Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00656

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00656

 

 

,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/00360 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.,,,,,,,,,,,,,,д холбогдох,

100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Х.,,,,,,,,,,,,,, нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт хоёулаа газар хувааж худалдаж авъя, худалдан авах гэж буй газрын төлбөр нь 200,000,000 төгрөг гэсэн тул өөрийн Тоёота Ланд Крузер-200 загварын тээврийн хэрэгслийг 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдаж авч буй газрын төлбөрт 90,000,000 төгрөгөөр тооцон өгч, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг эхнэр ,,,,,,,,,,,,ийн данснаас ,,,,,,,,,,,,,, дансанд шилжүүлсэн.

Гэвч газраа худалдан авч чадаагүй. Энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 3017 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан.

Иймд Х.,,,,,,,,,,,,,,ас Тоёота Ланд Крузер-200 загварын тээврийн хэрэгслийн үнэ 90,000,000 төгрөг, шилжүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2012 онд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8000 м.кв газрыг өөрийн танил Ж.,,,,,,,,,,,,,,тай хувааж авахаар тохиролцон, газрын үнэ болох 200,000,000 төгрөгийг хувааж төлөхөөр болсон бөгөөд Ж.,,,,,,,,,,,,,, нь өөрийн худалдан авсан газрын төлбөрийг 90,000,000 төгрөгт нь машин оролцуулж өгсөн нь үнэн.

Гэхдээ уг машиныг Х.,,,,,,,,,,,,,, нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тухайн үед газрын эзэн байсан хүний хэлснээр ,,,,,,,,,,,,,,-ийн нэр рүү шууд шилжүүлж тооцоо хийсэн. Мөн 10,000,000 төгрөгийг тухайн үед нь газар зарсан хүний данс руу шилжүүлсэн.

Иймээс 2012 ондоо газраа зохигч нь тус тусдаа авч эзэмшиж ашиглаж байгаад 2017 онд газрын гэрчилгээг сунгуулж чадаагүй. 2012 оноос 2022 он хүртэл Ж.,,,,,,,,,,,,,, нь газар дээрээ үйл ажиллагаа явуулж, төмрийн худалдаа явуулж байсан.

Энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3017 дугаар тогтоол гарч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, ,,,,,,,,,,,,,, эхнэр ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нар нь шүүхэд Х.,,,,,,,,,,,,,,ас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 100,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/03531 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Х.,,,,,,,,,,,,,,ас 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч тал нь газрын үнэд 90,000,000 төгрөгт тооцон машин авсан, 10,000,000 төгрөгийг мөн авч хүний дансанд шилжүүлсэн гэж тайлбар өгсөн байхад шүүх энэхүү тайлбарыг харгалзан үзэлгүй зөвхөн прокурорын тогтоолд үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй нь өрөөсгөл.

Шийдвэрт эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд ямар харилцаа үүссэн, газрын эрх хэний нэр дээр байсан зэрэг нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Өөрөөр хэлбэл зарим нотлох баримт бүрдээгүй байгаа гэж шүүх үзвэл шүүхийн журмаар баримт бүрдүүлсний дараа шийдэх боломж эрх нь шүүхэд байгаа.

5.2. Сонгинохайрхан дүүрэгт эрүүгийн журмаар Х.,,,,,,,,,,,,,, шалгагдах хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах боломжтой гэж үзэж байгаа. Прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолд тухайн газрыг ,,,,,,,,,,,,,, нэр дээр шилжүүлээгүй нь тогтоогдсон гэж заасан байдаг.

Шүүх хэргийг шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдсэнгүй. Хариуцагч Х.,,,,,,,,,,,,,, өөрийн танилаас 200,000,000 төгрөгт тооцон газар худалдан авахаар тохирсон тухайгаа нэхэмжлэгч Ж.,,,,,,,,,,,,,,д хэлж түүнээс 100,000,000 төгрөг гаргуулан тухайн хүнд шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Мөн 8,000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдах зарах гэсэн ойлголт 2012 онд байгаагаагүй.

Газар эзэмших эрхээ хэн нэгэнд шилжүүлэх эсхүл хамтран ажиллах, хөрөнгө оруулалт, арилжааны хэлбэрүүд байгаад эсвэл тухайн нөхцөлд эдгээр төрлийн гэрээ хэлцэл хийгдсэн зүйл байдаггүй төдийгүй газар эзэмших эрхийг нь шилжүүлж өгөөгүй байна гэдэг нь Прокурорын тогтоолд байсаар байхад хөөн хэлэлцэх хугацаа гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Энэ хэрэгт Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Шүүх талуудын хооронд ямар харилцаа байсныг тодорхойлж, түүнд нийцүүлэн хууль хэрэглэж, асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь нэхэмжлэгчээс тээврийн хэрэгсэл болон 10,000,000 төгрөг хүлээн авсан гэж зөвшөөрдөггүй, харин эдгээрийг газар худалдсан хүнд дамжуулж цааш нь шилжүүлж өгсөн байдаг. Энэ асуудлаар прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр урьд гарсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ж.,,,,,,,,,,,,,, нь хариуцагч Х.,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүрэгт байршил бүхий газрыг хамтарч бусдаас худалдаж авахаар тохиролцож, үүний дагуу хариуцагчид 100,000,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө шилжүүлэх зэргээр хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч нь 2012 оны 11 дүгээр сард 100,000,000 төгрөгт тооцож тээврийн хэрэгсэл, мөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан боловч эдгээрийг газар худалдсан хүнд шууд шилжүүлж өгсөн гэж маргасан.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3017 дугаар тогтоолд зохигч нь Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам дагуу байрлалттай, 8028/5078, 18633307474053 дугаартай 8000 м2 бүхий хэмжээтэй газрыг бусдаас худалдан авахаар тохиролцсон, уг газар нь ,,,,,,,,,,,,,, нэр дээр бүртгэлтэй талаар дурдсан байна.

 

3.2. Анхан шатны шүүх зохигчийн мэтгэлцээний байр суурь, хэргийн үйл баримтын талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн эсэх, 2012 онд нэхэмжлэгч, хариуцагч нар хамтарч газар худалдаж авахаар тохирсон гэх үед тухайн газрын эзэмших эрх хэний нэр дээр бүртгэлтэй байсан эсэх, газар хэзээ хариуцагч ,,,,,,,,,,,,,, нэр дээр шилжсэн, 10,000,000 төгрөгийг хэнд шилжүүлсэн зэрэг хэргийн үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж эрх зүйн дүгнэлт өгсөн.

Ийнхүү хэргийн үйл баримт тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа уг үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 

3.3. Хэдийгээр талуудын зарчмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх нь хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар тэдгээрийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах, хэргийн үйл баримтыг тодруулах үүрэгтэй.

 

3.4. 2012 онд зохигч нь хэнээс Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам дагуу байрлалттай, 8028/5078, 18633307474053 дугаартай 8000 м2 бүхий хэмжээтэй газрыг худалдан авахаар тохиролцсон, газрын төлбөрийг хэнд төлсөн, уг газар нь ,,,,,,,,,,,,,, нэр дээр хэзээ бүртгэгдсэн, 88-18 УНП улсын дугаартай Тоёота Ланд Крузер-200 загварын тээврийн хэрэгсэл нь ямар учраас 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Х.,,,,,,,,,,,,,,ас Далай ван аудит ХХК-ийн нэр дээр шилжсэн, Ж.,,,,,,,,,,,,,,ас Х.,,,,,,,,,,,,,, руу шилжүүлсэн гэх 10,000,000 төгрөгийг хариуцагч нь хэнд шилжүүлсэн үйл баримт нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд уг үйл баримтыг тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Эдгээр үйл баримтыг тогтоосны үндсэн дээр шүүхээс зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түүнд холбогдох хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөх учиртай.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/00360 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ