Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00631

 

 

 

 

 

 

 

 

    2024        03            29                                    210/МА2024/00631

 

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00347 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХУ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 19,131,785 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Н- нь 2012 оноос хойш Хан-Уул дүүргийн хурлын ажлын албанд ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эргэж орох өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн аваагүй. Иймд хуульд заасны дагуу намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 19,131,785 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Б.Н- нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хороонд маргаан хянан шийдвэрлэгдэх үйл ажиллагаа явагдаж байгаад тухайн хорооноос ямар нэгэн шийдвэр одоо хүртэл гараагүй. Нэхэмжлэгч Б.Н- нь ХУ- ажлын албаны намын бүлэг, гадаад харилцаа хариуцсан хэлтэст ажилладаг байсан. 2021 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотой ХУ- ажлын албаны бүтцийг Засгийн газраас тогтоодог болсон. Монгол Улсын Засгийн газрын 375 дугаар тогтоол байгаа. Уг тогтоолд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2 нэгж, 18 албан хаагчтай, 18 албан хаагчийг төрийн захиргааны албан хаагч байхаар зааж өгсөн. Засгийн газрын тогтоол гарснаас хойш тогтоолтой холбоотой ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 509 дүгээр тогтоолоор манай албан тушаалын тодорхойлолт батлагдсан. Бидний зүгээс шалтгаалах нөхцөл байдал байгаагүй. Одоо манайх 12 төрийн захиргааны, 6 төрийн үйлчилгээний албан хаагч ажиллаж байна. 6 төрийн үйлчилгээний албан хаагчид жолооч, нягтлан, нярав гэсэн албан тушаалууд орж байна. Нэхэмжлэгч нь улс төрийн албан тушаалтай буюу одоогийн ТҮ-7 зэрэглэлтэй адилтгах албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Буцаагаад ажилд нь томилох гэхээр нэгдүгээрт албан тушаал буюу орон тоо байхгүй, хоёрдугаарт тухайн хүний мэргэжлийн индекс буюу өөрийнх нь төгссөн мэргэжилд таарах ажлын байр хадгалагдаж үлдээгүй. Иймд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр ажлын албаны даргын тушаалаар чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж холбогдох бичилт хийхийг хариуцагч ХУ-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 19,131,785 төгрөг гаргуулах, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойших хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Б.Н- 2012 оноос хойш Хан-Уул дүүргийн Хурлын ажлын албанд ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан юм. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эргэж орох өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл ажилд эргүүлэн аваагүйгээр барахгүй бүр ажлаас нь чөлөөлсөн байсан байдаг.

Шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04429 тоот захирамжаар “Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандаагүй” гэсэн үндэслэлээр буцаасан. Дахин шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/15048 тоот захирамжаар “Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдааны 68 дугаар тэмдэглэлийг гардуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэчхээд тушаалаа өгөхгүй байсан тул шүүхэд хандах хугацаа дуусах өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 16-нд нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Ажлаас халсан, тэтгэмж олгосон тушаалыг сүүлд 06 дугаар сарын дундуур шүүх дээрээс л мэдсэн бөгөөд олгосон мөнгө нь одоо ч байгаа болно.

4.б. Шүүх хуралд шүүгч хэтэрхий 1 талыг барьж хандаж байсан нь хурлын тэмдэглэлээс ч харагдаж байна. Тухайлбал, нэхэмжлэгчээс 20-иод удаа асуулт асуухдаа нөгөө талын хариулах зүйлийг надаас асуугаад байсан. “Одоо ажиллаж байсан нэгж, хэлтэст орон тоо байгаа юу?, байгаа гэж байгаа тохиолдолд баримт байна уу?” гэх мэтийн байгууллагын мэдэх асуудлыг надаас асуугаад ороох маягаар хандаж байсан.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 509 дугаар тогтоолоор манай албан тушаалын тодорхойлолт батлагдсан, Засгийн газрын 375 дугаар тогтоолоор 2 нэгж, 18 албан хаагчтай байхаар зааж өгсөн гэсэн хариуцагч талын төлөөлөгчийн зөвхөн амаар ярьж буй зүйлийг үндэслэл болгон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч талын төлөөлөгчийн шүүх хуралд хэлээгүй зүйлийг тэмдэглэлд ч шийдвэрт ч оруулж бичсэнийг үнэхээр гайхаж байна.

Иймд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдагдсан зүйлүүдийг анхаарч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

2022 оноос Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчлэн найруулсан хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд хуучин хууль хэрэгжиж байсан бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын алба гэх нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэргүүлэгчдийн ажлын албыг тэргүүлэгчид өөрсдөө орон тооны хязгаар болон цалингийн нөөцдөө багтааж ажлын албаны бүтцийг баталдаг байсан. Шинэчлэн найруулсан Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт шинэ заалт орж ирсэн. Засгийн газраас нийслэл, дүүрэг, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурлын орон тооны хязгаарыг баталж тогтооно, энэ хязгаар дотор Иргэдийн Төлөөлөгчийн хурал үйл ажиллагаа явуулна гэж хуульд заасан. Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 375 дугаар тогтоол гарсан. Үүнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг 2 нэгж, 18 алба хаагчтай байхаар тогтоосон. Үүнээс хойш 2022 оны 05 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөр албан тушаалын тодорхойлолтуудыг батлуулсан.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан, нийтэд илэрхий мэдээлэл. Хариуцагч талаас Засгийн газрын тогтоолыг Legalinfo.mn сайтаас татаад шүүхэд өгөх байсан уу эсхүл Засгийн газрын тогтоолыг хэрэгт хавсаргаж өгөх ёстой байсан уу гэдгийг сайн ойлгохгүй байна.

Шүүгчээс, Засгийн газрын тогтоолын дугаарыг асуугаад Засгийн газрын тогтоолыг харж байгаад хэргийг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны ямар нэгэн шийдвэр гараагүй гэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэж байгаа тохиолдолд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэх хуулийн зохицуулалт байгаа. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын гурван талт хорооны шийдвэрийн талаар надад ерөөсөө мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцааг цуцлахаас өмнө мэдэгдэл хүргүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч ХУ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 19,131,785 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь “...хүүхэд асрах чөлөөтэй байсны дараа ажилдаа эргэж орох тухай хүсэлт гаргахад түүнийг ажилд эгүүлэн аваагүй, улмаар ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн...” гэж, хариуцагч нь “...түүний албан тушаал буюу орон тоо байхгүй, тухайн хүний мэргэжлийн индекс буюу өөрийнх нь төгссөн мэргэжилд таарах ажлын байр хадгалагдаж үлдээгүй учраас ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авсан...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцжээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

2.1. Нийслэлийн ХУ- ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/81 дугаар тушаалаар Гадаад харилцаа, намын бүлэг хариуцсан хэлтсийн Намын бүлэг хариуцсан ажилтан Б.Н- 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүүхэд төрүүлсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд хүүхэд асрах чөлөө олгосон байна./хх 5,7,74/

 

2.2. Б.Н- нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ХУ-д ажилдаа эргэж орох тухай хүсэлтийг гаргасан болох нь хариуцагч байгууллагын ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаар тогтоогдсон байна./хх64/

 

2.3. Б.Н- нь түүний ажилдаа эргэж орох тухай хүсэлтийг ХУ- шийдвэрлэхгүй байгаатай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хандсанаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 69 дугаартай тэмдэглэлээр түүний гомдлыг хэлэлцээд ажил олгогчийг ажлын байраар хангах үүрэгтэй гэж үзсэн болох нь хорооны хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна./хх29, 33-34/

 

2.4. Гэтэл хариуцагч байгууллагын Ажлын албаны дарга О.Г-ээс 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.Н-тад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулан өгсөн байна./хх 36-37/

 

2.5. Нэхэмжлэгч талаас дахин Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тухайн хорооны хуралдаанаар гомдлыг нь хэлэлцээд ажил олгогчийг ажилд нь авах үүрэгтэй талаар дахин шийдвэрлэж 68 дугаартай тэмдэглэлийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан байна./хх 30-31, 35/

 

2.6. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/15048 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаартай “тэмдэглэлийг хариуцагч талд гардуулаагүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх 40-41/

 

2.7. Түүнчлэн, нэхэмжлэгчээс дээрх шүүгчийн захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гардаж аваад, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандаж 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хорооны шийдвэрийг Нийслэлийн ХУ-д гардуулаагүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул уг хорооны тэмдэглэлийг яаралтай гардуулах тухай гомдол гаргасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар уг тэмдэглэлийг хүргүүлсэн байна./хх42-45/

 

2.8. Улмаар нэхэмжлэгч талаас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргасан байх тул түүнийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

 

3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан шийдвэрлэх боломжтой.

 

3.1. Нийслэлийн ХУ- ажлын албаны даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Б.Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.3, 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байх ба уг тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгсөн тухай баримтгүй байна. /хх 62/

 

3.2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 375 дугаар тогтоол гарсан. Үүнд           Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг 2 нэгж, 18 алба хаагчтай байхаар тогтоосны улмаас нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон тул ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч тал тайлбарласан байна.

 

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй” тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална” гэж,

Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна” гэж,

Мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна” гэж тус тус заасан.

 

3.4. Гэтэл хариуцагч талаас, Б.Н-ын хүүхэд асрах чөлөө дууссаны дараа ажилдаа эргэн орох талаарх хүсэлтийг хүлээн авалгүйгээр ХУ- тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.4, 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

4. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-ыг адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг хариуцагч ХУ-д даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Б.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ХУ-д даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.

 

4.1. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 17 сарын хугацааны олговрын хэмжээ 21,280,333 төгрөг байх тул түүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмжид ажил олгогчоос өмнө олгосон 4,966,794 төгрөгийг хасч тооцон, үлдэх 16,313,539 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно./хх 65/

 

4.2. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэлд хамаарах тул түүний төлсөн 403,204 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж улсын төсөвт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул холбогдох өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчлөн найруулна.

 

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/00347 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-тай тохиролцсоны үндсэн дээр “намын бүлэг хариуцсан ажилтан”-тай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг хариуцагч ХУ-д даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,313,539 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Б.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ХУ-д даалгасугай.” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,204 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д буцаан олгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 309,718 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,809 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ