| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0008/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0008/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Я.Сансар,
Хохирогч Д.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-гийн Эд холбогдох 1839000000254 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л52 дугаар байр 01 тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, Б овогт Ч-гийн Э /РД:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 2-7 тоотод оршин суух иргэн О.Э-гийн автомашины граж буюу агуулахад нууцаар, хууль бусаар нэвтрэн орж гэрийн эсгий дээвэр 2 ширхэг, эсгий туурга 4 ширхэг, төмөр труба, тоос сорогч 1 ширхэг, зоос зуусан мэлхийн сувенер 1 ширхэг, сэнс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 365.400 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйдлээр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Банкны Л52 дугаар байшинд оршин суух Д.Оийн гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний үзүүрсгэн дээл 1 ширхэг, эрэгтэй хүний үзүүрсгэн дээл 1 ширхэг, шинэ эсгий гутал 1 ширхэг, хуучин эсгий гутал 1 ширхэг, пүүз 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, хивэг 15 кг, жижиг шилтэй дундуур архи 1 ширхэг, 150 см урттай яндан 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.264.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн давтан үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Банкны байрны Л64-01 тоотод оршин суух Б.Буяндалайн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 151.000 /нэг зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн шууд хохирол, 17.000 /арван долоон мянга/ төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 2-7 тоотод оршин суух иргэн О.Э-гийн автомашины граж буюу агуулахад нэвтрэн орж гэрийн эсгий дээвэр 2 ширхэг, эсгий туурга 4 ширхэг, төмөр труба, тоос сорогч 1 ширхэг, зоос зуусан мэлхийн сувенер 1 ширхэг, сэнс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 365.400 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйдлээр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Банкны Л52 дугаар байшинд оршин суух Д.Оийн гэрийн цонхоор нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний сэгсүүргэн дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй хүний үзүүрсгэн дотортой дээл 1 ширхэг, шинэ эсгий гутал 1 ширхэг, хуучин эсгий гутал 1 ширхэг, пүүз 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, хивэг 15 кг, жижиг шилтэй дундуур архи 1 ширхэг, 150 см урттай яндан 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.264.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн давтан үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Банкны байрны Л64-01 тоотод оршин суух Б.Буяндалайн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 151.000 /нэг зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч О.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2017 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 2-7 тоот хашаанд байх машины граж болон байшингаас эд зүйл алдсан. Би эд зүйлээ алдсан дээрх хугацаанд Улаанбаатар хотод байсан. ... Бид өөрсдөө алдсан зүйлээ хайж явсан чинь манай гэрээс алдагдсан эд зүйлийг Э гэх хүн зарсан байсан. Хурх захын мах, ногоо, дайвар бүтээгдэхүүн зардаг хүмүүс манай алдсан эд зүйлийг худалдаж авсан байсан. Тэгээд Э манай эд зүйлийг хулгайлж зарсан гэдгийг мэдээд цагдаад өргөдөл өгсөн....... гэсэн мэдүүлэг /Хх-ийн 38-40 хуудас/
2. Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ....Манай төвийн гэр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Банкны Л52 дугаар байшинд байдаг. Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Галшар сумаас аймгийн төвийн Л52 дугаар байшиндаа ирж хоночихоод буцаад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөдөө гэрлүүгээ явсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Галшар сумаас аймгийн төвд гэртээ ирсэн чинь манай байшингийн хаалга цоожтой байшингийн урд талын цонх маань хагарсан байдалтай доторхи хөшиг нь хийсээд гараад ирсэн байсан. Тэгээд би байшингаа онгойлгоод гэрлүүгээ ороод доторхи эд зүйлээ бүртгэж үзэхэд миний хурган дотортой дээл 1 ширхэг, үзүүрсгэн үстэй дээл 1 ширхэг, хуучны хүрэн өнгийн модон гэртэй оёдлын машин 1 ширхэг, тал шуудайтай хивэг /15 кг/, шинэ эсгий гутал 1 ширхэг, хуучин эсгий гутал 1 ширхэг, шинэ пүүз 1 ширхэг, талын хар архи 1 ширхэг, 150 см-ийн урттай хуучин яндан 1 ширхэг зэрэг эд зүйлс байхгүй байсан.... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 30-32 хуудас/
3. Хохирогч Б.Буяндалайгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай найз Эрдэнэтогтох надруу утсаар яриад танай байшинд хулгай орсон юм шиг байна гэрээс чинь алдагдах юу байгаа билээ гэж асуусан. Тэгэхээр нь би морин хуур, зурагт байгаа гэж хэлсэн. Манай гэрээс морин хуур, холбооны кабелийн жижиг хар өнгийн станц удирдлагатайгаа алдагдсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 164 хуудас/
4. Иргэний нэхэмжлэгч Г.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Э ах манай гэрт морин хуур барьж орж ирээд ах нь шартаж үхлээ энэ морин хуурыг худалдаж аваач гэж хэлсэн. Тухайн үед надад 17.000 төгрөг байсан учраас Э ахад өгөөд хуурыг нь авч үлдсэн.... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 169 хуудас/
5. Гэрч О.Баасанжавын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Эгийн ээжтэй нь энэ зун таарахад манай хүү Э Алтанхуягийн гэрийн дээвэр туургыг хулгайлж махны ченжид зарсан байна лээ гэж хэлэхээр нь харин тиймээ би тэр гэрийг нь Алтанхуягаас авч энэ өвөл барих гэж байгаа юмсан гэж хэлж байсан. Одоо тэр дутуу дээвэр туургатай гэрийг нь бариад амьдарч байна... гэсэн мэдүүлэг /Хх-ийн 52 хуудас/
6. Гэрч Г.Пүрэвдагвын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүгийн цагдаагаар ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шуурхай удирдлагын албанаас Хэрлэн сумын 1 дүгээр баг банкны байранд оршин суух Э нь айлын байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлаад арынхаа хашаа руу зөөгөөд байна гэсний дагуу дуудлаганд очих гээд замдаа явж байхад банкны байрны ойролцоо Этэй таараад Эг машиндаа суулгаад Цасчихэр гэх айлын хашаанд дагуулж очиход хашаан дотор ил 15 кг хивэг, хуучин оёдлын машин байсан. Тухайн үед Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд түүнийг эрүүлжүүлсэн. Тэгээд би дуудлага өгсөн эмэгтэйгээс Эг ямар айлаас дээрх эд зүйлийг хулгайлсныг асуухад Цасчихэрийн хашааны урд талд хашаагүй цагаан өнгийн шавар байшингийн урд талын цонхонд байсан уутыг урж ороод дээрх эд зүйлсийг хулгайлсан гэсэн... тухайн үед 15 кг хивэг нь хашаа руу нь ороод дөнгөж үүдэнд нь, хуучин оёдлын машин нь байшингийн зүүн талд нь ил байсан..... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 43 хуудас/
7. Гэрч И.Эрдэнэтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: ....2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай найз Буяндалай надруу залгаад би Улаанбаатар хотод явж байна миний найз манай гэрийг эргэчихээрэй гэсэн. Тэгээд би Хэрлэн сумын 1 дүгээр баг Банкны байр Л64-01 тоотод очиход байшингийн хойд талын 2 цонхны баруун талын цонхыг нь хагалсан, хулгай орсон юм шиг байсан. Тэгээд би Буяндалай руу залгаад гэрт чинь хулгай орсон юм шиг байна алга болох эд зүйл байгаа юу гэж асуухад морин хуур, холбооны кабелийн хар өнгийн жижиг станц, зурагтны сараалжин антенн зэрэг эд зүйл байгаа гэсэн. Цонхоор нь харахад байгаагүй..... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 174 хуудас/
8. Гэрч Ч.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ....2019 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна миний төрсөн дүү Э манай гэрт халамцуу орж ирээд холбооны кабелийн хар өнгийн станц удирдлагатай нь орхиод надаас 8000 төгрөг аваад явсан.... гэсэн мэдүүлэг /Хх-ийн 178 хуудас/
9. Алдагдсан эд зүйлийн үнэлгээ. /Хх-ийн 62-63, 178, 183-185 хуудас/
10. Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байгаа бөгөөд түүний бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Энхжаргалд 365.400 төгрөгийн, хохирогч Б.Буяндалайд 17.000 төгрөгийн, хохирогч Д.Од нийт 3.186.400 төгрөгийн хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Вендо ХХК-д 80.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Ганзоригт 17.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд хохирогч О.Энхжаргал, Б.Буяндалай, иргэний нэхэмжлэгч Ш.Ганзориг нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ч.Эг хохирогч О.Энхжаргал, Б.Буяндалай, иргэний нэхэмжлэгч Ш.Ганзориг нарт төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Д.Од учирсан хохирол, шүүх цагдаагийн байгууллагад дуудагдсан зардал нийт 3.186.400 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Вендо ХХК-ны дүгнэлт гаргасан зардал 80.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг гурван удаа үйлдсэн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-гийн Э-г бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-г 4 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-гийн цагдан хоригдсон 53 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Эгөөс 3.186.400 төгрөг гаргуулж хохирогч Д.Од, 80.000 төгрөг гаргуулж “Вендо” ХХК-д тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Э-д авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ