Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 211

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

 

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч А.Э-

хохирогч М.Б-

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 18050582000000 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Ремакс капитал Монголия компанид ажилладаг гэх, ам бүл 4; эмээ, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 2-33 тоотод оршин суух, мөн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж, 000 тоотод хаягийн бүртгэлтэй, ялгүй, дугаарын регистртэй, Г- овогт А-ын Э-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А.Э- 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Б-тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй, өөрийгөө өмгөөлж чадна.

Манай хүргэн ахын 10 жилийн ангийнхан уулзсан гээд эгч над руу яриад Налайхад байна, хүрч ирээд аваадах гэж хэлэхээр нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед очсон. Тэд нарыг аваад хот руу буцах явцад согтуу хүмүүс замын турш хоорондоо маргалдаад хэрүүл хийгээд байсан. Хохирогч Буяндэлгэр гэртээ харих байсан гэдгээ надад хэлээгүй, харин манай ахынх руу очиж үргэлжлүүлэн архи ууна гэцгээж байсан. Гэтэл хохирогч Буяндэлгэр машин дотор над руу дайраад хэл амаар доромжлоод, намайг эхлээд цохиод авсан. Түүнээс биш би хохирогчийг түрүүлж зодсон зүйл болоогүй. Хохирогч Буяндэлгэр эхлээд Бадамаа, хүргэн ах, бэр эгч нартай муудалцсан. Дараа нь Буяндэлгэр над руу чи буруу эргэчихлээ, тийшээ явах байсан юм гэж хэл амаар доромжилсон. Тэгээд Бадамаагийн хүүхэд бие засах гээд машинаа зогсооход эхлээд миний нүүр рүү цохисон. Зүүн нүдний ухархайн гадна тал руу цохисон. Ингээд зодоон эхэлсэн. Гэхдээ надад илэрсэн бэртэл шарх байгаагүй учир тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан 1.198.071 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах болно. Мөрдөн байцаалтын явцад хохирлыг төлье гэтэл байцаагч шүүхийн шатанд төлөх боломжтой гэж надад хэлсэн. Хохирогчтой ярилцаж байгаад тодорхой хугацааны дотор төлье гэж бодож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэв.

 

Хохирогч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 11 дугаар сарын 10-ны өдөр манай 10 жилийн ангийнхан манай сургуулийн зааланд тоглож байгаад ангийнхаа хүүхдийнд очихоор Налайх руу яваад маргааш нь хот руу буцсан. Би машингүй болохоор Э-ын хүргэн ахад дайгдаж явна гээд Э-ын машинд суусан. Тухайн үед миний уусан архи бүрэн гараагүй байсан нь үнэн. Машин дотор бөөн муудалцаан болооод хэрэлдээд байсан. Э-ын эгч, Бадамдорж нар хэрэлдээд байсан. Замдаа Энхтайвны гүүр даваад намайг буулгачих гэхэд буулгаагүй. Нарны гүүр давахад нь мөн буулгачих гэхэд буулгаагүй. Би чи яахаараа намайг буулгадагүй пизда вэ гэж хэлсэн. Гэхдээ би Э-ыг цохиогүй. Гэтэл намайг машинаас чирч буулгаад цохисон. Намайг өнхөрч байхад өшиглөж, цохисон. Нэг ухаан ороход би цустайгаа холилдоод газар хэвтэж байсан. Надад хүнийг цохиж зодоод байх чадал ч байгаагүй. Би түүнд гар хүрсэн гэдэгтээ итгэхгүй байна.

Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Хохиролд нийт 1.798.071 төгрөг нэхэмжилнэ. Нэхэмжлэл дотор цалин гэж 468.000 төгрөг орсон байгаа. Учир нь би томографикийн зураг авхуулаад, маргааш нь эмнэлэгт үзүүлтэл хэвтэх шаардлагатай гэсэн. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа юм. Би гомдолтой байна. Э- нь бараг миний хүүхэд шиг залуу хүн байж намайг арай дэндүү хайр гамгүй зодсон. Ганц нэг удаа цохисон бол миний нүүр тийм болохгүй байх байсан. Надаас уучлалт гуйгаагүй. Эмнэлэгт байхад ганц удаа утсаар яриад өөрийгөө өмөөрсөн, зөвтгөсөн шинжтэй байна лээ. Миний хувьд зодуулсанаас болоод эмчилгээ, эм тариагаа авч чадахгүй, зээл тавиад өрөнд баригдаад явж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Маамын Буяндэлгэр “… 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 10 жилийн ангийн хүүхэд Энхбатын гэрт очиж хоноод маргааш нь 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайхаас 10 жилийн ангийн хүүхэд Ганболд, Ганболдын эхнэр Энхбаттөгс, Бадамдорж, Ганболдын машиныг барьж явсан дүү нь болох Э- хамт хот руу орж ирсэн. Ирж явах замдаа Энхтайвны гүүрний доор бууя гэхэд буулгаагүй, дахиад Нарны гүүрний доор бууя гэхэд бас буулгаагүй намайг яагаад буулгахгүй байгаа юм гээд би Э-ыг хараагаад чи яагаад буулгахгүй байгаа юм гээд хэлсэн. Гэтэл вокзалын баруун талд гэрлэн дохио өнгөрөөд зогсоод, Э- буугаад машины хаалга онгойлгоод намайг чирж гаргаж ирээд нүүр рүү цохиод унагаасан. Намайг газар унахад нүүр рүү өшиглөсөн, би нэг мэдэхэд ухаан санаа балартсан. Миний нүүр нил цус болсон байсан. Тэгээд цагдаа дуудаад, цагдаа ирсэн. Би эхнэр Гэрэлмааг дуудсан. Эхнэр Гэрэлмааг ирэхэд шууд Гэмтлийн эмнэлэг ороод үзүүлсэн, би тархины зураг авахуулсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна гэсэн тул хэвтэн эмчлүүлсэн. Шинжээч эмч М.Золжаргалын гаргасан дүгнэлттэй уншиж танилцлаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг үнэн зөв тодорхойлсон байна. Миний биед учирсан гэмтлийг А.Э- гэх залуу учруулсан. Нүүр рүү гараараа цохисон. Газар унахад хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн. Би Э-тай намайг автомашинаас буулгасангүй гэж маргалдсан. Өөрөөр тэр залууг танихгүй маргалдах шалтгаан байхгүй. Одоо байнга толгой өвдөөд даралт эхсээд байгаа. Эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг нэхэмжилж, гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй. Намайг мэдүүлэг өгөхөд ямар нэгэн нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлсэн зүйлээгүй” /хх-н 17-18/ гэж,

гэрч Чадраагийн Бадамдорж “... Налайхад манай 10 жилийн ангийн хүүхэд уриад тэнд айлд хоносон. 2018 оны 11 дүгээр сарын 11-нд 20:00 цагийн үед нэг ангийн Ганболдын машинд Ганболд, Энхтөгс, Буянжаргал, бид нар хүүхдүүдээ аваад машинд нь сууцгаасан. Тэгээд замд явж байхад Ганболд намайг чи буруу юм ярьлаа гээд бид хоёр хоорондоо маргасан. Сүртэй маргаан болоогүй тэгсгээд өнгөрсөн. Тэгтэл Ганболдын эхнэр Энхбаттөгс энэ маргаан чиний буруу, чи дандаа дийлэх гэж үздэг, өөрийнхөөрөө байх гээд байдаг гэхээр нь ангийн асуудал чамд хамаагүй гэж хэлсэн. Замд явж байгаад Буяндэлгэр Нарны гүүр рүү эргэчих гэхэд машин жолоодож байгаа залуу юу ч дуугараагүй цаашаа яваад байсан. Тэгэхэд Буяндэлгэр жолоочийг чи муу ямар зэвүүн юм бэ гэж хараалын үгээр хэлсэн. Явж байгаад гэнэт машинаа зогсоогоод жолооч залуу Буяндэлгэр татаад буулгасан. Би яасан юм бол гээд хартал хашааны буланд нөгөө Энхбаттөгс, дүү жолооч залуу, Буяндэлгэрийг өшиглөөд зодож байхыг нь харсан. Би буугаад очсон чинь Буяндэлгэрийн нүүр, хувцасны энгэр зэрэг нь нил цус болчихсон байсан. Тэгээд би 102 руу залгаж цагдаа дуудсан. Тэгэхэд Ганболд гарч ирээд Буяндэлгэрийг босооч юун ялархуу юм бэ гээд байсан. Дахиж Буяндэлгэрийг зодсон хүн байхгүй. Буяндэлгэрийг Энхбаттөгсийн дүү эрэгтэй, нэрийг нь мэдэхгүй байгаа тэр залуу зодсон” /хх-н 25/ гэж,

гэрч Даваадоржийн Энхбаттөгс “... 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайхад нөхөр Ганболдын 10 жилийн ангийнхантай хамт байж байгаад дүү болох Э-ыг машинаа бариулахаар дуудаад Налайхаас машинаа бариулаад хот руу орж ирээд Баянгол дүүргийн Барс захын хойд талд ирсэн. Манай нөхрийн ангийн Буяндэлгэр, Бадамдорж хоёр замдаа явж байхдаа согтуу дүү Э-ыг хэл амаар доромжлоод ууж байсан пивоо цацсан. Би Бадамдоржтой цуг хүүхдийг нь буулгаад шээлгээд буцаад ирэхэд машин дотор суудал дээр эргээд харсан барьцалдсан байсан. Тэгээд Бадамдоржтой зууралдаад цаашаа явсан. Э- бид хоёрыг салгах гээд машинаасаа бууж ирсэн. Тэгэхэд нь Буяндэлгэр нь бууж ирээд Э-ыг цохисон. Би эргээд харахад Буяндэлгэр газар унасан хамраас нь цус гарсан байсан. Бадамдорж цагдаа дуудсан цагдаа ирээд манай дүү Э-ыг аваад явсан” /хх-н 26/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч М.Б-ийн гэмтэлтэй холбоотойгоор “Буяндэлгэрийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун зулай, дагзны хэсгийн хуйх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн 13591 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 30/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Э-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Түүнчлэн шүүгдэгч А.Э-т холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүх шүүгдэгч А.Э-т холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч М.Б- шүүгдэгч А.Э-аас нотлох баримтаар нийт 1.098.078 төгрөг нэхэмжилсэнийг бүрэн хангах нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл хохирогчийн эмчилгээтэй холбоотой баримтууд хавтаст хэргийн 20-23 дугаар хуудсанд авагдсан, дээрх баримтууд нь цаг хугацааны хийгээд тухайн үеийн үйл баримттай тохирч байна.

 

Шүүгдэгч А.Э- цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч А.Э- шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, ... гэсэн ялын санкцтай байх бөгөөд шүүгдэгч А.Э-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх сонгов. Учир нь бусдад учруулсан хохирлыг төлөөгүй ялтанд торгох ял оногдуулах нь зохимжгүй юм.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Г- овогт А-ын Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. А.Э- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. А.Э- цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-аас 1.098.078 төгрөг гаргуулж хохирогч М.Б-т олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ