Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00703

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 08 210/МА2024/00703

 

 

С.Б, С.Ө нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00482 дугаар шийдвэртэй,

 

С.Б, С.Ө нарын нэхэмжлэлтэй, Н.З-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 63,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Н.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Н.З-той 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хэлцэл хийсэн, уг хэлцлээр Хөх ХХК-ийн барьж буй 14 давхар орон сууцны барилгаас 40.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ашиглалтад орохоор 80,000,000 төгрөг болгож өгөх нөхцөлөөр 42,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Уг орон сууцны үнэ 80,000,000 төгрөгөөс илүү гарсан нөхцөлд нэхэмжлэгч нар нэмж төлөхөөр тохирсон. Энэ хэлцлийн хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон тул хариуцагчтай 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 42,000,000 төгрөгийг 80,000,000 төгрөг болгон өсгөж өгөхөөр тохиролцсон.

1.2. Зээлийн гэрээнд орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа 5 хоногт багтаан үлдэгдэл мөнгийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Тухайн барилгыг улсын комисс 2020 оны 08 дугаар сард хүлээж авсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй.

1.3. Хариуцагчийн Х ХХК-ийнбарьж буй худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга ашиглалтанд ороход 2 өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгт багтаан худалдан авч өгөхөөр тохиролцсон асуудал нь залилах гэмт хэргийн шинжтэй болсон тул цагдаад гомдол гаргасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хххх дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,000,000 төгрөг, алданги 21,000,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дахин нэмэлт гэрээ болгон байгуулсан. Иймээс 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2.2. Би 2021 онд нэхэмжлэгч нарт 5,000,000 төгрөг шилжүүлж, мөн нэхэмжлэгч С.Өнөрбилэгт 1,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч зээлээс хасаагүй.

2.3. Сүхбаатар дүүргийн Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ххх дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.З-ооас 56,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ө, С.Б нар олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.З-ооас тэмдэгтийн хураамж 440.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ө, С.Б нар олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх намайг хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь тухайн өдөр би өвчтэй байсан тул холбогдох нотлох баримтыг шүүхэд хүргүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Уг нөхцөл байдал нь Үндсэн хуульд заасан шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэх заалтыг зөрчсөн.

4.2. Нэхэмжлэгч С.Б, С.Ө нартай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хэлцэл байгуулж 42,000,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг зээлэхдээ хүүгүй зээлсэн бөгөөд харин улсын комисст орон сууцыг хүлээлгэн өгсний дараа 42,000,000 төгрөг дээр нэмээд 38,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөхөөр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нар дахин гэрээ байгуулахдаа алданги тооцохоор тусгасан. Би 38,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа боловч алданги төлөх үндэслэлгүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Хавтаст хэргийн 112 дугаар талд авагдсан эмнэлгийн магадалгаа нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагчийн хүсэлтэд эмнэлэгт хэвтэх ор, хоног хүлээж байна гэж тусгасан болохоос хүнд өвчин туссан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна гэж дурдаагүй. Мөн хариуцагч талын гаргасан эмнэлгийн магадлагаа нь эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журмын 4.5-т заасан шаардлагыг зөрчсөн. Учир нь эмнэлгийн магадалгаанд ерөнхий эмч гарын үсэг зурах ёстой боловч ерөнхий эмчийн гарын үсэг байхгүй, эмнэлгийн магадалгаанд өвчний онош байхгүй бөгөөд өвчний оношийг серийн дугаар бичсэн. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

5.2. Хариуцагчийн зүгээс хүү, алданги төлөхгүй гэж маргадаг боловч талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөн уг хэлцлийн хугацаа дууссаны дараа гэрээ байгуулан 42,000,000 төгрөгийг төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин талуудын хооронд анх гэрээ байгуулахдаа нэмж 38,000,000 төгрөгийг өгнө гэж тайлбарладаг. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хийсэн гэрээний дүнгээр тооцож үзэхэд нэг өдрийн 210,000 төгрөг бөгөөд 2020 оны 09 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн атлаа зээлсэн мөнгөө өгөөгүй. Уг хугацаанаас хойш 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тооцоход 115,000,000 төгрөг болсон. Үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэх хуулийн зохицуулалтыг баримталж хариуцагчаас 50 хувийг нэхэмжилсэн.

Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шинжийг агуулсан. Мөн алданги тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулагдсан гэрээнд тусгасан. Уг нөхцөл байдлын улмаас 5,000,000 төгрөгийг өгөхдөө 1,400,000 төгрөгийг бэлэн мөнгөөр буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 700,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 01-ний 700,000 төгрөгийг өгсөн. Хариуцагчийн зүгээс гэрээний үйлчлэх хугацаа дууссан гэж тайлбарладаг боловч тухайн хугацаанаас гомдол гаргах хүртэл 3 жилийн хугацааны асуудал яригдах ёстой. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 3 жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэл гаргасан. 2020 онд талуудын хооронд байгуулагдсан хэлцлээр хөөн хэлэлцэх хугацааг тооцсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч С.Ө, С.Б нархариуцагч Н.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг, алданги 21,000,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч нараас 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд орох Х ХХК-ийн14 давхар 140 айлын орон сууцнаас 40.6 м.кв  талбайтай 2 өрөө орон сууцыг ашиглалтанд орсны дараа 38,000,000 төгрөгийг нэмж, нийт 80,000,000 төгрөг болгож өгөх нөхцлөөр 42,000,000 төгрөгийг зээлэх, уг орон сууцны төлбөр 80,000,000 төгрөгөөс илүү гарсан тохиолдолд нэхэмжлэгч нар төлөх, захиалга эхлэхэд хариуцагч нь нэхэмжлэгч нарт төлөх 80,000,000 төгрөгийн 10 хувь болох 8,000,000 төгрөгийг төлөх, тухайн орон сууцыг авч чадаагүй тохиолдолд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 80,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

3.2. Хэргийн 10-11 дүгээр талд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээтэй ижил нөхцөлийг тусгасан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хэлцэл гэх баримт авагджээ. /хх10-11/

 

3.3. Дээрх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээнд заасан хугацаа дууссан тул талууд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нь 42,000,000 төгрөгийг 80,000,000 төгрөг болгон бэлнээр Х ХХК-ийнбарьсан 14 давхар орон сууц улсын комисс хүлээн авсны дараа 5 хоногийн дотор зээлдүүлэгчид бэлнээр төлөх, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх 4-5/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3.4. Нэхэмжлэгч С.Бархас нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХААН банк дахь өөрийн ХХХХХХХ тоот данснаас ХААН банк дахь хариуцагчийн хххххх тоот дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь хэргийн 6 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргахгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.5. Хариуцагч Н.З-т нь Х ХХК, Ш.Г, Н.Э нарт холбогдуулан хамтран ажиллах гурвалсан гэрээний үүрэг 50,000,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хонгор апартмент хотхоны 16 дугаар байрнаас 1 гаражийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/03064 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2022/00645 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх 40-45, 50-53, 46-49/

 

3.6. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч С.Ө, С.Б нархариуцагч Н.З-ооас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

4. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн зөрчилд хариуцлага тооцон алданги нэхэмжилж байгааг эс зөвшөөрч үндэслэлээ мөнгийг зээлэхдээ хүүгүй зээлсэн бөгөөд улсын комисст орон сууцыг хүлээлгэн өгсний дараа 42,000,000 төгрөг дээр нэмж 38,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөхөөр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нар дахин гэрээ байгуулахдаа алданги тооцохоор тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч байгаа боловч алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

4.1. Талууд гэрээний 7-д гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Гэрээний энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч нар мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

4.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар алдангийг 21,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь хуульд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэн, хариуцагчаас 21,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн нийт 6,400,000 төгрөгийг зээлээс хасч тооцон, хариуцагч Н.З-ооас 56,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ө, С.Б нар олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5.1 Зохигчийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулагдсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 80,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон, гэрээний хугацаа дууссан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулсанаас үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.1. Хариуцагч нь 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/02956 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Учир нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/243 тоот тушаалаар хамтран баталсан Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам-ын 4.5-д эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна гэж заасан. Гэтэл хариуцагчийн хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмч гарын үсэг зурж баталгаажуулаагүй, мөн хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр өмнөх шүүх хуралд хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 263,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ