Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 176

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Г.Н-

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 180504100000000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, “Итгэл дулаан” ХХК-нд ажилдаг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 0000 тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 000 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар,

2. 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 00дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

дугаарын регистртэй, Ж- овогт Г-ийн Н-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Н- 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 13 дугаар гудамж, 000 тоот хашаан дотор хохирогч Б.Б-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хохирогч Б- гэгч согтуурхаад хүн зодох гээд байхаар нь би салгасан. Гэтэл над руу дайрч, намайг цохиод байхаар нь түүнийг 3-4 удаа хутгаар хатгасан. Хохирогч Б- бид хоёр эвлэрч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичиж өгсөн байгаа гэв.  

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Балжиннямын Б- “...Тухайн өдөр би найз Баби гэх ажлын найзтайгаа өргөөгийн хойно машин дотор нэрийг нь мэдэхгүй 0,75 хэмжээний архи ууж байгаад нэлээн согтуу болчихсон байсан тэгээд уусан архиндаа согтоод нэг мэдсэн чинь Энхтуулынд оччихсон юм яриад тойроод сууж байсан. Би юу ч мэдэхгүй байна намайг хэн хутгалсныг би сүүлд мэдсэн.. Намайг хутгалсан хүнийг танихгүй байна. Ямар шалтгаанаар хутгалсныг мэдэхгүй байна” /хх-н 16/ гэж,

гэрч Цэдэнгийн Пүрэвхүү “... Б-, Батжаргал, Туул, Төгсөө, Нараа нарын хамт архи ууж байсан чинь Б-, Нараа хоёр хоорондоо би, чи атаман гээд хэрэлдэж байснаа гэнэт бие биенийгээ барьж аваад ноцолдсон. Б- доор нь орчихсон, харин Нараа нь дээр гарчихсан байсан чинь, Нараагийн гарт шар өнгийн иштэй хутга харагдсан бөгөөд Б-гийн нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа хутгалчих шиг болсон. Бүгдээрээ газраас босоод салгасан. Нарааг салгаж авах явцад хутга нь хашааны гадна жижиг хаалганы орчим хаягдсан” /хх-н 20/ гэж,

яллагдагч Г-ийн Н- “... хэрэг гарсан өдөр бид гурав нойлын нүх ухаж байгаад би хоол хийхээр гэр рүү нь орсон. Гэтэл хүмүүс орилолдоод ороод ирсэн. Би ногоо арилгаж байсан тул гартаа хутгатай байсан. Хүмүүс “сайн уу” гээд гар барих гэхэд нь би барьж байсан хутгаа халаасандаа хийсэн. Тэгээд бид хамтдаа 1 шил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Б- гэдэг залууг зодоод байхаар нь би “боль” гээд салгатал хохирогч намайг зодсон. Би гэрт байсан хүмүүс рүү “салгаач” гэж хэлэхэд миний хэлсэн үгийг хэн ч тоогоогүй” гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Б-гийн гэмтэлтэй холбоотойгоор ... Б-гийн биед зүүн мөрний ар, далны дунд хэсэг, баруун далны гадна доод хэсэг, бүсэлхийн нуруу, хэвлийн зүүн хэсэгт хатгагдаж зүсгэгдсэн шарх хэвлийд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн 9863 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 25/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Н-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Г.Н- бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Б- “... миний бие 2018.08.11-ний өдөр архи согтуурах ундаа хэтрүүлэн хэрэглэж тэр үед цуг архи ууж байсан үл таних залууд хутгалуулсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Цаашдаа надад нэхэмжлэх гомдол санал байхгүй, бид хоёрыг сайн дурын үндсэн дээрээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. /хх-н 79/

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Н- цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Г.Н- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа хутга хэрэглэсэн нь нотлогдон тогтоогдож байх боловч шүүх энэ хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Н- урьд өмнө 2 удаа шүүхээр ял шийтгүүлсэн нь хувийн байдлыг тогтооход ач холбогдолтой боловч түүний ялтай байдлын хугацаа хуульд зааснаар дуусгавар болжээ.

 

Шүүгдэгч Г.Н- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Ж- овогт Г-ийн Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.Н- торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Г.Н- цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б- гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ