Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 104

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч /хохирогч/ Н.Т-

шүүгдэгч /хохирогч/ Н.М-

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Н.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805030000000000 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 25-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын эдийн засгийн менежмент мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж,  3 дугаар байр 000 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Хурд Рапид харш, 23 дугаар байр, 000 түр оршин суух,

ял шийтгэл: 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, уг хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон,

дугаарын регистртэй, Х овогт Н Т

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6 А байр, 00  тоотод оршин суух,

ял шийтгэл: 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шаины шүүхийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

дугаарын регистртэй, Х овогт Н М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.М-2018 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “М” паб-д хохирогч Н.Тыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Н.Т 2018 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “М” паб-д хохирогч Н.М-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин ярихгүй. Үл ойлголцсоноос болж маргалдсан. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг шүүхээс хүсье.

Хохирогчийн хувьд гомдол саналгүй. Бид хоёр төрсөн ах дүүс гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Н.М-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мөн адил мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Намайг хүмүүстэй маргалдаад байхаар нь Т ах салгаж болиулах гэсэн юм билээ. Тэгээд би буруу ойлгоод түүнийг цохисон. Тэр баар бол миний түрээслэн ажиллуулдаг баар юм. Тэнд манай найзууд байсан.

Энэ хэрэгт би хохирогчоор тогтоогдсон. Гэхдээ ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ах бид хоёр эвлэрсэн гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

Н Т “… 2018 оны 5 дугаар сарын 28-ны орой найз Сэргэлэнгийн хамт Бянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах төрсөн дүү Мейрамбэкийн ажиллуулж байгаа баарны вип өрөөнд орж үйлчлүүлсэн бөгөөд шөнө 23 цаг нэлээд өнгөрч байхад төрсөн дүү Мейрамбэк согтуу гаднаас орж ирээд зааланд сууж байсан хүмүүстэй маргалдаад зодолдох гээд байхаар нь би очоод болиулаад цааш бие засах өрөө рүү орчихоод эргээд гарч вип өрөө рүү ороход Мейрамбэк араас хаалга өшиглөж орж ирээд шууд намайг цохиод авсан. Тэгээд хамт байсан Сэргэлэн гээд найз маань салгах гэхэд түүнийг бас цохиод авсан. Тэгэхээр нь би дүүгээ бариад автал Сэргэлэн тэндээс гарсан. Би араас нь гарах гэснээ дүүгээ тэнд байсан бусад хүмүүстэй маргалдаад зодолдчих болов уу гээд нэлээд харсан боловч намдахгүй шинжтэй байхаар нь гарах гэхэд Мийн эхнэр хаалгаа түгжчихээд гаргахгүй байхаар зугтаах шахам гарсан. Энэ үед миний хамраас цус гарсан байсан. Дөнгөж баарнаас гарангуут М араас гарч ирээд намайг бариад авахаар нь би "чи ахыгаа яаж байгаа юм бэ" гээд хоёр удаа цохиод авсан. Ингээд бид хоёр дахин ноцолдож би түүнээс салж гэр рүүгээ харих замдаа ухаан алдаж унасан байсан. Нэг мэдэхэд Сэргэлэн миний хамар амнаас гоожсон цусыг усаар угааж цэвэрлэж өгөөд намайг цааш гэрт хүргэж өгсөн. Гэрт очтол М эхнэр болон эхнэрийнхээ дүүтэй манай гэрт ирчихсэн хэрүүл хийгээд дахин маргалдаж, бид хоёр учраа ололцох гэж 2, 3 цаг орчим ноцолдсон. Өглөө 05 цагийн орчим М манайхаас явсан. М эхлээд вип өрөөнд орж ирээд шууд нүүр рүү хэд хэд гараараа цохисон ингэхэд хамраас нэлээд их цус гарсан, дараа нь зааланд бас дахиад толгой болон гэдэс хавиар цохисон.

Би уг баарны үүдэнд Мийн нүүрэн тус газар 2, 3 удаа алгадсан бөгөөд дараа нь гудамжинд миний араас ирээд орилж чарлаад мөн тэр хавийн хүмүүс рүү үсчээд байхаар нь хавирч унагаад дээрээс нь дарж хэвтсэн. Тэгээд эxнэр дүү нь нар ирэнгүүт хаяаад явсан. Манай найз Сэргэлэн Мийг зодож цохисон асуудал байхгүй, тийм зүйл огт болоогүй, харин бид хоёрыг салгах гэж байгаад өөрөө цохиулсан” /хх-н 25-26/ гэж,

Н М “… би Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 100 тоотод байрлах ресторан пабыг ажилуулдаг бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 28-ны орой найзын төрсөн өдөр байсан учраас найз нартайгаа уулзаж ганц нэг шил архи уучихаад ажил дээр очсон. Тэгтэл тэнд миний төрсөн ах Т өөрийн найзын хамт архи дарс уугаад сууж байсан. Мөн манай сумын хэсэг дүү нар өөр ширээнд сууж байснаа намайг хараад босож ирээд мэндэлсэн бөгөөд энэ үед ах вип өрөөнөөс гарч ирсэн. Тэгснээ “чи яахлаараа архи уудаг юм бэ” гэснээ гэдэс болон нүүр рүү ам руу цохиод эхэлсэн. Тэгтэл ахын найз хүрч ирээд “чи яахаараа миний найзын өөдөөс хэрэлддэг юм бэ” гэхээр нь би түүнийг “би ахтайгаа өөрөө учраа олно, миний төрсөн ах” гэхэд “тэглээ гээд яахаараа ингэж байдаг юм бэ” гэснээ ах намайг өөр өрөө рүү оруулж байснаа найзтайгаа нийлээд зодсон. Ингэхэд манай эхнэр, эхнэрийн дүү хоёр орж ирээд бид нарыг салгаад гаргах гэхэд нөгөө ах найзтайгаа тооцоогоо хийгээгүй байсан учраас уг тооцооноос болж маргалдсан. Тэгэхэд ахын найз шил аваад ална гээд над руу дайрахад манай эхнэр уг шилийг нь салгаж авсан. Ингээд ах намайг дагуулж уг пабаас “манай гэр рүү очъё” гэж гарсанаа замдаа намайг дахин зодсон. Энэ үед бид хоёрын араас ахын найз Сэргэлэн хүрч ирчихээд хараад зогсоод байсан, ах болохоор цохиж унагаад унасан хойно толгой болон нүүрэн дээр дэвссэн. Тэгээд байж байтал манай эхнэрийн дүүгийн нөхөр ирээд салгаж авсан байсан. Би яг тэр үед ухаанаа алдсан байсан. Ах нөгөө найзынхаа зугтаад явсан гэсэн. Ингээд нэг ухаан орж би ахын гэр рүү эхнэр болон эхнэрийн дүүгийн хамт очсон. Уг нь ахын гэрт учраа олох санаатай очсон боловч ах дахиад буруу зүйл хэлээд зааж зөвлөөд ч байгаа юм шиг загнаад ч байгаа юм шиг уурлаад байсан. Ах Т нь пабад дүү нарын хажууд намайг битгий их архи дарс уу, үйлчлүүлж байгаа хүмүүстэй согтуугаар харьцлаа гээд маргаж эхэлсэн. Эхлээд манай пабад вип өрөөнд оруулж байгаад баруун талын нүд рүү цохисон, алгадсан, биеийн энд тэнд өшиглөсөн. Дараа нь уг пабын хоёр давхарт баруун гарыг өчиж байгаад намайг газар унагааж дээр гарч сууснаа хоёр гараараа толгой нүүр цээж рүү хэд хэд цохисон. Түүний дараа нь пабаас гараад гудамжинд зүүн гарыг өчиж унагаад унангуут нүүр ам толгой, бөөр гуя руу цохиод өшиглөсөн. Харин гэрт нь очиход намайг зодоогүй. Ахын найз Сэргэлэн манай пабын вип өрөөнд ах намайг оруулангуут араас орж ирээд толгойны ар тал руу цохисон. Өөр цохисон зодсон зүйл байхгүй. Би ахыг цохиж зодсон зүйл байхгүй, харин цохих гэхээр нь хоёр гарыг нь бариад л байж байсан. Ахыг цохих боломж ч гараагүй. Би паб дотор Сэргэлэнгийн хамар руу нь нэг удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Паб дотор хяналтын камер байгаа, 2 давхарт мөн хяналтын камер байгаа, харин вип өрөө, гудамж хоёрт хяналтын камер байхгүй” /хх-н 19-21/ гэж,

 

гэрч Бердиханы Нуржулдыз “… 2018 оны 5 дугаар 28-ны орой 22 цагийн орчим өөрийн ажиллуулж байгаа бааранд ирэхэд хадам ах Т нь найз гээд нэг ахын хамт вип өрөөнд сууж байсан. Түүнээс хойш 2018 оны 5 дугаар 29-ны шөнө 01 цагийн орчим манай нөхөр М орж ирсэн. Энэ үед манай баарны бас нэг вип өрөөнд нутгийн хүмүүс сууж байсан бөгнөөд нөхөр маань тэр өрөөнд очиж мэнд мэдээд байж байтал ах Т тэнд оччихсон манай нөхрийг “чи архи уусан байна далжигнаад байгаарай” гээд муудалцаад байсан. Тэгснээ хүргэн ах Т нь сууж байсан өрөө рүүгээ дагуулаад орсон. Тэгтэл тэр өрөөнөөс хүргэн ахтай хамт байсан залуу гараад ирэхээр нь би “та тооцоогоо хийчих” гэхэд тэр залуу “би тооцоо хийхгүй, Т намайг дагуулж ирсэн болохоор өөрөөс нь ав” гээд томроод байсан. Тэгэнгүүтээ нөгөө залуу буцаад өрөөрүүгээ ороод манай хүргэн ахтай нийлж Мыг зодоод байсан. Зодохдоо тэр хоёр Мыг газар унагаад Т нь нөхрийн дээр гараад хоолойг нь боогоод суучихсан, нөгөө найз нь баруун зүүн хөл гар руу нь өшиглөж байсан. Тэгээд би очоод тэр 3-г салгаад М текен дээр ирэхэд араас нь Т ах, түүний араас найз пивоны шил аваад гараад ирсэн. Тэгээд тэр ах пивоны шилээр Мыг цохих гээд далайхаар нь би гарыг нь барьж аваад шилийг нь авсан. Тэгтэл Т ах Мыг дагуулаад гарч 2 давхрын коридорт аваачихаар нь хальт харахад тэр хоёр барьцалдаад авчихсан, ах нь Мын хаа таарсан газар нь цохиод үсэрч ирснээ хөл гар руу нь өшиглөж байсан. Тэгтэл Ты найз нь гадагш гарах гэхээр нь бид нар гарч болохгүй ээ, ах дүү хоёр учраа олноо гээд тайлбарлаж зогсож байтал М Т хоёр эргэж орж ирээд анхны сууж байсан вип өрөө рүү орцгоосон. Тэр өрөөнд Т мөн Мыг газар унагачихсан дээр нь гарчихсан толгой тархи руу нь цохиод байхаар нь би салгах гэтэл ах намайг “чи илүү шүү цаашаа бай” гээд байхаар нь тэр өрөөнөөс гарсан. Удалгүй вип өрөөнөөс Т ах гарч ирээд араас нь М гарж ирэхэд Т “ манайд очиж учраа олъё” гэж манай нөхөрт хэлээд хоёулаа манай баарнаас гарсан. Тэгээд би араас гартал манай баарны гадаа Т өмсөн цамцаа тайлаад машин дээр тавьчихсан таеквандо хийж байгаа юм шиг үсэрч эргээд Мыг өшиглөхөд М газарт унасан. М тэр үед “би яаж ч байсан би ахыгаа зодохгүй, ахыгаа хүндэлдэг шүү, хэзээч гар хүрэхгүй ээ” гээд хэлээд байсан. Тэгээд тэр хоёр салах шинжгүй байхаар нь төрсөн дүүгээ нөхөртэй нь дуудахад тэр хоёр ирээд дүүгийн нөхөр М Т ах хоёрыг салгасан. Тэгээд би ажлаа хаагаад гартал Т ах гэртээ хүрээд ир гэхээр нь гэрт нь яваад очтол Т ах манай нөкөр хоёр дахин маргалдаж бөх барилдаж байгаа юм шиг ноцолдоод байсан. Тэгснээ намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэднийхээс гараад явсан. М надаас хойш бараг нэг цаг орчмын дараа гэртээ ирсэн. Манай нөхөр бид хоёр уг пабыг түрээслээд 3,4 орчим жил болж байгаад бөгөөд Т ах дандаа хүн дагуулж ирээд 200.000-300.000 төгрөгөөр ууж идээд гардаг, хамт яваа хүмүүсээс нь авах гэхээр Т дагуулж ирсэн гээд төлөхгүй гараад явчихдаг. Тэгээд Мд ах чинь тооцоо хийсэнгүй гэхээр өмөөрөөд маргааш хийчих байхаа гэдэг. Т нь мөнгө авчихаад эргэж өгдөггүй, ер нь мөнгөний асуудалтай байдаг. 2018 оны 5 дугаар 29-ны шөнө манай нөхөр Мыг Т ах өөрийн найзтай нийлж зодсон. Т нь вип өрөөнд газар унагаад дээр нь гараад суучихсан хоолойг нь боогоод толгой , нүүр ам, таарсан газартаа гараараа цохиод байсан, энэ үед Ты найз гэх залуу 2 хөлийнх нь гуя болон шилбэ, бас нуруу нь өшиглөсөн. Би яг М ахыгаа цохиж байхыг нь хараагүй, харин тэр хоёр бөх барилдаж байгаа юм шиг ноцолдоод байсан. Манай баарны вип өрөөнд М ахын найз гэх залууг цохисон байж магадгүй, хамраас нь цус гарсан байсан. Т болон түүний найз хоёр тийм ч их согтуу биш байсан. Харин М төрсөн өдөрт яваад уусан гээд нэлээд согтуу бусдыг зодох чадваргүй байсан. Мтай ханьлаад 6 жил болж байна, энэ хугацаанд бусадтай маргалдаад зодолдоод байдаггүй, ах дүү нараа маш их хүндэлдэг, цайлган, хүнд муу юм бодохгүй, хүнд ашиглуулаад л явж байдаг. Найз нар дундаа болон хамаатан садан дундаа нэр хүндтэй, тэдний гэрийнхэн М Т хоёрын хэн нь хэн бэ гэдгийг сайн мэддэг. Т ах уухаараа зан эвдэрдэг, их дээрэлхүү, томроод байдаг” /хх-н 9-10/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн нэр бүхий хохирогчдийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

“... Н.Ты биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо нэг удаагийн зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 7494 тоот /хх-н 28/ дүгнэлт,

“... Н.М-ийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 5-р хуруу, зүүн сарвууны 2-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамар, баруун чихний дэлбээ, баруун бугалга, зүүн тохой, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун тохой, зүүн шилбэнд цус зулгаралт, цус хуралт, баруун, зүүн дал, баруун тохой, бугуй, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 6972 тоот /хх-н 29/ дүгнэлт тус тус гарсан байна.

 

Дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгч Н.Т, Н.М-нар гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Н.Т, Н.М-нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч нарын хувийн байдал, үүнд нэр бүхий шүүгдэгч нарын хэн аль нь өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан болон энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүх ялгамжтайгаар оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Т, Н.М-нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй буюу өөр хоорондоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч /хохирогч/ Н.Т, Н.М-нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Х овогт Н Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Х овогт Н Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 

Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Н.Т торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Н.М-нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Н.Т, Н.М-нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Т, Н.М-нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ