| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0065/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/64 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа , улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.*******, Н.*******, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Баясгалангийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох 178/2019/0058/ индекстэй, 1936000580065 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 04 сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 05 сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн ******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт Баясгалангийн *******
2. Монгол улсын иргэн, 1984 оны 12 сарын 29-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ард урианхай, боловсролгүй, жолоочийн мэргэжилтэй, ам бүл- 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын эрэг багт оршин суух, аминдаа 60 толгой адуу, гэр нэг, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 400000 төгрөг,ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн ******* сумын Гоцгоон нуруу гэх газраас 2018 оны 12 сарын 20-ны өдөр Г.ийн нэг тооны 850000 төгрөгний үнэ бүхий адуу нэгийг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн Тулгын 30 айлын 1 дүгээр орц, 25 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа мал малладаг, / овогт ийн ийн өгсөн ...Ховд аймгийн ******* сумын эрэг багийн Гоцгоон нуруу гэх газар манай адуу 2006 оноос хойш байгаа. Манайх 40 гаруй адуутай байгаад өөрөө маллаж чадахгүй болоод зараад 4 адуу тухайн газарт байсан. Нэг морь, нэг гүү, 2 шүдлэн үрээ байсан. Ж.Дулмаа эгч над руу утсаар яриад ...танай хээр гүү алга болсон байна ... гэж хэлсэн. Би хулгайлагдсан байх гэж сураглаад нэлээд хугацаа алдсан. Ж.Дулмаа эгчийн гэр манай адууны ойролцоо байсан ба манай адууг харж байсан. Б.******* болон Н.******* нар нь хулгайлагдсан хээр гүүний үнэ 850000 төгрөг, зээлж авсан 950000 төгрөгийг төлж өгвөл өөр гомдол санал нэхэмжлэх зүйл алга ...гэх мэдүүлэг/ хэргийн 16-17 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Дулмаагийн гэрчээр өгсөн...Г. манай хоёр хөдөө байхад олон жил айл саахалт байсан. Г.ийн адуу манай адуутай ойролцоо байдаг. Г.ийн 5 тооны адуу байсан. Манай нутгийн Отгоо гэдэг залуу ирээд хүзүүндээ хонхтой шар хээр гүү байхгүй байна гэхээр нь би Г.ид утасдаж хэлсэн. ын ахын залуу гэсэн Залуу нь нэг удаа Д.Энхсайханы адуу тууж явна гээд явж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.ын гэрчээр өгсөн...Залуу/ Н.******* / нь манай том ахын хүүхэд, Эркаг зүс танидаг, эмээ, өвөө нь маай нутгийнх байсан. 2018 оны 12 сарын үед байх өдрийг санахгүй байна. Залуу надаас дүнсэн тамхи авах үед “ адуу аваад явж байна “ гээд явж байсан. Манай саахалт айлын Ж.Дулмаа гэдэг эгч Залуу, Эрка хоёр 6-7 тооны адуу туугаад явж байна гэж хэлсэн. Энэ өвөл манайд хоноогүй. Хүргэн ах Дондог гэдэг айлд очоод явсан... гэх мэдүүлэг/ хэргийн 22-23 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ахтаны өгсөн...*******ийн Залуу гэх хүнээс шар хээр зүсмийн гүүг идшиндээ авч хэрэглэсэн. *******ийн Залуутай нэг нутгийн тул танидаг байсан. Намайг гэртээ байхад Н.******* идэшний адуугаа ав гэж хэлээд 2018 оны 12 сарын 21-ний үед утсаар ярисан. Би хашааг нь мэдэхгүй гэхэд очоод авъя гээд Н.*******, Б.******* хажуудаа нэг залуугийн хамт Ланд-80 маркын машинтай ирээд Ховд аймгийн Бичигт багийн 0******* тоот хашаанаас тухайн адууг барьж өгсөн. Тэр адууг авахаас өмнө надаас ирээд 550000 төгрөг авч явсан байсан. Би тухайн гүүний арьсыг морь зах дээр зарсан. Толгойг хог ачуулахдаа хамт ачуулсан. Им тамгыг анзаараагүй, шар хээр зүсмийн гүү байсан. Би тухайн гүүг хулгайн гэдгийг мэдээгүй. Надад Н.*******, Б.******* нараас нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 30-31 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн...2018 оны 12 сарын 20-ны үед Ховд аймгийн ******* сумын эрэг багийн нутаг Гоцгоон нураа гэх газарт байсан Д.Энхсайхан бид хоёрын адууг Н.*******, Б.******* нар нь замын тээврийн хэрэгсэлд дайгдан Ховд аймгийн төвд тууж ирсэн. Н.*******, Б.******* нар миний хээр болон халтар зүсмийн адууг унаж ирсэн байна лээ. Би тухайн үед ажилтай байсан тул манай адууг ******* сумын чиглэлд туучих гэж хальт уулзаж хэлчихээд явсан. Сүүлд сонсоход Н.*******, Б.******* нар нь адуу тууж ирэхдээ хүний гүү хамт тууж ирээд хүнд зарж цагдаад баригдсан гэж сонссон...гэх мэдүүлэг / хэргийн 40-41 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.гийн өгсөн...Намайг 2018 оны 12 сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн 54-19 УБЯ улсын дугаартай Ланд-80 маркын тээврийн хэрэгсэлтэй явж байтал 18 цагийн үед манай төрсөн ах Н.******* залгаад “ Б.*******ын гэрт хүрээд ир “ гэхээр нь яваад очтол зүүн хаалганаас очоод хүн аваад ирье гээд зүүн хаалганаас нэг казак хүн аваад буцаж Б.*******ын хашааны гадна буугаад үлдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 42 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн...Би Д.Энхсайхан,Б.Пүрэвсүрэн нарын адууг Ховд аймагт оруулж ирэхээр 2018 оны 12 сарын 19-ний өдөр Б.*******ын хамт машинд дайгдаж, Ховд аймгийн ******* сумын эрэг багийн нутаг дэвсгэр Ханан гэх нэртэй газар ахын гэрт очиж буугаад Улаан хад гэх нэртэй газар байсан хүргэн ах Дондогийн гэрт очиж хоносон. 2018 оны 12 сарын 20-ны өглөө босоод “Гоцгоон нуруу” гэх нэртэй газар байсан Д.Энхсайхан, Б.Пүрэвсүрэн нарын адууг бөөгнүүлээд Ховд аймаг руу туусан. Тухайн үед ойролцоо байсан Г.ийн гэх адуунаас нэг тооны гүүг ижлээс нь салгаад тууж явсан. Адуугаа “Хужир булан” гэх нэртэй газарт орхиод Дондог ахынд хоноод маргааш нь 12 сарын 21-ний өдөр адуугаа туугаад аймагт ирсэн. Ховд аймагт ирээд Бичигт багийн 0******* тоот хашаанд Д.Энхсайханы адууг ялгаж үлдээгээд Б.Пүрэвсүрэн ахын адууг ******* сум руу туусан. Би Б.Ахтан гэдэг хүн рүү залгаад “адуугаа ирж ав гэхэд унаа байхгүй, танай хашааг мэдэхгүй” гэхээр нь өөрийн дүү Н.Энх-Амгаланг дуудсан. Удалгүй Н. өөрийн Ланд -80 маркын машинтай ирсэн. Түүний хамт Б.Ахтаны гэрт очсон. Н.Энх-Амгалан нь Б.Ахтаныг Б.*******ын хашаан дээр буулгаж үлдээгээд явсан. Б.Ахтанд Г.ийн гүүг өгч явуулсан. Б.******* бид хоёр Б.Ахтанд идэшний адууг 550000 төгрөгөөр зарахаар тохиролцоод мөнгийг нь авсан байсан тул хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Зөв талын гуяндаа ланз тамгатай, шар хээр зүсмийн гүү байсан. Б.Ахтан хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Миний адуу байгаа юм гээд өгсөн. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн... Би Д.Энхсайхан, Б.Пүрэвсүрэн нарын адууг Ховд аймаг руу оруулж ирэхээр Н.*******ын хамт замын унаанд дайгдаж, Ховд аймгийн ******* сумын эрэг багийн Ханан гэх газарт очсон. Н.*******ын ах ынД буугаад цааш алхаад Н.*******ын хүргэн ах Дондогийн гэрт очиж хоносон. 2018 оны 12 сарын 20-ны өглөө босоод “Гоцгоон нуруу” нэртэй газар байх Д.Энхсайхан, Б.Пүрэвсүрэн нарын адууг Ховд аймаг руу туусан. Тухайн үед ойролцоо байсан Г.ийн адуунаас 1 тооны гүүг тууж явсан адуундаа нийлүүлж, туугаад “Хужир булан” гэдэг газар хүргээд Дондог гэдэг айлд буцаж очиж хоноод 12 сарын 21-ний өглөө босоод адуугаа туугаад Ховд аймагт ирсэн. Д.Энхсайханы адууг Бичигт багийн 0******* тоотод ялгаж үлдээгээд, Б.Пүрэвсүрэн ахын адууг ******* сумын чиглэл рүү туусан. Н.******* нь Б.Ахтан гэдэг хүн рүү залгаад “адуугаа ав” гэтэл хашаа мэдэхгүй гэхээр Н.******* нь төрсөн дүү Н.г дуудсан. Удалгүй Н.Энх-Амгалан Ланд-80 маркын машинтайгаа ирээд бид гурав Ахтаны гэрт очоод түүнийг аваад буцаж хашаандаа ирсэн. Н.Энх-Амгалан бид гурвыг буулгаад явсан. Тэгээд Б.Ахтанд Г.ийн гүүг өгч явуулсан. Н.******* бид хоёр Б.Ахтанд идэшний адуу зарахаар тохиролцоод 2018 оны 11 сарын 20-ны үед 550000 төгрөг авсан байсан. Тухайн гүү нь зүүн гуяндээрээ ланз тамгатай, шар хээр зүсмийн гүү байсан. Б.Ахтан хулгайн гүү гэдгийг мэдээгүй. Н.******* нь миний гүү гэж хэлээд өгсөн. Бид хоёр Г.ийн хохирлыг төлж, хохиролгүй болгосон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Урьд шүүх хурал дээр хэлэх гэсэн боловч айгаад хэлээгүй. Тэгээд ч хохирогчтой тохиролцсон байсан...гэх мэдүүлэг
Мал үнэлсэн тухай тайлангаар...нас гүйцсэн сувай гүү-850000 төгрөг/ хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь 2018 оны 12 сарын 20-21-ний өдрүүдэд Ховд аймгийн ******* сумын эрэг багийн нутаг дэвсгэр “Гоцгоон нуруу” гэх газраас Д.Энхсайхан, Б.Пүрэвсүрэн нарын адууг Ховд аймагт тууж оруулж ирэх үедээ Гоцгоон нуруу гэх газар бэлчээрт байсан Г.ийн 5-6 тооны адуунаас нэг тооны, шар хээр зүсмийн зүүн гуяндаа ланз тамгатай гүүг салгаж, өөрсдийн тууж явсан адуундаа нийлүүлэн тууж, улмаар Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн 0******* тоот хашаанд хашиж байгаад Б.Ахтан гэгчээс урьд авсан 550000 төгрөгний өрөндөө тооцож өгсөн гэх хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******, Б.******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Ахтаны мэдүүлэг, хохирогч Г.ийн мэдүүлэг, гэрч Ж.Долгорын мэдүүлэг, Б.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийг хуульд ...бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ...гэж тодорхойлоод Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар авсан... бол гэж заасан бөгөөд бусдын мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д ...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...гэж заасан тул шүүгдэгч Н.*******, Б.******* нарын хохирогч Г.ийн бэлчээрт байсан адуунаас нэг тооны гүүг хохирогчид мэдэгдэхгүйгээр нууцаар авч, бусдаас идэшний адуу өгөхөөр зээлж авсан 550000 төгрөгний өрөндөө өгч, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар...бүлэглэн бусдын малыг хулгайлсан...үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Хохирогч Г. нь шүүхийн хэлэлцүүлэгт Н.*******, Б.******* нараас 1 тооны адууны үнэ 850000 төгрөгийг авсан нь үнэн болно. Иймд надад гомдолгүй...гэх хүсэлтийг бичгээр ирүүлж, шүүх хуралдаанд оролцоогүй...тул хохирогчид учирсан 850000 төгрөгний хохирлыг шүүгдэгч нар төлсөн гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь бусдад учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.
Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 460000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн нь хэргийн 87-90 дугаар хуудас дахь 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 85 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар , шүүгдэгч Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 84 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цэен-Ойдовын өгсөн... Н.******* бид хоёр найз нөхөд. Н.******* нь нөхөрсөг, ажилсаг, тусархаг зантай. Эхнэр гурван хүүхдийн хамт Ховд аймгийн ******* суманд ажиллаж амьдарч байгаа. Н.******* нь хөлсөөр хүний адуу малладаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч Б.Одончимэгийн өгсөн ...Н.*******ын эхнэр Энхзаяатай найз нөхдийн холбоотой. Н.******* нь адуу малладаг, эхнэр нь хүүхдээ хараад гэртээ байдаг. Н.******* нь ажил хийж эхнэр хүүхдээ авч явдаг, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.*******,Б.******* нар нь бусдад идэшний адуу өгөхөөр тохиролцож 550000 төгрөг авч хувьдаа хэрэглэсэн ба тухайн өрөндөө бусдын бэлчээрт байсан нэг тооны гүүг авчирж өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар...гэмт хэрэг үйлдэж олсон орлого...гэж үзэж шүүгдэгч нараас 275000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг бүлэглэн бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******од 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, шүүгдэгч Н.*******од 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 550000 төгрөг, гэмт үйлдэхдээ ашигласан морины үнэ 1200000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас гаргуулан улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, шүүгдэгч нарын зурагт хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь бүлэглэн бусдын нэг тооны адууг хулгайлсан гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирол 850000 төгрөгийг төлсөн гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг бүлэглэн бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******од 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Н.*******од 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тайлбарлан өгөв.
Эрүүгийн 1936000580065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 850000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.*******, Б.******* нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 275000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.*******ын хөргөгч, зурагтыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 сарын 03- ны өдрийн 5/42 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Н.*******ын зурагт хөргөгч битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 сарын 03- ны өдрийн 5/43 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хэвээр үлдээв.
Шүүгдэгч Н.*******, Б.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Баясгалангийн *******, ******* овогт Нямжавын ******* нарыг бүлэглэн бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******од 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Н.*******од 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******од оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.*******од оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцан биелүүлж, биелэлтэд хяналт тавихыг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн 1936000580065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 850000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч Н.*******оос 275000 төгрөг, шүүгдэгч Б.*******оос 275000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******, Н.******* нарт тайлбарласугай.
7. Шүүгдэгч Б.*******, Н.******* нарын эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.*******ын хөргөгч, зурагтыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 5/42 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Н.*******ын зурагт хөргөгч битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 сарын 03- ны өдрийн 5/43 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тус тус хэвээр үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Б.*******, Н.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА