Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 147

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

             Д.Баттөмөрт холбогдох эрүүгийн

                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Энэрэл,

Ялтан Д.Баттөмөр, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,  

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Баттөмөрт холбогдох 201626011598 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Балжир овогт Дуламрагчаагийн Баттөмөр, 1982 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, автомашины кузов засварын газар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжны 438а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙБ82092413/,

 

Д.Баттөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” зочид буудлын зүүн талд Г.Эрдэнэбаатартай өөрийг нь цохилоо гэж маргалдан, улмаар харилцан зодолдож, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Баттөмөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Баттөмөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Баттөмөрт оногдуулсан 13 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Баттөмөрийн цагдан хоригдсон 197 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Баттөмөрөөс 3.034.360 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэгт олгож, зээлийн төлбөр болох 8.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Г.Эрдэнэчимэг өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирсэн ногоон саарал өнгийн футболк, Г.Эрдэнэбаатарын өмсөж явсан цэнхэр өнгийн даавуун футболк, ногоон өнгийн урт ханцуйтай даавуун цамц, цагаан өнгийн хос углааш, ногоон өнгийн ноосон оймс 1 хос, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн турсик, ялтан Д.Баттөмөрийн өмсөж явсан бор өнгийн углааш 1 хос, цагаан өнгийн даавуун футболк, хөх өнгийн жинсэн өмд /шорт/, хар өнгийн ноосон оймс 1 хос зэргийг устгаж, гар утаснаас авсан дүрс бичлэг бүхий зөөврийн санах ой ногоон өнгийн 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн Д.Баттөмөрийн эзэмшлийн, 2.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн, 27-79 УНМ улсын дугаартай, саарал өнгийн “Hyundai Sonota-5” загварын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, уг автомашиныг талийгаач Г.Эрдэнэбаатарын ар гэрт учирсан хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Д.Баттөмөрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч С.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2017 оны 1 дүгээр  сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн Дуламрагчаа овогтой Баттөмөрийн хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг зөвшөөрч байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Баттөмөрөөс 3.034.360 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэгт олгох...” гэсэн заалтыг биелүүлж ялтан Д.Баттөмөр энэ хугацаанд хохирлын мөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэгт хүлээлгэн өгч гэмт хэргийн хохирлыг сайн дураар бүрэн төлсөн юм. Ялтан Д.Баттөмөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, өөрөө тархи толгой, нурууны өвчнөөр удаан хугацаагаар өвчилж шаналж байгаа, ар гэрт нь эрхэлсэн ажилтай хүнгүй эхнэр, бага насны 2 хүүхэд нь үлдсэн түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, уг хэргийг шууд бус санаатайгаар үйлдсэн, хэргээ шударгаар хүлээж гэмшиж байгаа зэрэг байдлыг нь харгалзаж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хохирлоо бүрэн төлсөн тул автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү…” гэв.

Ялтан Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хохирол төлбөрөө барагдуулсан тул автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэхэд хохирогчийн зүгээс татгалзах зүйлгүй. С.Пүрэвдорж өмгөөлөгч Д.Баттөмөр нь шууд бус санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Баттөмөр нь өөрийгөө зодлоо гэх шалтгаанаар талийгаач Эрдэнэбаатарын нүүрэн тус газарт өшиглөж байгаа үйлдлийг болгоомжгүй гэж үзэх үндэслэлгүй. Энэ нь санаатай үйлдэл юм. Өөрөөр хэлбэл хүч хэрэглэхгүйгээр зохицуулах боломж байсаар байтал хүч хэрэглэж, хүсч үйлдсэн санаатай үйлдэл юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хөнгөрүүлэн үзэх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж Д.Баттөмөрт 13 жил хорих ял оногдуулсан. Иймд дахин ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Д.Баттөмөрөөс мөнгө, төгрөг нэхэмжлэх сонирхолгүй бөгөөд хүний амь насыг хөнөөсөн хүн хуульд зааснаар тохирсон ял шийтгэл эдлэх ёстой гэж үзсэн. Талийгаач өмнө нь банкинд зээлтэй байсан. Үүний улмаас 8.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгсэхгүй болгосон. Ялтны талаас хохирогчид учирч буй 8.000.000 төгрөгийн хохирлыг санаачлагаараа төлөх ёстой байсан ч төлөөгүй. Хохирогчид нийт 12.000.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс төлснийг нь хасаад 6.000.000 төгрөгийн хохирол гарч байна. Ялтны зүгээс өөрсдийн санаачлагаар сэтгэл санааны хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Д.Баттөмөр надад 5.000.000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь би сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Дүүг нас барснаас болж эцэг минь сэтгэл санаагаар унаж нас барсан. 5.000.000 төгрөгөөр хүний амийг үнэлж болохгүй. Хэрэг үйлдсэн хүн ял шийтгэлээ хүлээх ёстой. Гэтэл ялтны зүгээс давж заалдах гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Бид оршуулгын зардлын баримтаа сайн цуглуулж чадаагүй. Бид ялтны зүгээс өгсөн хохирлын төлбөрийг л авсан. Гэхдээ 5.000.000 төгрөг оршуулгын зардалд хүрэхгүй. Би маш их гомдолтой байна…” гэв.

 

 Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхэд хэргийг шийдвэрлэх үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 12.000.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх 5.584.360 төгрөгийн баримтыг нотлогдсон гэж үзэж шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн 2.550.000 төгрөгийг хасч 3.334.360 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн тухайн хохирлыг төлүүлэхээр шүүгдэгчийн нэр дээр байсан 2.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн. Д.Баттөмөр нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар автомашиныг битүүмжлэлээс чөлөөлөх боломжтой нөхцөл байдал үүсч байна. Ял шийтгэл болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууд тохирсон байх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 10-15 жилийн хорих ял шийтгэх санкцтай. Анхан шатны шүүх Д.Баттөмөрт тухайн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 13 жил хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон учир дахин хөнгөрүүлэх боломжгүй. Ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх эрх хэмжээ шүүхэд байгаа боловч хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдээгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна…” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Д.Баттөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” зочид буудлын зүүн талд Г.Эрдэнэбаатартай өөрийг нь цохилоо гэж маргалдан, улмаар харилцан зодолдож, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ялтан Д.Бөттөмөр мөрдөн байцаалтын шатанд: “…Бид пабаас гараад юу болсон талаар сайн санахгүй байна. Ямар ч гэсэн миний нүүр рүү цохисон. Намайг цохисон болохоор нь бариад авахад намайг ч гэсэн бариад авсан. Бид 2 барилцаж байхад миний бор өнгийн фудволкийг Эрка ураад зугатаасан болохоор нь араас нь хөөж байгаад нуруу руу нь нэг цохиод доош тонгойход цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Намайг өшиглөхөд хойшоо саваад унахаар нь зугатаагаад явсан. Бид 2 юунаас болж маргалдсан талаар сайн санахгүй байна. Би Эркагийн нуруу орчим 1 цохиод доош тонгойсон үед нь цээж рүү нь өшиглөсөн. ...намайг цохиж зодоод байхаар нь би хариу нэг удаа өшиглөсөн…” /1-р хх-ийн 17-19, 185-186, 2-р хх-ийн 73/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг 30 минутын үед төрсөн дүү Эрдэнэцэцэг над руу яриад “Эрдэнэбаатар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн сэхээнд эмчилгээ хийлгэж байна” гэж хэлсэн. ...Тэр өдрөөс хойш талийгаач ухаан орохгүй байсаар байгаад 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нас барсан. Эмчилгээ хийлгэх хугацаанд ухаан орохгүй байсан тул ямар ч ярилцах боломж байгаагүй. Маш их гомдолтой байна. Талийгаачийг амьд байх үеийн эмчилгээний зардал болон нас барснаас хойш гарсан зардлуудыг нэхэмжилж байна. ...Талийгаач 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Хас банк”-наас 15.000.000 төгрөгийн зээл авсан. …2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийг нь би төлөөд явж байгаа. Одоо үлдэгдэл нь 8.750.000 төгрөг байгаа. Энэ мөнгийг бас нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 53-55/,

гэрч Х.Отгон-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд: “...Бид хоёр гэр бүл болоод нэг жил болж байгаа. 2016 оны 6 дугаар сарын 27-ны 08 цагийн үед гэрээсээ гараад нөхрөө ажил руу нь хүргэж өгөөд ажилдаа явсан. ...Орой 23 цаг 40 минутын үед гэртээ ирсэн, манай нөхөр утсаа аваад “за байж байгаарай” гэж хэлээд цаашаа “Баясаа хөгшөөн зүгээр явчих юм байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгээд над руу эргэж яриад “би Пүүгийн гражийн хажуу талын караокед байна. Жаахан байж байгаад очно” гэж хэлсэн. Тэгээд дахиж залгаагүй унтаж амарсан. Манай нөхөр шөнө дунд буюу 01 цаг 30 минутын үед “миний хайр унтсан уу” гэж мессеж бичсэн байсан. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 8 цагийн үед Батжаргал гээд нөхрийн найз над руу яриад “Эрдэнэбаатарын утас руу залгахаар цагдаагийн байгууллагын хүн аваад гэмтэлд ухаангүй сэхээнд байна гэж байна, чи мэдсэн юм уу” гэсэн. Тэгэхээр нь би Эрдэнэбаатарын гар утас руу залгаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж манай нөхөр бусдад зодуулж эмнэлэгт сэхээнд байгаа талаар мэдсэн. Би Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт очиход манай нөхөр тархиндаа хүнд гэмтэл аваад хагалгаанд орсон байдалтай, ухаангүй байсан. Гомдолтой байна...” /1-р хх-ийн 58, 2-р хх-ийн 48/,

гэрч Э.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 6 дугаар  сарын 28-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцаас шатахуун аваад зам руу орж байтал эсрэг талын “Мираж” зочид буудлын зүүн талын явган хүний зам дээр 2 согтуу эрэгтэй хүн хоорондоо зодолдож байсан. Би найз Золзаяагийн хамтаар уг явдлыг харж байхад нэг залуу нь цээжин бие нүцгэн, доогуураа хөх өнгийн джинсэн шорттой, богино үстэй залуу байсан. Харин нөгөө нь бараан хувцастай, тэр залуу нь нөгөө цээжин бие нүцгэн залуугаа бодвол эрүүл шахуу байсан. Цээж нүцгэн залуу нь гартаа чулуу гэмээр зүйл барьчихсан нөгөө залуугаа цохих гээд байсан. Гэхдээ цохиж чадаагүй. Харин нөгөө бараан хувцастай залуу нь нөгөө залуугаа 2-3 удаа нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цээж нүцгэн залуу нь ядарсан бололтой тэнд байсан гэрлийн шонг түшиж зогсоод гартаа барьсан байсан чулуу шиг зүйлийг урд талдаа газар шидсэн. Тэгтэл нөгөө бараан хувцастай залуу нь авто зам дээр байж байгаад хаясан чулуу шиг зүйлийг нь авах гээд явган хүний зам руу гарч доош тонгойтол цээж нүцгэн залуу түүний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед бараан хувцастай залуу нь хойшоогоо авто зам руу тас гэдэргээ саваад толгойн ар хэсгээрээ асфальт мөргөж унасан. Тухайн үед гараараа тулах гэсэн ямар ч үйлдэл хийлгүй шууд унасан. Миний бодлоор нүүр лүүгээ цохиулах үедээ ухаан алдсан байх гэж бодож байна. Бараан хувцастай залуу нь арагшаа унахдаа толгой нь асфальт цохиж байгаа нь таг гээд сонсогдсон. Энэ үед би өөрийн гар утсаар бичлэг хийж эхэлсэн. Бараан хувцастай залуу газарт унаад ахиж босч ирээгүй, ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Харин цээж нүцгэн залуу зүгээр хойш зам дагаад өөрийн гар утсаар оролдсоор яваад өгсөн. ...Цээж нүцгэн залуу нь нөгөө залуугаа цохих гээд хий л цохиод байсан...” /1-р хх-ийн 120-122/,

гэрч Ж.Нямаа мөрдөн байцаалтын шатанд: “…Г.Эрдэнэбаатарын эмчлэгч эмч нь байгаа юм. Г.Эрдэнэбаатарын биеийн байдал маш хүнд. 2016 оны 6 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн үед манай тасагт ухаангүй байдалтай ирээд ухаан ороогүй байна. Тархины хүнд гэмтэл, ухаангүй, тархины баруун тал бөмбөлөгт 7 мм гүн тархмал хатуу хальсан доорх цус хуралттай, тархи шахагдсан, тархины зүүн талдаа тархины эдийн цус харвалттай, гүн комын байдалтай хүргэгдэн ирсэн. Г.Эрдэнэбаатар хүргэгдэн ирээд 2 цагийн дотор яаралтай тархины хагалгаанд амь насны заалтаар орсон байна...” /1-р хх-ийн 123-124/,

гэрч Н.Азжаргал мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед манай нөхөр Отгонзулын найз Пүрэвсүрэн над руу яриад “Сонгинохайрхан дүүргийн Орбитод байдаг засварын газрын ажил дээрээ хүрээд ир” гэсэн. Би ажлаа зохицуулаад очиход Пүрэвсүрэн, засварчин гээд өндөр нуруутай бор залуу байсан. Автомашинаа засуулахаар ирсэн байсан эмэгтэй, Пүрэвсүрэн бид нар хамт 0,5 литрийн хэмжээтэй “Чингис голд” нэртэй архи хувааж ууцгаасан. Энэ үед засварчин залуу архи уугаагүй. Ингээд сууж байтал Эрдэнэбаатар, Баясгалан 2 ирээд бид нар бөөнөөрөө караоке бааранд орсон. Гэхдээ яг хаана гэдгийг санахгүй байна. Би тухайн үед их согтсон байсан. ...Баар хаах үед бид нар гарсан. Баарнаас гарангуут Пүрэвсүрэнтэй 2 залуу маргалдах гээд байхаар нь би Пүрэвсүрэнг аваад хүргэж өгөөд гэртээ харьсан. Пүрэвсүрэн бид хоёрыг явах үед 2 эмэгтэйн хамт Эрдэнэбаатар, засварчин залуу нар үлдсэн...” /1-р хх-ийн 125-126/,

гэрч И.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 6 дугаар сарын 27-ны 19 цагийн үед намайг ажил дээр байж байхад багын найз болох Эрдэнэбаатар, Баясаа нар ирцгээсэн. Уулзаагүй удсан болохоор бид нар жаахан ууж суухаар тохирсон. Ингэхдээ би “манай засварын газар ажилладаг Баттөмөрийг хамт явъя” гээд тэр зөвшөөрч бид нар хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Элсэн цаг” гэдэг нэртэй бааранд 20 цаг өнгөрч байхад орцгоосон. Бид бааранд “Нийслэл” нэртэй пиво 17 шилийг авч, сүүлд нь “Чингис голд” нэртэй 0,5 литрийн архи хувааж ууцгасан. Бааранд ирээд Сүрнээ гэх эмэгтэйтэй танилцаж хамт сууцгаасан. Бааранд ороод 2 цагийн дараа байх найз Баясаагийн эхнэр нь утсаар дуудаад Баясаа яваад өгсөн. Баясааг явсны дараа 23 цаг 50 минутын үед буюу баар хаах гэж байхад Эрдэнэбаатар бааранд байсан 2 залуутай муудалцаж эхэлсэн. ...Эрдэнэбаатартай маргалдаж байсан өндөр нуруутай дэлдэн чихтэй залууг авч баарнаас гаргаад ...гэр рүү нь дагуулаад явсан. ...Намайг бааранд иртэл баар хаачихсан, Эрдэнэбаатар, Баттөмөр, Сүрнээ, Азжаргал нар баарны гадаа байсан. ...Намайг таксинд суугаад явж байхад Баттөмөр, Эрдэнэбаатар, Сүрнээ 3 хамт “Мираж” зочид буудлын зүгт туслах замын хойд талын явган хүний замаар явж байгаа харагдсан...” /1-р хх-ийн 127-128/,

гэрч Т.Оюунбаяр мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 6 дугаар сарын 27-ны орой хадам ээжийн бааранд байхад гаднаас найз Пүрэвсүрэн, түүний найз Баттөмөр, Баясаа, Эрка, өөр нэг эмэгтэйн хамтаар орж ирсэн. ...Тэгээд 00 цаг болж манай баар хааж бид нар гарцгаасан. Би найз Сүрэнжавтай хамт хадам аав Гансүхийн машинд сууж гэр рүүгээ явж байтал найз Сүрэнжав маргааш 10 цагт ажилтай байсан учраас Дархан руу буцна гээд бид 2 хадам аавын машинаас буугаад шинэ замын уулзвар дээр байдаг “Tэc Петролиум” шатахуун түгээх станцын урдаас такси барьж шинэ замаараа “Драгон” үйлчилгээний төвийн чигт явсан. Бид нарыг явж байхад Баттөмөр “Чин” гэдэг баарны үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь Сүрэнжав бид 2 буугаад Баттөмөртэй уулзаж хамт орж хүний нэг шил “Сэнгүр” шар айраг уусан. Баттөмөр Эркатай хамт байсан. Сүрэнжав бид хоёр 15 минутын дараа баарнаас гарахад Баттөмөр, Эрка 2 гарч ирээд араас дагаад явж байсан. Тэгээд бид хоёр таксинд суугаад явсан. Би “Драгон”-д Сүрэнжавыг хүргэж өгөөд буцаад такси бариад гэрийн зүгт явж байхад Согинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Мираж” зочид буудлын зүүн талд буюу үүдэнд нь замын хашлага тэгнэсэн эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүний толгой хэсэг нь авто зам дээр, бие хэсэг нь явган хүний зам дээр байрласан байдалтай байсан. Би таксины жолоочийн гар утсаар 102, 103-т дуудлага өгүүлсэн. Би газар хэвтэж байгаа хүн дээр очоод хальтхан харахад нүд нь эвгүй болчихсон, толгойн ар хэсгээс цус гарч авто зам дээр цус урссан байдалтай байсан. Би тухайн үед их балмагдаад хальтхан харсан болохоор Эрка гээд Пүрэвсүрэнгийн найз байсныг мэдээгүй. Дараа нь Пүрэвсүрэнтэй уулзаад мэдсэн. ...Сүрэнжав бид хоёрыг баарнаас гараад явж байхад Баттөмөр, Эрка хоёр араас ирж явахдаа Баттөмөр Эркад хандан “Чиний баян чинь тэндээ л байдаг юм байгаа биз” гэж яриад байгаа сонсогдсон. Гэхдээ нээх айхтар орилж, чарлаж, хэрэлдэж маргалдсан асуудал болоогүй...” /1-р хх-ийн 130-131, 137-138/,

гэрч Б.Золзаяа мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшигч Дагва гэх хүний сонгуулийн сурталчилгаанд өөрийн найз Баяржаргалын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сурталчилгааны ажил хийж байсан юм. Ингэхдээ бид хоёр миний эзэмшлийн 06-25 УНХ улсын дугаартай, “Тоёото Приус-20” загварын автомашинтай явж байсан. Бид хоёр 2016 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 02 цагын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” зочид буудлын замын эсрэг талын “МТ” шатахуун түгээх станцын төв замаас салдаг уулзвар дээр эргэх гээд зогсож байсан. Тэгтэл “Мираж” зочид буудлын зүүн талын явган хүний зам дээр хоёр согтуу хүн зодолдож байгаа асуудал анхаарал татаж, би найз Баяржаргалын хамтаар тэрхүү үйл явдлыг харж хэсэг зогссон. Зодолдож байсан хоёр залуугийн нэг нь өндөр нуруутай биерхүү, махлаг бор, дээгүүрээ цээж нүцгэн, хөх өнгийн джинсэн шорт өмссөн залуу байсан. Нөгөөх нь махлаг намхан нуруутай, цайвар царайтай, бараан хувцастай байсан. Зодоон яг юунаас болсныг мэдэхгүй, зодоон болж байхад л эргэж харсан. Намайг тэр хоёр хүнийг харахад намхан нуруутай нь өндөр биетэй махлаг залууг нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Өндөр залуу нь хариу цохисон боловч онохгүй байсан. Тэгээд намхан залуу нь газраас нэг юм авах гэж тонгойход нь нөгөө махлаг биерхүү залуу нь нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл нөгөө намхан нуруутай залуу нь ар дагз хэсгээрэ замын асфальтан дээр их хүчтэй унасан. Учир нь замын нөгөө талаас дагзаараа асфальт мөргөөд унаж байгаа нь “таг” гээд их тод сонсогдсон. Унасан залуу босч ирээгүй. Ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, тэгээд нөгөө өндөр залуу нь ертөнцийн зүгээр хойд зүгт замаа дагаад алхаад яваад өгсөн. ...Тэр өндөр залууг хойшоо алхаад явж байх үед манай найз Баяржаргал гар утсан дээрээ тухайн зодсон залуугийн бичлэгийг хийсэн. Бид хоёр унасан залуу дээр очоогүй. Унасан залуугийн хажууд нэг такси зогсож байсан. Төд удалгүй нэг эмэгтэй ирчихсэн хажууд нь байж байсан...” /1-р хх-ийн 132-134/,

гэрч Ж.Баатар мөрдөн байцаалтын шатанд: “…Миний бие Сонгинохайрхан дүүргийн аврах гал унтраах 29 дүгээр ангид гал сөнөөгч ажилтай. Тэгээд ажлын бус цагаар өөрийн эзэмшлийн 23-86 УНК улсын дугаартай, “Toyota Crоwn" загварын автомашинаар таксинд явдаг байсан. Тухайн үед таксинд явж байсан. Хоёр эмэгтэй хүнийг “Хилчин” хотхоны урд талын колонктой уулзвар дээрээс аваад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудал өнгөрөөд “Чин” баарны өмнө хүргэж өгсөн. ...Би дархан явна гээд байсан эмэгтэйг нь сайн хэлж мэдэхгүй байна, тэр нь миний ард сууж байсан, харин нөгөө эмэгтэйг нь харвал танина, тэр эмэгтэй нь өндөр нуруутай туранхайдуу биетэй, давхараатай алаг нүдтэй, шардуу царайтай байсан...” /1-р хх-ийн 135-136/,

шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтын шатанд: “...Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт нь зүүн нүдний хэсэгт нэг цохиулж, толгойн баруун ар хэсгээрээ юм мөргөж унахад үүсэх боломжтой. Учир нь зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ цохиулсны улмаас толгойн баруун ар хэсгээрээ унаж гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал гэх нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Зүүн нүд орчимд үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Рефлексийн шинжтэй ямар нэг гараа өргөх гэх мэт хөдөлгөөн хийж болно. Түүнээс идэвхтэй хөдөлгөөн хийж болохгүй, босож явж чадахгүй. Учирсан тархины гэмтэл нь маш хүнд гэмтэл, тархины хаван ихтэй байсан учраас эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй байсан...” /1-р хх-ийн 146-148/,

шинжээч эмч Т.Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд: “....Нүүр лүү нь зүүн нүдний орчимд хүчтэй өшиглөсний улмаас хохирогч савж унаж тархины гэмтэл нь үүсэх боломжтой. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхины шарх, цус хуралт, хацрын зулгаралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн нүдний орчимд үүссэн эдгээр гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарна...” /1-р хх-ийн 153/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Эрдэнэбаатарын биед баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины хаван, хагалгаа хийгдсэн байдал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхины шарх, цус хуралт, хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны шөнө үүсэх боломжтой. Г.Эрдэнэбаатар нь ВЗ-р бүлгийн цустай болохыг тогтоосон…” шинжээчийн 9154 тоот дүгнэлт /1-р хх-ийн 153/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…талийгаачид гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дээд, доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт, цээжний баруун ар хэсэг, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчингүй болохыг тогтоосон…” шинжээчийн 1250 тоот дүгнэлт /1-р хх-ийн 143-144/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Баттөмөрийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон…” шинжээчийн 9152 тоот дүгнэлт /1-р хх-ийн 150/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Г.Эрдэнэбаатарын гэх хөх өнгийн футболка, цайвар ногоон өнгийн цамц дээр цус илэрсэн, бусад хувцас дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Г.Эрдэнэбаатарын гэх хөх өнгийн футболка, цайвар ногоон өнгийн цамц дээр илэрсэн цус нь В/3/ бүлгийн харъяалалтай, ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Сэжигтэн Д.Баттөмөрийн цус нь В/3/ бүлгийн харъяалалтай байна. Сэжигтэн Д.Баттөмөрийн цус нь ДНХ-ийн тогтцоороо хохирогч Г.Эрдэнэбаатарын гэх хөх өнгийн футболка, цайвар ногоон өнгийн цамц дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байгааг тогтоосон…” шинжээчийн 5714 тоот дүгнэлт /1-р хх-ийн 155-156/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Шинжилгээнд ногоон футболкны захны оруулганы баруун урд хэсэг, баруун ханцуйн урд залгаас орчимд 4.5x10 см хэмжээтэй, захны оруулганы зүүн ард хэсэг, зүүн ханцуйн ар залгаас орчимд 19x8.5 см хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхайнууд байна. Дээрх ханзарсан уранхайнуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй болохыг тогтоосон…” шинжээчийн 4274 тоот дүгнэлт /1-р хх-ийн 157-158/,

Шүүх сэтгэц гэм судлалын “…Д.Баттөмөр нь хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар баримт үгүй байна. Д.Баттөмөр нь хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчлөөгүй байна. Д.Баттөмөр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Д.Баттөмөр нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ойлгож, ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. Д.Баттөмөр нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Д.Баттөмөрийн сэтгэл санаа гэмт хэргийн үйлдлийн үед цочрон давчдаагүй болно. Д.Баттөмөр нь хэрэг хариуцах чадвартай…” болохыг тогтоосон шинжээчийн 709 тоот дүгнэлт /1-р хх-ийн 165-167/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…талийгаач Г.Эрдэнэбаатарын цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай, зулай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэн, зүүн хажуугийн ховдлын доод хэсгийн тархины эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зүүн нүдний ухархайн ханын хугарал, дээд, доод зовхи, нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт, цээжний баруун ар хэсэг, зүүн гуянд зулгаралт гэмтэл учирчээ. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 9154 тоот дүгнэлт болон цогцост хийсэн шинжилгээ 1250 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан зүүн нүдний ухархайн ханын хугарал гэмтлийг шалгахын тулд гавлын ясыг зөөлөн эдээс чөлөөлж шалгадаг тул шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үзэх боломжгүй, зөвхөн КТГ-н шинжилгээгээр тогтооно. Цогцост хийгдсэн шинжилгээ 1250 тоот дүгнэлтэд тусгагдсанаар нүдний гадна шанаа хэсэгт цус хуралт болон 9154 тоот дүгнэлтэд тусгагдсан зовхины цус хуралт гэмтэлүүд нь нэг түвшинд учирсан гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9154 тоот дүгнэлт болон цогцост шинжилгээ хийсэн 1250 тоот дүгнэлтэд тусгагдсан Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 9154 тоот дүгнэлт болон цогцост хийсэн шинжилгээ 1250 тоот дүгнэлтэнд тусгагдсан цээжний баруун ар хэсэгт, зүүн гуянд зулгаралт гэмтэлүүд нь ямар учраас Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9154 тоот дүгнэлтэнд тусгагдаагүй эсэхийг тогтоох боломжгүй…” гэсэн шинжээчдийн 1371 тоот дүгнэлт /2-р хх-ийн 54-56/, түүнчлэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-12/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-8/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23, 25, 27/, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 33-37/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Д.Баттөмөрийн гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтны өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

 

Ялтны өмгөөлөгч С.Пүрэвдоржийн “…гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, өөрөө тархи толгой, нурууны өвчнөөр удаан хугацаагаар өвчилж шаналж байгаа, ар гэрт нь эрхэлсэн ажилтай хүнгүй эхнэр, бага насны 2 хүүхэд нь үлдсэн түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, уг хэргийг шууд бус санаатайгаар үйлдсэн, хэргээ шударгаар хүлээж гэмшиж байгаа зэрэг байдлыг нь харгалзаж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Д.Баттөмөрийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирсон, хэргийн нөхцөл байдал, ялтны хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхээс ялтан Д.Баттөмөрт хорих ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон бусад хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Д.Баттөмөрт тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэсэнтэй нийцэж байна.

 

Дээрх нөхцөл байдлуудын талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт зааснаар “...шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасныг хангасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 

 

Хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон, анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан Д.Баттөмөрийн мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй болно.

 

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө Д.Баттөмөр нь гэмт хэргийн улмаас учирсан зардлыг “ХААН” банкны 5035387559 тоот хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэгийн дансанд байршуулж, нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан “ХААН” банкны мөнгөн шилжүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.    

 

Иймд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн “Д.Баттөмөрийн эзэмшлийн 27-79 УНМ улсын дугаартай, саарал өнгийн “Hyundai Sonota-5” загварын автомашиныг битүүмжлэн талийгаач Г.Эрдэнэбаатарын ар гэрт учирсан материалын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн” тогтоолыг хэвээр үлдээсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, ялтан Д.Баттөмөрийн өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан “хохирлоо бүрэн төлсөн тул автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: