Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0076/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 М.Долгоржав,

Улсын яллагч                                               Я.Сансар,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч                                    О.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 П.Амаржаргал

Насанд хүрээгүй шүүгдэгч                          О.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1. дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох 1939000000057  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Рашаантын 6-601 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О-гийн М /РД:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.М нь 2019 оны 02 сарын 20-ны өдрөөс 02 сарын 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Баянхаан” дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж кимчитэй бэлэн гоймон 2  ширхэг, доширак бэлэн гоймон 1 ширхэг, шоколад 3 ширхэг, зочин хиам 1 ширхэг, салями хиам 1 ширхэг, бэлнээр 7500 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М нь 2019 оны 02 сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Баянхаан” дэлгүүрийн цонхоор дүүгээ оруулж эд зүйл хулгайлсан болох нь:

1. Хохирогч Ц.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг өнгөрч байхад дэлгүүр дээрээ ирээд дэлгүүрийнхээ хаалгыг онгойлгоод ороод дэлгүүрийнхээ температурыг харах гээд баруун урд талын цонхон дээрээ очиход уг цонх маань онгойчихсон лангуун дээрх зарим эд зүйлс маань хөдөлчихсөн, зарим нь газарт уначихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би хулгай орчихсон байна гэж шууд ойлгоод эд зүйлсээ бүртгэж үзэхэд кимчитэй бэлэн гоймон 2  ширхэг, доширак бэлэн гоймон 1 ширхэг, шоколад 3 ширхэг, зочин хиам 1 ширхэг, салями хиам 1 ширхэг, кассын ширээний шургуулга дотор байсан 7500 төгрөг алдагдсан байсан. ... цонхыг маань түлхэж онгойлгоод уг жижигхэн зайгаар багтаж дэлгүүр лүү орсныг бодоход хүүхдүүд хийсэн байх гэж бодоод байна. Нийт 47500 төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 29-31 хуудас/

2. Насанд хүрээгүй гэрч О.Санчирмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:... тухайн үед манай ах надад ахад нь мөнгөний хэрэг гараад байна хоёулаа хамт хулгай хийе гээд байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хамт хулгай хийчихлээ гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 34-35 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.   

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.У-д нийт 47500 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ц.У нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч О.М нь 2002 оны 07 дугаар сарын 23-ний өдөр төрсөн, 17 настай болох нь хэрэгт авагдсан түүний төрсний гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, түүний гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт заасан үүргүүдийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 18.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч О.М-ийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч О.М-д 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэхийг эцэг О.О-д үүрэг болгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн үүргэвчтэй цүнх болон мотоциклийн речак 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.ГАНЗОРИГ