Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00702

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 08 210/МА2024/00702

 

 

ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/00964 дугаар шийдвэртэй,

ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Ө-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,534,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. М.Өтой 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр 8,300,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцон, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота приус-41 маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

1.2. Зээлийн эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж үндсэн зээл 4,235,100 төгрөг, зээлийн хүү 851,255 төгрөг, алданги 1,448,405 төгрөг, нийт 6,534,760 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.3. Зээлдэгч үүрэг гүйцэтгэх хугацааг 201 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Тэрээр 10 удаагийн төлөлтийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон.

1.4. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад байлгаж гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсоноор М.Өын эзэмшилд байх хугацаанд тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоогоор тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй.

Иймд М.Өтой байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,235,100 төгрөг, хүү 851,255 төгрөг, алданги 1,448,405 төгрөг, нийт 6,534,760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.Өоос 5,086,355 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,448,405 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96,331.68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх ёстой. Мөн хариуцагчаас хүндэтгэн үзэх шалтгаантай хугацаа хэтрүүлсэн гэдгээ баримтаар няцааж нотлоогүй талаар баримт хэрэгт авагдаагүй тул хугацаа хэтрүүлснээс үүссэн хохирлоос чөлөөлөгдөх үндэслэлгүй. Учир нь гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах нэг нөхцөл болох бөгөөд хугацаатай гэрээнд зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй зээлдэгчийн төлбөл зохих алдангийн хэмжээг хэрэгсэхгүй болгосон нь талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан.

4.2. Гэрээний 2.3-т хоногийн 0.2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож, талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээгээр тохирсоны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй алданги 1,448,405 төгрөг тооцсон. Гэрээний 2.11-д зээлдэгч, зээлийн эргэн төлөлтийг хугацаа хэтэрч төлөх тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх алданги, үндсэн хүүг зээлийн дүнгээс тохирсон хэмжээгээр төлнө гэж тодорхой заасан. Үүний дагуу зээлдэгч Д.Өлзий-Оршиход холбогдох нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэлх 201 хоногийн хугацаанд алданги тооцож нэхэмжилсэн. Хариуцагчаас зээлийг төлөх боломжгүй болсон нөхцөл байдлаа нэхэмжлэгчид зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар бичгээр мэдэгдэж гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах санал гаргах эрхтэй байсан. Энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, зээлдэгчээс гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа сануулж мэдэгдэхэд удахгүй төлнө, түр хугацаа олгооч гэх мэтээр нэхэмжлэгчид итгэл үнэмшил төрүүлж өдий хүрсэн нь хариуцагчийн буруутай үйлдэл юм.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний үүрэгт алданги тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч М.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,235,100 төгрөг, зээлийн хүү 851,255 төгрөг, алданги 1,448,405 төгрөг, нийт 6,534,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй.

 

3. ТБ ХХК нь М.Өтой 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 8,300,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /хх5-6/

 

Талуудын хооронд 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

4. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээгээр зээлийн хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн зээлдүүлэгч ТБ ХХК нь 8,300,000 төгрөгийг зээлдэгч М.Өын өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн тооцооны хуудсаар тогтоогдсон бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.

 

4.1. Анхан шатны шүүх хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 4,235,100 төгрөг, зээлийн хүүд 851,255 төгрөг буюу нийт 5,086,355 төгрөг төлөөгүй гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Учир нь зээлийн гэрээнд талууд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

4.2. Хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаа болох 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон учир нэхэмжлэгч гэрээгээр тохирсон алдангийг шаардах эрхтэй. Зээлийг барьцаалан зээлдэх газраас олгосон тул уг зээлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан нарийвчилсан зохицуулалт үйлчилнэ.

 

4.3. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах эрх зээлдүүлэгчид үүсэх бөгөөд тэрээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдснээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн үүргийг нэн даруй биелүүлэх богиносгосон хугацааг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр богино хугацаанд хангуулах боломжийг зээлдүүлэгчид хуулиар олгожээ. Нөгөө талаар зээлдэгчид иргэний эрх зүйн хариуцлагыг ногдуулах богиносгосон хугацаа үйлчлэх нь талуудын тэгш эрхэд нийцнэ. Иймд нэхэмжлэгч нь нь зээлийн гэрээгээр тохирсон алдангийг 10 хоногийн хугацаагаар хариуцагчаас шаардах эрхтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

4.4. Иймд хариуцагч М.Өоос Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангид 84,702 төгрөгийг нэмж гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/00964 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...5,086,355 гэснийг ...5,171,057 гэж, ...1,448,405 гэснийг ...1,363,703 гэж,

2 дахь заалтын ...96,331.68 гэснийг ...97,687 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 38,130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ