Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 175

 

    

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Я.Баатар

хохирогч Э.С-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн

шинжээч эмч Б.Ганзориг

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805033200000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 5-нд Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын материалын лангуу түрээслэж ажиллуулдаг гэх, ам бүл 3; эмэг эх, 6 настай хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 88 дугаар гудамж 0000 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Б- овогт А-гийн О-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.О- согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Гэрэл” караокед тодорхой шалтгаангүйгээр хохирогч Э.С- руу архины шил шидэж, түүний толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь дух ясны зүүн талын ил хугарал, хатуу бүрхүүлийн доорх цусан хураа бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 6 дугаар саырн 7-ны өдөр найзынхаа төрсөн өдөрт оролцож, караокед байхдаа С-гийн толгой руу архины шилээр цохьсон гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Би тухайн үед согтуу байсан болохоор ийм зан авир гаргасан юм шиг байна лээ. Түүнээс биш хохирогч С-г би урьд өмнө нь танихгүй, бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байгаагүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохиролд гэж 3.5 сая төгрөг өгсөн. Цаашид хохирогчид гарах эмчилгээний зардлыг төлөх болно гэв.

 

Хохирогч Э.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 6 дугаар саырн 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн үед Мөнхбаяр миний утас руу залгаад “өнөөдөр Түвшинтөгсийн төрсөн өдөр, чи  гэрийнхээ гадаа гараад” ир гэсэн. Баар руу 02 цаг 40 минутын үед очсон. Би бааранд сууж байсан хүмүүсийг бүгдийг нь таньдаг, харин О-ыг танихгүй. Би гар утсаа оролдоод сууж байтал О- архины шилээр миний толгой руу цохисон. Тэгээд О- намайг дахиад цохих гэхэд нь би түүнийг цааш түлхсэн. Миний толгойноос цус гарахаар нь эмнэлэг, түргэн тусламж дуудсан. О-ын нүүрэнд үүссэн гэх зулгаралт миний үйлдлээс үүссэн эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Энэ цохилтоос болж миний эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан. Одоо зүгээр байж байгаад ярихдаа гацдаг болсон. О-аас 3.5 сая төгрөг авсан нь үнэн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Би СУИС төгссөн. Нутагтаа очоод театрт дуучнаар ажилд орох гэж байсан юм.

Гомдол санал гэх юм юу байхав. Гэхдээ нэхэмжилсэн мөнгөө авмаар байна. Адилхан эмэгтэй хүн учраас энэ хүнийг шоронд явуулахыг хүсэхгүй байна гэв.

 

Шинжээч эмч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 6 дугаар сарын 15-нд О- гэгчийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж 7577 дугаартай дүгнэлт гаргасан. Гэхдээ чухам хэн үйлдлээс гэдгийг шинжээч тогтоохгүй гэв.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.О-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1805033131120 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

Гэмт хэрэг гарсан үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Энхбаярын С- “... 2018 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих 02 цагийн үед Шараа гэж дууддаг Түвшинтөгсийн төрсөн өдөр болж байна гээд манай найз Мөнхбаяр манай гэрийн гадаа орцны үүдэнд ирсэн. 02 цаг 40 минутанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Гэрэл” караокед орсон. Нэг танихгүй эмэгтэй Цогтоо, Шараа, Хонгорзул нар байсан. Би доошоо хараад утсаа оролдоод сууж байхад танихгүй эмэгтэй архины шил аваад шидээд миний толгойноос цус гарсан. Би тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм үзэх үү гээд босоод ирсэн. Тэр хооронд аймаар их цус гараад байсан. Тэгээд цагдаа дуудах гэхэд тэр текэн дээр байсан эмэгтэйд битгий дууд гэж хэн нэг нь хэлсэн байсан. Би түргэний машинаар ирээд толгойдоо оёдол тавиулаад хэвтсэн. Шинжээч эмч Амартүвшингийн гаргасан дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дээрх гэмтлийг О- миний биед учруулсан. Би О- гэх эмэгтэйтэй ямар нэг өс хонзонгийн асуудал байхгүй огт танихгүй. Эмчилгээний зардал нарийн гаргаагүй байна. Одоо хүртэл эмчилгээгээ хийлгээгүй байгаа.

О- бид хоёрт муудалцсан зүйл байхгүй. Миний гарт утас л байсан. Би О-ыг цохьсон бол утсаараа л цохьсон байх. О- согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би дөнгөж орж ирээд нэг хундага л архи уусан. ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж тархины хагалгаанд орсон. Өнөөдөр эмнэлгээс гарсан биеийн байдал тааруу байна. Би маш их гомдолтой байна. Намайг мэдүүлэг өгөхөд ямар нэгэн хүнээс, дарамт шахалт үзүүлж нөлөөлсөн хүн байхгүй” /хх-н 31, 124/ гэж,

гэрч Н.Мөнхбаяр “... манай найз Түвшинтөгсийн төрсөн өдөр болж “Гэрэл” нэртэй караокены 5 тоотод тэмдэглэсэн бөгөөд 23 цагийн үед төрсөн өдрийн эзэн мөн одоо энэ хүний толгойг шилээр цохьсон Оогий гэх эмэгтэй, С-, Хонгороо бид нар орж сууцгааж, дуулж архи ууцгаасан. Миний хувьд би архи уугаагүй. Мөн С-, Хонгороо нар нэг их уугаагүй сууцгааж байсан. Тэгээд сууж байгаад 3 цагийн орчим Түвшинтөгс явлаа гээд явсан. Удалгүй сууж байтал тас хийгээд архины шил хагарсан. Нэг хартал Оогий гэх эмэгтэй С-гийн толгой руу архины шил шидэж хагалаад цус гарсан. Тэгээд би С-д арчуур авчирч өгсөн. Караоке-ны хүмүүс цагдаа дуудсан. Би даавуу аваад буцаад ирэх хооронд Оогий гэх хүний толгойноос цус гаргасан байсан ба яасныг нь мэдэхгүй. Ямар ч байсан Оогий гэх эмэгтэй ямар нэгэн шалтгаангүйгээр зүгээр сууж байгаад С- руу шил авч шидсэн” /хх-н 12-13/ гэж,

гэрч Ж.Хонгорзул “... 6 дугаар сарын 7-ны орой Түвшинтөгс над руу залгаад миний төрсөн өдөр, хүрээд ирээч гэхээр нь би очсон. Мөнхбаяр С-г аваад араас орж ирсэн. С- бид хоёрыг орж ирэхэд нөгөө хэд уучихсан байсан. Бид хоёр ороод дуу дуулаад би 2 хундага архи уугаад 1 цаг болсон байх. С- О- хоёрын дунд би сууж байсан. О- нилээд согтуу байсан, би дууны ном эргүүлээд сууж байхад нүдний урдуур ширээнээс нэг юм авах шиг болоод С-гийн толгой руу цохиод С-гийн толгойноос цус гарсан. С- О-ыг босоод ирэхэд нь толгой руу нь цохисон. Тухайн үед гар утсаараа цохисон байх. Зодоон болоогүй салсан. 103, 102-т дуудлага өгсөн.

Эхлээд О- архины шилээр С-гийн толгой руу цохисон. С-гийн толгойноос цус гараад хөөе яаж байгаан бэ гэхэд О- нэг юм хэлээд боссон. С- гараараа хаах шиг болсон, О- буцаад суухад толгой нь хагарсан байсан. О- С- руу чи бас миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн. С- О-ыг дахин босож ирэхэд нь өөрийгөө хамгаалсан байх” /хх-н 141/ гэж

тус тус мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч А.О-ыг үйлдсэн болохыг нотлож байна.

 

Түүнчлэн хохирогч Э.С-гийн гэмтэлтэй холбоотой “... С-гийн биед дух ясны зүүн талын ил хугарал, хатуу бүрхүүлийн доорх цусан хурааг авах хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” /хх-н 95/ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7480 тоот дүгнэлт,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-8/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Өвчний түүх” /хх-н 81-90/ зэрэг бичгийн баримтууд авагджээ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б- овогт А-гийн О-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.О-ын хувийн байдалтай холбоотой;

            Ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /хх-н 109/, 2012 оны 9 дүгээр сарын 04-нд төрсөн О-ын Ганпүрэвийн Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 110/, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 111/, А.О-ын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 112/ гэсэн баримтууд авагдаж,

гэрч А-гийн Цогбаатар “... О- нь 1991 оны 2 дугаар сарын 5-нд Говь-Алтай аймагт айлын 2 дахь охин болж төрсөн. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Пратизаны САА-ийн сургуулийг 2010 онд төгссөн. 2011 онд М.Ганчөдөр гэх хүнтэй суугаад 1 хүүтэй болсон. Одоо хүү Ганпүрэв нь 1 дүгээр ангид сурдаг. Эгч маань гэртээ хүүхдээ хардаг” /хх-н 134/ гэж шүүгдэгч А.О-ын хувийн байдлын талаар мэдүүлсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.О-ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал; үүнд тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, бага насны хүүхдийн хамтаар амьдардаг өрх толгойлсон эмэгтэй гэх байдал,

хохирогч Э.С-, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарын гаргасан “... адилхан эмэгтэй хүн тул шүүгдэгч А.О-ад заавал хорих ял оногдуулна гэхгүй” гэсэн санал, хүсэлт, тайлбарыг шүүх тус тус харгалзсан болно.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Хохирогч Э.С- хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2.966.227 төгрөг нэхэмжилсэн байх ба хохиролд нийт 3.500.000 төгрөг төлөгдсөн гэдгийг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул нотлох баримтын хэмжээнд хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэхээр байна.

Хохирогч Э.С- сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй юм.

Харин хохирогч Э.С-гийн нотлох баримтаа бүрдүүлэн цаашид нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч А.О- цагдан хоригдсон хоногггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор Э.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-н 153-154/ байх тул

шүүх энэ хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б- овогт А-гийн О-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О-ыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. А.О-ад оногдуулсан 15.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. А.О- торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. А.О- цагдан хоригдсон хоногггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

хохирогч Э.С-гийн нотлох баримтаа бүрдүүлэн цаашид нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.О-ад урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ