| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2016/05083/и |
| Дугаар | 1469 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 1469
Б.Нандинцэцэгийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00105 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ”Монгол телевиз” ХХК-д холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/193 дугаар, мөн өдрийн 16/194 дүгээр, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрх гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Төгсбаярын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Халиун
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Төгсбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие тус байгууллагад 2013 оны 01 дүгээр сард мэдээний албаны зохицуулагчаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүүхдээ төрүүлээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 26-ны Бямба гаригт хүний нөөцийн ажилтан н.Солонго мэдээний албаны дарга н.Лхагва 2 орон тооны цомхотгол хийх тухай тушаалыг өгсөн. Шалтгаан нь орон тоо цомхотгож байгаа гэсэн. Ингээд хүлээн зөвшөөрөхгүй гэхэд н.Солонго нь “2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 550 000 төгрөгийн цалинтай студи менежер хийх үү” гэж лавласан. Гэхдээ энэ саналыг надад албан ёсоор тавьсан гэж үзэхгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин буюу 1 488 372 төгрөг /1 өдрийн 37 209 төгрөг, ажилгүй байсан 40 хоног/ гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/176 дугаар тушаалд холбогдох маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж байх хугацаанд, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүний нөөцийн ажилтан Д.Солонго надад 16/193, 16/194 тоот гүйцэтгэх захирлын тушаал, 13/2-003 тоот хавсралтыг танилцуулсан. Эдгээр баримт бичгийн хууль зүйн үр дагаврын талаар би ямар ч ойлголтгүй байсан тул дээрх тушаал, хавсралтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага нь Б.Нандинцэцэгтэй 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 2.3.1-т зааснаар гэрээ нь 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаатай байсан. Б.Нандинцэцэг нь 2014 онд хүүхэд асрах чөлөө авсан ба 2015 оны сүүлээр ажилдаа эргэн орох хүсэлтээ тавьж эхэлсэн. Мэдээний албанд өмнө нь 2 орон тооны зохицуулагч ажиллаж байсан ч Б.Нандинцэцэгийг ажилдаа эргэн орох үед эдийн засгийн хямрал, байгууллагын санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч 1 орон тоог хасахаар шийдвэрлээд байсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй тул түүний хүсэлтээр ажилд нь эгүүлэн ажиллуулсан. 2016 оны эхээр манай байгууллагын санхүүгийн байдал улам хүндэрсэн тул зарим ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орон тоо хасагдсан үндэслэлээр Б.Нандинцэцэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 15/176 тоот тушаал гарсан. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байсан. Иймд байгууллага дотроо өөрсдийн бололцоогоор өөр ажил түүнд санал болгож байсан боловч Б.Нандинцэцэг хүлээж аваагүй. Үүний нотолгоо нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түүнд хүргүүлж байсан №001 тоот мэдэгдэл юм. Цаашид илүү орон тоон дээр хүн ажиллуулахад санхүүгийн хувьд ажил олгогчид хүндрэлтэй, нөгөө талаас өөр ажил санал болгохоор нэхэмжлэгч нь хүлээж аваагүй тул нэгдсэн шийдвэрт хүрэхээр талууд зөвшилцсөний эцэст Б.Нандинцэцэгтэй харилцан тохиролцоонд хүрсэн.
Ийнхүү 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр мөн өдөр дуусгавар болгосон. Ажил олгогчийн зүгээс 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг тэтгэмж хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/176 тоот тушаал хууль зөрчсөн тул 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №16/193 тоот тушаалаар хүчингүй болгосон. Мөн өдөр 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралттай холбогдуулан №16/194 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаал гарсан. Хэдийгээр тохиролцож, зөвшилцөлд хүрсэн ч Б.Нандинцэцэг тохиролцооноосоо буцаж, нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Иймд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/176 дугаар тушаал хүчингүй болсон, хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчийн санаачилгаар биш, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/194 дугаарт “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, мөн өдрийн 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг өмнө эрхэлж байсан “Монгол телевиз” ХХК-ийн мэдээний албаны зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн орон тооны цомхотгол хийх тухай 15/176 тоот тушаал, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тушаал хүчингүй болгох тухай 16/193 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны олговорт 1 488 372 төгрөгийг хариуцагч “Монгол телевиз” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Нандинцэцэгт олгон, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг “Монгол телевиз” ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38 764 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан үнэлээгүй зэрэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчийн санаачилгаар биш, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болсон байтал нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анх 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б.Нандинцэцэгт "орон тоо хасагдсан" үндэслэлээр өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлах 15/176 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байсан тул хүчингүй буюу хууль бус байсныг нэхэмжлэгч мэдэж байсан. Хэрэв энэ тушаалыг ажил олгогчийн зүгээс эцсийн тушаал гэж үзсэн бол 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид өөр ажил санал болгохгүй байх байсан. Өөрөөр хэлбэл ажил олгогч, ажилтны зүгээс "орон тоо хасагдсан" үндэслэлээр ажилтныг халж болохгүйг мэдэж байсан тул асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр зөвшилцөж нэхэмжлэгчтэй байгуулсан 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болгосон. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус гэрээний хавсралт, үүнтэй холбогдох 16/194 тоот тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдэхэд өөрөө тэр өдөр ирээгүй, маргааш ирье гэсэн тул 2016 оны 6 дугаар сарын 26-нд тус хавсралтад нэхэмжлэгч гарын үсэг зурсан.
Гэтэл хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн тус нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Хавсралтад тодорхой 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, үүний хариуд Б.Нандинцэцэгт 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох тухай заасан байдаг. Шүүхээс 16/194 тоот тушаалд ач холбогдол өгч, Б.Нандинцэцгийг хавсралтад гарын үсэг зурахаас 1 өдрийн өмнө тус тушаал гарсан тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй мэтээр шийдвэрлэсэн байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлийг 37 дугаар зүйлд заасан ба үүнд ажил олгогчийн зүгээс заавал тушаал гарч байж энэ тохиролцоо нь хүчин төгөлдөр болно гэж заагаагүй. Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ цуцлахад ажилтанд хүргүүлэх тушаал нь ач холбогдолтой болохоос харилцан тохиролцож гэрээ дуусгавар болгоход ажил олгогчийн зүгээс гаргах тушаал нь ямар нэгэн ач холбогдолгүй, зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд гаргаж буй баримт бичиг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасны дагуу талууд тохиролцож, бичгээр баримт үйлдсэн бол үүнтэй холбогдон гарах тушаал нь өмнө эсвэл хойно гарах, бүр тийм тушаал огт гарахгүй байх нь ч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход нөлөөлөхгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, хөдөлмөрийн гэрээ байгуулах үед ажилтан ажил үүргээ хожим гүйцэтгэж эхлэх, эсвэл ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулж болдогтой нэгэн адил гэрээ дуусгавар болгоход ч талууд харилцан тохиролцож хэзээнээс эхэлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон гэж үзэхээр шийдвэрлэж болдог байх ёстой. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар заасан буюу талууд тохиролцсон бол нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор заасан. Хэрэв тус гэрээний хавсралт нь гэрээ байгуулах санал байсан гэж үзвэл гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулсан гэж үзэх ёстой. Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг нь хариуцагч “Монгол телевиз” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/193 дугаар, 16/194 дүгээр тушаалууд, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Ажилтан, ажил олгогч талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай бөгөөд шүүх хариуцагч байгууллагын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/176 дугаар ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэх учиртай.
Нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг ажлаас орон тооны цомхотголоор чөлөөлсөн “Монгол телевиз” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/176 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн учраас ажил олгогч уг тушаалаа 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/193 дугаар тушаалаар хүчингүй болгосон нь ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг нь 3 хүртэлх насны хүүхэдтэй бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байсан нь тогтоогдсон /хх-4/ тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан түүний ажил албан тушаалыг хэвээр хадгалагдах үндэслэл болох ба энэхүү үндэслэл шалтгаан арилсан буюу ажилтан ажил албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Ажил албан тушаал нь хэвээр хадаглагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж татан буугдснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон” байхад ажил олгогч “Монгол телевиз” ХХК нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн зохицуулалтыг баримталсан нь тусгайлсан зохицуулалт бүхий хуулийг тухайн харилцаанд хэрэглэх хууль хэрэглээний үндсэн зарчимд нийцээгүй байх тул өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй.
Нөгөө талаар “Монгол телевиз” ХХК-ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/194 дүгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэлд “Талууд харилцан тохирсноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохирсон гэх агуулгыг илэрхийлээгүй байна. Иймд талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил олгогчийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/176 дугаар тушаалыг хууль бус гэж тодорхойлсон. Үүнээс хамаарч нэхэмжлэлийг хангах эсэх асуудал шийдвэрлэгдэх бөгөөд ажил олгогчийн тушаалуудыг хүчингүй болгох нь шаардлага бус үндэслэлд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ялган дүгнээгүй анхан шатны шүүхийн алдааг шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой.
Дээр дурдсан үндэслэлээр “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/193 дугаар, 16/194 дүгээр тушаалууд болон хөдөлмөрийн гэрээний хавсралтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг хасч, дээрх тушаалуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулсан шийдлийг хэвээр үлдээн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00105 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Нандинцэцэгийг “Монгол телевиз” ХХК-ийн мэдээний албаны зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, “Монгол телевиз” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16/193 дугаар, 16/194 дүгээр тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13/2-003 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монгол телевиз” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА