Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2019/0440

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0327 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Үндэсний хөгжлийн газрын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0327 дугаар шийдвэрээр: ”Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4, 8.2, 8.2.3, 33 дугаар зүйлийн 33.11, Концессын тухай хуулийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.8, 6 дугаар зүйлийн 6.2.9, 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.7, Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5, 30.6 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Сангийн яам, Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамнаас 35100 төгрөг, Үндэсний хөгжлийн газраас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.

       Хариуцагч Үндэсний хөгжлийн газар давж заалдах гомдолдоо: “Концессын гэрээний 1.13.3, 1.13.6 дахь хэсгийг үнэлсэн шүүхийн шийдвэрийн тухайд дараах үндэслэлээр хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн.

       Концессын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулснаас хойш 5 сарын дотор Концесс эзэмшигч нь гэрээний 1.13 дахь хэсэгт заасан гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй байтал гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх 5 сарын хугацаанд буюу гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад Засгийн газрын одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх”-ыг Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгосныг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлсэн болно.

       “Б” ХХК нь гэрээний 1.6, 1.13 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, концессын гэрээний хугацаа гэрээний 1.12 дахь хэсэгт заасанчлан 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон,

       Гэтэл шүүх гэрээний үүргийг гүйцэтгэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгасан нь дээрх нөхцөл байдал, холбогдох хуулийн заалт, нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

       Нэхэмжлэгчийн “1.13.5 дахь заалтыг хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зураг төслийг шинэчлэн хийлгэж батлуулсан” гэсэн нь худал мэдүүлэг бөгөөд дээрх зураг төсвүүдийг боловсруулах ажилд “Б” ХХК нь ямар нэгэн оролцоогүй болно” гэдгийг мэдэгдсэн нь нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримтыг гаргахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна.

       Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсэгт буюу “Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих” төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Үндэсний хөгжлийн газрын давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

       Монгол Улсын Засгийн газар 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолдоо 2015 оны 306, 334 дүгээр тогтоолуудаар нэмэлт, өөрчлөлт оруулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих ажлыг концессын барих-шилжүүлэх төрлөөр, шууд гэрээ байгуулах замаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаар тогтоолоор дээрх төслийн концессын гэрээг “Б” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайдад даалгажээ.

       Тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар /төлөөлж Хөрөнгө оруулалтын газар/, “Б” ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих” төслийн барих-шилжүүлэх /ВТ/ Концессын гэрээ байгуулагджээ.

       Гэрээ хүчин төгөлдөр болох талаар талууд Концессын гэрээний 1.13-д “Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш /тав/ сарын хугацаанд дор дурдсан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болно” гэж тохиролцжээ.

       Нэхэмжлэгч “Б” ХХК тухайн урьдчилсан нөхцөлийг хангах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “И” ХХК-тай Төслийн санхүүжилтийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, төслийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ICBC” банкны санхүүжилтээр гүйцэтгэхээр тохиролцож, тухайн банкнаас “Монгол Улсын ХХБ болон нэр бүхий арилжааны банкнуудаас концессын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар улсын төсвөөсөө төлбөр төлөгдөхгүй нөхцөлд батлан даах төлбөрийн баталгаа гаргуулах” шаардлага тавигдсанаар нэхэмжлэгч холбогдох баталгаа гаргуулахаар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн гэрээ байгуулагч Хөрөнгө оруулалтын газар /Үндэсний хөгжлийн газар/ болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аж үйлдвэрийн сайд, Сангийн яам зэрэгт удаа дараа хандаж гэрээний 1.9-д заасан төлбөрийг төлөх баталгааг Концессын тухай болон Өрийн удирдлагын тухай хуулиуд, гэрээний холбогдох заалтуудын дагуу гаргуулахыг хүссэн боловч уг баталгааг гаргах талаар ямар нэг хариу өгөгдөөгүйгээс концессын гэрээний хэрэгжилт зогссон, улмаар гэрээний 1.13-д заасан хугацаа өнгөрсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

       Концессын жагсаалтыг батлахдаа төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэхийг тусгахаар Концессын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т заасныг үндэслэн Засгийн газар 2013 оны 317, 2015 оны 306, 334 дүгээр тогтоолыг батлан гаргахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих ажлыг гүйцэтгэхэд баталгаа гаргах “шаардлагагүй” гэж үзжээ.

       Эндээс харвал Засгийн газар болон бусад төрийн захиргааны байгууллагууд Засгийн газрын дээрх тогтоол болон Өрийн удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.11 дэх заалтыг зөрчин “Б” ХХК-д баталгаа гаргаж өгөх боломжгүй нь гэрээ байгуулагдах үеэс тодорхой байжээ.

       Нэхэмжлэгч хэдийгээр концессын гэрээний 2.4 “Концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл болон энэ гэрээнд заасан бусад нөхцөлийг хангуулах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авна”, 2.10 “Төслийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох зөвшөөрлүүд, газрын ашиглалт, татвар, хураамжийн хөнгөлөлт болон бусад дэмжлэг үзүүлэх салбарууд болох усны хэрэглээ, кабель холбоо гэх мэт асуудлаар Концессын тухай хуулийн 21.1.8, 30.1.3 дугаар зүйлд болон холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу дэмжлэгийг концесс эзэмшигчид үзүүлэх, эдгээртэй холбоотой Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдүүлэх талаар санал хүргүүлнэ”, 2.14 “Эрх бүхий этгээд Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад бүх зөвшөөрлүүдийг авахад баталгаа гаргаж Концесс эзэмшигчид бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ” гэх заалтуудын дагуу баталгаа гаргаж өгөх үүрэгтэй гэх боловч гэрээний эдгээр заалтууд нь Засгийн газрын дээрх тогтоолуудтай зөрчилдсөн буюу “баталгаа гаргах” үүргийг эрх бүхий этгээдэд хүлээлгэсэн агуулгагүй байна.

       Харин гэрээний 1.9 /Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган, холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2 /хоёр/ жилийн хугацаанд... нөхөж авна/ дэх заалтаас үзвэл нэхэмжлэгч төсвийн санхүүжилтийг Засгийн газраас үл хамааран өөрөө шийдвэрлэхээр тохиролцжээ.

       Эндээс төсөл хэрэгжих гол нөхцөлийн нэг болох төслийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байх буюу гэрээний 1.13.1-д заасан шаардлага хангагдаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

       Үүнээс гадна гэрээний 1.13-д заагдсан бусад нөхцөлийг нэхэмжлэгч бүрэн хангасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдоогүй байна.

       Тухайлбал, 1.13.5-д заагдсан төслийн зураг төслийг шинэчлэн батлуулсан байх нөхцөлийг нэхэмжлэгч хангасан, зураг төсөлд тусгах зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүд хийхээр саналаа хүргүүлсэн гэх боловч анхны зураг, төслөө өөрчлөн эрх бүхий байгууллагаар батлуулсан зураг хэрэгт авагдаагүй, тийнхүү шинэчлэн батлуулаагүй талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/07 дугаар албан бичигт тодорхой дурджээ.

       Мөн талууд 1.13 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулахаар гэрээний 1.14-д тохиролцсон бөгөөд энэ талаарх дүгнэлт гараагүй байна.

       Эдгээрээс дүгнэн үзэхэд Монгол Улсын Засгийн газар “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан Концессын гэрээ хүчин төгөлдөр болоогүйд дан ганц Засгийн газрыг буруутгах, ялангуяа “гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлээгүй” гэж үзэн, энэ талаарх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

       Концессын гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад Монгол Улсын Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолыг баталж, “концессын гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй гэрээний үйлчлэлийг зохих журмын дагуу зогсоох”-ыг Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгосноор хариуцагч төрийн захиргааны байгууллага гэрээнд заасан ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

       Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын зарим агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолоор Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, Үндэсний хөгжлийн газрыг байгуулсан нь хариуцагчийг буруутгах, улмаар нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. Гэтэл анхан шатны шүүх Хөрөнгө оруулалтын газрыг татан буугдаж, Үндэсний хөгжлийн газар байгуулагдсанаар дээр дурдсан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй, энэ нь гэрээнд заасан үүргээ хариуцагч Үндэсний хөгжлийн газар гүйцэтгээгүйтэй холбоотой агуулгаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь үндэслэлгүй.

       Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Үндэсний хөгжлийн газрын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0327 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт удирдлага болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “106.3, 106.3.4, 106.3.13 дахь” гэснийг “106.3.14 дэх” гэж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8, 10 дугаар зүйлийн 10.3.2, 21 дүгээр зүйлийн 21.1.7, Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.2.3, 33 дугаар зүйлийн 33.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих” төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Үндэсний хөгжлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний 2 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгах, Үндэсний хөгжлийн газрын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас концессын гэрээний хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь 1.9 дэх заалт зөрчигдсөн тул эргэн төлөлтийн хөрөнгө санхүүжилтийг 2019 оны төсвийн төсөлд тусгуулан зуруулахыг даалгах, өрийн баталгаа гаргахгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Монгол Улсын Засгийн газар болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны төв шугам, дулааны дэд станц, бохирын шугам барих” төслийн барих, шилжүүлэх концессын гэрээний хүрээнд өрийн баталгаа гаргаж, 2020 оны төсвийн жилийн төсөлд тусгуулах ажлыг Сангийн яаманд даалгах“ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Үндэсний хөгжлийн газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                          ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

                                          ШҮҮГЧ                                                     Э.ЗОРИГТБААТАР

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БАТБААТАР