Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0094/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 М.Долгоржав,

Улсын яллагч                                               Т.Баярмаа,

Шүүгдэгч                                                       Э.О нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-гийн О-д  холбогдох 1939000000101  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Норовлин  суманд 1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварын ашиглалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорохой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт,  Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг, Ангирт багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Б овогт Э-гийн О /РД:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Өлзийтийн ар гэх газар Д.Д-гийн цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Өлзийтийн ар гэх газар Д.Д-гын цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл..../хх-ийн 6-7 хуудас/                                  

2. Гэрэл зургын үзүүлэлтүүд .../хх-ийн 8-10 дугаар хуудас/

3. Хохирогч Д.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд би эхнэр Баасанжав, охин Номин нартай цуг О гэх манайхаас баруун тийшээ 3 киллометрт байдаг айлд очиж ямаа самнахаар очсон. Ямаагаа самнаад 16 цагийн орчимд дуусгаад байж байхад Энхбаяр, Намнан түүний эхнэр хажуу айлын Мөнгөнчимэг нийт 5 хүн сумын төв рүү ууж идэх юм аваад ирье орой жоохон сууцгаая гэж хэлээд явсан. Тэгээд сумын төв рүү ууж идэх юм аваад удалгүй 16 цаг өнгөрч байхад тэд нар ирсэн. Архи пиво авсан байсан. Тэгээд 2 шил архи хамт ууж дуусгаад би эхнэр хүүхэдтэйгээ гэртээ харьсан. Намайг гэрт ирэхэд 18 цаг болж байсан. Тэгээд гэрт байж байхад орой 21 цагийн орчимд О Маам гэх манай гэрийн зүүн талд байдаг эмэгтэй хүнтэй нэг “сэрүүн” нэртэй пиво барьсан ороод ирсэн. Тэр хоёр архи уусан байсан. Тэгээд пиво ууж дуусгаад байж байхад 22 цагийн орчим манайхтай ойрхон нутаглах Мөнгөнчимэг, Туяа, Зулаа, Алтансүх, Эрдэнэсүрэн эхнэртэйгээ, Намнан эхнэртэйгээ ирсэн. Бүгд архи уусан байсан. Би нэг шил архи гаргасан. Тэгээд архиа ууж дуусаад О нилээн согтсон байсан. Манай хүүхэд орон дээр унтаж байсан. О манай хүүхэд дээр санаандгүй суух гэж байхад нь манай эхнэр уурлаад хүүхэд дээр суулаа гэж хэлэхэд О манай эхнэрийн өөдөөс салаавч өгөөд тэр 2 муудалцаад гэрээс гарсан. Би гэрт үлдээд хэсэг байж байгаад араас нь гараад хартал гадаа харанхуй байсан. Манай эхнэр О-той муудалцаад хоорондоо зууралдаад байж байсан. Тэгээд би очиж салгаад О-г түлхсэн. Дахин надруу дайраад миний зүүн хавирга руу нэг юмаар хатгасан. Юугаар хатгасан нь сайн харагдаагүй. Гэрийн хажууд Зулаа гэх эмэгтэй зогсож байсан. Тэгээд би гэртээ ороод манай эхнэр миний шархыг боож өгсөн. О орж ирээгүй. Тэнд байсан хүмүүс тарцгаасан... Миний биеийн зүүн хөхний доор зүсэгдсэн шарх учирсан... гадаа харанхуй байсан болохоор хараагүй. Үзүүртэй иртэй зүйлээр намайг зүсэж хатгах шиг болсон ....гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

4. Гэрч Э.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн: .... Манайх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн “Өлзийтийн ар” гэх газар нутагладаг. Сумаас 30 киллометрт байдаг юм. 2019 оны 03 дугаар сарын 18 өдөр манай нөхөр Дашням өглөө О гэх айлд ямаа самнахаар явсан. Тэгээд 14 цагийн орчимд ямаа самнаж дууссан. Би самнаагүй манай нөхөр л самнаад байсан. Тэгээд тэр айл нэг шил архи гаргасан. Манай нөхөр ууж дуусаад 18 цагийн орчимд нөхөр хүү бид 3 гэртээ харьсан. Гэрт байж байгаад орой хоол хийгээд идчихээд манай нөхөр унтаж байсан. Тэгсэн 21 цагийн орчимд гаднаас О нэг эгчтэй цуг ирсэн. Тухайн үед тэр хоёр хоёулаа согтуу мотоциклтой ирсэн. Сэрүүн нэртэй пиво барьсан ирсэн. Манай нөхөртэй ууцгаасан. Тэгсэн гаднаас манайхаас 3 киллометр байдаг айлын 4 хүн ирсэн. Би тэр хүмүүсийг танихгүй. Оюун-Эрдэнийн хамаатнууд байсан. О их согтсон байсан. Манай хүүхэд орон дээр унтаж байхад хүүхэд дээр уначих гээд байсан. Тэгээд би уурлаад гар гэж хэлсэн. Намайг май пизда минь гэж хэлээд би О-тэй муудалцаад гэрээс гараад миний толгойруу хоёр гараараа цохисон. Бас хөлөөрөө толгойруу өшиглөсөн. Тэгээд бас үсдэж чирсэн. Тэгсэн гэрээс манай нөхөр Дашням гарч ирээд бид хоёрыг салгах гээд О-ийг түлхсэн. Тэгсэн манай нөхрийг нэг юмаар хатгах шиг болсон. Манай нөхөр доошоо тонгойгоод байсан. Гэрт ороод хартал хутга орсон байсан. Тухайн үед О бид хоёрыг гэрийн гадаа муудалцаж байхад манай дүү байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд нөхрийнхөө цусийг нь тогтоох гээд боолт хийж өгсөн. Тэгээд бүгд тарсан. Тухайн үед би дуудлага өгөөгүй О-аав Энхбаяр сумын төв рүү эмнэлэгийн дуудлага өгсөн. Шөнө 3 цагийн орчимд эмнэлэгийн тусламж ирсэн ... гэх мэдүүлэг ..../хх-ийн 14-15 дугаар хуудас/

5. Гэрч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Манайх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн “Талын толгой” гэх газар нутагладаг. Сумаас 34 киллометрийн зайд байдаг юм. 2019 оны 03 дугаар сарын 18 өдөр манайх ямаагаа самнасан. Тухайн өдөр манай ойролцоо нутагладаг Дашням өглөө 09 цагийн орчимд манайд ирсэн. Нийтдээ бид нар 7 ямаа самнасан. О хонь малаа хараад явж байсан, ямаа самнаагүй. Тэгээд өдөр Дашнямын эхнэр Баасанжав нь 11 цагийн орчимд ирсэн. Тэгээд 17 цагийн орчим ямаагаа самнаж дууссан. Тэгээд Дашням орой манайхаар хэсээрэй гэж хэлчихээд явсан. Тэгээд бид хэд 20 цагийн орчим Дашнямын гэрт Мөнгөнчимэг, Зулаа, Алтансүх бид 4 очсон. Тухайн үед очиход Дашнямын хүүхэд орон дээр унтаж байсан. Тэгсэн Дашнямын эхнэр Баасанжав хүүхэд дээр суулаа гэж хэлээд уурлаад байсан. О гар гэж хэлсэн. Тэгсэн муудалцаад гэрээс гараад явсан. Баасанжав гадаа орилоон болоод явчихсан. Тэгээд Дашням гадагшаа гарсан. Орж ирэхдээ тонгойгоод цусаа гоожуулаад ороод ирсэн. Намайг О хатгачихлаа гэж хэлээд ороод ирсэн Тэгээд би цааш юу болсон талаар мэдэхгүй. Би гэртээ харьсан....гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар хуудас/

6. Гэрч Л.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим Дашнямын гэрт Эрдэнэтуяа, Зулаа, Алтансүх бид нар очсон. Дашнямын гэрт очиход эхнэр хүүхэдтэйгээ бас нэг залуу байсан. Тэгээд бид нар цэргийн баяр болоод нэг шил архи задалж уусан. О бас согтуу байсан. Тэгээд би очоод 40 гаруй минут архи уусан. Би Зулаа гэх эгчтэй ирсэн. Алтансүх, Эрдэнэтуяа хоёр үлдсэн. Би гэртээ ирээд удаагүй 23 цаг өнгөрч байхад эргэж очсон. Намайг очиход Дашням хутгалуулсан байсан. Маарал бинт ороогоод боосон байсан. О хутгалсан гээд эгч Эрдэнэтуяа нь загинаад байж байсан......гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар  хуудас/  

7. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 124 дугаартай:

-Д.Дашнямын биед цээжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.... Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...Дээрх гэмтэл нь шинэ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт.../хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн Д.Дашнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дашнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь Э.О-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 55 хуудас/ гэсэн тул шүүгдэгч Э.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Э-гын О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ                                   Д.ГАНЗОРИГ