| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0085/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0085/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч Н.Б, Г.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н-ийн Б, Х овогт Г-ийн Б нарт холбогдох 1939000000060 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1991 оны 01 сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүү нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг булагийн 7-15 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй Т овогт Н-ын Б /РД:
2. Монгол улсын иргэн, 1991 оны 06 сарын 26-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1 Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Жаргалант гэх газар оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй Ховогт Г-ийн Б /РД:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хэрсэн гэх газраас иргэн М.Эрдэнэцолмонгийн 2 эр хонь, 1 тооны эм ямааг хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 18-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хэрсэн гэх газраас иргэн М.Эрдэнэцолмонгийн 2 хонь, 1 ямааг хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч М.Эрдэнэцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хэрсэн гэх газар эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Манай эхнэрийн эгчийн хүүхэд Б манай адууг хардаг юм. Мөн манай эгчийн хүүхэд Б өөрийнхөө хонь, ямааг хараад манай хажууханд амьдардаг юм. Тэгээд өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийнхөө хоёр малчинд малаа үлдээчихээд эхнэрийн хамт аймгийн төв орж ирээд өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед би Баатарзоригийн урд талын дэлгүүрт тамхи авах гээд орж явтал Баатарзоригийн үүдэнд манай эгчийн хүүхэд Б мах өгч байхаар нь би нээх санаанд ороогүй өөрийнхөө малнаас ажиллаад өгч байгаа юм байлгүй гээд дэлгүүр орж тамхи аваад гэртээ очоод эхнэрт нөгөө хөдөө үлдсэн Б чинь Баатрзоригийнд мах өгч байна гэж хэлсэн чинь эхнэр харин наадах чинь төв орж ирнэ гэж хэлээгүйдээ манай хониноос авч ирж зарж байгаа юм биш биз гэхээр нь эгч рүү очиж асууя гээд Б-гийн аавынд эхнэр бид хоёр ирж Б хонь өгөөд явж байна. Та хэд хонь мал авч ирж зарах байсан юм уу гэж асуухад Б-ийн ээж аав хоёр мал авч ирж өгөх ажил гараагүй дээ гэж хэлэхээр нь хамт Баатарзоригийн руу очиж үзье гээд Баатарзоригийн арьс хурааж байсан залуугаас асуухад энэ өгсөн арьс нь гээд 2 хонь, 1 ямааны арьс гаргаж ирээд надад харуулахад манай хоёр хонь, нэг ямааны арьс байсан... Манай малд одоо Бат-Эдэнийн мал байхгүй. Б манай малнаас захиран зарцуулах эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 тал/
2. Гэрч П.Хатанбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 37-64 ХЭҮ улсын дугаартай верна аксент маркийн автомашинтай аймаг дотуур хувиараа таксинд явдаг юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гадуур таксинд явж байхад 15 цагийн үед нэг дугаараас хүн залгахаар нь би тухайн үед дугаарыг нь авахад Б байна та таньж байна уу гэхээр нь би танихгүй байна ямар Б билээ гэсэн чинь “би таниар цагаан сарын өмнө аймгаас Баянхутаг сумын Өвөр хөндий гэх газар луу хүргүүлж байсан даа” гэж хэлэхээр нь цагаан сарын өмнө гэрлүүгээ хүргүүлж байсан залуу байна гэж санаад яасан гэхэд дүү нь аймаг руу орох ажил байна. Та намайг буулгасан газраа хүрээд ирээч хөлсийг чинь өгнө гэж хэлэхээр нь ах нь ганц хоёр цагийн дараа хүүхдээ цэцэрлэгээс авах ажилтай чи тийм яаруу байгаа юм уу гэсэн. Аймаг орох ажилтай аймагт хоночихоод таниар маргааш хүргүүлнэ, яаруу ажилтай байна гэхээр нь би гэрлүүлгээ орж эхнэртэй уулзаад хүүхдээ авчихаарай аймгаас урагш 60 киллометр явах ажил гарчихлаа гэж хэлээд шууд урагшаа Баянхутаг сумын Өвөр хөндий гэх газар луу явсан. Тэгээд нөгөө залуугийн гэрт ороод очиход нөгөө залуу нэг залуутай хоёулаа сууж байсан.... Тэгээд нөгөө хоёр залуу хонио хашчихаад хониныхоо хашаанаас 2 хонь, 1 ямаа барьж аваад миний машины багажинд 2 хонийг нь ачаад 1 ямааг нь арын суудлын хонхорт хийгээд аймаг руу хөдөлсөн... Тэгээд аймаг руу 20 цагийн үед орж ирээд Баатарзориг гээд махны ченжийн гадаа зогсоолгоод тэнд гурван гулуузаа зарчихаад шууд санд мэнд буцахаар болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
3. Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Н.Б, Г.Б нарын иргэн М.Эрдэнэцолмонгийн малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Эрдэнэцолмонгийн хоёр хонь, нэг ямаа алдагдаж 320.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч М.Эрдэнэцолмон нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 69 тал/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Б, Т овогт Н-ын Б нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Н.Б нарыг тус бүр 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Н.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Н.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ