Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 95

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ядмаа хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч /хохирогч/ Х.Н-

шүүгдэгч /хохирогч/ М.М-

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Х.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805046471166 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 1-нд Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Н-” ХХК-д ажилладаг, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 53 Б дугаар байрны 30000 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Боржигон овогт Х-ын Н-

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Н-” ажилладаг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 58-6 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 3; эх, эмээгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 54 А дугаар байрны 000 тоотод түр оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Ц- овогт М-ын М-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Х.Н-, М.М- нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 54 Г байрны авто зогсоолд өөр хоорондоо маргалдан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ Х.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Мөнх-Эрдэний биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Прокуророос яллаж байгаа ялын санал дээр маргах зүйлгүй. Харин торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү.

Би энэ хэргийн хохирогчийн хувьд мэдүүлэхэд тухай шөнө 02 цагийн үед хүнээр машинаа жолоодуулаад гражаа гадна хүргүүлж ирээд, өөрөө машинаа оруулж байх явцад сэжиг бүхий согтуу хүн граж дотор явж байсан. Гэхдээ би Мөнх-Эрдэнийг буруу ойлгосон байна лээ. Тэгээд бид хоёр хоорондоо барилцаж, түлхэлцээд, би эхэлж Мөнх-Эрдэнийг цохьсон нь үнэн. Зодоон болох явцад гражийн харуул орж ирж бид хоёрыг салгаад, дараа нь манай эхнэр болон Мөнх-Эрдэний эгч нь орж ирсэн.

Хэн аль нь согтуу байсан, хоорондоо үл ойлголцсоноос ийм асуудал болсонд маш их харамсаж байна. М-д гомдол санал байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрсэн байгаа гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ М.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүгдэгчийн хувьд надад мэдүүлэх зүйл байхгүй, мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр мэдүүлсэн. Зодоон гарах шалтгаан нь хэн хэн нь согтуу байсан, хувийн таарамжгүй харьцаанаас болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна.

Хохирогч гэдгээр мэдүүлэхэд 2018 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө би найзуудтайгаа архи ууж байгаад ирсэн. Тэгээд маргааш нь өглөө эрт ажилтай байсан болохоор машинаасаа цүнхтэй хувцсаа авахаар граж руу ортол энэ маргаан эхэлсэн. Н- ах намайг буруу ойлгосон юм шиг байна лээ. Ингээд Нараа ах эхлээд намайг цохьсон. Би эвтэйхэн салах гэтэл намайг дахиад цохихоор нь би зөрүүлээд цохихдоо эрчиндээ газар унасан. Газар унасан байхад Н- ах намайг хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Удалгүй Н- ахын эхнэр нь, бас манай эгч ирсэн. Мөн дуудлагын цагдаа ирсэн.

Одоо Н-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал алга. Бид хоёр харилцан ярилцаад эвлэрсэн байгаа.

Прокурорын санал болгож байгаа торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.   

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

Х-ын Н- “… 2018 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад би гэртээ өөрийн 48-88 УНУ Lexus 470 маркийн машинаа гэртээ дуудлагын жолоочоор хүргүүлээд машин тавьж, 54 в байрны доод талын граш руу оруулсан. Намайг граш руу орох үед юүдэнтэй малгайтай залуу Harrier маркийн машин руу гүйгээд явахаар нь би яасан чи гарах гэж байгаа юм уу гэж асуухад тэр залуу нилээд согтуу байсан, тэгэхээр нь би тэр залууд миний дүү чи ийм согтуу байж яах гэсэн юм бэ болдоггүй юм хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу би гарна гээд би гарна чамд ямар хамаатай юм бэ пизда гэхээр нь би хэрэг хэрэггүй чи хүн амьтан дайрна байг гэхэд чи машинаа эвдэнэ гэж хэлээд надад машиныхаа түлхүүрийг өгчих гэж хэлсэн. Тэр залуу өмнө нь 2-3 удаа машин согтуу бариад байрны багана мөргөж байсан ба мөн дахиад согтуу машин бариад явах гэхэд нь байрны харуулууд машиных нь копудыг сөхөөд акумляторыг нь тайлж аваад машиныг нь гараагүй асуудал гарч байсныг би мэдэж байсан учир согтуу машинтай нь гаргаад яахав гээд би гаргахгүй ахын дүү гэж хэлсэн. Тэр үед нөгөө залуу би одоо гарахаа болилоо гэж хэлсэн тэгэхээр нь би машиныхаа түлхүүрийг өгчих эсвэл чи харуулд өгчих гэсэн чинь өгөхгүй байсан тэгэхээр нь би машины түлхүүрийг авах гэж байгаад тэр залуутай ноцолдож улмаар уг залуу миний зүүн гартаа зүүсэн байсан миний цаг мултараад газар унаад нүүр нь хагарсан, өмсөж явсан  цамцны суга ар талыг нь урчихлаар нь би уурлаад чи одоо ямар сонин бацаан бэ гээд цагаа хайж олоод байрны харуул Сүхээг дуудсан байсан тэр харуул граш руу ороод ирсэн. Харуул бид хоёр машины түлхүүр авах гээд дийлэхгүй ноцолдож байтал нөгөө залуу миний нүүр рүү гараараа 2 удаа цохьсон. Тэр үед уруул дотор талдаа задарсан. Тэгээд тэр залууг чи одоо яасан сонин залуу вэ гээд барьж аваад угзарч татсан чинь газар унасан. Дээр нь дарж хэвтүүлж босгохгүй байсан чинь намайг цохихоор нь би тэр залуугийн хацар руу 2-3 удаа алгадсан. Би дээрээс нь дараад харуулыг аль байрных юм бэ гэр орноос нь хүн дууд гэж явуулсан. Гэтэл нөгөө залуу орилж хашгираад байхаар нь дээрээс нь дарж байгаад 102 руу өөрийн 91919809 дугаарын утсаар залгаж дуудлага өгч цагдаа дуудсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн өдөр 100 грамм пиво уусан байсан. Айхтар согтуу биш байсан ба машинаа дуудлагын жолооч дуудаж бариулаад граш руу оруулж байрлуулах гэж явж байсан. Миний хувьд айхтар их сотгуу байгаагүй ба болсон явдлыг бүгдийг мэдэж байгаа. Харин нөгөө залуугийн хувьд бол их согтуу хөл дээрээ гуйвж байсан. Тэр залууг татах үед хөл дээрээ тогтож чадахгүй газар унаад байсан. Би тэр залууг согтуу байхаар нь машинтай гараад хэрэггүй асуудалд ордог юм ахын дүү чи надад баярлана чи больчих гэж хэлтэл чамд хамагаүй гэж өөдөөс маргалдаад сүүлдээ би түлхүүрийг нь авъя эсвэл харуулд өгчих гээд машины түлхүүрийг нь авах гэхэд эсэргүүцэж ноцолдоод миний бугуйн цагны оосор таслаад, цамц урчихлаар нь би чи тэгэх юм бол өөрөө асуудлаа ганцаараа шийд гээд машины хаалгыг түлхээд 2 машины дундуур гарах гэхэд хаалгаа эргүүлж түлхээд намайг цохиод авахаар нь би уурлаад чи цаг тасаллаа, цамц урлаа чи одоо ямар сонин нөхөр вэ гэж уурлаад би тохойгоороо тэр залуугийн мөр орчим руу нударсан тэгээд бугуйн цагаа янзлах гээд оролдож байтал миний нүүр лүү гараараа цохьсон тэр үед миний уруул язарч цус гарсан , тэгэхээр нь би тэр залууг татах үед газар унахаар нь дээрээс нь дараад эсэргүүцээд намайг гэхээр нь би хацар луу нь 2-3 удаа алгадсан.Түүнээс би тэр залууг огт танихгүй, өмнө нь бид хоёр ямар нэгэн байдлаар маргалдаж хэрэлдэж байгаагүй, бид хоёрын дунд өш хонзон өр авлага байхгүй.Тэр өдөр анх удаа таарч маргалдаж зодолдсон. Намайг тэр залуутай маргалдаж хэрэлдэж, тэр залуу эсэргүүцэх энэ үйл явдлыг Сүхээ гэх байрны харуул хараад зогсож байсан. Сүхээ нөгөө залууг боль ахын дүү чи зүгээр бай гээд хажууд хараад зогсоод байсан. Сүүлд нь цагдаа ирсний дараа тэр залуугийн эгч нь гэх эмэгтэй гарч ирээд түрүүн харин согтуу орж ирээд гараад явсан гэж хэлж байсан. Пример тайлер гэх хувцас захиалгын газарт захиалгаар 2018 оны 4 сард 250.000 төгрөгөөр хийлгэж байсан уг цамцны суга урагдсан, тохой урагдсан, 2017 оны 03 сарын 18 ний өдөр цэргийн баяраар Сингапур улсаас 485.000 төгрөгөөр захиалж авчруулж байсан. Тэр цаг нь тухайн үедээ цагны нүүр нь хагарсан, оосор нь тасарсан дотор талын схем нь байхгүй байсан учир тухайн үедээ би гэмтлийн эмнэлэг рүү явж байх үедээ хүнд санаа тавьж байгаад зодуулсанд уур хүрээд би хаячихсан одоо надад байхгүй. Миний хувьд би уг залууд санаа тавиад согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ машин барихгүй байх талаар санаа тавьсан гэтэл уг залуу намайг цохьчихоод огт уучлалт гуйхгүй, эр хүн шиг уулзаж чадаагүй ба нэг удаа би байрны граш доор таараад чи яах гэж ингэж байгаа юм бэ хэрэв чи надтай уулзсан бол би чамайг уучилж юу ч ярихгүй байлаа гэж хэлсэн.Уг залуу өөрөө алдаагаа ухамсарлаж байвал тэр залуугийн ажил амьдралд гай болоод яахав гэж бодож байна” /хх-н 12-15/ гэж,

М-ын М- “… 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр найз нартайгаа гадуур явж байгаад би эгч Оюунсүрэнгийн гэрийн доор байрлах грашид өөрийн эзэмшилийн 53-97УНО улсын дугаартай машинаа тавьсан байсан учир гэртээ орох үедээ маргааш өглөө өмсөх хувцасаа авах гээд машиныхаа хаалгыг онгойлгоод зогсож байтал нэг танихгүй залуу миний машины урд талд машинаа тавиад өрөө машинаасаа согтуу бууж ирээд хүний машинаас хулгай хийгээд байна уу чи хэн бэ юу вэ гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би өөрийнхөө машинаас хувцсаа авч байна гээд бид нар маргалдсан. Тэгтэл маргалдаад өөд өөдөөсөө хараад зогсож байтал нүүр рүү гараараа тохойгоороо цохьсон. Би салах гээд эвээр салах гээд больчих гэхэд намайг дахин нүүр лүү гараараа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд уг залуугийн нүүр лүү 1 удаа гараараа цохьсон. Би тэр залууг цохих үедээ өөрөө эрчиндээ унасан тэгтэл тэр залуу намайг булан уруу чирээд унасан байсан чигээр дээрээ татаж буланд аваачаад дээрээс нүүр нүдгүй өшиглөж зодсон. Тэгээд намайг газраас босгож ирээд чи ахыгаа яаж байгаа юм бэ согтуу машин барих гэхээр нь би боль гэж хэлсэн тэгтэл чи намайг цохьсон гэж хэлсэн тэгэхээр нь би үгүй шдээ та намайг зүгээр машин дотроос юм авах гэхэд намайг хэл амаар доромжлоод байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл чи муу байцаан юу гээд байгаан чамайг бол яаж ч чадна гээд маргалдсан. Тэгээд өөрөө эхнэрээ утсаараа дуудаад, цагдаа бас дуудсан. Манай эгч бас гарч ирсэн. Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Би 2 найз нартайгаа 0.75 граммтай Соёрхол хувааж уусан мөн нэмж 0.45 граммтай Нийслэл пиво уусан байсан юмаа.Намайг машинаасаа хувцасаа авах гээд хаалгыг нь онгойлгоод зогсож байхад ирээд чи хүний машин ухаад хулгай хийж байна уу гээд хэл амаар доромжлоод түүнээс болж маргалдсан. Бид хоёрын дунд өөр маргалдах шалтгаан байхгүй. Надад нэхэмжлэх зүйл алга байна. Гомдол санал алга байна” /хх-н 19-20/

 

гэрч Пүрэвсүрэнгийн Оюунсүрэн “…2018 оны 09 дүгээр сарын 04-ний үүрээр 03 цаг 40 минутын орчим 91999806 дугаарын утсаар эмэгтэй хүн залгаад та Мөнх-эрдэнийн эгч үү граш руу буугаад ир гэж хэлсэн. Би буугаад очтол 2 цагдаа болон нэг согтуу залуу болон манай дүү М- мөн нэг эмэгтэй хүн байсан. Цагдаа нар нь бид нар дуудлагаар ирсэн энэ хоёр хүн согтуу байна эсвэл 2 гэрийн хүмүүс нь байгаа юм чинь өглөө учраа олох уу гэхээр нь тэгье гээд салсан. Мөнх-Эрдэний гэр Налайхад байдаг учир манай гэрт надтай хамт амьдардаг юм. Тухайн үед дүү Мөнх-Эрдэний утас цүнх нь байхгүй байхаар нь би граш руу буугаад дүүгийн машин руу ортол машинаас цүнхийг нь аваад харуул дээр очоод бичлэгийг нь үзэх гэтэл харуул бичлэгийг ухрааж гаргаж чадахгүй гэсэн тэгээд байж байтал нөгөө согтуу залуу ирээд би гэмтлийн эмнэлэг явлаа би маргааш өглөө нь тэс өөр зүйл ярьж чадах хүн шүү гээд надтай маргалдах гэхээр нь би чи эрүүл болоод ярь гээд тоохгүй орхисон. Тэгаэд бичлэг дээр хартал уг зодсон гэх залуу машинтай орж ирээд манай дүү машиныхаа хойд хаалгыг онгойпгоод ухаад зогсож байхад нөгөө залуу буугаад очоод юм яриад байсан тэгээд юм ярьж байгаад нөгөө залуу нь манай дүүгийн нүүр  рүү цохиж байгааг би хараад өргөдлөө гаргаж өг гээд өгсөн. Ер нь бичлэг дээр нь байдал тодорхой харагдана. Тэгээд шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Манай дүү М- нь эмээ өвөө дээрээ өссөн , бага насандаа урлаг уран сайхан, сагс тоголдог. Дуулдаг хөгшин хүмүүс өсгөсөн учир ааш зан сайтай, сэргэлэн хүүхэд. Урьд нь янз бүрийн хэрэгт холбогдсон болон зодооны асуудалд холбогдож байгаагүй. Мөнх- Эрдэнэ 10 дугаар анги төгстөлөө урлаг уран сайханаар явж байгаад ХААИС-д ороод өөрийнх нь сонирходог мэргэжил биш гээд өөрийнхөө хүсэлтээр өвөөгийнхөө нутагт цэргийн алба хаасан. Тэгээд ажил сургууль гээд их л завгүй явдаг. Архи дарс уудаг зүйл байхгүй тухайн өдөр М- ажлынхаа нэг хүн ажлаас гарсан, нэг нь сургуульд явж байгаа гэж орой үдэлт хийнэ гэж өдөр нь ярихаар нь би чи машинаа аваачиж тавиад яваарай гэж хэлсэн тэгтэл тэр орой нь М- машинаа зогсоол дээр аваачиж тавиад өөрөө явсан байсан. Намайг шөнө гэрээс гарч ирэх үед айхтар согтсон зүйл байгаагүй байсан. Харин нөгөө залуу ч мөн адил согтолттой байсан боловч айхтар ухаанаа алдсан согтолттой бол байгаагүй. Надад уг нь уг залуу танай дүү машин бариад явах гэхээр нь би миний дүү хэрэггүй гэж хэлтэл намаг зодчихлоо гэж хэлсэн тэгтэл бичлэгийг нь хартал уг залуу машинаа машиных нь урд тавиад өөрөө очиж яриа өдөж яриад тэгээд машиныхаа урд гаргаж ирээд зодолдож байгаа бичлэг байгаа. Уг бичлэг дээр болсон зүйл их тодорхой харагдана” гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн нэр бүхий хохирогчдийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

“... Н-ын биед тархи доргилт, доод уруулын няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 1080 тоот /хх-н 23/ дүгнэлт,

... Мөнх-Эрдэний биед баруун чихний дэлбэнд шарх, баруун, зүүн нүдний алим, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 11038 тоот /хх-н 26/ дүгнэлт тус тус гарсан байна.

 

Дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгч Х.Н-, М.М- нарын гэм буруутай болохыг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х.Н-, М.М- нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Н-, М.М- нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хэмжээг шүүх ялгамжтайгаар тогтоосон болно.

 

Шүүгдэгч Х.Н-, М.М- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй буюу өөр хоорондоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар тооцоогүй боловч прокуророос хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Х.Н-, М.М- нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Ц- овогт М-ын Мөнх-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд

 

Боржигон овогт Х-ын Н-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар

Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Х.Н-, М.М- нар торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Х.Н-, М.М- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар тооцоогүй боловч прокуророос хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Н-, М.М- нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ