Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00569

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00569

 

 

 

М... ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00166 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М... ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: К.. ХК-д холбогдох,

 

Экскаваторын хохирол 678,798,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э..., Ц.Г..., А.Т..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. М.... ХХК нь К... ХК-тай 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3030-2019/04 тоот зээлийн гэрээ, 3030- 2019/04-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 3030-2019/04-2 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 650,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн.

1.2. Улмаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3030-2020/14 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 3030-2020/14-1 тоот Барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг тус тус байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

1.3. Мөн К... ХК-тай 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3030-2019/04-2 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 678,798,000 төгрөгийн үнэ бүхий 17-97 УБ улсын дугаартай НIТАСНI-870 загварын экскаваторыг банкны өмчлөлд шилжүүлсэн.

1.4. К... ХК нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М... гэйт ХХК нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул зээлдэгчээс нийт 740,998,955 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасны дагуу М... ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар, үүргээ биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-1104...  дугаартай, Ө...  аймгийн Г... сумын 4 дүгээр баг, .дугаар гудамжны нарийн сухайт тоотод орших 798.36 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн нэгж талбарын 4615.... дугаартай, Ө... аймгийн Г... сумын .... нарийн сухайт тоотод орших 3640 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/02804 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл "К... ХК нь дээрх эвлэрлийн гэрээг ноцтой зөрчиж, талуудын хооронд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 3030-2019/04-2 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу К... ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 1797-УБ улсын дугаартай, НIТАСНI ZХ.... маркийн экскаваторийг бидэнд мэдэгдэлгүйгээр эзэмшилдээ шилжүүлэн авч, хууль бусаар худалдан борлуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3030-2019/04 тоот Зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болж, энэхүү Зээлийн гэрээний үүргийн харилцаа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон. Энэ тохиолдолд К... ХК нь зөвхөн эвлэрлийн гэрээний үндсэн дээр үүргийг шаардах эрхтэй буюу тус Эвлэрлийн гэрээний 4.2 -т заасан барьцааны зүйлүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Товчхондоо, Капитрон банк ХК нь зөвхөн эвлэрлийн гэрээнд заасан үндэслэлээр шаардах эрхтэй бөгөөд тус гэрээний нөхцөлд тусгагдаагүй фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар бусдад худалдан борлуулсан нь үндэслэлгүй бөгөөд Эвлэрлийн гэрээ байгуулагдсан даруйд фидуцийн зүйлийн өмчлөлийг М.... ХХК-д шилжүүлэх үүрэгтэй байсан.

1.5. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эвлэрлийн гэрээний 4 дүгээр зүйл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШШ2021/02804 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалт, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу К... ХК-ийн хууль бусаар захиран зарцуулсан 1797-УБ улсын дугаартай НIТАСНI ZХ870Н-3 маркийн экскаваторын хохиролд 678,798,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Фидуцийн гэрээний үүрэг эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар дуусгавар болоогүй тухайд.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 4.1.4-т эвлэрлийн гэрээ гэж маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг хэлэхээр хуульчлан тодорхойлсон. Тухайн эвлэрлийн гэрээ нь К... ХК нь зээлдэгч буюу М... ХХК-иас зээлийн гэрээний дагуу өр төлбөрөө нэхэмжлэх, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхтэйг шүүхээр баталгаажуулах үндсэн зорилготой гэрээ байсан болно.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд өмнөх гэрээнүүдийн үүргийг эвлэрлийн гэрээгээр сольж байгаа эсхүл талуудын өмнө байгуулсан хэлцлийг орлох талаар аливаа нөхцөл, агуулга тусгагдаагүй. Иймд, зээлийн болон фидуцийн гэрээний үүргийг эвлэрлийн гэрээний үүргээр сольсон гэх нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар тодорхойлсон. 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлөх өр төлбөртэй хэвээр байгаа бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг дурдах нь зүйтэй.

2.3. Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл тэдгээрийн дуусгавар болох үндэслэлийн тухайд.

Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу хийгдсэн, хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ байсан. Тус хуульд фидуцийн гэрээг дуусгавар болох нөхцөлийг заасан байх бөгөөд үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор заажээ.

К.... ХК-ийг тухайн хөрөнгийг бодитойгоор гаргуулах хүртэл хугацаанд зээлдэгч талаас мөнгө төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй хэвээр байсан. Капитрон банк ХК тухайн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн авч, худалдан борлуулж, зээлийн төлбөрөөс хассанаар тухайн фидуцийн гэрээ дуусгавар болсон.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь зээлдүүлэгчид өр төлбөрийг бүрэн төлж дууссанаар зээлийн гэрээ дуусгавар болох үндэслэлтэй. Зээлдэгч төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй талаар дурдсан болно.

2.4. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний тухайд.

Зээлдэгч үүргээ бүрэн гүйцэтгэснээр эсвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсанаар дуусгавар болох бөгөөд одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, улсын бүртгэлд банкны барьцааны эрх хэвээр бүртгэлтэй байгаа.

Иймд, нэхэмжлэгчийн хувьд банкны өмнө хүлээх үүргийг аливаа хэлбэрээр дуусгавар болгосон гэрээ хэлцэл байхгүй, эвлэрлийн гэрээ нь дангаар тус 3 төрлийн гэрээг орлох боломжгүй, үүргийг солихоор тохиролцоогүй учир нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.

2.5. Нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй талаар.

Нэхэмжлэгч нь банкыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шаардах эрхийн хүрээнд шаардлага гаргаж байгаа. Иргэний хуулийн үндсэн системчлэлийн дагуу талуудын хооронд гэрээний хүрээнд шаардах эрх байгаа эсэхийг шалгаад, хэрэв гэрээнээс үүдэлтэй шаардах эрх байхгүй тохиолдолд үүргийн шаардах эрх рүү шалгадаг.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ болон эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй байх бөгөөд Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцох нөхцөл байхгүй болно.

Иймд талуудын хоорондох зээл түүнтэй холбоотой харилцааг хүчин төгөлдөр гэрээ үйлчилж байхад, үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой шаардах эрхийг үндэслэл болгон шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн хариуцагч нь тухайн хөрөнгөд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, тухайн үнэлгээгээр худалдан борлуулсан бөгөөд худалдан борлуулсан төлбөрөөр зээлийн төлбөрөөс хасаж тооцсон. Маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч нь К... ХК байсан бөгөөд одоо тус хөрөнгийг худалдан авагч тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Иймд, нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн бус хөрөнгөтэй холбоотой аливаа шаардлага гаргах эрх нь дуусгавар болсныг анхаарах нь зүйтэй.

2.6. Хөрөнгийн үнэлгээний талаар.

Нэхэмжлэгч тухайн экскаваторын хохирлыг 678,798,000 төгрөгөөр тодорхойлж, хариуцагчаас шаардсан. Уг үнэлгээ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед буюу 2019 оны 2 дугаар сард талуудын хооронд харилцан тохиролцсон үнэлгээ.

Нэхэмжлэгч нь тус үнэлгээ хийгдсэнээс хойш тус хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж ашигласан бөгөөд 2022 оны 3 дугаар сард банк биет байдлаар гаргуулан авах хүртэл хугацаанд тухайн хөрөнгөд ашиглалтын болон зөөвөрлөлтийн элэгдэл, хорогдол үүссээр байсан. Мөн уг маргаан бүхий экскаваторын хөрөнгийн ашиглалтын хугацаа нь 10 жил бөгөөд тус хөрөнгийг банканд барьцаалахад буюу 2019 оны 2 дугаар сард 7 жил өнгөрсөн байсан ба биетээр гаргуулан авахад ашиглалтын хугацаа дууссан байсан зэргийг харгалзах нь зүйтэй. 

Тухайн хөрөнгийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар үнэлсэн хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний тайланд техникийн шинжээчийн дүгнэлт тусгагдсан байдаг. Тус дүгнэлтэд гидрийн шингэний түвшин бага, хөдөлгүүр болон үндсэн хуваарилахаас тос гоожилттой, үндсэн насоснуудын даралт болон урсгал хангалтгүй, шанаганы бүх пальц, втулка муудсан. Үндсэн сум болон цилиндрийн сальник солих, хуваарилагчийн сальникуудыг солих, эргэн моторын тормос муудсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна гэж тодорхойлсон бөгөөд энэхүү байдлыг нотлох эскаваторын гэрэл зургууд авагдсан. Хөрөнгийг барьцаалах үед энэхүү эвдрэл, гэмтлүүд байгаагүй бөгөөд 3 жилийн ашиглалтаас үүдсэн элэгдэл, эвдрэл гэмтэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд К... ХК-ийн зүгээс тухайн хөрөнгийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний байдлаар үнэлгээ хийлгэхэд 398,000,000 төгрөг болсон.

Иймд нэхэмжлэгч хохирлоо бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, К... ХК-иас тухайн экскаваторыг өөрсдөө эзэмшиж, ашиглаж байсан үедээ учруулсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч К... ХК-иас 199,014,982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М... ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 479,783,018 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,551,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К... ХК-иас 1,153,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М... ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулагдсаныг зөв дүгнэсэн атлаа зээлдэгч нарыг зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй буюу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад зээлийн барьцааны гэрээ дуусгавар болсон хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох тухай зохицуулсан. Тус зарчмын дагуу банк нь зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэл хангуулахаар зээлийн барьцааны гэрээ, фидуцийн гэрээг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан.

4.2. Уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан фидуцийн гэрээний 3.1-т Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 30-аас дээш хоног зөрчиж, зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй эсхүл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зорчсон тохиолдолд Банк зөрчлөө арилгахыг шаардсан албан бичиг хүргүүлэх бөгөөд хэрэв тухайн хугацаанд зөрчлөө арилгаагүй бол Банк фидуцийн зүйлийг хураан авч, бусад иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулж, худалдан борлуулсан нийт дүнгээр шаардлагаа хангуулна., 3.5.-т "Банк фидуцийн зүйлийг энэхүү гэрээний дагуу наслжүүлэн авснаар бусдад худалдах үнийг тохиролцох эрх нь түүнд үүснэ.", 5.1.8-т "Үүрэг гүйцэтгэгч нь гэрээний 4.2 дахь хэсэгт заасан холбогдох үүргээ биелүүлэхгүй байна гэж банк үзвэл зээлийн гэрээний хугацаа дууссан, тээлдэгч эргэн төлөлтийн хуваариа зөрчсөн эсэхээс үл хамааран фидуцийн зүйлийг хадгалалт, хамгаалалтандаа үл маргах журмаар шилжүүлэн авна." гэж тусгасан. Үүргийн зөрчил үүссэн тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, банк фидуцийн зүйлийг өөрийн хадгалалт, хамгаалалтанд шилжүүлэн авах талаар зохицуулсан.

Мөн гэрээний 1.2-т заасан "Энэхүү гэрээ нь Зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно" хэмээн зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ дуусгавар болсноор бус зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр фидуцийн гэрээ нь дуусгавар болохоор талууд харилцан тохиролцсон байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-т "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хувьд "Зээлийн гэрээ"-тэй салшгүй холбоотой буюу акцисор шинжтэй гэрээ. 

4.3. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т зааснаар "К..." ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар шаардаагүй, талууд Эвлэрлийн гэрээ"-гээр зээлийн төлбөрийг барьцааны хөдлөх хөрөнгөөр хангуулахаар тохиролцсоныг шүүх баталж шийдвэрлэснээр зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3030-2019 04-2 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ"-ний эрх, үүргүүд буюу гэрээний харилцаа дуусгавар болсон байна" хэмээн дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний заалт буюу тусгайлсан зохицуулалтаас урьдаж ерөнхий ангийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаатай байна.

4.4 Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд энэ талаар хоорондоо маргаагүй. Нэхэмжлэгч гэрээний үндсэн үүргээ ноцтой зөрчиж зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас банк нь фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг худалдан борлуулсан. Хэдийгээр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй. Тиймээс фидуцийн гэрээний 1.2-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул фидуцийн гэрээ нь дуусгавар болоогүй байна.

Иймд зээлийн гэрээ дуусгавар болсон тул фидуцийн гэрээ дуусгавар болсон гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.5. Шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын тогтоосон 599,014,982 төгрөгийн үнэлгээг баримталсан нь үндэслэлгүй. Л..." ХХК, "Х..." ХХК нь экскаваторын зах зээлийн үнийг тодорхойлохдоо экскаваторыг газар дээр очиж үзээгүй, зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэсэн. Хэдийгээр тухайн дүгнэлтээр "Л..." ХХК болон "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХK-уудын үнэлгээний тайланд дүгнэлт өгч, эд хөрөнгийн үнэ цэнийг тогтоосон ч тус дүгнэлт нь бодит үнэлгээ биш болохыг үнэлгээний тайландаа тодорхой дурдсан байдаг.

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын үнэлгээний тайланд "Шинжээчийн тооцоолж гаргасан үнэлгээний үр дүн нь үнэлгээчний бие даан хийсэн үнэлгээ биш бөгөөд гаргасан үр дүн нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг илэрхийлнэ гэсэн баталгаа гаргахгүй, тийм баталгаагаар талуудыг хангахгүй" гэж бичсэн байхад шүүх тус үнэлгээг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Х... ХХК-ийн үнэлгээчин 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр экскаваторыг газар дээр нь "З..." ХХК-ийн инженертэй хамт биечлэн үзэж, үнэлгээг тогтоосон.

Х... ХХК экскаваторыг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 398,000,000 төгрөгөөр үнэлснийг 400,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж, тухайн дүнгээр нэхэмжлэгчийн тус банкинд төлөх төлбөрөөс төлүүлсэн.

4.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч К... ХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцох, банкийг төлөөлөх эрхийг банкны хуульч А.Т...д шүүх хуралдаан болохоос өмнөх орой өгсөн. Үүний улмаас хэргийн материалтай танилцаж амжаагүй ба шүүх хуралдаан эхлэхийн өмнө хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангах, шүүх хуралдаанд хариуцагчийн эрх ашгийг хамгаалж мэтгэлцэх боломжоор хангаж өгөхийг хүсэж, хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэвч тус хүсэлтийг шүүх хүлээж аваагүйгээс үүдэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч банкны эрх ашгийг хамгаалан шүүх хуралдаанд оролцож чадаагүй бөгөөд хэргийн оролцогчийн эрхээ эдэлж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1, 25.1.3, 48 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч нь хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд тус эрхээр хангаагүй.

Түүнчлэн шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиглагчаар оролцохоо илэрхийлсэн байхад шүүх хурал дээр тухайн этгээд нь нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, хэрэг хэлэлцэх ажиллагаанд оролцуулсан нь бас л холбогдох хуулийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байсан. Тухайн гэрээнүүдтэй холбоотой шаардах эрх, үүргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээгээр зохицуулахаар өөрчилсөн. Эвлэрлийн гэрээний 4.2-т зээлдүүлэгч зээлдэгчээс яаж үүргээ шаардах талаар тодорхой тусгасан, үүнд фидуцийн гэрээний үүргийг шаардахаар тусгаагүй. Эвлэрлийн гэрээ, шүүгчийн захирамж хэргийн 72-73 дахь талд авагдсан. Энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлтийг зөв хийсэн гэж үзэж байна.

5.2. Сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтийн талаар хариуцагч талтай санал нэг байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/264, А/154 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журмын 2.1.2, 3.2.4-т заасныг зөрчиж үнэлгээ хийсэн. Тийм учраас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т хууль, тогтоомж, стандартад нийцсэн байх, 8 дугаар зүйлийн 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйл нь тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж заасныг зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг шүүх баримталсан гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М... ХХК нь хариуцагч К... ХК-д холбогдуулан экскаваторын үнэ 678,798,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3030-2019/04 дугаартай зээлийн гэрээ байгуулж, К... ХК нь 650,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, М.... ХХК нь зээл, хүүгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. /1-хх-ийн 8-10 дугаар тал/

3.2. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Ө... аймаг, Г... сум, ...-р баг, ... гудамж, ... хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1104... дугаарт бүртгэлтэй, 798.36 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 461500... дугаарт бүртгэлтэй, Ө... аймаг, Г... сум, ... баг, ... хаягт байрлах, үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалжээ. /1-хх-ийн 12-14 дүгээр тал/

3.3. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г байгуулж, HHEAXG00A001000.... арлын дугаартай, .... УБ улсын дугаартай, Hitachi загварын экскаваторыг зээлдүүлэгч К.... ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. /1-хх-ийн 15-16, 59 дүгээр тал/

3.4. Дээрх зээлийн гэрээний үүрэгт К... ХК нь М... ХХК-д холбогдуулан 740,998,955 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, уг шаардлагыг М... ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, тухайн төлбөр төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ү-11040.... улсын бүртгэлийн дугаартай, Ө... аймгийн Г... сумын .... дүгээр баг, .... дугаар гудамж, ... тоот хаягт байршилтай, 798.36 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 4615... дугаартай, Ө... аймгийн Г... сум, ... баг .... хаягт байршилтай 3640 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцсоныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/02804 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1-хх-ийн 73 дугаар тал/

3.5. Улмаар, хариуцагч нь экскаваторыг гуравдагч этгээдээс шилжүүлэн авч, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Х... ХХК-д 400,000,000 төгрөгөөр худалдсан гэх бөгөөд ийнхүү эд хөрөнгийг шилжүүлэн авах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болсон.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон боловч фидуцийн гэрээний дагуу шаардах эрхийн талаарх дүгнэлтийг залруулна.

4.1. Дээрх шүүгчийн захирамжийг төлбөр төлөгч М.... ХХК сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагч К.... ХК-ийн гаргасан хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ГХ2022/00386 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогджээ.

4.2. Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор .... УБ улсын дугаартай, Hitachi загварын экскаваторыг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар бичгээр хийсэн байх тул талуудын хооронд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний эрх, үүрэг үүссэн гэж үзнэ.

Үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангах өөр аргын талаар талууд тохиролцсон нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй. 

Харин хариуцагч банк нь зээлийн гэрээний үүргийг тэргүүн ээлжинд үл хөдлөх эд хөрөнгөөр гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй тохирч, энэ талаарх тохиролцоог шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бөгөөд уг аргаар үүргийн гүйцэтгэл хүрэлцээгүй тохиолдолд фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

4.3. Хариуцагч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр бодитоор гаргуулан авсан, тухайн эд хөрөнгийн үнийг тогтоосон гэх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан болон фидуцийн зүйлийг худалдан авч буй гэх гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг нэхэмжлэгчид танилцуулсан болохоо нотлоогүй. Түүнчлэн, фидуцийн зүйлийг бусдад худалдан борлуулахдаа үнийн талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

5. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгөө буюу экскаваторыг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд тухайн эд хөрөнгө нь бусдад худалдагдсан тул үнийг гаргуулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасантай нийцэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.1. Талууд уг экскаваторын зах зээлийн үнийн талаар маргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс томилогдсон шинжээч экскаваторын зах зээлийн үнэлгээг 559,014,982 төгрөгөөр тогтоосныг талууд маргаагүй байх тул уг үнэлгээгээр эд хөрөнгийн үнийг тогтоосон шүүхийн дүгнэлт зөв байна.

Учир нь хариуцагчаас экскаваторыг гуравдагч этгээдэд худалдсан үнэ нь тухайн гэрээний талуудын тохиролцоогоор тогтоогдсон үнэ бөгөөд тухайн төрлийн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоосон гэж үзэхгүй.

Мөн хариуцагч нь шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх асуудлаар хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаарх үндэслэлээ тодорхой заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.  

Иймд К... ХК нь экскаваторыг гуравдагч этгээдэд худалдсан үнэ гэх 400,000,000 төгрөгийг төлбөр төлөгчийн гүйцэтгэвэл зохих үүргээс хасаж, үлдсэн үүргийн хэмжээнд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг үндэслэн экскаваторын үнээс хасаж тооцон үлдсэнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах боломжгүй.

6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дараах давж заалдах гомдлыг мөн хангахгүй орхино.

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т....ийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь хариуцагч К.ХК-иас 2022 оны.. 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Э..., Ц.Г... нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, хариуцагч тал хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлсэн байх тул шинээр томилогдсон төлөөлөгч А.Т...ийн хэргийн материалтай танилцах хүсэлт нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэж хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

6.2. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б... шүүх хуралдаанд ажиглагчаар оролцохоо илэрхийлсэн байхад шүүх хуралдаанд тайлбар гаргаж, хэрэг хэлэлцэх ажиллагаанд оролцсон гэх давж заалдах гомдол нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,153,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.ГАНДИЙМАА