Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00630

 

 

 

 

 

 

 

 

     2024        03            29                                    210/МА2024/00630

 

 

Ц.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00499 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2344 дугаар шийдвэрийн дагуу И ХХКК-д 170,272,014 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077144 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, 820 тоот хаягт байрлах 1296 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байршилтай нэгж талбарын 1781310481 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2206003695 дугаартай, 1023 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж, нийт үнийг 869,554,800 төгрөгөөр тогтоосон. Энэхүү үнэлгээ нь одоогийн зах зээлийн үнэлгээгээр бодитой биш, өөрөөр хэлбэл тус газрын байршил, орон сууцны зах зээлийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлэгдсэн. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө маань тухайн үедээ 1м.кв-ыг нь 1,850,000 төгрөгөөр үнэлэгдэн барьцаалагдсан. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаанд тавих үед дээрх үл хөдлөх эд хөрөнгө маань 1296 м.кв талбайтай байсан бол одоо томсгосон бөгөөд нийт 2160 м.кв болж, барилгын гүйцэтгэл 70 хувьдаа орсон. Улсын хэмжээнд орон сууцны үнэ нэмэгдсэнээс гадна дээрх үл хөдлөх хөрөнгө байгаа газрын орчмын орон сууцны 1 м.кв-ын үнэ нь 1,250,000 төгрөг байгаа бөгөөд нийт үнэ нь 2,000,700,000 төгрөгөөр үнэлж байна. Иймд дээрх үл хөлдөх эд хөрөнгө болон газарт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээ болох 869,554,800 төгрөгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2344 дүгээр шийдвэрээр Ц.Д-өөс 170,272,014 төгрөгийг гаргуулж И ХХКК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Д-тэй 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уулзаж, эрх үүргийг тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгааны маягт бөглүүлж, хөрөнгийн мэдүүлэг авч, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, 820 тоот хаягт байрлах, 1296 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаяг байршилтай нэгж талбарын 1781310481 дугаартай эрхийн улсын бүртгэлийн Э-2206003695 дугаартай, 1023 м.кв талбайтай газрын хамт 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23410229/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23410229/03 дугаар тогтоолоор хурааж, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4-97/13409, 4-97/13410 дугаар албан бичгээр 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талууд болон өмчлөгч нарт хүргүүлэхэд төлбөр төлөгч 2,700,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналд харилцан тохиролцоогүй тул тус газрын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 8/302 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч Б.Б-ийг томилсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Х ХХК-ийн шинжээч Б.Б-ээр үнэлүүлэхэд 869,554,800 төгрөгөөр үнэлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний үл хөдлөх хөрөнгө нь тухайн үедээ 1 м.кв-ыг нь 1,850,000 төгрөгөөр үнэлэгдэн барьцаалагдсан. Одоо энэ үл хөдлөх эд хөрөнгө маань 1296 м.кв байсан бол томсгоод одоо нийт 2160 м.кв болж барилгын гүйцэтгэл 70 хувьдаа орсон байгаа. Улсын хэмжээнд орон сууцны үнэ нэмэгдсэн учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон үнэлгээгээр үнэлэхэд надад хохиролтой байна. Үнэлгээнд гомдол гаргах эрхийг хэлж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үнэлгээний тайланг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, танилцуулсан. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр анхны албан дуудлага худалдааны тогтоолыг гардуулсан. Тухайн үнэлгээчний гаргасан үнэлгээнд гомдож байсан бол хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулснаас хойш хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Ц.Д-, хариуцагч НГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02344 дугаар шийдвэрээр Ц.Д-гөөс зээлийн гэрээний үүрэгт 169,267,726 төгрөгийг гаргуулж, И ХХКК-д олгож, Ц.Д-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077144 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, 820 тоот хаягт байрлах 1296 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай нэгж талбарын 1781310481, эрхийн улсын бүртгэлийн Э-2206003695 дугаартай 1023 м.кв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх29-30/

 

2.2. Хуулийн хүчин төгөлдөр уг шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ГХ2022/00085 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 26-31/

 

3. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас, дээр дурдсан барьцааны зүйл болох Ц.Д-гийн эзэмшлийн газар болон өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23410229/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23410229/03 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна./хх 31-35/

 

4. Хариуцагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдэн хураагдсан дээрх хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад Ц.Д-гийн эзэмшлийн газар, өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Ц.Д-  2,700,000,000 төгрөгийн санал гаргасан бол, төлбөр авагч И ХХКК-аас барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг тус тус гаргажээ. /хх36-37/

 

5. Хариуцагч нь, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8/302 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б-ийг шинжээчээр томилсон байна./хх 38-40/

 

Шинжээч нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077144 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, 820 тоот хаягт байрлах 1296 м.кв талбайтай, дутуу гүйцэтгэлтэй барилга болох үл хөдлөх хөрөнгийг, тус хаягт байршилтай, нэгж талбарын 1781310481, эрхийн улсын улсын бүртгэлийн Э-2206003695 дугаартай, 1023 м.кв талбайтай газрын хамт зах зээлийн үнэлгээг 869,554,800 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна./хх41-53/

 

Уг үнэлгээний тайланг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-97/16844 тоот мэдэгдлээр мөн өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д-д танилцуулж, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж Ц.Д- гарын үсэг зурсан байна. /хх55-56/

 

6. Хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч тал 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд  нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, уг хугацааг хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

7. Мөн нэхэмжлэгч нь үнэлгээ хийсэн аргачлал, дүгнэлтийг баримтаар няцаасан буюу үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00499 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ