Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/0179

 

 

 “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өлзийхутаг, Э.Сугар-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар магадлалтай, “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “*******” ХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхбат 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ховд аймгийн татварын хэлтсээс манай компанийн 2010-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт хийж 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 160010934 тоот актаар нийт 426,098,802.80 төгрөгийн төлбөр ногдуулсан. Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар тогтоолоор 70,084,536.80 төгрөгийн төлбөрийг хасч үлдэгдэл 356,014,266.00 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээсэн. Манай компани үлдэгдэл төлбөр болох 356,014,266.00 төгрөгийн төлбөр нь татварын хуулийг ноцтой зөрчиж, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг илт дордуулж байгаа тул Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Эрдэнэбаяр, Д.Баярзаяа, Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин, Ц.Баттөр нарын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 дугаар актыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Улсын Их Хурал 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус баталсан.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн 1.1-д “...энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, хуулийн 2.1-д “Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хуулийн дагуу албан татвар, …төлөхөөр, хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ”, хуулийн 5.1-д “...Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө...” 4.2-т “энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид “орлогоос бусад албан татвар ногдох зүйл” гэх/-нд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэжээ.

Дээрх хуулийн заалтын дагуу “*******” ХК нь 356,014,266.00 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлогыг эдийн засгийн ил тод байдлын тайлангаар тайлагнаж 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Татварын албанд мэдүүлэн тайлагнах ба Татварын алба хүлээн авч бар код олгох юм. Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “...хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ...”, гэжээ. Хуулийн 8 дугаар зүйлд хохирол нөхөн төлөх тухай заалт байна. Энэ заалтыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл буруу тайлбарлан, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, төсөөтэй хэрэглэж татварын улсын байцаагчийн актаас зөвхөн хүү, торгууль, алдангийг чөлөөлж байна.

Хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “...энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна...” гэжээ. Үүнээс хархад бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг нь энэ хуулийн 4.1, 4.2-т заасан этгээдэд хамааралтай бөгөөд 4.3-т заасан этгээд буюу захиргааны хариуцлага хүлээсэн этгээдэд хамаарахгүй байгаа тул тус актаар тогтоогдсон нөхөн татвар чөлөөлөгдөхөөр байна.

Иймд Ховд аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Р.Эрдэнэбаяр, Д.Баярзаяа, Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин, Ц.Баттөр нарын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 дугаар актаар тогтоосон 356,014,266.00 төгрөгийн төлбөрийг “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн дагуу чөлөөлүүлэхийг Ховд аймгийн Татварын хэлтэст даалгах, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Татварын улсын байцаагчийн 2014 оны 160010934 тоот актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулахыг Ховд аймгийн Татварын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтсийг төлөөлж тус газрын дарга Д.Зоригоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эдийн Засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулж, Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаартай тогтоолоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар “нуун дарагдуулсан”-д хамаарахгүй байгаа. Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй болно гэжээ.

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэг, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХК-ийн “Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 160010934 дугаар актаар тогтоосон 356,014,266 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх, татварын улсын байцаагчийн 160010934 дугаар актаар тогтоосон зөрчлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулахыг тус тус Ховд аймгийн Татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 205 дугаар магадлалаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 дүгээр актаар тогтоосон нийт 356.014.266 төгрөгийн төлбөрөөс 78.016.766.80 төгрөгийн торгууль, 71.713.357.40 төгрөгийн алдангийг хасч, нэхэмжлэгчийн төлөх төлбөрийн хэмжээг 206.284.141.90 төгрөгөөр тогтоож, татварын актаар тогтоосон нийт төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх, нөхөн татварыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өлзийхутаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар Татварын ерөнхий газрын дарга нь хяналт шалгалтын эрэмбэ, харьяаллыг тогтоож 2013 оны 2 сарын 06-ны өдөр 69 дүгээр тушаал, 2013 оны 7 сарын 24-ний өдөр дээрх тушаал өөрчлөлт оруулсан 552 дугаар тушаалыг тус тус гаргасан. Энэхүү тушаалын хавсралтад зааснаар “*******” ХК-ийн 3 жилийн /2010, 2011, 2012 он/ татварын тайланд хяналт шалгалт хийхээр маш тодорхой зааж өгсөн. Гэтэл үүнийг Ховд аймгийн Татварын хэлтэс зөрчиж 4 жил болгон 2013 оны тайланд хяналт шалгалт хийсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 47.6, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.1-д заасныг зөрчсөн болно.

2. Ховд аймгийн татварын хэлтэс нь 2014 оны 2 дугаар сард “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийг баталсан байдаг. Энэхүү удирдамжийн 3.1-д 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Үндэсний татварын ерөнхий газрын даргын 192 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийг удирдлага болгон хийхээр тусгасан. Ингээд хяналт шалгалтын ажил эхлүүлэх үед уг дүрэм нь хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам” батлагдаж мөрдөгдөж эхэлсэн. Үүнээс харахад Ховд аймгийн Татварын хэлтэс нь хүчингүй болсон дүрмээр хяналт шалгалтаа явуулсан, мөн шинээр батлагдсан журмыг удирдлага болгон хяналт шалгалтаа явуулах байтал удирдамжаа шинэчлэн батлаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл, татварын улсын байцаагчид хориглох зүйл буюу 30.1.1-д заасан татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд Ховд аймгийн Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хууль, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг ноцтой зөрчиж хяналт шалгалт явуулсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой нотлох баримтыг дутуу үнэлсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ биелүүлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн болох дараах үйл баримтаар нотлогдоно.

1. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “*******” ХК нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Ховд аймгийн Татварын хэлтэст 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр татварын тайланг шинэчлэн хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд Татварын хэлтэс нь хүлээн авсан байдаг. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хурал хийх үед энэ тухай нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлсэн байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байна. Өөрөөр хэлбэл Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх “*******” ХК-ийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Татварын хэлтэст хүргүүлсэн тайланг хэрхэн шийдвэрлэж хүлээн авах, түүнтэй холбоотой баримтыг шаардан авах үүргээ биелүүлээгүй байна.

2. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 04/15-294 тоот албан бичгээр 2010-2013 оны нийт 46 дэвтэр нотлох баримт хүргүүлсэн байтал уг баримтууд хавтаст хэрэгт авагдаж нотлох баримт шинжлэн судлах үед хэлэлцүүлээгүй. Давж заалдах шатны шүүхэд хэрэг шилжүүлэн ирэхэд байхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн ноцтой алдаа болно. Дээрх 46 дэвтэр бүхий баримтад Татварын улсын байцаагчийн 160010934 тоот актад дурдаад буй “Аврасиа” ХХК болон “Далайдорж” ХХК-тай холбоотой худалдан авалт хийсэн анхан шатны баримтууд байсан бөгөөд энэ нь татварын байцаагчийн актын тодорхой хэсгийг үгүйсгэх нотлох баримт болно.

3. Мөн хэргийн 87, 88 дугаар хуудаст байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг цахим тайлангийн системд бүртгэж хүлээж авсан тухай баримтыг холбогдох байгууллагаас шаардлага хангуулан гаргаж аваагүй. “*******” ХК нь хуулийн дагуу “Аврасиа” ХХК болон “Далайдорж” ХХК-иас хүлээн авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайлагнах үед татварын байгууллага хүлээн авсан байдаг. Гэтэл татварын байцаагч нь хуурамч падааны асуудал гарган ирж нөхөн татвар ногдуулж буйг уг үйл баримтаар үгүйсгэх байсан болно.

4. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 252 дугаар дүгнэлтэд нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар Цагдаагийн байгууллага “Аврасиа” ХХК, “Далайдорж” ХХК-ийг шалгаж байгаа дурдаад нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг мөрдөн байцаалтын журмаар тогтоох ёстой гэсэн дүгнэлт байгааг харгалзан үзээгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан хэлэлцсэн шүүх үүний талаар тодруулж “Аврасиа” ХХК, “Далайдорж” ХХК-д холбогдох хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн тухай нотлох баримт гаргуулж авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байсан.

Дээрх бүх нөхцөл байдал, үйл баримтаас харахад татварын хяналт шалгалт нь эхнээсээ хууль тогтоомж зөрчсөн, шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил гаргасан, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Ховд аймгийн Татварын хэлтэс нь “Алтайн” зам ХК-ийн шинэчлэн гаргасан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай нотлох баримтыг хэрэг авалгүйгээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх хянан тогтоогүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг бий болгож байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье гэжээ.

Хянавал:

Ховд аймгийн Татварын хэлтсийн Р.Эрдэнэбаяр нарын 5 улсын байцаагч “*******” ХК-ийн 2010 оны 1 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 дугаар актаар “...бусдад олгосон орлогоос хувь хүний орлогын албан татвар суутган тооцоогүй; баримтгүй зардлыг хасч, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан; хувь хүний орлогын, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн, мөн нэмэгдсэн өртгийн албан татваруудыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй; усны нөөц ашигласны төлбөрийг ногдуулж төлөөгүй; “Далайдорж”, ”Аврасиа” зэрэг компаниудаас авсан нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падааныг ашиглан төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан; бараа, үйлчилгээнд төлсөн хасагдах ёсгүй нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон” гэх 8 төрлийн 2,928,950,201.0 төгрөгийн дүн бүхий зөрчил тогтоон нийт 426,098,802.8 төгрөгийн төлбөр ногдуулсаныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар тогтоолоор “баримтаар тогтоогдоогүй болон зөрчилд тооцох үндэслэлгүй байсан” гэж 425,857,468.0 төгрөгийн зөрчил, үүнд холбогдох 70,084,536.80 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, актаар тогтоосон зөрчлийн дүнг 2,503,092,733.0 төгрөг болгон бууруулж, 356,014,266.0 төгрөгийн төлбөр ногдуулахаар өөрчилжээ.

Нэхэмжлэгч “*******” ХК нь “...татварын хуулийг ноцтой зөрчиж, татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашгийг илт дордуулсан” гэж маргаж, татварын улсын байцаагчийн 160010934 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...356,014,266.0 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлогыг эдийн засгийн ил тод байдлын тайлангаар тайлагнасан” гэдэг үндэслэлээр уг төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу гаргахыг хариуцагчид даалгуулах гэж өөрчилжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын; суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын; нэмэгдсэн өртгийн албан татварын; аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг тус тус “эдийн засгийн ил тод байдал” гэсэн тэмдэглээ бүхий тусгай маягтын дагуу шинээр гаргаж 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Татварын хэлтэст тайлагнасан, тайланг хүлээн авч бүртгэх, мэдээллийн санд оруулах чиг үүрэг бүхий ажилтан хүлээн авч, бүртгэсэн нь тогтоогдсон байна.

Монгол Улсын Их хурал 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр баталж, мөн өдрөөс дагаж мөрдсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон, 6 дугаар зүйлийн 6.4-т “энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор хууль хэрэгжүүлэх журмыг баталж, мөрдүүлжээ.

Журмын 2 дугаар зүйлд уг журамд хэрэглэгдсэн “нуун дарагдуулсан” гэх нэр томьёог хэрхэн ойлгохыг тайлбарласнаар ил тод болгон мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах “нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаа” нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй, харин татвар төлөгч сайн дурын үндсэн дээр үнэн зөв, шударгаар, ил тод болгон мэдүүлэхийг хэлсэн байна.

Иймээс татварын хяналт, шалгалтаар 2014 онд илрүүлж, тогтоосон зөрчлийг “нуун дарагдуулсан татвар ногдох орлогоо ил тод болгон сайн дураар шинээр тайлагнасан” гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамааруулах хууль зүйн боломжгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу “чөлөөлүүлэх” захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхүүд маргааныг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.3-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэсэнтэй нийцсэн, нэхэмжлэгч шаардлагаа өөрчилснөөр нэхэмжлэлийн агуулга нь мөн өөрчлөгдсөн учир “татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 160010934 дүгээр актын хууль зүйн үндэслэлийг хянаж, актыг “хүчингүй болгох эсвэл хэвээр үлдээх” шийдвэр гаргах боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хяналт, шалгалтын үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хяналт шалгалт явуулсан, акттай холбоотой нотлох баримтыг дутуу үнэлсэн” гэх хяналтын гомдлыг хүлээн авч, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин давж заалдах шатны шүүх, нөхөн төлүүлэх татварын дүнд ногдуулсан торгууль, алдангийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан зохицуулалтад нийцүүлэн “өршөөн хэлтрүүлэх”, энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “даалгах” шийдвэр гаргах байтал актаар тогтоогдсон төлбөрөөс шууд хасч нэхэмжлэлийн шаадлагаас хальж шийдвэрлэсэн нь буруу тул магадлалын энэ хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 дүгээр актаар тогтоосон нийт 356.014.266 төгрөгийн төлбөрөөс 78.016.766.80 төгрөгийн торгууль, 71.713.357.40 төгрөгийн алдангийг хасч, нэхэмжлэгчийн төлөх төлбөрийн хэмжээг 206.284.141.90 төгрөгөөр тогтоож...” гэснийг “2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 дүгээр актаар ногдуулсан 78,016,766.80 төгрөгийн торгууль, 71,713,357.40 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлэх шийдвэр гаргахыг Ховд аймгийн Татварын хэлтэст даалгаж” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ