Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 126

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баттулга хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Э.А-

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905000000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн мэргэжилтэй гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдарч байсан, гэрлэлтээ цуцлуулаагүй, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 1 дүгээр гудамж, 00 тоотод суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 28 дугаар сургуулийн хажуугийн нийтийн байранд 00000 тоотод ганцаараа түр оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Ж- овогт Э-ын А-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.А- 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нийтийн байрны 01 тоотод хохирогч Б.М-тай маргалдан түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би ямар хэрэгт холбогдсон болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг ойлгож, мэдэж байгаа. Энэ талаар надад мөрдөгч, прокурор тайлбарлан хэлж өгсөн. Хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ надад хохирогч М-ыг хүчирхийлсэн зүйл болоогүй. М- бид хоёр хамтран амьдрагч юм. Би 13 хоногийн өмнө Тавантолгойн уурхай руу нүүрсний машин жолоодож явсан. Тэгээд ирсэн хойноо М-аас би бэлгийн замын халдварт өвчин авчихсан байсан. Үүнээс болж бид хоёр муудалцаад би эхлээд түүний ам руу нь алгадаад, зүүн гараараа гар руу нь цохисон. Миний 3 дахь цохилт М-ын нүдийг оночихсон. Маргааш өдөр нь М-ын нүд хөхөрөөд хавдчихсан байсан. Тэгээд цагдаад дуудагдсан. Одоо бид хоёр эвлэрсэн, хамтдаа амьдарч байгаа гэв.     

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Батмөнхийн М- “… 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед ажил дээрээ байж байхад манай найз залуу А- ажил дээр надтай уулзах гэж ирхээр нь би чамаас салмаар байна гэхэд А- надаас салахгүй ээ, энэ талаар ярилцаж байж болъё гэсэн. Тэгэхээр нь ажлаа 23 цагийн үед тараад ажлаасаа гарч ирээд А-ыг дагаад гэр рүү нь явсан. Гэрт нь буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нийтийн байранд очсон. Гэр рүү нь явах замдаа 5 лааз “tiger” нэртэй пиво аваад гэрт нь очсон. Бид хоёр юм ярьж байгаад 3 лааз пиво уугаад дууссан. Тэгээд надтай бэлгийн харьцаанд орох гэсэн тэр үед би биений юм ирсэн тул зөвшөөрөөгүй. Гэтэл миний дээр гарч суугаад миний хувцсыг хүчээр тайлах гэж оролдсон. Тайлуулаагүй болохоор намайг өөр хүнтэй болчихсон байна гэж хардаад бас уурлаад хоёр гараараа миний нүүр болон толгой руу нилээн олон удаа цохьсон. Тэр дороо миний нүд хавдаад эхлэхээр нь би чи ийм л хүн ш дээ, би хүний нүүрийг яаж харах юм бэ гэтэл намайг уучлаарай гэсэн. Намайг явах гэсэн чинь хувцас хунар өгөхгүй цагдаа дуудах гэсэн чинь утас булааж аваад нуучихсан. Ядаж унтаж амраад өглөө яв гэж А- хэлсэн. Тэгээд маргааш өдрийн 14 цагийн үед гэрээс нь гараад ажлынхаа эгчийнд очоод сууж байгаад цагдаад хандахаар болсон.

2016 оны 7 сард танилцаад одоог хүртэл үерхэж байгаа миний найз залуу юм. Намайг учир зүггүй хардаад бид хоёр 9 сараас хойш харьцаа муу, хэрүүл маргаан салаагүй. Намайг бэлгийн харьцаанд ороогүй гээд зодсон, тэр үед миний өмдийг хүчээр тайлсан. Бас урд нь хүсээгүй байхад бэлгийн харьцаанд хүчээр хийдэг байсан” /хх-н 9-10/ гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.М-ын гэмтэлтэй холбоотойгоор ... М-ын биед баруун нүдний алимны доргилт, баруун дээд доод зовхи, баруун шуу, зүүн долоовор хуруунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөөлөөлөхгүй гэсэн 524 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 13/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.А-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Э.А- бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М- “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-н 50/

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.А- цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч Э.А- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Ж- овогт Э-ын А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.А- торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Э.А- бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М- гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.А-т урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         О.ЖАНЧИВНЯМБУУ