Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00666

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00666

 

 

 

Б.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/00102 дугаар шийдвэртэй,

Б.У-ын нэхэмжлэлтэй, С.Б-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,418,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би Нарантуул худалдааны төвд жимс, жимсгэнэ худалдан борлуулдаг бөгөөд С.Б надаас зээлээр жимс жимсгэнэ авахыг хүссэн тул түүнд нийлүүлсэн. Гэтэл тэрээр зээлээр авсан жимс жимсгэний төлбөрөө өгөхгүй худал шалтаг тоочиж ирсэн.

1.2. 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр С.Б нь 19,418,000 төгрөгийг төлөх талаар миний дэвтэр дээр баримт үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй намайг хохироосон.

1.3. Би олон жил С.Б-тэй зах дээр хамт ажиллаж байсан тул итгэн их хэмжээний өртөгтэй жимс жимсгэнийг нийлүүлсэн. Гэвч миний бизнесийн ихэнх эргэлтийн мөнгийг тэрээр өгөхгүй байгаа нь намайг цаашид энэ бизнесийг явуулах боломжгүй болгосон.

Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,418,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч С.У-аас жимс зээлээр авч, худалдан борлуулдаг байсан. Эхэндээ падаанаас падааны хооронд төлбөр тооцоогоо тулгаад хийдэг байснаа дунд нь падааны зөрүү гараад маш их мөнгө төлөөгүй гэж эхэлсэн. Уг тооцоог тулгах гэж ярих болгонд намайг доромжилж, олны нүдэн дээр загнаж хашгирдаг байсан. Мөн муудсан барааг солиулахад 50 хувийг нь сольж өгсөн ч надаас тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй. Удалгүй ковид-19 цар тахал гарч түүнээс бараа таталт хийхээ больсон боловч үлдэгдэл төлбөрөө өгөхөд тэрээр хүү бодоод үндсэн мөнгөнөөс хасахгүй байсан. Би 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн тооцоо гаргасан тооцоололд гарын үсэг зурсан.

2.2. Би 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 390,000 төгрөг болон 430,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 793,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 130,000 төгрөг болон 390,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 750,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөнгө өгөхөд хүү бодоод хасалт хийхгүй байсан. Мөн нэхэмжлэгч лангуун дээр ирж бэлнээр мөнгө авдаг байсан ч хүү бодоод хасалт хийхгүй байсан. Би нэхэмжлэгчээс бараа авч зарсан болохоос хүүтэй мөнгө зээлээгүй. Түүнээс үлдэгдэл тооцоо хэд байгааг асуухад 20,000,000 төгрөгийн тооцоо байна гэж хэлсэн. Би 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дансаар 300,000 төгрөгийг шилжүүлээд тооцоо дууссан гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.Бээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,418,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Шүүхийн шийдвэрт талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчээс байнга жимс жимсгэнэ шууд болон зээлээр худалдан авсан нь талуудын тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон. Талуудын хооронд ганцхан зээлийн харилцаа үүсээгүй байхад шүүх хариуцагч тодорхой тооны жимс жимсгэнэ худалдан аваад төлбөрийг төлсөн мэтээр түүний дансны хуулгыг дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Учир нь хариуцагч 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд төлөх төлбөрийг төлсөн гэдгийг нотлоогүй байхад шүүх нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхэнд халдсан, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.

4.2. Хариуцагч нь өмнөх зээлийн 19,418,000 төгрөгийн тооцооноос гадна дансаар жимс, жимсгэнийг шууд худалдан авалт хийдэг байсан бөгөөд хариуцагч зээлийг бүрэн төлсөн бол нэхэмжлэгч шүүхэд хандахгүй байх байсан. Хариуцагчаас үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхэд тэрээр бүх төлбөрийг төлсөн мэтээр тайлбарлан холбогдох баримтыг гаргасан өгсөн хэдий ч зээлээс төлсөн ямар ч утга байхгүй байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1. 2020 оны 06 дугаар сараас хойш 20,700,000 төгрөгийн баримтад би гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч илүү мөнгөн дүнг баримтад бичсэн учраас банкнаас дансны хуулгаа аваад шүүхэд нотлох баримтаар өгсөн. Учир нь би бараа авах үедээ өмнөх тооцоогоо өгөх юм уу эсхүл тухайн өдрийн тооцоогоо төлдөг байсан. Түүнээс биш би хүнд мөнгө өгөхгүйгээр бараа авдаггүй бөгөөд Б.У ч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байсан үнийн дүнгээс өөрт байгаа баримт дээрх үнийн дүнтэй харьцуулж үзсэн. Зарим үед манай нөхөр миний оронд бараа авч, би лангуун дээрээ суудаг байсан. Нэхэмжлэгчийн лангуу камертай байсан тул камераа шүүгээд өгөөч гэж гуйсан боловч нэхэмжлэгч тал чи яагаад дандаа ингэж байдаг юм бэ, би юу гэж худлаа хэлж байдаг юм гээд хүлээн зөвшөөрөхгүй 20,700,000 төгрөгийн үнийн дүнг гаргасан. Уг баримтад гарын үсэг зурснаас хойш би нэг ч удаагийн бараа аваагүй бөгөөд нэхэмжлэгчид өгсөн бүх мөнгөн дүн нь миний зээлээс хасуулахаар төлсөн мөнгөн дүн юм.

5.2. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 1,800,000 төгрөг шилжүүлж, нийт үлдэгдэл 18,207,000 төгрөг болоход нэхэмжлэгч хүү нэмсэн. Би Б.Ут яагаад хүү нэмж тооцож байгаа юм бэ, би танаас хүүтэй мөнгө зээлээгүй шүү гэж хэлэхэд Б.У юу яриад байна, чи мөнгөө төлөхгүй яадаг юм, би хүү тооцно, хэрэв хүү төлж чадахгүй бол яг одоо авсан мөнгөө өг гэж хэлсэн. Үүнээс хойш хэсэг хугацаанд зээлийн төлбөрөө төлж байгаад Б.Ут миний үлдэгдэл тооцоог гаргаад өг, үлдэгдэл тооцоонд нь ачааны автомашинаа өгөөд тооцоогоо дуусгая гэхэд Б.У чиний тэр ачааны автомашиныг чинь авахгүй, 20,000,000 төгрөг л байгаа гэж хэлсэн. Дээрх хугацаанд би мөнгөө төлсөн боловч үндсэн төлбөрөөс хасагдаагүй. Мөн 2022 оны 07 дугаар сарын 14-ны өдөр жолооч нь надаас ирж 300,000 төгрөгийг бэлнээр авсан. Нэхэмжлэгч миний өгсөн мөнгөнөөс нэг ч төгрөг хасахгүйгээр нэхэмжилсэн. Би нэхэмжлэгчээс авсан жимсний мөнгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч С.Б-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,418,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.1. Нэхэмжлэгч Б.Уаас хариуцагч С.Б нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд жимс жимсгэнэ зээлээр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 4/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ...хариуцагчтай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлэхэд 19,418,000 төгрөгийн өр төлбөр гарч тэрээр төлөхийг зөвшөөрсөн ч өнөөдрийг хүртэл төлөөгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж зөрүүтэй тайлбар гарган маргасан.

 

Зохигчдын хооронд хэдий хэмжээний жимс жимсгэнэ нийлүүлсэн, уг нийлүүлсэн жимс жимсгэний үнийг хариуцагч нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

4.1. Хэрэгт авагдсан ногоон өнгийн нүүртэй, дөрвөлжин шугамтай, 96 хуудастай дэвтэрт талууд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тооцоо хийсэн талаар бичигдсэн бөгөөд уг тооцоогоор 19,418,000 төгрөг гэж, хариуцагч С.Б гарын үсэг зурсан. /хх-ийн 5-104/

4.2. Хариуцагч С.Б нь ХААН банк дахь өөрийн хххххх тоот данснаас ХААН банк дахь ххххххх тоот дансанд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 20 удаагийн гүйлгээгээр нийт 19,512,300 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ут шилжүүлсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 115-250 дугаар тал, 2 дугаар хавтасны 1-250 дугаар тал, 3 дугаар хавтасны 1-5 дугаар тал дахь ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Дээрх шилжүүлсэн 19,512,300 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлээр авсан 19,418,000 төгрөгийн жимсний үнийг төлж шилжүүлсэн гэж тайлбарласан байна.

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн жимсний үнэ 19,418,000 төгрөгийг төлсөн гэх байдлаа нотолж дансны хуулга гаргасныг няцааж шүүхэд баримт гаргаагүйгээс гадна нэхэмжлэгч нь ХААН банкны хххххх тоот дансыг өөрийн данс биш талаар маргаагүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

4.4. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн шилжүүлсэн 19,512,300 төгрөгийг өөр бараа бүтээгдэхүүний төлбөр байсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

4.5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/00102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,040 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ