| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0085/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0085/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-ийн А-д холбогдох 1939001110073 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1994 оны 03 сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 3 дугаар багт оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй Б овогт Ш-ийн А /РД
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.А нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 3 дугаар багийн нутаг Бага Адрагын өвөр гэх газраас иргэн Б-гийн өмчлөлийн малыг итгэмжлэн хариуцаж, маллаж байхдаа улаан эрээн зүсмийн шүдлэн эр үхэр 1, цагаан шарга зүсмийн хязаалан эр үхэр 1 тус тус завшиж бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.А нь 2019 оны 01 дүгээр сарын 31-нд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 3 дугаар багийн нутаг Бага Адрагын өвөр гэх газраас иргэн Б-гийн өмчлөлийн малыг итгэмжлэн хариуцаж байхдаа 2 үхрийг нь завшиж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 14-нд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт байх өөрийн мал сүрэг дээрээ өөрийн ах Баярбаатарын хамт ирээд үхрээ нэг бүрчлэн тоолж бүртгэсэн. Тэгтэл манай үхрээс 2 тооны эр үхэр дутсан байсан. Тэгээд би Дадал суманд очиж хэсгийн төлөөлөгчид өргөдөл бичиж өгсөн....Шар эрээн хязаалан эр үхэр, улаан эрээн шүдлэн эр үхэр тус тус алдагдсан байна. Хоёулаа баруун зүүн чих нь доороосоо ухам имтэй, манай мал тамга нь “К” үсгэн тамгатай, дугуй дотор “+” тамгатай, дугуй дотор “К” үсгэн тамгатай энэ гурвын аль нэг тамга нь байгаа. Би 280 гаран үхэртэй. Аль тамга нь байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна....Би малчин хөлслүүлж ажилуулдаг юм. Манай малчин Баян-Адарга сумын иргэн А гэж хүн байдаг юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/
2. Иргэний нэхэмжлэгч О.Пүрэвжанцангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр гэртээ байж байхад Тулгаа гэдэг залуу 93330293 гэдэг дугаараас 3 удаа залгаж яриад Пүрвээ ахаа надаа мөнгө цаасны хэрэг байна. Та мал авч байгаа юу. Би мал зарах гэсэн юмаа мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тэгэхээр нь би мал авч байна аа гэсэн. Тэгтэл би нэг хязаалан заръя гэсэн. Тэгэхээр нь би авчраад өгвөл авъяа, очиж авч чадахгүй шүү гэсэн чинь дүү нэг шүдлэн үхэр нэмье ирээд авчихаа гэхээр нь би хязаалан үхрийг нь 800.000 мянга, шүдлэн үхрийг 500.000 мянгад тус тус авахаар болсон. Тэгээд үдээс хойш 15 цаг гээд өөрийн 2 хүү Оргил-Эрдэнэ, Эрдэнэ-Оргил мөн хадам дүү Үүрмандах нарын хамтаар Бага Адарга гэдэг Баян-Адарга сумын нутгаас очиж авсан. Манай гэрээс 20 гаран км зайд байдаг юмаа. Бид нарыг очиход А гэдэг надтай ярьсан залуу 2 үхрээ гэрийнхээ зүүн голын зүүн талд байх өвсний хашаанд хашчихсан байсан. Тэгээд үхрээ шууд ачаад аваад явсан. Алтантулгын эхнэр хүүхэд хамт ирсэн.Тэгээд буцаж ирээд үхрээ гаднаа буулгачихаад Алтантулгын эхнэр Энхзаяаг аав нь болох Пүрэвдоржийнд хүргэж өгсөн. Тэгээд манай охин Ууганцэцэг бид хоёр сүлжээтэй газар гарч мобайл банкаар өөрийн Хаан банкны 5944102753 данснаас Алтантулгын эхнэр Энхзаяагийн 5954292195 гэх Хаан банкны дансруу шүдлэн, хязаалан үхрийн хөлс 1 сая 350 мянган төгрөгийг 19 цаг 05 минутанд шилжүүлсэн. Ингээд наймаа дууссан.....Чи хүний үхэр зарж байгаа юм биш биз, яагаад энд хөдөө хашчихсан юм бэ? Хэрвээ хүнийх бол авахгүй шүү гэсэн чинь би өөрийнхөө малыг солиод зарж байгаа юмаа. Гэрийнхээ тийшээ хаших гэхээр машинтай болохоор энд хашчихсан юмаа гэсэн. Тэгэхээр нь авсан юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 тал/
3. Гэрч П.Энхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байж байхад манай нөхөр А үхэртээ явлаа гээд өдөр 15 цагийн орчим морьтой явсан. Тэгээд удалгүй буцаж ирээд Пүрвээ ахад үхэр зарчихсан гэж хэлээд ирсэн. Тэгээд намайг Дадал сум руу яваад машиныхаа мөнгийг өгөөд машинаа авъя гэсэн. Би араас чинь мотоциклтой очно гэсэн. Тулгаа сараар мөнгөгүй яаж байхав дээ, бас машинаа авъя гээд үхэр зарахаар шийдсэн байсан. Энэ талаараа надад хэлэлгүй зарсан. Тэгээд би нэгэнт зарчихсан юм чинь гээд Пүрвээ ахын машинтай хамт 2 үхрээ ачаад Дадал сумруу явсан. Тэгээд тэр оройноо Дадалд барчийн буланд ирээд Пүрэвжанцан ахаас 2 үхрийн зарсан мөнгө болох 1сая 350 мянган төгрөгийг өөрийн Хаан банкны 5954292195 дансруу шилжүүлж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/
4. Гэрч С.Галхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би А гэх залууг нутгийн Бавуунай ахын хүргэн гэдгээр нь мэднэ... Энэ 02 дугаар сарын 01-ний өдөр Дадал суманд зохион байгуулагдсан малчидын зөвөлгөөний өдөр эхнэртэйгээ хамт ирээд надтай бэлэн мөнгөөр машины наймаа хийсэн....Надтай бэлэн 600.000 мянган төгрөг нэмээд нэг ногооны бяруу өгөхөөр тохиролцсон. Тэр өдөр бэлэн 600.000 мянган төгрөгөөр CITROEN SAXO гэдэг нэртэй миний хөх өнгийн жижиг суудлын машиныг худалдаж аваад явсан. Ногооны бяруугаа дараа өгөхөөр болсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/
5. Насанд хүрээгүй гэрч П.Эрдэнэ-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай аав, манай дүү Оргил-Эрдэнэ, манай нагац ах Үүрмандах бид 4 Баян-Адаргад байдаг айлаас хоёр үхэр худалдаж авахаар явсан. Тэгээд гэрээсээ 30 км зайд байдаг Бага Адаргын өвөр гэдэг газар Батбаатарын малчин Аас авч ирсэн. Манай аав тэр хоёр үхрийг худалдаж авсан юмаа. Тэгээд үхэрнүүдээ ачаад А ахын эхнэр Энхзаяа хүүхэдтэйгээ хамт ирсэн. Орой гэртээ ирээд үхрээ буулгаад аав аниа Ууганцэцэг 2 сүлжээнд гарч мөнгийг хийхээр явсан. Би хэдэн төгрөгөөр авсаныг нь сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/
3. 2019 оны 02 дугаар сарын 26-ны Баян-Адрага сумын малын үнэлгээ /хх-ийн 22 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ш.А-гийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б-гийн эд хөрөнгөд 1.600.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.Пүрэвжанцанд 1.350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч О.Пүрэвжанцан /хх-ийн 62 тал/, хохирогч Б /хх-ийн 22 тал/ нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Ш-ийн А-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-г 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын тамгын газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ