Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00567

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00567

 

 

 

С.Д...ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2023/04287 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Д...ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М... ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, өөр ажилд шилжсэнтэй холбоотой цалин хөлсний зөрүү гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. С.Д... нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс М... ХХК-ийн барилгын талбайд архитекторын албан тушаал, ажлын байранд анх томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн №58/22 тоот хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, ажиллаж байсан.

1.2. Тус компанид ажиллах хугацаандаа даалгасан ажил үүргийг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэж ирсэн. 2022 оны 2 дугаар сард цалин хөлсийг мөн нэмэгдүүлж байсан. Хариуцагч компани нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тооны цомхотгол хийгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн огноотой гаргаж, нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан.

Өөрөөр хэлбэл уг тушаалыг нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гардуулсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа доод тал нь 30 хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болох ёстой байсан. Харин ажил олгогч тус хуулийн шаардлагыг дагаж мөрдөөгүйгээс гадна нэхэмжлэгчийг тушаал гардан авсны дараагийн өдрөөс нь ажилдаа ирэх шаардлагагүй гэх мэт байж боломгүй шаардлага тавьж ажилтны хууль, хөдөлмөрийн гэрээгээр олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

1.3. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.2, 18.1-д заасны дагуу хөдөлмөрийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэрээ талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс гадна Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж гаргах үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/11/22-189 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 80.5 дахь хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр юм.

1.4. Цаашлаад нэхэмжлэгч нь М... ХХК-д 2019 оны 12 дугаар сараас хойш 2022 оны 11 дүгээр сар хүртэл нийт 2.9 жилийн хугацаанд ажилласан. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох үүрэгтэй байсан хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа энэ олговрыг дутуу олгож, дутуу шилжүүлсэн баримтаа барьж бүрэн өгчихсөн гэж маргадаг. Иймд хариуцагч компани нь үндэслэлгүй, хууль бус тушаал шийдвэр гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс гадна Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан тэтгэмж, олговрыг ч зохих ёсоор олгоогүй.

1.5. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай, орлогын эх үүсвэргүй болсон учраас 2023 оны 3 дугаар сараас өөр ажилд орсон боловч эхний саруудад өмнөх ажилд авч байснаас бага цалин авч ажилласан тул тус хугацаанд ногдох цалингийн зөрүүг мөн хариуцагчаас нэхэмжилж байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн ажлаас халсан тушаал нь бодит үнэнд нийцээгүй, үндэслэлгүй байх тул С.Д...г урьд эрхэлж байсан барилгын талбайн архитекторын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй, харин дууссан тухайд.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж заасан байтал нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг гардаж авснаас хойш хуулиар тогтоосон хугацаанд уг хороонд хандалгүйгээр нэхэмжлэгч хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 183/Ш32023/14348 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гээд 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаад, дараа нь дахиад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-т заасныг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмийн 3.2-т Маргалдагч тал хөдөлмөрийн эрхийн маргаан бүхий гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т заасан хугацаанд комисст хандан цаасан болон цахим хэлбэрээр гаргана.

Гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ...гэснийг тус тус зөрчиж байна.

Нэхэмжлэгч өөрөө хүсч хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 79 дүгэзр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, харин Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж зааснаар хугацааг тоолоход нэхэмжпэгчийн хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргах хуульд заасан хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дууссан байна.

2.3. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

М... ХХК нь барилгын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баянзүрх дүүргийн Залаатын аманд аялал жуулчлалын цогцолборын барилга барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ төслийн удирдагчаар Швейцари улсын иргэн М.... ажиллаж, төслийн удирдагчийн эрх хэмжээнд барилгын төсөв, зарцуулалтыг үр дүнтэй, оновчтой байлгахын тулд санаачлагатай, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, ашиглах, оновчтой техникийн шийдлүүд, материал сонголт, ажиллах хүчний зохион байгуулалтыг өөрчлөх, нэмэх, хасах, зураг төсөлд өөрчлөлт оруулах зэрэг эрхүүд багтдаг.

Төслийн удирдагч М... энэ эрх хэмжээнийхээ хүрээнд төслийн ажилд илүүдэлтэй буюу шаардлагагүй болсон зарим орон тоонуудыг цомхотгох саналыг компанийн гүйцэтгэх удирдлагад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсний үндсэн дээр тухайн орон тоонуудыг цомхотгох тухай компанийн гүйцэтгэх удирдлагын багаас шийдвэр гаргасан.

Компанийн цомхотгох орон тоонд Албани, Косова Улсын иргэдийн ажлын байрууд болон Монгол улсын 2 иргэний ажиллаж байсан ажлын байрууд багтсан. Энэ цомхотгосон ажлын байрны нэг нь С.Д...ийн ажлын байр байсан бөгөөд тэдгээр иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр дуусгавар болгож цуцалсан. Компанийн энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2 баримтлан С.Дэлгэрзаяаг М... ХХК-ийн архитекторын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч М... ХХК-иас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,123,525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,681,589 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч С.Д...ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд дахь 9,123,525 төгрөгийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч М... ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч М... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 160,926 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох М... ХХК-ийн төслийн удирдагч М...гийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "орон тоог хасах тухай" компанийн гүйцэтгэх удирдлага Ф... болон дэд захирал Ч.Л... нарт ирүүлсэн санал, мөн компанийн гүйцэтгэх удирдлагын багийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/11/2022/11 дугаартай нийт 7 хүний ажлын байрыг хасах тухай шийдвэр болон нэр бүхий 7 ажилтаны хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон тушаалуудын хуулбар зэрэг бичгийн баримтуудаар компанийн зарим ажлын байруудыг хасах хэрэгцээ шаардлагыг үндэслэн, өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд С.Д...тай байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан аж ахуй нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй гэсэн хуулийн заалтыг баримталсан хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй болох нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дүгнээгүй учир шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.2. Хууль тогтоогчоос ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасныг хэрэглэнэ гэж зохицуулсаныг М... ХХК баримтлан ажилтантай харилцан тохиролцсон 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 58122 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх мэдэгдлийн оронд ажилтанд 1 сарын цалинтай тэнцэх олговор олгохоор шийдвэрлэж, олговорт 2,285,700 төгрөгийг нэхэмжлэгчийн Голомт банкны 3105127786 дугаарын данс руу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч ч энэ олговорыг Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу мэдэгдлийн оронд өгсөн гэж хүлээн зөвшөөрч авсан байдаг. Хэрвээ нэхэмжлэгч энэ олговорыг гэрээнд заасны дагуу мэдэгдлийн оронд өгсөн гэж хүлээн зөвшөөрөөгүй байсан бол ажил олгогчид тэр даруйд нь буцаан шилжүүлэх байсан боловч өнөөдрийг хүртэл буцааж шилжүүлээгүй.

Ажил олгогч нь энэ олговорыг С.Д...ийн дансанд шилжүүлэх үед нэхэмжлэгч М... ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183 Ш32022120995 дугаартай захирамжаар Иргэний хэрэг үүсгэж хариуцагчид 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан баримтаар тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүх нь... хариуцагч нэг сарын цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасантай нийцээгүй байна" гэж нэхэмжлэгчийн "шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа олгосон гэх бодит үнэнд нийцэхгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй тайлбарыг хөдөлбөргүй үнэн баримт гэж үзэж нэг талыг барьсан дүгнэлтийг хийж, М... ХХК-д байхгүй, хасагдсан архитекторын ажлын байранд С.Д...г эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон нэг сарын цалинтай тэнцэх олговор болох 2,285,700 төгрөгийг ч хасч тооцохгүйгээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжилсэн 9,123,525 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.3. Нэхэмжлэгч С.Д.... нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гардаж авсан ба энэ өдрөөс хойш эрх нь зөрчигдсөн талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мөн зүйлийн 154.2.1-д зааснаар 30 хоногийн дотор буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний дотор гаргах байсан боловч нэхэмжлэгч энэ эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй, хугацааг хэтрүүлсэн.

Хууль тогтоогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой маргааныг эрх нь зөрчигдсөн тал шүүхэд хандахаас өмнө Сум дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах урьдчилан шийдвэрлүүлэх журам, дарааллыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл Сум дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд эхлээд гомдлоо гаргаад тэндээс гарсан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах журам, дарааллыг баримтлах талаар Хөдөлмөрийн хуульд тусгайлан заасан.

Гэтэл нэхэмжлэгч хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлүүлэх журам, дарааллыг зөрчиж 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/01002 дугаартай шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 210/MA2023/01215 дугаартай магадлалаар...талуудын маргааны зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотой байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэлүүлэх ажиллагааны журмыг хангасан байх шаардлагатай гээд хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 183/Ш32023/14349 дугаартай захирамжаар С.Д...ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа буюу тушаалыг гардаж авснаас хойш даруй 10 сарын дараа 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, дараа нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ажил олгогчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хүчин төгөлдөр болсон байдаг.

Энэ бүх үйл баримтаар С.Д... нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогддог.

Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т "Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд анх 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна" гэж дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор", 154.8-д "Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд /нэхэмжлэл/ гомдол гаргасан байна.

Иймээс нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна" гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2023/04287 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөхгүй байсан бол ажилтны ажилласан хугацаанд ногдох нийт 3 сарын цалинтай тэнцэх олговрыг тушаал гаргах үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгох ёстой байсан. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.2. Ажил олгогч нь 3 хоногийн өмнө мэдэгдэх эсхүл 3 сарын цалинтай тэнцэх олговрыг олгох үүрэгтэй боловч тус үүргээ биелүүлээгүй. 1 сарын цалинтай тэнцэх олговрыг 10 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон. 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдлийг хүлээн авч, маргаан зохицуулах гурван талт хороог хайсан боловч олдохгүй байсан учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд хандаж болно гэх заалтыг үндэслэж, нэхэмжлэл гаргасан.

Үүнийг анхан шатны шүүх хүлээн авч 8 сар ажиллагаа хийсэн. 12 дугаар сард олгосон тэтгэмжийн асуудлыг нотлох баримт үнэлэх шатанд авч хэлэлцсэн. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 10 дугаар сарын 28-ны өдрийн цомхотгол хийх тушаалтай холбоотой баримтуудыг гомдолдоо дурдсан. Дээрх хугацааг С.Д...г ажлаас чөлөөлсөн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 30 хоног тоолохоор хүрэхгүй хугацаа байдаг. Дээрх баримтуудыг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сард ажлаас халахдаа тус баримтуудыг огт үзүүлж байгаагүй. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх шийдвэрийг гардаж аваад 14 хоногийн дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 8 сар ажиллагаа хийгдэж, давж заалдах шатны шүүх дээр очиж, урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

5.3. Тус захирамжийг хүлээн авсан өдрөө Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах комисст гомдол гаргасан. 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хурлыг хийлгэж, талууд эвлэрч чадаагүй учир тус шийдвэрийг аваад 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Үүнтэй холбоотой гаргасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-д тус тус заасныг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. гэж заасан. Иргэний хуулийн 79 дүгээр 79.2, 79.3 дахь хэсгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон шалтгаан гэдэгт 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдлууд хамаарна гэж тайлбарласан байдаг.

5.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2023/04287 тоот шүүхийн шийдвэрийн 7, 8 дугаар хуудаст Шүүхийн шийдвэрийн үндэслэл, хэрэгт авагдсан холбогдох баримтыг дурдаж тодорхой гаргасан байх тул нэхэмжигчийн зүгээс шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хариуцагч талаас яриад буй тэтгэмж олговор дутуу олгосныг нөхөж авах шаардлага огт гаргаагүй, хэрэв 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөхгүй байсан бол ажилтны ажилласан хугацаанд ногдох 2 сарын цалинтай тэнцэх, мэдэгдлийн оронд 1 сарын цалин, нийт 3 сарын цалинтай тэнцэх олговрыг тушаал гаргах үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөө олгох ёстой байсан талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эдгээр олговрыг ажилтныг ажлаас чөлөөлөх үедээ олгоогүй болох нь шүүхэд авагдсан нотлох баримт, хариуцагчийн шүүхэд гаргаж байгаа тайлбараар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Цаашлаад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сар гаруй хугацаанд хариуцагч тал цомхотгол хийж, бөөнөөр халсантай холбоотой гомдолд дурдаад буй 2022 оны 11 дүгээр сарын 04, 2022 оны 10 дугаар сарын 28-ны огноотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй юм.

5.5. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч компанид ажиллаж байх үедээ 7 хоногийн 6 өдөр ажилладаг, цаашлаад тогтмол илүү цагаар ажиллах шаардлага гардаг байсан ба цалингийн орлого нь орлогын цор ганц эх үүсвэр байсан. 2023 онд маргаан шийдэгдэхгүй байсан учраас өөр компанид орж архитекторын ажлаа л үргэлжлүүлэн хийж байгаа.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.Д... нь хариуцагч М... ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,805,114 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд нэхэмжлэгчийн ажлын байр бодитоор хасагдсан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн эсэх асуудлаар маргасан байна.

3. С.Д... нь М... ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн архитекторын албан тушаалд ажиллаж байсан ба 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан дээрх албан тушаалд ажиллаж байсан. /хх-ийн 8-12, 13-17 дугаар тал/

4. М... ХХК-ийн дэд захирлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/11/22-189Б дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх хэсэгт заасныг баримталж, орон тооны цомхотгол гэсэн үндэслэл заан С.Д...тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 18 дугаар тал/

5. Хариуцагч байгууллагаас дээрх тушаалыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид гардуулж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12/1/22-197Б дугаар тушаалаар нэг сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж гэх 2,285,700 төгрөгийг олгосон үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар маргаагүй. /хх-ийн 48 дугаар тал/

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгжийн ажлын байр хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд энэхүү нөхцөл байдал тогтоогдсон байх нь хуульд нийцэх юм. 

М... ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/112022/Т1 дугаар шийдвэрээр 7 ажлын байрыг хассан, үүнд нэхэмжлэгчийн ажлын байр хамаарч байгаа гэх боловч тус компани бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэнтэй холбоотой өөр баримт хэрэгт байхгүйгээс гадна тухайн орон тоог бүтцээс гаргах үндэслэл болсон тус компанийн төслийн удирдагчийн санал, бусад 6 ажлын байранд ажиллаж байсан ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал зэрэг баримтууд нь нэхэмжлэгчийн ажлын байрыг байгууллагын зохион байгуулалтын бүтцээс бодитоор байхгүй болсныг нотлохгүй.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан талаарх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

7. Түүнчлэн, хариуцагч байгууллага нь ажлын байрыг хасах эрхтэй, үүнтэй холбоотой ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болох боловч ийнхүү цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан журмыг мөрдөх үүрэгтэй.

Ийнхүү ажил олгогч хуульд заасан хугацаа, журмаар гэрээ цуцлах тухай ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлснээр түүнийг гэрээ цуцлах хугацаанд ажиллуулах эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасан.

Хариуцагч байгууллагын зүгээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт нийцнэ.

8. Дээр дурдсанаар хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хуульд заасан хугацаа, журмын дагуу мэдэгдээгүй, мөн гэрээ цуцлах болсон үндэслэлээ нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

9. Нэгэнт нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан учраас ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

Анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,123,525 төгрөг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ хэсгийг хэвээр үлдээнэ.

10. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроос 2,285,700 төгрөгийг хасаж тооцох байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэхэд хариуцагч талаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос 2,285,700 төгрөгийг хасаж тооцох талаар маргаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.

11. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

12. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны үйл баримтад хамааралтай хуулийн хэм хэмжээг давхардуулан баримталсан нь оновчгүй болсныг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

13. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2023/04278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 158.1.1 гэснийг,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1 гэснийг тус тус хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА