Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00568

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00568

 

 

 

Я.Э...н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/00570 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Я.Э... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,

Хариуцагч: Ч.... дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох,

Гэм хорын хохиролд 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Э...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л..., Л.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо ... дугаар байрны хойд талд байрлах газрыг 1998 оноос эхлэн автомашины гаражийн зориулалтаар эзэмшиж байсан. Тус автомашины гаражийн газрыг 2002 онд Улаанбаатар хотын архитектор баталж, кадастрын зурагт тусгаснаар эзэмшиж эхэлсэн бөгөөд тухайн газрыг эзэмшихээр Чингэлтэй дүүргийн газрын албанд удаа дараа хандсан боловч миний хүсэлтийг шийдвэрлээгүй юм.

1.2. Нийслэлийн Засаг дарга Д.С... нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр А/388 тоот захирамж гаргаж, автомашины зориулалттай гаражийн газруудыг чөлөөлөхөөр заасан ба энэ захирамжийн хавсралтын 110 дугаарт миний гараашийн газар орсон байна.

1.3. Засаг даргын А/388 тоот захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Газрын албаны нөхдүүд миний гаражийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нураасан бөгөөд газрын албанаас ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, шүүхийн шийдвэр гараагүй байхад иргэн хүний хувийн өмчид хууль бусаар халдсан гэж үзэж байна.

Тухайн өдөр гаражийг нурааж байгаа үйл явдлыг манай орцны хүн надад хэлснээр би өөрөө очиж, энэ үйлдлийг зогсоохыг шаардсан боловч тодорхой хариуцсан хүн нь олдохгүй байсан. Ингээд миний бие хотын захиргаа руу мөн цагдаагийн байгууллага руу утсаар мэдэгдсэн, энэ талаар бичлэг хийж баримтжуулсан.

Газрын алба нь гараж нураах талаар надад мэдэгдэл өгсөн гэж удаа дараагийн хурал дээр тайлбарлаж байгаа боловч мэдэгдээгүй, мэдэгдлийг гаражийн хаалга дээр наасан гэх боловч тухайн өдөр нураахад авсан гэрэл зурагт мэдэгдэл наасан байдал харагдахгүй байна. Хэрэв газрын албаа гаражийг нураах талаар урьдчилаад мэдэгдсэн бол би өөрөө гаражийг зөөвөрлөх боломжтой байсан.

1.4. Миний гараж нь Байшин үйлдвэрлэх комбинатад үйлдвэрлэгдсэн газраас салгаж, зөөвөрлөх, угсрах боломжтой 2,5х5,2 хэмжээтэй 10-аад орчим ширхэг бетоноор хийсэн 18 м.кв талбайтай 4 хэсэг хавтан, төмөр хаалгатай байсан. Иймд гаражийг үнэлэхдээ ойролцоо орших орон сууцанд байрлах автомашины зогсоолын үнэлгээ болох 45,000,000 төгрөгөөр гэж үнэлсэн.

Иймд гаражийг нурааж, надад гэм хорын хохирол учирсан тул хариуцагч нараас Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нийслэлийн Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр А/388 дугаартай захирамжаар нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хангамжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй автомашины гаражийг албадан буулгах, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

2.2. Үүний хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Чингэлтэй дүүргийн газрын албанаас газрыг албадан чөлөөлөх ажиллагааг явуулсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Я.Э... нь тухайн гараж байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан бөгөөд газар эзэмших хүсэлтээ Нийслэл болон дүүргийн газрын албанд гаргаж байгаагүй. Маргаан бүхий гараж нь блокоор барьсан учраас зөөвөрлөх боломжгүй байсан тул нураасан байдаг.

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулсан бөгөөд уг мэдэгдлийг хүлээж авснаар зөвшөөрсөн эсхүл зөвшөөрөөгүй гэдгээ илэрхийлсэн ямар нэг хариуг Нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн газрын албанд ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь газар эзэмших гэрчилгээгүй гэдгээ өөрөө мэдэж байсан учраас тухайн А/388 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Газрын тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэх заалтад нэхэмжлэгчийн гаражийн газар хамаарч байгаа тул гэм хорын хохирол нэхэмжлэх эрхгүй.

Харин газар эзэмших эрхийн гэрчилгээтэй түүнийгээ нотолж байгаа тохиолдолд нөхөн төлбөрийн асуудлыг ярих боломжтой байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд тус хорооны зөвшөөрөлгүй гараж буулгасан ба үүнд нэхэмжлэгч Я.Э... гараж багтсан.

3.2. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ, мөн хуулийн 43.6-д Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй гэж заасан тул гэм хорын төлбөр гаргаж өгөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Я.Э... нь газар эзэмших эрхгүй атлаа гараж барьж ашиглаж байсан тул Газрын тухай хуульд зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасны дагуу хугацаатай мэдэгдэл 2 удаа хүргүүлсэн. Энэ нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зураг болон бусад баримтаар тогтоогдоно.

3.3. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тухайн газар байрлуулсан 5 ширхэг гаражийг чөлөөлөхдөө нэхэмжлэгч Д.Э... гаражид байсан автомашиныг асаан өгч, түүний хүсэлтээр 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаа өгч, бусад 4 гаражийг буулгасан.

Энэ хугацаанд гаражаа өөрөө буулгаж аваагүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д заасны дагуу газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан. Газрын алба хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.А... шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Газар чөлөөлөх нь зөв. Газар чөлөөлөхдөө иргэнд мэдэгдэж эд хөрөнгөө хохиролгүй чөлөөлөх боломж олгох хэрэгтэй. Мэдэгдэл өгөөгүй нураасан байгаа болохоор хохирлыг барагдуулах ёстой гэж бодож байна. Нэхэмжлэгчийн хохирол дэндүү өндөр үнэлгээтэй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох гэм хорын хохирол 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлдээ газар чөлөөлөх байршлын тухай, ажлын зардлын төсөв, ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хугацаа зэргийг дурдсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Хариуцагч талаас хэрэгт хавсаргасан зурагнууд он, сар, өдөр тайлбаргүй байна. Нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргасан зурагнууд тайлбартай байгаа.

6.2. Нэхэмжлэгч тал гаражийн доторхи эд зүйлээ суллаж байршуулах газар олох 7 хоногийн хугацаа олгоно уу гэсэн хүсэлт гаргаагүй. Гаражийг буулгах, зөөвөрлөх хугацаа олгоогүй, хугацаа заасан мэдэгдэл өгөөгүй тул нотлох баримт хэрэгт хавсаргаагүй байна.

6.3. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн бичлэгт бичигдсэн үзлэгийн тэмдэглэлийн 47-д Чингэлтэй дүүргийн газрын албаны ажилтан Э.А... сарын өмнөөс хаалган дээр чинь юм наагаад явсан гэж худал хэлж байна. А/388 захирамж 3 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд түүний хэлснээр захирамж гараагүй байхад захирамжийг дурдаж 2 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл наасан болж байна.

6.4. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 43.4 заалтын аль ч заалтыг гүйцэтгэлгүй уг хуулийг зөрчиж нэхэмжлэгч талд урьдчилан мэдэгдээгүй.

6.5. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нийслэлийн засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний А/388 захирамжийг гүйцэтгэж байсан үед уг захирамж хүчин төгөлдөр болоогүй байсан.

2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дүрс бичлэгт бичигдсэн үзлэгийн тэмдэглэлийн 30-37-д Чингэлтэй дүүргийн газрын албаны ажилтан Э.А... үүрэг даалгавар өгч гаражийг эвдүүлэн нурааж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэл нь нэхэмжлэгч талд гэм хорын хохирол учруулсан.

6.6. Захиргааны ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг үүрэг хүлээгчид бичгээр өгөх бөгөөд уг мэдэгдэлд үүрэг биелүүлэх хугацааг заана. 91 дүгээр зүйлийн 91.1 албадлага хэрэглэхийг шийдвэрлэсэн захиргааны акт гарган гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн (Э.А...) гаражийг эвдэж нураасан. Энэ нь Эрүүгийн хуулийн 236.1 дугаар зүйлийн дураараа аашлах, 264.1 дүгээр зүйлийн Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, зүйлчлэлд хамрах үйлдэл хийсэн гэж үзэхээр байна.

6.7. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч (Д.С....) Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар захиргааны байгууллага бөгөөд түүний харьяалал бүтцэд ажилладаг байгууллага, ажилтнууд ажил, үүргээ биелүүлэх явцдаа гэм хорын хохирол учруулсан.

Нийслэлийн засаг даргын 2022 оны А/388 захирамжийн 2.6 болон 3-р заалт, Чингэлтэй дүүргийн газрын албаны гаргасан гарааж буулгах ажлын төсвийг нийслэлийн газар зохион байгуулалтын алба хянаж баталсан зэрэг нь нийслэлийн захиргаа, Чингэлтэй дүүргийн газрын алба харилцан холбоо хамааралтай оролцсон болохыг нотолж байна. Захиргааны байгууллагa шийдвэрээ хэрэгжүүлэхэд гарсан эрсдлийг хариуцах ёстой байх,

6.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон.

6.9. 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Б..., 2 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Ариунболд нар нь хоёулаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн аваагүй нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт заасан шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.

6.10. Нэхэмжлэгч Нийслэлийн засаг даргын А/388 дугаар захирамжийн хавсралтын 110-p мөрөнд байгаа гэх өөрт ноогдох хэсгийг үл зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 18, 5 дугаар сарын 23-ны өдөр 2 удаа хохирол барагдуулах талаар өргөдөл, гомдол бичгээр Нийслэлийн засаг дарга С...т өгсөн. Иргэн миний өмчлөх эрхэд хохирол учруулсан байгууллага (ажилтнууд) тодорхой байгаа, учруулсан эд материалын хохирол бодитой байгаа тул нэхэмжлэгч миний давж заалдах гомдлыг хүлээн авч хариуцагч талаас 45,000,000 төгрөгийг гаргуулах магадлал гаргаж өгөхийг хүсье.

7. Давж заалдах гомдолд хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Газрын тухай хууль 2002 онд батлагдаж, картыг гэрчилгээжүүлэх аян өрнөсөн. Тухайн газар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар дээр амьдарч байсан гэх нотлох баримтгүй газар юм. Өөрөөр хэлбэл, сүүлд баригдсан гараашуудын нэг юм. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж заасан. 

2022 оны А/388 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхгүй этгээдийн газрыг албадан чөлөөлүүлэх, тус газар хүүхдийн тоглоомын талбай барих, цэцэрлэг, сургууль барих ажиллагаанууд хийгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийсэн. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан.

7.2. Я.Э... газар эзэмших эрхтэй байсан бол хохиролтой холбоотой асуудалд маргахгүй. Газар эзэмших гэрчилгээгүй учраас хохирол гаргаж өгөх хуулийн зохицуулалт байхгүй. Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 14 хоногийн өмнө гараж чөлөөлөх талаар мэдэгдсэн. 14 хоногийн дараа дүүргийн газрын алба ирэхэд гаражийг чөлөөлөөгүй байсан. Заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй учраас дүүргийн газрын албанаас яаралтай чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Давж заалдах гомдолд хариуцагч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны гаргасан тайлбарын агуулга:

8.1. Манай албанаас тухайн гаражийг чөлөөлөхөөр 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр очсон. Тухайн үед Я.Э... хүсэлтийн дагуу 7 хоногийн хугацаа олгож, 4 дүгээр сарын 08-ны өдөр гараашийг буулгасан. Өөрөөр хэлбэл, 7 хоногийн хугацаанд гаражийг нүүлгэн шилжүүлэх бүрэн боломжтой байсан. 

Хохиролд 45,000,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй. 20 жил гаруй хугацаанд суурилуулаад ашигласан гаражийг дахин ашиглах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Я.Э... нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гэм хорын хохирол 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийг биелүүлсэн, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан, газар чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдэж, хугацаа олгосон гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжаар уг захирамжийн хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх тушаалын хавсралтын 110 дугаарт Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, орон сууцны 23 дугаар байрны хойд талд 5 ширхэг гараж гэж тусгасан байх ба үүнд нэхэмжлэгчийн гараж хамаарсан, энэ асуудлаар талууд маргаангүй. /хх-ийн 131-134 дүгээр тал/

3.2. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орц, гарц хаасан, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан төмөр болон бетон, тоосгон гаражуудыг албадан нүүлгэж, газар чөлөөлөх ажлын зардлын төсөв-ийг баталж, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ө... ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан үйл баримтууд тогтоогджээ. /хх-ийн 143-154 дүгээр тал/

3.3. Талууд газар чөлөөлөх талаар гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжид холбогдох асуудлаар маргаагүй, гаражийг албадан чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдээгүй, эвдэж, гэмтээлгүй буулгах боломжтой байсан гэж маргажээ.

4. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан. Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй учирсан хохирол шууд шалтгаант холбоотой үүссэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид учирсан гэх хохирол нь хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон байх учиртай.

4.2. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, бусад хэлбэрээр газрыг дур мэдэн эзэмшсэн тохиолдолд зохих шатны Засаг дарга нь тухайн газрыг чөлөөлөхийг хугацаа заан мэдэгдэх, уг хугацаанд чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөх болохыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан. 

Нэхэмжлэгч нь гаражийг 1998 оноос хойш эзэмшиж байгаа боловч тухайн гаражийн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй тул дур мэдэн эзэмшсэн, хуульд заасан журмаар чөлөөлөх газарт хамаарч буй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд энэ асуудлаар талууд маргаагүй.

4.3. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Ө... ХХК-тай гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 23 дугаар байрны хойд талд байрлах 5 гаражийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр буулгах үйл ажиллагааг эхэлж, улмаар нэг бетон гаражийг эзнийх нь хүсэлтээр буулгалгүй орхиж 7 хоногийн хугацаа олгосон, дээрх хугацаанд тухайн гаражийг нүүлгэн шилжүүлээгүйгээс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр буулгасан талаар Ө... ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн тайлан, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажлын илтгэх хуудаст тусгасан, энэ нь нэхэмжлэгчийн гараж байсан талаарх хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг үгүйсгэсэн ямар нэг нотлох баримт нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байна.

Дээрх баримтуудыг үндэслэн хариуцагч нарыг хуульд заасан журмын дагуу үүргээ биелүүлсэн, гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн.

Иймд гаражийг буулгах, зөөвөрлөх хугацаа олгоогүй, хугацаа заасан мэдэгдэл өгөөгүй, хууль зөрчсөн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино. 

5. Түүнчлэн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/00570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА