Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 177

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                       

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Ц.Амар

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 190500320000000000 дугаартай, 1 хавтас хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 27-нд Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3: эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ 28-708 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Боржигон овогт Д-гийн М-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.М- 2019 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 30 А байрны 40 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж С.Б-ыг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад би үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хамтран амьдрагч буюу эхнэр Б-ыг зодож, түүнд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэр Б- бид хоёр эвлэрсэн бөгөөд манай гэр бүлийн хүн хүүхдийн хамтаар Швед улс руу явсан. Ер нь манай хүүхэд тэнд төрсөн юм. Эхнэр Б- гомдол саналгүй гэдгээ бичиж үлдээгээд явсан. Харин эмчилгээний зардал болох 1.310.870 төгрөгийг би төлөх болно гэв.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Содномдаржаагийн Б- “… 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо 32 А байрны 40 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч М-, охин Анужин /2 нас 6 сартай/ нарын хамт байж байтал миний төрсөн эгч Батчимэг нөхөр Энхбаярын хамт ирсэн. Тухайн үед эгч, хүргэн ах хоёр жаахан юм уучихсан байсан ба би шампанск задалсан чинь уухгүй гээд хүргэн ах Энхбаяр, М- хоёр архинд гараад Эдин нэртэй архи 0.5 хэмжээтэйг нэг шил, Сэнгүүр нэртэй 0.5 хэмжээтэй пиво 3 лаазыг авчираад хувааж ууцгаасан. Манай эгч болон М- намайг архи уучих гээд шахаад байхаар нь би архинаас уулцсан. Архиа ууж дууссаны дараа эгч, хүргэн ах хоёр явлаа, гадагшаа гарч дисконд орлоо гэсэн чинь М- та хоёр үлдчих ээ, дахиад нэг юм ууя гээд нөхрийнх нь гутлыг нуугаад манай эгчийн гар утсыг нуучихсан. М- тухайн үед би хүнд хэлчихлээ гээд удалгүй нэг хүн 1 шил 0.5 хэмжээтэй Эдин архи авчирч өгсөн ба тэр архийг хувааж ууцгаасан. Архиа ууж дуусчихаад гэртэй бүгдээрээ бүжиглэж байгаад унтаж амрахаар болоод эгч, хүргэн ах хоёр том өрөөнд газар ор засаад хэвтсэн. Би М-ийн хамт унтах гээд өрөө рүүгээ ороод шүд амаа угаах гээд ариун цэврийн өрөөнд орсон чинь М- араас ариун цэврийн өрөөнд орж ирээд намайг оролдохоор нь би дургүйцсэн чинь М- гэнэт уурлаад нүүр рүү гараараа цохиод, нуруу, толгой цээж, хөл гуя, тохой, гар руу цохиод зодсон. Би тэр үед тусламж дуудаад туслаарай гэж орилсон. Тэгээд би ноцолдоод ариун цэврийн өрөөний хаалгыг онгойлгоод орилсон чинь манай эгч Батчимэг ирээд болиулсан. Тэр үед миний хамарнаас цус гарч нүд, нүүр хавдчихсан. Тэгээд цагдаад дуудаж, өргөдөл гаргасан” /хх-н 14-16/,

“... өмнө нь намайг энэ удаагийнх шиг зодож цохиж байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Энхтайвны гүүрний орчим байрлах Түмэн караокед байхад М- бид хоёр маргалдаад намайг миний нүүр рүү цохиод элэгдэж унагаасан. Тухайн үед би Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр өргөдөл өгөөд шалгуулж байгаад, М-тэй эвлэрээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй өргөдлөө хаалгаж байсан” /хх-н 52-53/ гэж,

гэрч Содномдаржаагийн Батчимэг “… 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр би дүү Б-тай орой 17-18 цагийн хооронд гэрт нь очье гэж ярьж тохирсон байсан бөгөөд нөхөр Энхбаярын хамт хүмүүстэй гадуур хоолонд ороод нэг нэг 0.5 хэмжээтэй Сэнгүүр пиво уусан байсан. Хамт хоолонд орсон хүмүүсээсээ салаад 21 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 32 А-40 тоотод байрлах Б-ын гэрт очсон. Тухайн үед Б-, түүний хамтран амьдрагч М-, охин Анужин нарын хамт байсан. Гэрт нь ороод шинэ жилээс хойш очоогүй байсан болохоор дүү Б- оргилуун дарс задлаад бүгдээрээ хувааж ууцгаасан. Дараа нь Энхбаяр, М- хоёр гадагшаа гарч архи, пиво ундаа авчирсан. Тэгээд архи, пивоо хувааж ууцгаасан. Архиа ууж дуусчихаад би Энхбаярын хамт явъя гэсэн чинь М- манай нөхрийн гутал, миний гар утсыг нуучихаад явуулахгүй гээд дахиад нэг шил архи аваад М-, Энхбаяр хоёр ихэнхийг нь уусан. Бид нар бүжиглэж байгаад унтахаар болсон чинь нөхөр бид хоёрт том өрөөнд ор засч өгөөд би нөхрийн хамт унтсан. Б-, М- хоёр охинтойгоо өрөө рүүгээ  ороод унтсан. Тэгээд унтаж байсан чинь дүү Б- гэнэт Чээмаа авраач ээ, аллаа, авраач ээ гэхлээр нь би гүйгээд очсон чинь Б- өөрийнхөө өрөөний үүдэнд цусандаа хутгалдсан М- хажууд нь зогсоод энэ ингээд байгаа шүү дээ гээд зогсож байсан. Тэгээд би юу болж байгаа юм гэсэн чинь манай дүү уйлаад байсан. Тэр үед Б-ын хамар, гар орчмоос цус гараад байсан ба ариун цэврийн өрөөнд ороод угаагаад тайвшируулсан. Би М-өөс чи яаж байгаа юм гэсэн чинь М- Энхбаяр шалдан манай өрөөнд орж ирээд би Энхбаярыг буцаж оронд оруулаад гэж байсан. Тэр үед нөхөр Энхбаяр хүрч ирээд юу яриад байгаа юм би юу гэж босож явдаг юм гэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн” /хх-н 20/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч С.Б-ын гэмтэлтэй холбоотойгоор “... Б-ын биед тухайн үед зүүн нүдний ухархайн дотор хананд зөрүүтэй, ухархайн доод хананд зөрүүгүй хугарал, хамар ясны хянга, баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана болон гайморовын хөндийн урд хана дотогш цөмөрсөн хугарал, этмойд болон гайморовын хөндийд шингэн хуралдалт, таславчийн мурийлт, зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, баруун, зүүн тохой, нуруу, зүүн өвдөг цус хуралт, баруун сарвуунд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

С.Б-ын биед учирсан 1 шүдний хугарал, хамрын ясны хугарал, баруун хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарнагэсэн 1314 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 23/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч Д.М-, хохирогч С.Б- нар хамтран амьдрагч буюу нэг гэр бүлийн хүмүүс болох нь тэдгээрийн тайлбар, мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Боржигон овогт Д-гийн М-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.М-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ялын санкцыг “... , эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсэн бөгөөд энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Хуулийн тухайн зүйл хэсгээр ял оногдуулж байгаа шүүгдэгч Д.М-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

Учир нь; Дээрх хуулийн зохицуулалт нь “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаас гадна

хохирогч С.Б- “... миний бие, шүүгдэгч Д.М-тэй сайн дураараа эвлэрсэн тул цаашид гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.

Түүнчлэн Эрүүгийн хууль дахь эрүүгийн хариуцлагын зорилго, ялын бодлого нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, ял үр нөлөөтэй, зохимжтой байхад чиглэгддэг.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч С.Б- хохиролд буюу эмчилгээний зардалд гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.353.075 төгрөг нэхэмжилсэн баримтыг шүүх нэгбүрчлэн шалгаж үзэхэд 1.310.870 төгрөгийн баримт нь нэхэмжлэлийн шаардлага хангаж байна.

 

Харин шүүгдэгч Д.М- хохирогч С.Б-т 2 сая төгрөг өгөхөөр ..., энэ байдлыг нь хохирогч С.Б- хүлээн зөвшөөрсөн гэсэн нотариатын баталгаа бүхий баримт хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсаныг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл бичгийн нотлох баримт гэхээс илүүтэйгээр шүүгдэгч, хохирогч хоорондоо харилцан тохиролцсон асуудлыг шүүх хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.М- цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Б- гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Д.М-д холбогдох энэ хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх явцад улсын яллагч С.Эрдэнэбаяр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 81 дугаартай тогтоолыг нотлох баримтаар шүүхэд өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хамаарах тул

шүүх энэ хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                

        ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Д-гийн М-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэхь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М- шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.М-ийг ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Д.М- цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Б- гомдол, саналгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.М- хохирогч С.Б-т 2 сая төгрөг өгөхөөр баталгаа гаргаж, энэ байдлыг нь хохирогч С.Б- хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.М-өөс 1.310.870 төгрөг гаргуулж хохирогч С.Б-т олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ