг баримтлахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 452.1 гэж алдаатай бичсэнийг засна.

 

5. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний дагуу хариуцагч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэргийн үйл баримтаар батлан даагч нарт нөхөх хариуцлага хүлээх урьдчилсан нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдсонгүй. Учир нь ,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсоны дараа батлан даагч нар нь нөхөх хариуцлага хүлээнэ.

Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу батлан даагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан талаар заагаагүй.

Иймд хариуцагч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. Харин ,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч нь батлан даагч нарт холбогдуулан шаардлага гаргах эрх нээлттэй болохыг дурдвал зохино.

Нэхэмжлэлийн энэ хэсэгт анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй, холбогдох шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг ийнхүү залруулав.

 

6. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсэгт хариуцагч тал гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

Харин хөдлөх хөрөнгийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа энэ талаарх харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсгийн зохицуулалтыг шүүх баримтлаагүйг залруулах нь зүйтэй.

 

7. Анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргалыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мөн хариуцагч ,,,,,,,,,,, өмгөөлөгч авахаар хүсэлт гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00103 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,-аас 380,760,482 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,-д олгож,

хариуцагч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 146,893,333 төгрөг гаргуулах болон ,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэх заалт нэмж,

2 дахь заалтын дугаарлалтыг 3 гэж өөрчилж, Иргэний хуулийн гэсний дараа 159 дүгээр зүйлийн 159.1, гэж нэмж,

3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,338,087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ