Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00629

 

 

 

 

 

 

 

 

     2024        03            29                                    210/МА2024/00629

 

 

Б.О-, Г ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/05613 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.О-, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г ХХК-д холбогдох,

155,605,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Г ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Г ХХК-тай харилцан тохиролцож тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 00 тоотод байрлах 1209 м.кв талбайтай 4 давхар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,100,000,000 төгрөгт тооцон “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээний хүрээнд иргэн Б.О-иас гэрээнд заасан хуваарийн дагуу 30,000,000 төгрөгийг Г ХХК-д төлсөн.

Мөн уг барилга нь эмийн үйлдвэрийн зориулалттай байсан тул ресторан, зочид буудал, үйлчилгээний зориулалттай болгохоор иж бүрэн дотор, гадна засвар, чимэглэлийг хийж гүйцэтгэсэн бөгөөд засварын ажлын нийт зардал нь 125,605,750 төгрөг болсон. Энэхүү засварын ажлыг гүйцэтгэгч компани, хувь хүнээр дотор агаар сэлгэлт, сантехник, вакум цонх, метал хаалга, 1, 2, 3, 4 дүгээр давхрын иж бүрэн дотор засал, шал, паркет шахах, рестораны тек, үүдний засвар, цахилгаан, дохиолол, камерын хяналтын иж бүрэн систем зэрэг ажлууд хийгдсэн.

Бидний зүгээс анхнаасаа тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хүсэлтэй байсан. Гэвч тухайн үеийн нөхцөл байдал хүндэрч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх боломжгүй болсон бөгөөд Г ХХК-ийн зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн ”В”-д заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг банканд барьцаалбар болгон зээл босгож төлбөрийг төлөх боломжийг зөвшөөрөхгүй байсан нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдан авахгүй байх нэг шалтгаан болсон. Мөн Г ХХК болон түүний хувьцаа эзэмшигч, Б.О- нарын хооронд шүүхийн маргаан үүссэн зэрэг шалтгааны улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Нэгэнт гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул төлсөн төлбөр болох 30,000,000 төгрөг, засварын зардал 125,605,750 төгрөгийг эгүүлэн төлөхийг Г ХХК-аас шаардсан боловч эс зөвшөөрсөн. Гэрээний дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваагүй, гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзсан, цуцалсан шаардлагын дагуу гэрээний гүйцэтгэлийг буцаан төлөх үүрэгтэй.

Энэхүү үл хөдлөх хөрөнгөд бидний зүгээс хийсэн иж бүрэн засвар, шинэчлэлийн үр дүнд Г ХХК өнөөдрийг хүртэл зочид буудал, ресторан, бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар байгаа. Бидний хөрөнгөөр хийсэн засвар, шинэчлэлийн үр шимийг хүртсээр байгаа атлаа гаргасан зардал, төлбөрийг буцаан төлөхгүй байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй үйлдэл гэж үзэж байна.

Тодруулбал, Г ХХК-аас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 00 тоотод байрлах 1209 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Г ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 26- ны өдөр Г ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу 30,000,000 төгрөгийг анх иргэн Б.О-ийн Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Д-д өгснөөр Г ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт Г ХХК-ийн нэрээр төлөгдсөн байсан.

Мөн Б.О- нь тухайн үед Г ХХК-ийг төлөөлж шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байсан. Одоо Г ХХК-ийн төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь иргэн Б.О- болсон тул 30,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх Г ХХК, иргэн Б.О- нарт байгаа.

Дээрх хоёр шаардлагыг иргэн Б.О-, Г ХХК нар тус тусдаа шаардах эрхтэй боловч талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02413 дугаар шүүгчийн захирамжаар хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй, харилдан хамаарал бүхий эрх зүйн харилцаа тул нэхэмжлэгч нар хамтран нэхэмжлэл гаргасан болно.

Иймд Г ХХК-аас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, 00 тоотод байрлах 1209 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ“-ний дагуу төлсөн 30,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар, шинэчлэл хийсэн зардал болох 125,605,750 төгрөгийг нийт 155,605,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Хариуцагч талаас, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа нь хариуцагчийг тайлбар гаргах, тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх, хариуцагчид хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан.

Хариуцагчийн зүгээс тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагад ямарваа нэгэн хариу тайлбар өгөх боломжгүй бөгөөд хэн нь өөрөөс нь ямар үндэслэлээр, мөнгөн хөрөнгө нэхээд байгааг мэдэхгүйгээр шүүхэд мэтгэлцэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн шаардах эрхийн үндэслэл тодорхой бус буюу хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлийг дурдаж байгаа ч Иргэний хуулийн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” зохицуулалтын ямар зүйл, заалтыг үндэслэн нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь тодорхой бус хэвээр байгаа нь хариуцагчийн зүгээс тайлбар гаргах, мэтгэлцэх ямар ч боломжгүй байна.

Г ХХК, Б.О- нар нь Г ХХК-д холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнд:

“...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 00 тоотод байрлах 1209 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төлсөн 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулах...”;

“...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 00 тоотод байрлах 1209 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд иж бүрэн засвар хийсэн зардал болох 125,605,750 /нэг зуун хорин таван сая зургаан зуун таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах...;

Хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй бөгөөд бодит үнэнд нийцээгүй гэж үзэж байх тул дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагын аль алиныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Г ХХК болон иргэн Б.О- нарын аль аль нь Г ХХК-аас 30,000,000 төгрөгийг шаардах эрх зүйн үндэслэлгүй байна.

Г ХХК нь гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй атлаа дур мэдэн дотоод тохижилтыг эвдэж, гэмтээж Г ХХК-д  хохирол учруулсан. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хариуцагч Г ХХК-аас 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д, 47,607,600 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 77,988,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,093,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсаны адил гаргаагүй юм.

Анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах” тухай манай хүсэлтийг хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 101/Ш32023/08846 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг даалгасан.

Гэвч шүүх өөрийн гаргасан захирамжийн биелэлтийг хангуулаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаагийн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Мэтгэлцэх зарчим” хэрэгжихгүй байгаа төдийгүй, хариуцагч нь хуульд заасан нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэн тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэж чадахгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн.

Хамтран нэхэмжлэгч нар буюу Г ХХК болон иргэн Б.О- нарын хэн нь нэхэмжлэлийн аль шаардлагыг гаргаж буй нь тодорхойгүй байсаар шүүх хурал явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн асуулт, хариултын шатанд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодруулж мэдсэн.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодруулж тайлбарлан бичиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт...” гэж заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн.

Мөн шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагчийг тодорхойлох субъект биш байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийг тодорхойлсон гэж ойлгогдохоор байна.

4.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дахь хэсэгт “...Хугацаа хэтэрсэн тохиолдолд Б талаас хоног тутамд графикаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,15 хувиар алданги тооцож авна...” гэж заасан бөгөөд Г ХХК нь гэрээний үүргээ 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зөрчсөн. Г ХХК-ийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ хугацааны алдангид 30,000,000 төгрөг нь тооцогдох тул энэхүү мөнгийг Г ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж чадаагүй бөгөөд өөрт учирсан хохирол буюу барилгыг ашиглах боломжгүй болгосонтой холбогдуулан засварын ажилд зарцуулсан зардлыг хохиролд тооцож Г ХХК-иас нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “... Г ХХК-аас ... 47,607,600 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөөгүй буюу 10 хувьд нь хүрэх хэмжээний төлбөрийг төлөөгүй байж тухайн эд хөрөнгийг өөрийн болгосон гэж үзэх боломжгүй юм.

4.3. Г ХХК болон Г ХХК нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Зээлээр ажлын байр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, улмаар Г ХХК нь гэрээний үүргийн зөрчил гаргасан тул 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр талууд гэрээг цуцалсан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “...Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно...” гэж заасан бөгөөд талууд гэрээг цуцалсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрх үүснэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдах болсон шалтгаан нь худалдан авагч төлбөрөө төлөлгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасантай холбоотой бөгөөд талууд гэрээг цуцалж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч нар нь гэрээтэй холбоотойгоор учирсан хохирол, зардлыг шаардаж байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил...” гэж заасны дагуу тухайн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

Ийнхүү, хуульд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тооцвол нэхэмжлэгч нарын “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэж талууд тодорхойлсон бөгөөд 6 жилээр тооцсон. Дээрх хугацаанд Б.О- шаардах эрхгүй байсан учраас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шаардах эрх нээгдсэн гэж үзэж энэ хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцно. Мөн “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал бий болсон бөгөөд 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл 8 сарын хугацаанд шүүхийн байгууллага ажиллахгүй, иргэд гудамжаар явж болохгүйд хүрсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа 8 сараар тасарсан. Цар тахал бий болж иргэд хорионд орсон нь нийтэд илэрхий нөхцөл байдал юм. Тухайлбал, 8 сарын хугацаанд тасарсан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжлүүлэн тоолох ёстой. Уг хэргийн нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сард гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа тасарсан асуудал нь Б.О-д хамааралтай юм. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Б.О-, Г ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 155,605,750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нараас Г ХХК-аас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 00 тоотод байрлах 1209 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул иж бүрэн засвар хийсэн зардалд 125,605,750 төгрөг, гэрээний төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөг, нийт 150,605,750 төгрөгийг Г ХХК-аас гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

1.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... Г ХХК болон иргэн Б.О- нарын хэн нь нэхэмжлэлийн аль шаардлагыг гаргаж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нарын шаардах эрхийн эрх зүйн үндэслэл тодорхой бус тул мэтгэлцэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1. Г ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Б.О- нар нь Г ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “зээлээр ажлын байр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 00 тоотод байрлах 1209 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,100,000,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийн 300,000,000 төгрөгийг графикийн дагуу төлөх,

-үлдэх төлбөрт 180,000,000 төгрөгт Хан уул дүүргийн 10 дугаар хороо, Sunny side town hause-д байрлах баригдаж буй амины орон сууц болох 105-р блокын 25 тоот 102 м.кв талбайтай байрыг 7-р сард бүрэн ашиглалтад оруулж өгөх үү 180,000,000 төгрөгт тооцож борлуулж өгөх, уг дүнг гэрээний 1,100,000,000 төгрөгөөс хасаж тооцох,

-2016 оны 6, 7 дугаар сард багтаан үлдэгдэл төлбөр болох 620,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14-р хороо, 00 тоотод байрлах 1200 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг банкны барьцаалбар болгож зээл болон бусад эх үүсвэрээс гүйцээн төлөх, гэрээний нийт төлбөрийг бүрэн төлснөөр үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлж гэрээг дуусгавар болгох нөхцөлтэйгөөр харилцан тохиролцжээ. /2хх41-43/

 

2.2. Нэхэмжлэгч Б.О-, дээрх гэрээний төлбөрт Г ХХК-аар дамжуулан 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 удаагийн үйлдлээр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр талууд дээрх гэрээнээс харилцан татгалзсан талаар маргаангүй байна./1хх 8-11/

 

3. Нэхэмжлэгч Б.О-иас, С ХХК, Г ХХК, Г ХХК, Л.Ц-, Ц.Д- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Г ХХК-аас барилгын засвар хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35,650,903 төгрөгийг, Г ХХК-аас үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэрээний төлбөрт зориулан шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02413 дугаартай захирамжаар “нэхэмжлэгчийн татгалзал, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гаргасан байна. Тодруулбал, захирамжийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “нэхэмжлэгч Б.О- Г ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг, ...хариуцагч Л.Ц- Ц.Д- нар нь үл Г ХХК-ийн 50 хувийн хувьцааг Б.О-д бэлэглэлээр шилжүүлэх, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх, нэхэмжлэгч Б.О-ийн Г ХХК-аар дамжуулан Г ХХК руу үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэрээний төлбөрт зориулан шилжүүлсэн 30,000,000 төгрөг, мөн барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35,650,903 төгрөгийг нэхэмжлэх, төлбөрийг хүлээн авах эрхийг Г ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч Б.О-д шилжүүлэх, хариуцагч Г ХХК болон Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлээр ажлын байр, худалдах, худалдан авах гэрээний дагуу Г ХХК, түүний хувьцаа эзэмшигчдээс шилжүүлсэн бүх төлбөрийг нэхэмжлэх, төлбөрийг өөрөө хүлээн авах эрхийг Г ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч Б.О-д шилжүүлэхээр тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэжээ./1хх 13-21/

 

4. Нэхэмжлэгч талаас, дээрх захирамжийг үндэслэн хариуцагч Г ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, 2022 оны 05 дугаар сарын 02-нд тухайн компанийн гүйцэтгэх  захирлаар Б.О-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр Г ХХК-ийн нэрээр нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн тул нэхэмжлэгч Б.О-, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “зээлээр ажлын байр худалдах, худалдан авах гэрээ”-ээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 00 тоотод байрлах 1209 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Г ХХК болон Б.О- нараас дээрх гэрээнээс татгалзсаны үр дагаварт барилгын засвар хөрөнгө оруулалт хийсэн 125,605,750 төгрөгийг Г ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан./1хх 6,12/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

5.1. Учир нь, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02413 дугаартай захирамжаас үзвэл тухайн хэрэгт Г ХХК-д холбогдуулан Б.О- 30,000,000 төгрөгийн гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг шаардаж байсан нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан үндэслэлээр түүний хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ нэгэнт цуцлагдсан учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

5.2. Харин, нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн барилгын засвар хөрөнгө оруулалтад нэхэмжилсэн шаардлагаас 47,607,600 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын барилгын засварын зардлыг нэхэмжлэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа, талуудын гэрээнээс татгалзсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоологдох бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон байгааг шүүх зөв тогтоогоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нар хариуцагч Г ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө барилгын засвар хөрөнгө оруулалтын зардлыг нэхэмжилсэн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан  үйл баримт тогтоогдохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5.3. Нэхэмжлэгч Б.О-, маргаан бүхий барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35,650,903 төгрөгийг Г ХХК-аас нэхэмжилж байсан байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02413 дугаартай захирамжтай иргэний хэрэгт хариуцагч Г ХХК-аас нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон боловч дээрх 35,650,903 төгрөгт хамаарах Г ХХК-д шилжүүлсэн засварын зардлыг ялган зааглаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүйгээс гадна, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ажил гүйцэтгэх гэрээ, барилгын материалын зарлагын баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна./1хх22-227/

 

Мөн нэхэмжлэгч Б.О-, дээрх засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35,650,903 төгрөгийн тухайд гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5.4. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “зээлээр ажлын байр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 00 тоотод байрлах 1209 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд оруулсан 125,605,750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэнэ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/05613 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч Г ХХК-аас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, хариуцагч Г ХХК-д холбогдох нэхэмжлэгч Г ХХК, Б.О- нарын нэхэмжлэлээс үлдэх 125,605,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “545,988” гэснийг “307,950” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 545,988 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ