Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00729

 

 

 

    2024         04             10                                       210/МА2024/00729

 

ххххххххххххийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/00655 дугаар шийдвэртэй,

 

ххххххххххххийн нэхэмжлэлтэй,

 

ххххххххххд холбогдох,

 

114,998,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. хххххххххх нь ххххххххххххээс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ-д байрлах “Mecos., Ltd” компанийн үйлдвэрлэдэг “Me ways” брэндийн нүүрний маск 99 хайрцагийг нийт 43,560,000 воноор худалдаж авахаар захиалсан. Ийнхүү захиалсан 99 хайрцаг маскаа 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан.

1.2. хххххххххх нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 99 хайрцаг маскийн захиалгын урьдчилгаанд төлөх ёстой байсан 13,560,000 вон, мөн барааг хүлээж авсан даруйд төлөх ёстой үлдэгдэл 30,000,000 вон буюу 79,200,000 төгрөг, нийт 114,998,400 төгрөгийн төлөлтийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 43,560,000 вон буюу 114,998,400 төгрөгийг ххххххххххаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талууд 2019 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд хххххххххххх нь хххххххххх руу 2023 оны 01 дүгээр сард холбогдож “ахиад 99 хайрцаг бараа байна, яаралтай хххххххххххххх руу шилжүүлж борлуулаад өгөөч” гэсэн. Барааг бага багаар борлуулах журмаар мөнгийг нь хххххххххххххх-аас гаргах боломжтой гэснийг нэхэмжлэгч зөвшөөрснөөр 99 хайрцаг барааг хххххххххх руу илгээснийг хүлээн авсан.

2.2. Гэвч хххххххххххх нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бодит байдалд нийцээгүй буюу талуудын тохиролцооноос өөр тайлбар гаргасан байна. 99 хайрцаг бараа огт борлуулагдаагүй байгаа тул нэхэмжлэгчид буцааж өгөх эсхүл хххххххххххх-аас ххххххххххын авах ёстой 59,964,895 төгрөгийг 114,998,400 төгрөгөөс хасч, үлдэх төлбөрийг барааг худалдан борлуулах боломжтой хугацааг тохирох замаар хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжтой байна. хххххххххххххх-аас авах авлагыг нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа учир нь тухайн компанитай нэхэмжлэгч гэрээ байгуулсан, уг гэрээний төлбөр нь шууд нэхэмжлэгчийн данс руу шилжэн ордог юм. Харин тухайн 99 хайрцаг 39,600 ширхэг барааны 20 орчим хувь нь чанарын шаардлага хангахгүй, худалдан борлуулахад төвөгтэй нөхцөл байдалтай ирсэн болохыг дурдах нь зүйтэй байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 

3.1. Талуудын 2019 оноос хойш хамтран ажилласан ажлын зарчим нь хххххххххххх БНСУ-аас хххххххххх руу бараа илгээж, хххххххххх нь барааг хүлээн авч, нэхэмжлэгчийн гэрээ байгуулсан газар болох хххххххххххххх-д барааг нийлүүлдэг. Тус компани нь бөөний үнээр авсан бараагаа цааш нь бусдад ширхэглэн худалддаг. Борлуулалт хийх бүрдээ төлбөрөө хэсэгчлэн шууд хххххххххххх рүү төлдөг. ххххххххххын зүгээс хххххххххххххх-д өөрийн өмчлөлийн 59,964,895 төгрөгийн үнэ бүхий 60 орчим хайрцаг гоо сайхны барааг нийлүүлсэн. Энэ барааны мөнгө нь хххххххххххх рүү шилждэг учраас 114,998,400 төгрөгөөс 59,964,895 төгрөгийг хасч, эвлэрье гэсэн санал гаргасныг хүлээн аваагүй тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

3.2. ххххххххххын хххххххххххххх-аас авах ёстой 19,290,434 төгрөгийг ххххххххххххт шилжүүлсэн байх тул түүнээс гаргуулж, ххххххххххд олгож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Тухайн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож байгаа гэж үзэхгүй байна.

4.2. 19,290,434 төгрөгөөс 2,531,982 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн тул үлдэх 16,758,452 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцуулах боломжтой гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1, 238 дугаар зүйлийн 238.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч ххххххххххаас 98,239,948.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххххххххххт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732,942.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 331,498.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 732,942.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжпэгчээс 331,498.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх 2,531,982 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн хэмээн буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 95,707,966 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1.Хэргийн 2 дугаар хавтас, 18, 19 дүгээр талд авагдсан баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ххххххххххын “Хаан банк” ХХК дахь данс руу 2,531,982 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогддог. Анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн мөнгө төлөгдсөн талаар хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Иймд шүүх үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг хасаж 98,249,948 төгрөг гэж дүгнэсэн нь зөв тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

 

            2. Нэхэмжлэгч хххххххххххх нь хариуцагч ххххххххххд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 114,998,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан 19,290,434 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ. /1хх1-3, 27-28, 97, 145-147, 2хх23, 58, 61-62/

 

            3. Нэхэмжлэгч хххххххххххх нь хариуцагч ххххххххххд 1 бүрийн үнэ 1,100 вон, нийт 39,600 ширхэг нүүрний маскийг 43,560,000 воноор тооцож шилжүүлсэнийг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. 

            Гэрээний үнийг хариуцагч төлөөгүй үндэслэлээр анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 43,560,000 воныг Монголбанкны зарласан харшаар тооцсон 114,998,400 төгрөгийг хариуцагч ххххххххххаас гаргуулж нэхэмжлэгч ххххххххххххт олгохоор дүгнэсэн нь хуульд нийцсэн байх ба энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

             4. хххххххххххххх-иас нэхэмжлэгч ххххххххххххийн дансанд 19,290,434 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь хариуцагч ххххххххххынх болох талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч хххххххххххх уг мөнгөн хөрөнгөөс 2,531,982 төгрөгийг хариуцагч ххххххххххд шилжүүлж үлдэх 16,758,452 төгрөгийг шилжүүлээгүй.

            Нэхэмжлэгч хххххххххххх нь уг 16,758,452 төгрөгийг дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцож өөрт үлдээснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт зааснаар харилцан тооцох боломжтой гэж дүгнэсэн. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үндэслэн шийдлийг хэвээр үлдээв.

            Харин Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсгийн зохицуулалт шаардах эрхэд хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан баримтлах хуулийн заалтад хамаарахгүй гэж үзэж  шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасах нь зүйтэй.  

 

            5. Нэхэмжлэгч хххххххххххх нь 2,531,982 төгрөгийг хариуцагч ххххххххххд шилжүүлэн өгсөн нь хэргийн 2 дугаар хавтас 19 дэх талд авагдсан ххххххххххххийн эзэмшлийн “Хаан банк” ХК дахь 5022956667 тоот “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” гэх  баримтад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,531,982 төгрөгийг мөн банк дахь 5035360660 тоот дансанд шилжүүлсэн байдлаар тогтоогдож байна. 5035360660 тоот данс нь хариуцагч ххххххххххын данс болох талаар тэрээр маргаагүйгээс гадна “Хаан банк”ХК болон хххххххххх нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд уг данс тусгагдсан байдлаар тогтоогджээ. 

           

            6.Дээрх үндэслэлүүдээр хариуцагч хххххххххх нь нэхэмжлэгч ххххххххххххээс үндэслэлгүйгээр хөрөнгөжснөөс үүсэх үүргийн хүрээнд 19,290,434 төгрөгийг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Харин сөрөг нэхэмжлэлээс шаардсан үнийн дүнгээс 16,758,452 төгрөгийн шаардлагыг хоёр этгээдийн хооронд үүссэн ижил төстэй үүргүүдийг харилцан тооцно гэсэн  анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн байдлыг харгалзан сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох хэмжээг 2,531,982 төгрөгөөр тодорхойлж шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсныг залруулахдаа мөн хууль хэрэглээнд өөрчлөлт оруулна. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримталсныг хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж үзлээ. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан тохиолдолд уг хөрөнгийг буцаан шаардах 2 үндэслэлийг заасан бөгөөд энэ маргаанд мөн хуулийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэх нөхцөл хамаарч байна.

              

            Дээрх үндэслэлүүдээр “уг 2,531,982 төгрөгийг төлөгдсөн гэж анхан шатны шүүх буруу дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хасаагүй нь буруу” гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.  

             

              

 

            6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/00655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг үндэслэн хариуцагч ххххххххххаас 98,239,948 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххххххххххт олгож, сөрөг нэхэмжлэлээс 2,531,982 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА