Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 239

 

 

                                                                                                           

 

 

 

                                                                             

 

 

 

 

 

 

 

   Б.Э, Д.С нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Баасандорж, Д.Баттулга, Э.Билгүүн, шүүгдэгч Б.Э, Д.С, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, Д.Отгонбат, Н.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1489 дүгээр магадлалтай, Б.Э, Д.С нарт холбогдох 1902005640238 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э, Д.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Отгонбат, Ж.Энхчулуун, Н.Цэцэгмаа, хохирогч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Баасандорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Э овогт Б.Э,

 

2. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, М овогт Д.С нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М овогт Д.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.С-г цагаатгаж,

Шүүгдэгч Э овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилж “мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд нь нэмж, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 7 (долоо) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 20,006,375,060 (хорин тэрбум зургаан сая гурван зуун далан таван мянга жар) төгрөгийг гаргуулж, хохирогч “Номин холдинг” ХХК, Ш.Б-д олгуулахаар...” шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э, Д.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж, Нийслэлийн прокурорын газарт буцааж” шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасандорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна. Магадлалын тодорхойлох хэсэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э, Д.С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь үнэлж тогтоогоогүй” гэж дүгнэсэн атлаа ямар нөхцөл байдлыг хэрхэн тогтоогоогүй тухай бичээгүй. Бидний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрхэн тогтоосон талаар гомдолдоо тодорхой дурдсан. Энэ гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн.

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 тоот гэрээнүүдээр 20 тэрбум төгрөгийг миний үйлчлүүлэгч Ш.Б-аас залилан авч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцааж өгөөгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийж чадаагүй. Хохирогчийн гаргасан гомдол, гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгээр “Эрэл” ХХК-ийг Б.Э төлөөлдөггүй болох нь харагдаж байна. Б.Э өөрийгөө “Эрэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж гэрээ байгуулсныг анхаарах нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Эрэл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.С юм. Гэрээнд тусгагдсан хөрөнгүүд нь Б.Э-тай хамааралгүй, барьцаанд байсан нөхцөл байдал бий. Дээрх нөхцөл байдлууд нь залилан мэхлэх гэмт хэргийн шинж юм. Ш.Б 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 тоот гэрээнүүдээр 20 тэрбум төгрөг залилуулсан байтал 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 тоот гэрээний дагуу хувьцаа авсан мэтээр бичсэн нь давж заалдах шатны шүүх маргааныг ойлгоогүй нөхцөл байдлыг харуулж байна. Хохирогч 2016 оны 12 дугаар сарын 15-ны 16/24 дугаартай гэрээний асуудлаар гомдол гаргаагүй, ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, улсын яллагч тус гэрээтэй холбогдуулан шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдээгүй болохыг анхаарах нь зүйтэй. Мөн магадлалд хэн гэдэг оролцогчийн ямар хүсэлтийг хэрхэн шийдвэрлээгүй нь ойлгомжгүй, дурдагдаагүй. Шүүгдэгч Б.Э-ын гаргасан бүх гомдол хариу өгч, шийдвэрлэсэн байгаа. 14 дүгээр хавтаст хэргийн 9-26 дугаар талд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнийн үйлдсэн 128 тоот яллах дүгнэлт авагдсан байна. Уг яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалынхаа тодорхойлох хэсэгт яллах дүгнэлтийн аль хэсэг хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тухай огт дурдаагүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 тоот гэрээ нь биелэгдэх боломжгүй, эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүй нөхцөлтэй буюу Б.Э бодит байдлыг нуух замаар өөрийгөө Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж танилцуулсан нь тогтоогдсон. Тэгэхээр Ш.Б “Эрэл” ХХК-тай иргэний журмаар маргах боломжгүй болсон. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 тоот гэрээний 2.1-д А тал болох Б.Э нь Ариг банкны 49 хувийн хувьцааг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор Б талд шилжүүлэх үүрэгтэй, 2.2-т Б.Э нь дээрх 18 тэрбум төгрөгийг Ариг банкны дүрмийн санг нэмэгдүүлэхэд зарцуулах үүрэг хүлээсэн, 2.3-т Б.Э 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 49-ийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирлыг үл маргах журмаар төлнө, “Эрэл” ХХК, БҮК-ийн хөрөнгө болон бусад хөрөнгөөр батлан дааж байна, 2.4-т 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор хувьцааг шилжилгүй 45 хоног өнгөрсөн тохиолдолд Б.Э 0,06 %-ийн торгуулийг үл маргах журмаар төлнө гэж тус тус заасан байна. Гэвч тухайн цаг хугацаанд Б.Э нь “Эрэл” ХХК-тай ямар хамааралгүй, зөвхөн 20 тэрбум төгрөг авахын тулд итгэл төрүүлж бичсэн гэрээ болсон.

Өөрөөр хэлбэл Б.Э нь хохирогчоос 20 тэрбум төгрөг залилан мэхэлж авах цаг хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 19, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/01, 01/02 тоот гэрээ байгуулж байх үед “БҮК-1” ХХК гэх хуулийн этгээд байгаагүй, “Эрэл” ХХК болон түүний бүх хөрөнгө, орлого, данс барьцаалагдсан, хохирогчийг хууран мэхлэх арга хэрэгсэл болгоод байгаа “БҮК-1” үйлдвэрийн бүх эд хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, газар, тоног төхөөрөмж, дулааны шугам сүлжээ, ирээдүйд олох бүх ашиг орлого барьцаалагдсан байсан байна. Гэтэл шүүгдэгч Б.Э нь “БҮК-1” гэдэг хуулийн этгээд байгаа мэтээр тайлбарлаж, “хэдхэн жилийн дотор оруулсан бүх хөрөнгөө нөхөж авна, маш их ашигтай, 100 сая ам доллар оруулсан, 200 тэрбумын өртөгтэй” гэж худал хэлж, хууран мэхэлж, мөн “Эрэл” ХХК болон тус компанийн мэдлийн “БҮК-1” үйлдвэрийн бүх эд хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, данс, газар, үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээ, бүр ирээдүйд олох орлого нь хүртэл Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкинд барьцаалагдсан байсныг нуун дарагдуулсан байдаг. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Э-ын хохирогчийг хууран мэхэлж байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 дугаартай гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 дугаартай гэрээнүүд нь анхнаасаа хэрэгжих боломжгүй, бүх эд хөрөнгө, тоног төхөөрөмж, данс, бүр ирээдүйн ашиг орлого нь хүртэл Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байсан. Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж, хохирогчийг хуурч мэхэлж, итгэл төрүүлэх арга хэрэглэж байсан нь тодорхой байна.БҮК-1” нь бодит байдалд “Эрэл” ХХК-ийн үйлдвэр, цех болж хувирсан учир хувьцаа эзэмших боломжгүй юм. Тухайн үед “Эрэл” ХХК болон түүний бүх хөрөнгө, орлого, данс барьцаалагдсан, хохирогчийг хууран мэхлэх арга хэрэгсэл болгоод байгаа “БҮК-1” үйлдвэрийн бүх эд хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, газар, тоног төхөөрөмж, дулааны шугам сүлжээ, ирээдүйд олох бүх ашиг орлого барьцаалагдсан үйл баримтыг Б.Э нуусан. Мөн 20 тэрбум төгрөгийн 16 орчим тэрбум төгрөгийг 1,441 удаагийн гүйлгээгээр шүүгдэгч нар нь өөрсдийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э, Д.С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, хохирогчийн гэрч болон хохирогчоор өгсөн 5 удаагийн мэдүүлэгт ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Мөн гэрч Б.А, С.Б, н.Н нарын мэдүүлэг, бусад баримтууд, хохирогчийн мэдүүлгүүд зэргээс харахад шүүгдэгч Б.Э 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 тоот гэрээнүүдээр халхавчилж, “Ариг” банканд хөрөнгө оруулалт хийх 20 тэрбум төгрөгийг “Монгол банканд шилжүүлбэл 60 хоногийн хугацаа алдах, төвөгтэй нөхцөл байдал үүснэ, миний хувийн дансанд шилжүүлбэл танил талаа ашиглаж хувьцааг богино хугацаанд шилжүүлж өгнө” гэж хэлсэн учир Ш.Б Б.Э-ын хувийн дансанд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Ариг” банкны 49 хувийн хувьцааг хохирогчид шилжүүлж өгнө гэж хуурч, 20 тэрбум төгрөгийг хувьдаа шилжүүлж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нэг шинж юм. Б.Э нь 2016 онд Ш.Бтай уулзахдаа өөрийгөө “Эрэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж ойлгуулсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас “Эрэл” ХХК Төлөөлөн удирдах зөвлөлгүй, даргагүй, гишүүдгүй болох нь тодорхой харагдах тул Б.Э нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон. “БҮК-1” төслийг хөндлөнгийн үнэлгээний байгууллага 42,6 тэрбумаар үнэлсэн бөгөөд 200 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй биш болж таарч байна. Гэтэл 200 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, гурван жилийн дотор оруулсан хөрөнгөө нөхнө гэх байдлаар хэлсэн нь залилах гэмт хэргийн үндсэн шинж мөн. 2013-2015 онд шүүгдэгч нарын зүгээс 105,3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан бөгөөд “БҮК-1” үйлдвэрийн  барилга болон зам, талбай, дулааны шугам, цэвэр бохир усны шугам, тоног төхөөрөмж, бүх бараа материалууд, төсөлд олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гүйцэтгүүлсэн ажлын үр дүнд бий болсон хөрөнгө, ирээдүйн орлого зэргийг барьцаалсан байгаа. Б.Э нь бизнесийнхээ нэр хүндийг ашиглаж хохирогчийг төөрөгдөлд оруулсан. “БҮК-1”-д тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхээр бол зайлшгүй мэдэгдэхээр зохицуулсан байтал Хөгжлийн банканд мэдэгдэхгүйгээр “БҮК-1”-д хөрөнгө оруулсан гэх байдлаар тайлбарладаг. “Эрэл” ХХК-ийн Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харвал итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Э.Ж, хувьцаа эзэмшигч нь Д.С нар байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь “Эрэл” ХХК-тай ямар ч хамааралгүй болж байна. Б.Э нь урьд бий болсон бизнесийнхээ нэр хүндийг ашиглаж хохирогчийг төөрөгдөлд оруулж, залилсан. 5 дугаар хавтаст хэргийн 33-34 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Э хохирогчийн хөрөнгө оруулсан 20 тэрбум төгрөгийг зөвхөн хувийн хэрэгцээнд зарцуулсан нь тогтоогдсон ба мөнгийг буцааж өгөх санаа зорилгогүй, шунахайн сэдэлтээр залилсныг харуулж байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх ёстой байтал шүүх шийдвэрээ танилцуулахдаа өөр үндэслэлүүд уншиж танилцуулж, бичгээр албажуулж гаргахдаа уншиж танилцуулснаасаа өөр үндэслэлүүд “бичих, танилцуулсан” үндэслэлүүдээ оруулахгүй орхигдуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцэхгүйгээс гадна хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүх магадлалаа танилцуулахдаа “...хэрэгт байгаа баримтаас үзэхэд яллах дүгнэлтэд буюу хэрэгт дурдагдаад байгаа 01, 02 тоот гэрээнээс харахад “Ариг” компани хохирогч Ш.Б-ы зүгээс 27,5 тэрбум төгрөг оруулахаас 18,719,500,000 төгрөгийг Ариг банкны дүрмийн санд оруулаад 2016 оны 12 дугаар сарын 28-нд тус банкны 39,54 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна. Үүнээс харахад энэ 01/01 гэрээний 2 дахь заалт биелэгдсэн байдал харагдаад байна” гэсэн боловч уг хэсгийг магадлалд бичилгүй орхигдуулсан байна. Мөн “...Гэтэл нөгөө талаас яллаж байгаа прокурорын яллах дүгнэлтээс үзэхэд дээрх гэрээнүүдийг байгуулахдаа шүүгдэгч Б.Э нь улсын бүртгэлийн “Эрэл” компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа байшин үйлдвэрлэх компани 1 үйлдвэрийн бүрдэл хэсэгт хамаарах барилгын обьектууд болох төв цехийн барилга, агуулахын барилга, конторын барилга гэх мэтчилэн яллах дүгнэлт үйлдсэн энэ барилгуудыг Монгол улсын хөгжлийн банкинд барьцаалагдсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан байхад энэ хамтран ажиллах гэрээг байгуулсан байдал нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бас агуулсан ийм байдал харагдаад байна. Гэвч прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ энэ хэрэг эрүүгийн ямар шинжтэй болох, иргэний эрх зүйгээс юугаар ялгаатай болох, шүүгдэгч бодит байдлыг яаж нуусан, ямар аргаар төөрөгдөлд оруулсан гэдэг талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, ойлгомжгүй учраас энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэсэн боловч уг хэсгийг магадлалд бичилгүй орхигдуулсан, иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байгаа гэрээний эрх зүйгээс дутуу үлдэгдэл болох 8,787,203,000 төгрөгийн үлдэгдэл нь залилан мэхлэх гэмт хэрэгт хамааралтай эсэх, залилсан эсэх эсхүл биелэгдээгүй гэрээний үүргийн дүн эсэх асуудал дээр шалгах хэрэгтэй” гэсэн боловч уг хэсгийг магадлалд бичилгүй орхигдуулсан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Э.Билгүүн хэлсэн саналдаа “Өмгөөлөгч Д.Баттулга, Д.Баасандорж нарын хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналыг дэмжиж байна. Тусгайлан гаргах саналгүй” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Б.Э, Ш.Б нарын хооронд ямар үйл ажиллагаа, үйлдэл явагдсан эсэхийг хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 тоот гэрээнүүдийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Харамсалтай нь анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад бүрэн, дүүрэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Зөвхөн гэм буруутайд тооцож болохуйц нотлох баримтуудад дүгнэлт хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалаар үндэслэлгүй болох нь нотлогдсон. Анхан шатны шүүхээс гэмт хэрэгт тооцож буй асуудал нь ил эсвэл далд үйлдэл эсэхийг сайтар анхаарах учиртай. Бодит байдлыг нуух замаар хэрхэн, яаж төөрөгдүүлсэн эсэхийг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй байна. Зөвхөн барьцаанд байсан гэх асуудал ярих ба барьцаалбар гэх зүйл бол бизнесийн үйл ажиллагаанд байнга тохиолддог. Хохирогчийн шилжүүлсэн 20 тэрбум төгрөгийн гүйлгээнд гэрээний дагуу шилжүүлсэн утга бий. Тэгэхээр хохирогч болон холбогдогч нарын хооронд үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа юм. Талууд эрх тэгш байдлын үндсэн дээр гэрээ байгуулж, миний үйлчлүүлэгчийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөл байдал харагддаг. Барьцаалбар гэдэг нь ямар нэгэн байдлаар байхгүй болж буй хөрөнгө биш. Үүнээс гадна энэ гэмт хэрэг нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг бөгөөд дээрх шинж миний үйлчлүүлэгч нарын үйлдэлд ямар байдлаар, яаж илэрч буй нь тодорхойгүй. Ердийн ухамсрын түвшинд нэг зүйлийг ойлгоход Ш.Бы шилжүүлсэн 20 тэрбум төгрөг, 53,7 тэрбум төгрөг болж өссөн байна. “БҮК-1” ХХК гэж огт байхгүй. Хэрэв компани байсан бол хөрөнгө шилжүүлэх бус хувьцааны эрх шилжүүлэх асуудал яригдах ёстой. Мөн Ш.Б-ы өгсөн мэдүүлгүүд туйлын тогтворгүй, байнга өөрчлөгддөг. Харамсалтай нь хохирогчийн мэдүүлгийг туйлын үнэн гэх байдлаар, хохирогчийн авч ирсэн гэрч нарын мэдүүлэг зэрэгт үндэслэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Гэрээгээр халхавчилсан, бодит байдлыг нуусан, итгэл төрүүлж залилсан гэмт хэргийн талаар Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолд тайлбарласан байдаг. Тус тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийг тайлбарласан хэдий ч хуульчид зөвхөн Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр тайлбарыг үндэслэж аливаа гэмт хэргийг тайлбарлах учиртай. Шийтгэх тогтоолд Улсын Дээд шүүхийн тайлбараас тодорхой хэмжээнд авсан мэт боловч тайлбарлахдаа эсрэгээр нь тайлбарласан байдаг. Хэрэв гэрээгээр халхавчилж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелэхгүй гэдгийг мэдсэн, биелүүлэхийг хүсээгүй санаа зорилго эхэлж үүссэн байхыг, шалгаж тогтоохыг шаардсан тодорхой зохицуулалт орсон байна. Хэн нь идэвхтэй үйлдэл хийсэн, субъектив санаа зорилго ямар байсан талаар холбогдогч Б.Э маш тогтвортой мэдүүлсэн. Шүүгдэгчийн мэдүүлэг дангаар нотлох баримтын үндэслэл болохгүй ч бусад баримттай харьцуулж үзэх зайлшгүй шаардлага байсан. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж байсан. Магадлалд заасан үндэслэлүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго байгаагүй учир тогтоогдох боломжгүй юм. Ш.Б анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо Б.Эад ховсдуулсан гэх зүйл ярьсан. Тийм учраас хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөж байна. Энэ тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх учиртай. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна, миний үйлчлүүлэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үнэн, зөвийг тогтоох эрмэлзэл бүхий мэт харагдах боловч нэгэнт шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийг шүүхийн санаачилгаар нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан нөхцөл байдал харагдаж байна. Энэ хэрэгт захиалгаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан буюу прокурор хэрэг үүсгэхээс татгалзсан байтал Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор санаатайгаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байдаг. Хэргийн нэгдүгээр хавтсаас эхлээд мөрдөгчийн авсан байцаалт, прокурорт гаргасан гомдол зэрэг нь нэг компьютероос бичигдсэн, хуулбарласан болох нь ойлгомжтой харагдах ба баримтууд туйлын эргэлзээтэй, мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Прокуророос шилжүүлсэн хэрэг нэгэнт нотлогдож тогтоогдоогүй болохыг давж заалдах шатны шүүх өөрсдөө дүгнэсэн учир цагаатгагдах ёстой. Шүүгдэгч нарыг хилсээр яллах гэж хуулийн байгууллагыг өөрийн арга хэрэгсэл болгож явсан учир прокурор, шүүх хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцон, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байсны улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй” гэж дүгнэсэн атлаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь ойлгомжгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхээс ямар нэгэн байдлаар цааргалсан үйлдэл болсон. Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байсны улмаас үүссэн гэрээний маргааныг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдвол залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхийг анхаарах нь зүйтэй. Б.Э нь Ш.Б-ы санаачлагаар түүнтэй өөрийн ажлын байранд уулзаж, харилцан тохиролцож 01/01 дугаартай гэрээг байгуулж, гэрээний зарим заалтуудыг талууд биелүүлж, зарим заалтыг нь биелүүлээгүйгээс өөр үйл баримт нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй бөгөөд хэн ч харсан энэхүү гэрээ нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан болох нь нэгэнт тодорхой байна. Мөн Б.Э, Д.С нарын үйлдэлд мөнгө угаах гэмт хэргийн шинж бий эсэхийг шалгахыг дурдсан. Энэ хэрэгт цаашид шалгах зүйл байхгүй. Учир нь Б.Э ажил дээрээ ажлаа хийгээд сууж байхад нь Ш.Б хөөцөлдсөөр байгаад ирж уулзсан бөгөөд улмаар “Ариг” банкны хувьцааг эзэмших талаар яриа яригдсан байдаг. Б.Э адилхан бизнес эрхэлж буйн хувьд “Байшин үйлдвэрлэх комбанит-1” нэртэй төслийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байгаа талаар Ш.Бд ярьсан бөгөөд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл уг гэрээг эрүүгийн гэмт хэрэг болгон шалгаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хамтран ажиллах 01/01 тоот гэрээнд хэн ч харсан “БҮК-1” үйлдвэр гэж бичигдсэн байтал мөрдөгч нь аж ахуй нэгж мэтээр итгүүлсэн гэх үг гаргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулж, хэлмэгдүүлж байна. Нэгэнт нотлогдоогүй хэрэг буюу Иргэний хууль болон бусад салбар хуулиар шийдвэрлэх асуудлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэж буй алдааг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчим миний үйлчлүүлэгч нарт нэгэн адил үйлчлэх ёстой. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Д.С-д холбогдох үйлдлийг дахин шалгуулахаар буцаасан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Миний үйлчлүүлэгч нарыг хилс хэрэг холбогдуулан 2-3 жил шалгаж, сэтгэл санаа, эд материал, нэр төрөөр хохироосон. Түүнчлэн шүүх хуралдаан болохоос өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гаргадаг үйл ажиллагааг хяналтын шатны шүүхээс таслан зогсоож, миний үйлчлүүлэгч нарыг цагаатгаж өгнө үү. Мөн үйлчлүүлэгч нарынхаа хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Э гаргасан гомдолдоо “... Б.Э надад холбогдуулсан хэргийг шалгахдаа мөрдөгч, прокурорууд 15 хавтас 4,000 гаруй хуудас материал цуглуулсан нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй тооцооны хуудас зэргээр олон хавтас болгож байгаа нь намайг хүнд гэмт хэрэгт зохиомлоор шийтгэх гэсэн явцуургүй оролдлого гэж үзэхээр байна. Миний бие Ш.Б-ьг хуурч, бодит байдлыг нууж, залилан мэхэлж эд хөрөнгийг нь авсан зүйл огт байхгүй. Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Улсын Их Хурлаас 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаартай “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай тогтоол гаргаж Засгийн газарт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Засгийн Газраас 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр “Барилгын материалын үйлдвэрийг дэмжих хөтөлбөр батлах тухай” тогтоол гарч хөтөлбөрийг баталсан тул барилгын салбарын шинэчлэл эхэлсэн. Энэ том ажлын хүрээнд “Эрэл” компанид 2013 онд Нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын урилга ирж “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийг шинэчлэх улмаар гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлэх” хүсэлт тавьж урьсан. Миний хувьд улс хөгжих эдийн засаг тогтвортой өсөх гол нөхцөл нь хүнд үйлдвэр, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж дотооддоо нэмүү өртөг шингээснээр төгрөг тогтвортой байх ажлын байр нэмэгдэх ёстой гэж бодож уг салбартай 31 жил шахуу ноцолдож байгаа нэгэн. Нийгэм эдийн засагт ач холбогдолтой, нийслэл хотын хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул нүүрлэсээр байгаа утаа, нүхэн жорлон, сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй нь нэгдсэн байдлаар шийдэх том зорилго өвөртлөн, замын саадыг тооцсон боловч (улс төр, эрх ашиг) “БҮК-1” төслийн шинэчлэлийг 2013 онд эхлүүлсэн. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжид “БҮК-1” үйлдвэрийн санхүүжилтийг хаанаас яаж гаргахыг нарийн тодорхой заасан бөгөөд “Эрэл” ХХК-иас 23,0 сая ам доллар, бусдыг олон улсын хөрөнгө оруулалтын банкуудаас төсөл хэрэгжүүлэн босгох чиглэлээр ажил маань эрчимтэй эхэлсэн.

Манай “Эрэл” ХХК-ийн хувьд 2013-2014 онд “БҮК-1” үйлдвэрт 23,0 сая ам долларын хөрөнгөө 100 хувь оруулсан, үйлдвэрийн барилгын ажил дуусах шатандаа явж байтал Засгийн Газрын 180 дугаар тогтоолын дагуу орж ирэх 23,0 сая ам доллараас 14,0 сая орж ирээд, үлдэх 9,0 сая ам доллар нь орж ирээгүйгээс ажил зогсонги байдалд орсон. Хөгжлийн банк үлдэх 9,0 сая ам долларын санхүүжилтийг олгох хоёр удаагийн Засгийн газар болон Хөгжлийн банкны шийдвэр гарсан боловч олгогдоогүй тул “БҮК-1” үйлдвэрт Хөгжлийн банкны дээрх санхүүжилт төгрөгөөр тооцвол 20,0 тэрбум төгрөгийн дутагдал үүссэн. Энэ үед Ш.Б над дээр ирж банкинд хөрөнгө оруулах санал тавьж, би хариу нөхцөл болзлыг “БҮК-1” үйлдвэрт оруул гэж хэлсэн, үүнийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулахаас өмнө Ш.Б нь “Эрэл” ХХК-ийн төслийн нэгж “БҮК-1” үйлдвэр нь Хөгжлийн банкнаас зээлтэй хөрөнгө барьцаанд байгаа хөрөнгийн хэмжээ зэргийг бүгдийг судалж байж, хамтран ажиллах гэрээгээр хөрөнгө оруулсан. Хөгжлийн банкны цахим мэдээлэлд 2013 оноос эхлэн “БҮК-1” төсөл санхүүжүүлж хэрэгжүүлж байгаа бүх мэдээлэл байдаг. Улс орон даяар мэддэг дээрх мэдээллийг надаас нуусан гэж Ш.Б мэдүүлж, түүнийг үндэслэж прокурор яллаж, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосонд ихэд гомдолтой байна. Хоёр талын компанийн эрх бүхий үүсгэн байгуулагчид харилцан хамтарсан гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээг хэн ч хүчингүй болгоогүй, хэн ч хүчингүй болгох боломжгүй. 01/01 тоот хамтран ажиллах гэрээ одоогоор хүчин төгөлдөр байгаа. 2013-2019 он хүртэлх хугацаанд “БҮК-1”-ийн хөрөнгө оруулалтад манай гэр бүлээс 28 тэрбум төгрөг, Ш.Баас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон бөгөөд “БҮК-1” ашиглалтад орсны дараа хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 268 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнээс үзэхэд Ш.Б-ы оруулсан 20 тэрбум төгрөг нь 54 тэрбум төгрөг болж өссөн гэсэн үг юм. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “БҮК-1” үйлдвэр ашиглатад орж, УИХ, ЗГ, Хөгжлийн банкны төлөөллүүд хүрэлцэн ирж нээлт хийв. Нээлтэд “Номин холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б нь өөрийн биеэр ирж “Бүхэл талаасаа хэрэгтэй гэдэг утгаараа бид нар бас энэ үйлдвэрт хөрөнгө оруулсан, 20 хувийг Номин групп хөрөнгө оруулж энэ үйлдвэр босолцсон” талаар МҮОНРТ-д өгсөн ярилцлага нь хэрэгт авагдсан.

Мөн 2018 оны 01 сарын 02 ны өдрийн 01/07 тоот “Номин холдинг” ХХК-ийн гэрээ дүгнэх албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ “БҮК-1” үйлдвэр маань иж бүрэн ашиглалтад орж, Гандангийн 140 айлын орон сууц, Тахилтад цэцэрлэг, Зайсанд 49 айлын орон сууц (таун, хаус) 75 хүүхдийн цэцэрлэг, Цайз захад 20 айлын орон сууцыг маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд маш хямд өртгөөр барьсан. Ш.Б надад залилуулсан юм бол тухайн үедээ 2016 онд гомдлоо гаргах байсан. Гэтэл 01/01 тоот Хамтран ажиллах гэрээний дагуу гэсэн утгаар 20,0 тэрбум төгрөгөө шилжүүлсэн нь гэрээг бүрэн дүүрэн зөвшөөрсөн гэсэн үг юм. Миний бие өр зээлэндээ баригдсан яахаа алдсан хүн биш. Харин Монгол улсын төр, засгийн даалгаврыг биелүүлж энэ том бүтээн байгуулалтыг босгосон атлаа хэлмэгдэж, хилс хэрэгт гүтгэгдэж, шоронд олон жил ял эдлэхэд хүрвэл энэ бүтээн байгуулалт сүйрэхэд хүрнэ гэдгийг анхааран үзэх ёстой гэж үзэж байна.

Эцсийн эцэст би Ш.Быг залилж хуурч хохироогоогүй. Харин Ш.Б анхнаасаа намайг залилж эрүүгийн хэрэгт гүтгэж эцэст нь миний “Ариг” банкинд эзэн сууж байна. Ш.Б хамтран ажиллах гэрээний дагуу 27,5 тэрбум төгрөг төлж байж “Ариг” банкны 49 хувийг эзэмшихээр тохиролцсон. Гэтэл тэр 18,719,500,00 төгрөг шилжүүлсэн учир Монгол банк түүнд “Ариг” банкны 39,54 хувийг эзэмшүүлсэн эрх олгоод үлдэгдэл мөнгийг төлөхийг шаардахад тэр одоо хүртэл төлөхгүй байна. Ш.Б нь “Ариг” банк болон “БҮК-1”-д оруулсан хөрөнгө оруулалтынхаа мөнгийг өөрөө сайн дураараа шилжүүлсэн. Тухайн үедээ “БҮК-1”-д хөрөнгө оруулаагүй юм бол “Ариг” банканд оруулах мөнгөө бүрэн төлөхгүй яасан юм бэ гэдэг асуудал ч гарч байна. Ш.Б миний “Ариг” банкийг хууль бусаар авахаар бусадтай хуйвалдан намайг 132 хоног хоригдож байхад Монгол банк, Бүрэн эрхэт төлөөлөгчидтэй хуйвалдан маш олон хууль бус шийдвэр гаргуулж намайг давхар давхар хохироолоо. Энэ хэрэгт цагдан хоригдсоноос шалтгаалж би “Ариг” банкны үйл ажиллагаанд оролцох эрхээ эдэлж чадахгүй маш их хохирсон. Ш.Б нь зальтай, өөрт ашигтай гэрээг хийж чаддаг, хийсэн гэрээгээ гэрээ биш гэж хэлж чаддаг ичгүүргүй нэгэн гэлтэй. Ш.Б манай “Ариг” банкны хувьцааг 2018.11.23 ны өдөр “Анд системс” ХХК-д 26,4 тэрбум төгрөгөөр худалдаж, мөнгөө бүрэн авчхаад “Ариг” банкны асуудал шалгагдаж байгаа гэж хэлээд “Анд системс” ХХК-ыг бас л хохироосоор байна.

Миний хэрэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасан, энэ хэрэгт хангалттай нотлох баримтыг цуглуулсан бөгөөд хэргийн бодит байдал тогтоогдсон гэж би үзэж байна. Мөн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгааг анхааран үзнэ үү. Ш.Б-ы “БҮК-1”-д оруулсан 20,0 тэрбум төгрөг зориулалтынхаа дагуу “БҮК-1”-д орж, тэр том үйлдвэр ашиглалтад орчхоод байхад намайг мөнгө угаасан гэж бодит байдлыг илт гуйвуулж үндэслэлгүй яллаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Э надад холбогдох хэсгийг болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох буюу намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.С гаргасан гомдолдоо “...Миний нөхөр Б.Э, иргэн Ш.Б нарын хооронд хийсэн гэрээний маргааныг Ш.Б-ы захиалгаар хуулийн байгууллагууд санаатайгаар эрүүгийн хэрэг болгож, хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан учраас давж заалдах шатны шүүхээс дүгнэсэнчлэн прокурор хэрэгт цуглуулсан гэх нотлох баримтдаа тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй болж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, улмаар яллах дүгнэлтдээ зүгээр л гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтууд, мэдүүлгүүдийг жагсаан бичиж, итгэл үнэмшил төрүүлсэн, бодит байдлыг нуусан, төөрөгдөлд оруулсан гэх мэт хуулийн хэллэгийг ашиглаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн мэт болгон бичиж, улмаар уг хэрэг гэгчид ямар ч гэм зэмгүй огт оролцоогүй Д.С намайг бүлэглэсэн болгон нэмж, хуулиар далайлган яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Ингээд Д.С миний гэм буруутай болох нь тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхээс цагаатгасан. Гэтэл давж заалдах шатны шүүх, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож илт гэмт хэргийн шинжгүй үйлдлийг дахин шалгуулахаар буцаасныг цаашид энэ асуудлыг мөн л эрүүгийн хэрэг хэмээн үзэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж биднийг хилсээр шалгах, хуулийн байгууллагын үүд сахиулж залхаах нөхцөл байдлыг бий болголоо гэж үзэж байна. Б.Э Ш.Б нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Эрүүгийн хуулиар зохицуулагдах харилцаа биш учраас цагдаа, прокурор, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж бидний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж, сэтгэл санаа, хувийн болон гэр бүлийн, бизнесийн нэр хүндийг нь санаатайгаар унагааж хохироосонд туйлын гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, Д.С надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Д.Отгонбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхээс Б.Эыг “Эрэл” ХХК-ийн барилгын хийц материал үйлдвэрлэх “Байшин үйлдвэрлэх комбанит-1” нэртэй төслийг бие даасан хуулийн этгээд мэтээр тайлбарлаж, итгэл үнэмшил үзүүлснээр залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж гэм буруутайд тооцсон. Ш.Б хохирогч мөн эсэхэд онцгой анхаарал хандуулахыг хүсье. “Эрэл” ХХК, “Номин холдинг” ХХК нар нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийг буруу тогтоосон. Хамтран ажиллах гэрээний дагуу “Эрэл” ХХК-ийн нэг салбар үйлдвэрт хөрөнгө оруулсан бол тухайн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах хэлбэр нь үйлдвэрийн санхүүгийн тайлан балансад бүртгэснээр биет бус эрхийг баталгаажуулдаг хэлбэрээр “Номин холдинг” ХХК-ийн бүртгэлийг хийж эрх баталгаажсан нь үйлдвэрийн 20 хувийг эзэмшүүлнэ гэж хуурч мэхэлсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй, шүүх илтэд гуйвуулсан нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. “Ариг” банкинд хөрөнгө оруулж хувьцааг эзэмших зорилгоор Ш.Баас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 20,006,375,060 төгрөгийг Б.Э нь өөрийн болон эхнэр Д.Стэй хамтран эзэмшдэг дансаар шилжүүлсэн гэх үйл баримтыг үнэлэхдээ шүүх хохирогч, түүнтэй сонирхол нэг, түүний дор ажилладаг н.А, н.Н нарын мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 16.1 дүгээр зүйлийн 14-т заасныг дагуу дангаар нотлох баримт болохгүй, гэм буруутайд шүүгдэгчийг тооцох үндэслэл болохгүй байхад дээрх мэдүүлгийг үндэслэл болгож гэм буруутай тооцсон нь хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтыг хэрэг ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.Эрэл” ХХК-ийн “БҮК-1” үйлдвэрт “Номин холдинг” ХХК-иас оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд 1 жилийн дараа бүрэн ашиглалтад оржээ. Тус үйлдвэрийн 20 хувийг санхүүгийн бүртгэлээр эзэмшил баталгаажжээ.Ариг” банкинд оруулах хөрөнгө оруулалт үе шаттайгаар дараагийн гэрээ байгуулагдаж эхний хөрөнгө оруулалт гэрээний дагуу орсон, “БҮК-1” үйлдвэрийн үнэлгээ, Хөгжлийн банкны барьцаа, зээлийн талаарх мэдээлэл ил байхад түүнийг Б.Э хэрхэн, яаж нуусан талаар тодорхой үйл баримтаар нотолж чадаагүй хэрнээ бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 20,006,375,060 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхээс уг гэмт хэрэг 2016 оны 11 дүгээр 29-ний өдөр үйлдэгдэж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төгссөн гэж дүгнэсэн. “Номин холдинг” ХХК гэрээ байгуулагдсан үеэс залилуулсан үзэж байгаа хэрнээ гэрээ байгуулснаас хойш 3 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргалгүй явсаар 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэнэт гомдол гаргасан нь эргэлзээ төрүүлж байгаа төдийгүй орон зай, цаг хугацаа, логик дарааллаар дүгнэлт өгвөл уг эрх зүйн маргаан иргэний эрх зүйн маргаан гэж тодорхойлогдохоор байна. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гэрээг бичгээр байгуулсан уг гэрээнд “Эрэл” ХХК-ийн дансанд хийнэ гэсэн тохиролцоо огт тусгагдаагүй ба тухайн үед хөрөнгө оруулалтын мөнгийг “Эрэл” ХХК-ийн харилцах дансаар хүлээн авах боломж байгаагүйг нотолсон баримтуудыг хэрэгт өгсөн байдаг. 2015 оноос эхлэн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын өглөгөөс үүдэн харилцах дансууд хаалттай байсан үүнийгээ ч Ш.Б-д хэлсэн байдаг. Тэрээр зөвшөөрч өөрийн хүсэл зоригоор “БҮК-1” хөрөнгө оруулалт 20,0 тэрбум төгрөгийг Б.Э-ын хувийн дансанд хийсэн байдаг, түүнийг мөнгө шилжүүлэхэд албадах, шахсан, итгэл төрүүлсэн гэх хууль бус үйлдэл хийсэн гэх баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Б.Э, хувьцаа эзэмшигч Д.С нарын дансанд орсон мөнгийг “БҮК-1” үйлдвэрийн ажиллагаанд зарцуулсан бөгөөд ингэхдээ Үйлдвэрийн захирал, “Эрэл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын дансаар шилжүүлэн “Эрэл” ХХК-д бэлэн орлогоор тушааж хэрэглэсэн байдаг. Тухайлбал 28,9 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч Д.С, Б.Э, Э.Ж, Э.Т нар хувиасаа, бусдаас компанид орж ирсэн орлого дамжуулан 2014 оноос 2020 оны хооронд оруулсан үйл баримтууд хэрэгт авагдсан баримтууд 15 дугаар хавтас хэрэгт авагдсан нягтлан бүртгэх анхан шатны баримтаар нотлогддог. Мөнгө угаах гэмт хэргийн үндсэн хууль зүйн ойлголт ухагдахуун нь “Номин холдинг” ХХК-иас шилжүүлж байгаа мөнгө хөрөнгө нь хууль бус эх үүсвэрээр орж ирсэн гэдгийг “Эрэл” ХХК мэдсэн хэрнээ хэрэглээнд оруулж захиран зарцуулсан байхыг ойлгохоор хуульчилсан байна. Гэтэл “Номин холдинг” ХХК-ийн мөнгөн хөрөнгө хууль ёсны гэж үзсэн тул уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Б.Э нь өөрийн дансанд орж ирсэн мөнгийг хугацаатай болон хугацаагүй дансанд байршуулсан үйл баримт мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Дээрх 311,850,104 төгрөг нь Д.С, Э.Ж, Э.Т нарын “БҮК-1” хөрөнгө оруулалт 20,0 тэрбум төгрөг орж ирэхээс өмнө хадгаламжтай байсан түүнийг барьцаалсан зээл авсан баримтуудаар хувийн хэрэгт хамааралгүй хадгаламжийн хүүгийн орлого гэдэг нь нотлогдсон. Иргэн бүр эрх зүйн этгээд өөрийн нэрээр эрх олж үүрэг хүлээн хариуцлага хүлээх этгээд гэтэл дээрх хүмүүсийн хадгаламжийн хүүгийн орлого олсон үйлдлийг Б.Эад халдааж яллаж, гэм буруутайд тооцож байгаа шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл хэтэрхий нэг талыг барьсан, нотлох баримтад тулгуурлаагүй, хийсвэр субъектив байдлаар дүгнэлт хийсэн нь тодорхой болжээ.

Мөн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж прокурор шүүхээс үзэж байгаа нь илтэд үндэслэлгүй байна. Залилан мэхлэх үндсэн гэмт хэрэг нотлогдохгүй тохиолдолд мөнгө угаах гэмт хэрэг дагаад хэрэгсэхгүй болохоор зүйлчлэл хийж байгаа нь мөнгө угаах гэмт хэргийн бие даасан бүрэлдэхүүнийг үгүйсгэж байна. Ш.Б хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр 3 удаа мэдүүлэг өгөхдөө “БҮК-1”-ийг бие даасан хуулийн этгээд гэж надад итгүүлж, хөрөнгө оруулсан гэх байдлаар тайлбарладаг. Гэтэл Б.Э-ыг яллагдагчаар татаж, өөрөө хохирогчоор тогтоогдсоны дараагаас “БҮК-1”-д огт хөрөнгө оруулаагүй, зөвхөн “Ариг” банканд хөрөнгө оруулсан гэх байдлаар гомдлын үндэслэл газар, тэнгэр шиг өөрчлөгдсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад бус хохирогчийн хийсвэр сэтгэхүйгээр өгсөн мэдүүлэгт үндэслэж шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй. Ш.Б өөрийн “Улаанбаатар импекс” ХХК-иар дамжуулан “Ариг” банкны хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшлийн эрхийг эдэлж байгаа үйл баримт хэрэгт хангалттай авагдсан бөгөөд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй маргаан байхгүй. Харин “Ариг” банканд хөрөнгө оруулсан гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотой иргэний маргаанууд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон бусад захиргааны шүүхүүдэд бий. Гэхдээ өнөөдрийн энэ хэрэгт огт холбогдолгүй байхад хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс “Ариг” банканд хөрөнгө оруулсан мэтээр тайлбарлаж буй нь хохирогч мэдүүлгээ тогтворгүй өгсөн шинжтэй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний хэлбэрийн шаардлагыг хангаагүй нь гэмт хэрэг гэж үзсэн. Гэтэл гэрээний эрх зүйн харилцааны дагуу 1 жилийн дараа “БҮК-1” үйлдвэр ашиглалтад орсон ба Ш.Б тус үйлдвэрийн 20 хувийн эзэмшдэг талаар тодорхой дурдсан байдаг. Хөгжлийн банкнаас 2013 онд стратегийн ач холбогдол бүхий тус төслийг эхлүүлэхдээ улс орон даяар зарлаж, гэрээ байгуулахаас өмнө буюу 2016 онд Авлигатай тэмцэх газар шалгасан, хэвлэл мэдээлэлд илэрхий байсан үйл баримт юм. Гэтэл Хөгжлийн банканд барьцаатай талаар нуун дарагдуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Залилан мэхлэх гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, бодит хохирол, хор уршиг шаарддаг. “БҮК-1” үйлдвэр нь 268 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн баримт хэрэгт бий. Хөгжлийн банкнаас “Эрэл” ХХК-д холбогдуулан 152 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 116 тэрбум төгрөгийн хөрөнгө үлдэх бөгөөд Ш.Бы оруулсан хөрөнгө 53,7 тэрбум болж өссөн байгаа. Өөрөөр хэлбэл бодит хохирол учраагүй, оруулсан хөрөнгө нь бодитоор байгаа. Гэрээний эрх зүйн харилцаанаас татгалзсан тухай иргэний шүүхийн маргаан гэнэт эрүүгийн хэрэг болж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдалд анхан шатны шүүхээс бодит хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Ш.Б хөрөнгө оруулалт хийснээ хүлээн зөвшөөрсөн. 1,59 хувийн хүүтэйгээр буцаан шаардсан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүхээс огт үнэлээгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгосонд туйлын гомдолтой байна. “Ариг” банктай холбоотой маргаан нь өнөөдрийн энэ хэрэгт огт хамааралгүй буюу зөвхөн хохирогчийн мэдүүлэг хамааралтай мэт харагдуулж байгааг анхаарах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлүүдийг тогтоосон үйл баримтууд хэрэгт хангалттай авагдсан. 2017 оны 3 дугаар улиралд “БҮК-1” компанийг байгуулах саналыг “Номин холдинг” ХХК-иас ирүүлсэн төсөл хэрэгт эх хувиараа байгаа. Хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э, Д.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Э болон хохирогч Ш.Б нарын хооронд “Ариг” банкны хувьцаа эзэмших, “Байшин үйлдвэрлэлийн комбинат-1” төсөлд хөрөнгө оруулалт хийх талаар гэрээ хийсэн үйл баримт тогтоогдсон боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч хохирогч нарын хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг тооцож, уг гэрээ биелэгдэх боломжтой байсан эсэх, гэрээгээр халхавчилж залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн эсэхийг нарийвчлан тогтоогоогүй байна. “Байшин үйлдвэрлэлийн комбинат-1” төсөлд одоо байгаа хөрөнгийн бодит үнэлгээг гаргаж, банкнаас авсан зээлийн хэдэн хувь орсон, “Эрэл” ХХК болон Б.Э-аас хэдэн хувийн хөрөнгө оруулалт хийсэн, “Байшин үйлдвэрлэлийн комбинат” нь ашиггүй ажиллах эсвэл, ажиллаж чадахгүй болсон нөхцөл байдал хэзээ үүссэн болохыг тодруулах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг ханаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс гомдолдоо Эрүүгийн хуулийн ямар зүйл, заалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн зөрчсөн талаар тодорхой, үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, шүүхийн шийдвэрийг няцаасан баримтыг дурдаагүй учир хүлээн авах боломжгүй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Э, Д.С нарыг бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, уг мөнгөн хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж ялласныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.С-н үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Б.Э-ын дээрх хоёр гэмт хэргийг үйлдсэн гэм буруу тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтуудад заасан хорих ялуудыг оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоожээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э, Д.С нарт холбогдох хэргийг нэмэлтээр мөрдөн шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э, хохирогч Ш.Б нарын хооронд байгуулагдсан “Ариг” банкинд  27,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 49 хувийг эзэмшихээр, мөн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшихээр харилцан тохиролцсон агуулга бүхий 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хамтран ажиллах” 01/01 тоот гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 01/02 тоот нэмэлт гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16/24 тоот гэрээний нөхцөлүүд бодитой хэрэгжиж биелсэн эсэх талаар  үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх хийж чадаагүй, зөвхөн үйлдэл, үр дагаврын шалтгаант холбоогоор хэргийн үйл баримтаас заримыг тасалж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж тайлбарласан байна.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, хохирогчийг хуурахдаа шүүгдэгчийн хэрэглэсэн арга, төөрөгдүүлсэн үйлдэл, нуусан бодит нөхцөл байдал, учруулсан хохирлыг гүйцэт тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн хэлэлцсэний улмаас  хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргаж чадаагүй талаар зөв дүгнэж бусдын эд хөрөнгийг бүлэглэн залилан авах, улмаар түүнийг угааж, хууль бус эх үүсвэрийг далдлах гэмт хэргүүдийн Эрүүгийн хуулиар тогтоосон шинжүүд шүүгдэгч нарын үйлдэлд буй эсэхийг прокурорын болон анхан шатны шүүхийн шатанд тал бүрээс нь нягт нямбай байдлаар хянан үзээгүй талаар тэмдэглэж нөхөн гүйцэтгүүлэхээр заасан нь үндэслэлтэй болжээ.

 

Харин дээрх ажиллагааг зөвхөн залилан мэхлэх болон мөнгө угаах гэмт хэргүүдийн хүрээнд явуулахаар давж заалдах шатны шүүх хязгаарлаж заасан нь шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагыг дутуу тусгасан, учир дутагдал бүхий шийдвэр болсон байна.

 

Шүүгдэгч нарын үйлдэлд дээрх хоёр гэмт хэргээс гадна Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргийн шинж буй эсэхийг анхааран үзэж,  хэргийг бүрэн гүйцэт мухарлан шалгах нь шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхүүд нэг мөр эцэслэн шийдвэрлэх нотлох баримтын үндэслэл болох юм.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө, түүний эрхийг гэмт этгээд хэрхэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар шилжүүлэн авч байгаа аргаас хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд, хэдэн зүйлээр шүүгдэгчийн үйлдэл зүйлчлэгдэнэ.

 

Хулгайлах гэмт хэргийн хувьд хүч хэрэглээгүй нууц, далд арга хэрэгждэг бол дээрэмдэх гэмт хэрэгт хохирогчид бие махбодын болон сэтгэл санаанд хүч хэрэглэснээр эд хөрөнгө нь гэмт этгээдэд шилжих ба залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө сайн дураар өгөх зэргээр хохирогчийн эд хөрөнгө түүнийг шамшигдуулах санаа, зорилготой зэрэгцэж гэмт этгээдэд шилждэг бол зарим тохиолдолд хохирогчийн эд хөрөнгө хууль, гэрээнд зааснаар гэмт этгээдэд түр шилжсэний дараа энэ санаа зорилго төрөх явдал бий.

 

Завших, ашиглах, үрэгдүүлэх гэмт хэргүүдэд шунахайгаар ашиглах сэдэлт ийнхүү хууль ёсоор эд хөрөнгө шилжсэний дараа үүсдэгээс гадна гэрээгээр халхавчлан залилах үед сэдэлт, үйлдлийн адил дараалал явагдана.

 

Эдгээр гэмт хэргүүдэд эд хөрөнгийг өөрт авах санаа гэмт этгээдэд бий болсноор гэмт хэрэг эхэлж ашигт байдлыг өөрт үзсэнээр төгс үйлдэгдэж дуусах ба бусдын эд хөрөнгийг өөрт авах эсвэл буцааж өгөхгүй санаа үүссэн цаг хугацаа нь ердийн залилах гэмт хэргийг завшихаас ялгахад ач холбогдол бүхий бол хуурч мэхлэх, төөрөгдүүлэх аргыг эд хөрөнгийг хууль ёсоор шилжүүлэн авсны дараа буцаан өгөхгүй, хариу төлбөрийг хийхгүй байхын тулд гэмт этгээд хэрэглэсэн эсэх нь гэрээгээр халхавчлан залилах болон завших гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхэд гол шалгуур болно.

 

Б.Э нь Ш.Б-аас долоон удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан 20,006,375,060 төгрөгийг гэр бүлийн гишүүдийнхээ дансанд 1,441 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, мөн 190 удаагийн гүйлгээгээр “төсөлд хөрөнгө оруулах болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан” гэх үйл ажиллагаанд бүрэлдэхүүнтэй эдийн засгийн шинжилгээ явуулж, хөрөнгийн дийлэнх хэсэг шилжих болсон шалтгаан, зориулалтыг тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий байна.

 

Б.Э-ын дээрх үйл ажиллагаанд нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдвэл  хохирогчийн эд хөрөнгийг зарцуулсан байдалд дүгнэлт өгч завших, ашиглах, үрэгдүүлэх гэмт хэргийн шинж бий эсэхийг анхааран үзэж, нотлох эсхүл няцаасны дараа хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дэмжсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим нь мөрдөгч, прокуророос хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг бүрдүүлсний эцэст хэргийг шүүхээр хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд эргэлзээ үүсвэл түүнд ашигтайгаар буюу гэмт хэргийн шинж нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах тухай зохицуулалт юм.

 

Гэтэл нотлох баримтын бүрдлийг эс хангаж, шаардлагатай бүх ажиллагааг хийлгүй мөрдөн байцаалтыг гүйцэт бус явуулсны улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгаа бол дээрх зарчмыг шүүх хэрэглэх учиргүй тул шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгах” агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, Д.С тэдгээрийн өмгөөлөгч Д.Отгонбат, Ж.Энхчулуун, Н.Цэцэгмаа, хохирогч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Баасандорж нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1489 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, Д.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Отгонбат, Ж.Энхчулуун, Н.Цэцэгмаа, хохирогч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Баасандорж нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Б.Э, Д.С нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Б.ЦОГТ

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН