Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 77

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 180504840000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн механик мэргэжилтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87 дугаар байр, 0000000 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Ш- овогт Б-ийн Д-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Д- 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, А- урдах автомашины зам дээр хохирогч Э.Д-тай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Хохирогч Д-д 1.5 сая төгрөг өгсөн гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Энхболдын Д- “… Гэмтлийн эмнэлгийн арын явган хүний зам гарахаар ах Батжаргал, найз Жамбалдорж нарын хамт явж байтал 75-36 УНД улсын дугаартай автомашинаас 3 эрэгтэй хүн бууж ирээд хурдан зам гарсангүй гээд дээд талын уулзвараар тойрч ирээд ах Батжаргалыг жолооч заамдаж аваад боосон. Тэгээд намайг чирээд байсан. Жолоочийн хүүхэд болох жинсэн өмдтэй 30 гаруй насны залуу машинаасаа урт төмөр гаргаж ирээд миний зүүн гар руу цохиход миний гар хугарсан байсан. Тухайн үед ах Батжаргал, найз Жамбалдорж нар байсан. Батжаргалыг хоолойг нь боосон газар унагаасан өөр цохиж зодсон зүйл байхгүй. Яг одоо хэдэн төгрөг нэхэмжлэхээ сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.

Би шинжээч эмч Б.Болормаагийн гаргасан дүгнэлттэй уншиж танилцлаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг үнэн зөв тодорхойлсон байна. Би Б.Д-ыг урьд нь таньдаг байгаагүй. Өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 15-16, 36-37/ гэж мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Э.Д-ын гэмтэлтэй холбоотойгоор “Э.Д-ын биед зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.гэсэн 11600 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 11/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Д-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж ялын санкцыг хуульчилжээ.

 

Гэтэл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялын санкцыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж торгох ялын доод хэмжээг адил хуульчилсан байна.

 

Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсаны улмаас хүлээлгэх торгох ялын доод хэмжээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсаны улмаас хүлээлгэх торгох ялын доод хэмжээ адил байгаа нь дээр дурдсан Шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд прокуророос оногдуулж буюу 450.000 төгрөгөөр торгох тухай ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт зэргийг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Д- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Д- гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

        ТОГТООХ нь:

 

1. Ш- овогт Б-ийн Д-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Д- торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Д- цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Д- гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ