Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00659

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00659

 

 

Б.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/00310 дугаар шийдвэртэй

Б.О-гийн нэхэмжлэлтэй, ШЗ-д холбогдох,

ШЗийн хууль бус үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд учирсан гэм хорын хохирол болох 307,800,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хххх дүгээр зарлигаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхэд томилогдон шүүгчээр ажиллаж байсан.

1.2. Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шинэчлэн баталсан Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор  анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчилсөнтэй холбогдуулан ШЗийн 2013 оны 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Ингэхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхүүдийг тойргийн системд хувиргаж, шүүхүүдийг шинээр байгуулсан бөгөөд ШЗийн 42 дугаар тогтоолоор намайг Өвөрхангай аймаг дахь Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн. ШЗийн уг саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа намайг ямар нэгэн хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр томилоогүй орхигдуулсан.

1.3. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоороо Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон, Үндсэн хуулийн цэцийн дээрх тогтоолын үр дагавар нь намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн ШЗийн 2013 оны 42 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцэхгүй болсон, нөгөө талаас тогтоолд заасан нэршил бүтэц бүхий шүүхүүд байхгүй болсон тул ШЗийн уг тогтоол Үндсэн хуульд нийцээгүй бөгөөд эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болсон.

1.4. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Б.О надад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хэргийн болон шүүхийн харьяаллыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх байхаар тогтоож өгсөн. Миний бие 2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2021 оны 05 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд ШЗ-д хандан Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, 2015 оны Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэхийг хүсч өргөдөл, гомдол удаа дараа гаргаж байсан. ШЗөөс дахин шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөөр ирсэн.

Монгол Улсын Дээд шүүхээс хэргийн харьяалал тогтоосон тул 2021 оны 07 сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй ШЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу ШЗ 2022 оны 03 сарын 30-ны өдөр намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн ба ШЗөөс холбогдох материалыг дутуу явуулснаас болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 12 иргэний холбогдох материалыг буцаасан. ШЗ нь холбогдох материалуудыг дахин бүрдүүлж, 2022 оны 05 сарын 03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Б.О надад холбогдох материалыг ШЗ-д 2022 оны 05 сарын 16-ны өдөр буцаан хүргүүлсэн байсан.

1.5. Миний хувьд ШЗийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан эрхээ хэрэгжүүлж, намайг дахин шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхийг хүсч өргөдөл, гомдол гаргасан. Гэтэл ШЗөөс тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж албан тоотоор мэдэгдсэн тул дээрх эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа ШЗийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор 2022 оны 06 сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 0201 дугаартай шийдвэрээр ШЗийг 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж үзэлгүйгээр Б.Ог шүүгчээр томилуулахаар дахин санал болгохоос татгалзсан шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй тул хууль бус болохыг тогтоон, Б.Ог шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг ШЗ-д даалгаж шийдвэрлэсэн. ШЗ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 0201 дугаартай шийдвэрийг 2023 оны 07 сарын 07-ны өдөр биелүүлж, ШЗийн хуралдаанаар миний асуудлыг хэлэлцэж, шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ШЗийн эс үйлдэхүй болон үйлдлийг хууль бус болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн тул албан тушаалтаны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирол болох олох байсан орлого буюу авах байсан цалин 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 сарын 07-ны өдөр хүртэл /114 сар 07 хоног х 2,700,000 төгрөг сарын цалин/ 307,800,000 төгрөг, бусад нэмэгдэл цалинд /114 сар, 15 хоногийн/ 60,547,610 төгрөг, нийт 370,188,519 төгрөгийг ШЗөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.Ог шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгох эрх зүйн үр дагавар бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ШЗ гаргаагүй.

Учир нь нэхэмжлэгчийг чөлөөлөгдсөний дараа анх 2013 онд өргөн мэдүүлснээс гадна, 2022 оны 74, 102, 2023 оны 28 дугаар тогтоолоор шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ хуульд заасан нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тухай бүр /2022 оны Е/04, Е/05, 2023 оны Е/15 тоот албан бичиг/ нэхэмжлэгч Б.О-г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн.

2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ШЗөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаас бусад шүүхийн шүүгчдийг ШЗийн санал болгосноор тус тус ерөнхийлөгч томилно... гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон шүүгчийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрхээс гадна Ерөнхийлөгч нэхэмжлэгчийг хуульд заасан болзол шаардлага хангахгүй гэж үзэхдээ чухам ямар шаардлагыг нь хангахгүй байгаа талаар Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хурлууд дээр дээрх үндэслэлээр Ерөнхийлөгчид олгогдсон хэнтэй ч үл хуваах бүрэн эрх гэж үзэн тайлбарлаагүй, шүүгч ч дахин тодруулж асуугаагүй. Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол ШЗөөс үл хамаарах шалтгаанаас үүссэн буюу хохирол учрахад манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй учраас хохирлыг хариуцахгүй.

2.3. Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасныг үндэслэн ШЗийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг Б.О-д олгосон. ШЗ нэхэмжлэгч Б.О-д гэм хор учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүйгээс гадна Б.О-г шүүгчээр үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан хариуцагч ШЗ-өөс 262,527,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,272,090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 1,626,750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШЗ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 1,470,589.55 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0000 дугаартай шийдвэрээр Шүүхийн еренхий зөвлөл шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Ог Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЗ-д даалгаж шийдвэрлэсэн. Харин шүүгч нарыг буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Гэтэл энэ шүүхийн шийдвэрт ...ШЗ нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Б.О нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байх бөгөөд түүний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн явдал нь Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг бий болгосон гэж үзнэ гэж дүгнэсэн нь ШЗ Б.О-гийн шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн мэтээр тайлбарласан нь буруу байна.

5.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд Б.О чөлөөлөгдсөн. Улмаар ШЗийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг олгосон талаар нэхэмжлэгч маргаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх тэтгэлгийг нөхөн олгох цалин хөлснөөс хасаж тооцоогүй.

5.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, хариуцагчаас 2013 онд өргөн мэдүүлснээс гадна, 2022 оны 74, 102, 2023 оны 25 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ хуульд заасан нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Нэхэмжлэгчид хохирол учрахад ШЗийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг ШЗ хариуцахгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчид гэм хор учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаагүйгээс гадна дээр дурдсанчлан шүүгчээр ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ШЗ гаргаагүй. Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн байхад уг шийдвэрийг үндэслэн гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

6.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугааp сарын 08-ны өдрийн 0000 дугаартай шийдвэрээр ШЗийг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн ШЗийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ба тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул хариуцагчийн буруутай үйдлийг дахин тогтоох шаардлагагүй тул хохирлыг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

6.2. Миний хувьд гэм хор учруулснаас үүссэн хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба цалин хөлс болон хөдөлмөрийн маргаантай асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч надад 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 12,000,000 төгрөгийг нэг удаагийн тэтгэлэг хэлбэрээр олгосон байдаг бөгөөд цалин хөлстэй холбоотой тэтгэлгийн энэ асуудал нь гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.

6.3. ШЗ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн үйлдлийг хийсэн болохоос биш шүүхийн шийдвэр гарахаас өмнө хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж удаа шүүгчээр томилуулах саналыг хүргүүлж байгаагүй нь шүүхийн шийдвэрээр тогтоосон.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч ШЗ-д холбогдуулан шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй ШЗ-ийн хууль бус эс үйлдэхүйн улмаас 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд цалин хөлсөөр хохирсон тул гэм хорын хохиролд 307,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Б.О-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 000 дүгээр зарлигаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүгчээр томилсон.

 

3.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой ШЗийн саналыг үндэслэн Б.О-г Өвөрхангай аймаг дахь сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо Б.О-г шүүгчээр томилоогүй орхигдуулсан. /хх-ийн 132-133/

 

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр Б.Ог шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй ШЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.О-г Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЗ-д даалгаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 85-93/

 

3.4. Дээрх шийдвэрийг үндэслэн ШЗ-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор Б.О-г Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 тоот албан бичгээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй гэх үндэслэлээр саналыг буцаан хүргүүлсэн. /хх-ийн 47, 108/

 

3.5. Үүний дараа ШЗ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Б.Ог дахин Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 тоот албан бичгээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсэгт заасан болзол, шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр саналыг буцаан хүргүүлжээ. /хх-ийн 46, 109/

 

3.6. Нэхэмжлэгч нь дахин өргөн мэдүүлэх хүсэлтийг ШЗ-д удаа дараа гаргасан бөгөөд ШЗийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/715 тоот, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/898 тоот албан бичгүүдээр таныг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2 удаа өргөн мэдүүлэхэд саналыг буцаасан тул 3 дахь удаа өргөн мэдүүлэх боломжгүй талаар хариу өгсөн. /хх-ийн 67-70/

 

3.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0201 дугаар шийдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Б.Ог томилуулахаар өргөн мэдүүлэхээс татгалзсан ШЗийн шийдвэр хууль бус болохыг тогтоон, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЗ-д даалгаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 31-36/

 

3.8. Дээрх шийдвэрийг үндэслэн ШЗийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 216 дугаар тогтоолоор Б.О-г Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Е/15 тоот албан бичгээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсэгт заасан болзол, шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр саналыг буцаан хүргүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-ийн 49, 73/

 

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр Шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болоогүй байтал шүүгчээр томилолгүй орхигдуулсан байхад Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.4, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн тухай 2021 оны хуулийн зохицуулалтаар шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь ШЗийн үүрэг ба энэ үүргээ хэрэгжүүлж шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин /шинээр/ өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй талаар дүгнэж Б.Ог шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй ШЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон.

 

4.1. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчид хохирол учрахад манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй, мөн нэхэмжлэгчид гэм хор учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаагүйгээс гадна шүүгчээр ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй гэх гомдлыг хангахгүй.

 

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр ШЗ-ийн Б.О-г шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон.

 

4.2. Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар ШЗ нь төрийн байгууллага байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байсан хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар байна.

 

4.3. Хариуцагч ШЗ нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Б.О олох байсан орлого цалин хөлсөөр хохирсон гэж үзнэ. Нэхэмжлэгчид хохирол учирсан нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

4.4. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлээгүй хууль бус эс үйлдэхүйг тогтоож шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс нөхөн төлөхийг хариуцагч ШЗөөс шаардах эрхтэй талаархи шүүхийн дүгнэлт Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5. Харин Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

5.1. Анхан шатны шүүх нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0000 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс 262,527,910 төгрөгийг хариуцагч ШЗ-өөс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих гэм хорын хохирлын талаарх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөж, уг заалтыг нэмсэн өөрчлөлт оруулав.

 

6. ШЗ-ийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаартай тушаалаар нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 12,000,000 төгрөг олгосон байх ба энэ талаар зохигчид маргахгүй байна. /хх-ийн 130-131/

 

6.1. Анхан шатны шүүх дээрх тэтгэлгээр олгосон 12,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцоогүйг буруутгахгүй. Учир нь хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан, уг гэм хорыг нэхэмжлэгч шаардаж байгаа тохиодолд түүнд олгосон тэтгэлгийг хасаж тооцох үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/00310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...498.2 гэсний дараа, 510 дугаар зүйлийн 510.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ШЗ нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ