Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00695

 

 

 

 

 

 

2024 04 05 210/МА2024/00695

 

 

С ХХК-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/00851 дугаар шийдвэртэй,

С ХХК-ийннэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох,

21,233,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Таван толгой өртөөний зам засварын барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхээр хариуцагч Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. Уг ажилд хэрэглэхээр С ХХК болон Л ХХК-иудтай түрээсийн гэрээ байгуулж, хэв хашмал авсан.

Гэвч талууд харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цуцалсан. Энэ үед түрээсээр авсан хэв хашмалуудыг буцаан хүлээлгэж өгөх гэхэд Б ХХК-ийн зүгээс тухайн барилгын талбай дээрээ авч үлдэн ашиглаад түрээслүүлэгч компаниудад төлбөрийг өөрсдөө төлөх хүсэлт гаргасан тул энэ талаар С ХХК болон Л ХХК-иудад мэдэгдээд хэв хашмалуудыг үлдээсэн.

1.2. Б ХХК нь дээрх хэв хашмалуудыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ашиглаад түрээслүүлэгч компаниудад хүлээлгэн өгсөн боловч төлбөр тооцоо хийгээгүй байсан тул Л ХХК, С ХХК-иудын зүгээс тооцоо нийлэх талаар шаардлага тавьсны дагуу тооцоо нийлсэн. Энэ талаар Б ХХК-д албан ёсоор мэдэгдэн уулзалт хийсэн бөгөөд Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ерөнхий захирал Г.Г нь С ХХК-д 10,880,920 төгрөг, Л ХХК-д 5,106,160 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсныг хүлээн зөвшөөрч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үйлдэж гарын үсэн зурсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байсан тул С ХХК, Л ХХК-иудаас манай компанийг шүүхэд өгч, түрээсийн төлбөр, алдангийн хамт шаардсан тул манайх алдангийг 50 хувь бууруулаад эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлт гаргасан. Улмаар шүүхийн шийдвэрээр манай компани Л ХХК-д 7,632,700 төгрөг, С ХХК-д 13,601,150 төгрөг, нийт 21,233,850 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Энэ нөхцөл байдлыг Б ХХК-ийн захирал Г.Г мэдсээр байж утсаа авахгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсэн тул бид төлбөрийг төлсөн. Иймд хариуцагч Б ХХК-аас 21,233,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

С ХХК нь Л ХХК, С ХХК-иудтай түрээсийн гэрээ байгуулсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2022/0000 дугаартай захирамж болон мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/0000 дугаартай захирамжаар төлбөр төлөх асуудлыг шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан.

Иймд шүүх маргаан бүхий хэв хашмалын түрээсийн төлбөртэй холбоотой маргааныг нэгэнт шийдвэрлэсэн тул хариуцагч нь хариуцлага хүлээх үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 124 дүгээр зүйлийн 124.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б ХХК-аас үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 21,233,850 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ С ХХК болон С ХХК, Л ХХК-иудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийг шаардаж, үүний дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан мэт буруу дүгнэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Учир нь хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Б ХХК нар харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр байгуулсан хурлын тэмдэглэл гэх хэлцлийг биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн. Энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дахь хэсэгт заасан заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч талд учирсан хохиролд нийт 21,497,970 төгрөгийн дүнтэй хохирлыг барагдуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх хариуцагч талын илт гэм буруутай, санаатай үйлдлээс болж нэхэмжлэгч талд бодитоор учирсан, шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа хохирлыг нотолсон бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж үнэн зөв дүгнээгүй.

Тодруулбал, өөрийн эзэмшиж удирддаг компани нь бусдын эд хөрөнгийг ашигласны төлбөрийг төлөхгүй санаатай зугтаж байсан ерөнхий захирал, хариуцагчийн төлөөлөгч Г.Гын манайх түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийн үүргийг биелүүлэх үндэслэлгүй гэх тайлбар, Хан Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны 183/Ш32023/0000 дугаартай хариуцагч Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг албадан ирүүлэх тухай захирамж, С ХХК, Л ХХК нь хариуцагчийг олж чадалгүй манай компанитай байгуулсан гэрээний дагуу төлбөрийг шаардаж эвлэрсэн хэлцлийг баталсан шүүгчийн захирамжууд зэрэг бусад баримтуудаар нотлогдож байхад нотлох баримтуудыг харьцуулан үзэж үнэн зөв дүгнээгүй.

Мөн шүүх хэргийн оролцогчийн гаргасан адил төстэй нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан эргэлзээгүй талаас нь хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой атал манай талаас гаргасан нотлох баримтуудыг үл харгалзан Б ХХК-ийн Ерөнхий захирал Г.Гыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэйг нотлоогүй гэж дүгнэсэн нь буруу байна. Тухайлбал, Г.Г өөрөө гэрээ байгуулах, төлөөлөх асуудлаар эрх мэдэлгүй гэх хүсэлт, тайлбар гаргаагүй, Г.Гыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж тодорхойлоогүй, шүүхээс нэхэмжлэл гардуулсан тухай баримтад тэрээр өөрийгөө Б ХХК-ийн Ерөнхий захирал гэж тодорхойлсон нотлох баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 21,233,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций суманд Таван толгой өртөөнд баригдах зам засварын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Улмаар талууд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцож гэрээ дүгнэсэн акт үйлдэн дээрх гэрээг цуцалсан. /хх 6/

 

3.1. Нэхэмжлэгч дээрх ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хэв хашмалыг түрээслэхээр 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Л ХХК болон С ХХК-иудтай түрээсийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх 49-56/

 

4. Анхан шатны шүүх хариуцагч нь түрээсийн гэрээний үүргийг шилжүүлэн авч, үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдоогүй, Г.Г нь хариуцагч Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

4.1. Учир нь хэргийн 5 дугаар талд авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлд ... Б ХХК-д хүлээлгэн өгсөн Л ХХК, С ХХК-иудаас түрээслэн ашигласан хэв хашмалын үлдэгдэл төлбөр тооцооны талаар хэлэлцээд Б ХХК-аас С ХХК-д 10,880,920 төгрөг, Л ХХК-д 6,106,160 төгрөгийг тус тус шилжүүлэхээр тохиролцож хариуцагч Б ХХК-ийг төлөөлж Г.Г оролцож тус компанийн тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Түүнчлэн, Г.Г нь хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд буюу ерөнхий захирал болох нь хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрээ дүгнэсэн акт зэргээр нотлогдож байхаас гадна хариуцагч энэ талаар маргахгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

4.2. Дээрх хурлын тэмдэглэлийг хэрэгт цугларсан баримтууд болон талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар зохигчид 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүргээр сольж өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.3. Хариуцагч нь дээрх түрээсийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу бусдад 21,233,850 төгрөгийг төлж хохирол учирсан нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2022/00000 дугаартай захирамж болон мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/00000 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаарх мэдэгдэл зэрэг баримтаар тус тус нотлогдож байна. /хх-ийн 7-10, 23-34/

 

Иймд нэхэмжлэгч С ХХК нь гэрээнээс учирсан хохиролд 21,233,850 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дээрх байдлаар зөвтгөж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 21,233,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/00851 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 21,233,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг ...56.1 гэсний дараа ...56.2 гэж нэмж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Б ХХК-аас 264,119 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 264,120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ