Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00672

 

 

 

 

 

 

 

 

     2024      04            03                                    210/МА2024/00672

 

 

А.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00143 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г ХХК-ийн холбогдох,

Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны №22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г ХХК-д брокерын албан тушаалд томилогдон тасралтгүй 9 жил ажилласан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон асуудлаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тушаал гарган захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Тушаал гарах үед өөрийн эдлээгүй байсан амралтын өдрүүдийг гүйцээх тухай компанийн удирдлагуудад мэдэгдэн амарч байсан цаг үетэй таарсан. Мөн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эх хувиар өгөлгүй компанийн хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй хуулбарыг надад өгсөн. 2023 онд тушаалыг гардан авч, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж маргаан шийдвэрлүүлэхээр хандсан ба тус хорооноос “Ажил олгогчтой эвлэрэх боломжгүй, шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан ба 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дүгнэлтийг гардан авч хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж байгаа болно. Тушаал дээр дурдагдаж буй Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.7. гэх “Хамтран ажиллагчдад хүндэтгэлтэй хандах, нөхөрсөг боловсон байх ...” заалт нь ажилтнуудаас гадна удирдах бүрэлдэхүүн, надаас гадна надтай харьцаж байгаа бусад ажилтнуудад үйлчлэх ёстой гэж үзэж байна. Гэтэл харилцан үүссэн асуудлыг гагцхүү нэг талын өнцгөөс өөрсдийн санаа сэдэлд нийцүүлэн тушаал гаргаж ажлаас халсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Тушаалаас үзвэл, компанийн удирдлага, амралттай ажилтны тушаалыг яаран 24 цагийн дотор гаргахдаа гагцхүү камерын бичлэг үзсэн тухай дурдсан байх ба сахилгын зөрчил гарсан эсэхийг тогтоохтой холбоотой арга хэмжээг аваагүй болох нь тодорхой байна. Надаас ямар нэгэн тайлбар аваагүй. Өөрөөр хэлбэл, удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт нь батлагдахгүй байна. Иймд Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны №22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлнэ гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

А.Г- нь Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар тушаалтай холбогдуулан “уг тушаалыг 2023 онд гардаж авсан” гэж илт худал тайлбар бичиж, даруй 1 жил 4 сарын дараа маргаан үүсгэн нэхэмжлэл гаргажээ. Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар тушаалыг тухайн өдөрт нь А.Г-т мэдэгдэж цахимаар илгээсэн. А.Г- нь тэр өдрөөс хойш ажлаа хүлээлгэж өгөлгүй алга болсон тул уг тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шуудангаар түүнд хүргүүлсэн. Мөн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр түүнд тушаалыг дахин гардуулж өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А.Г-ийн дүү нь оффис дээр ирээд “эгчийнхээ ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг авмаар байна, хуулбарлаж өг” гэж хэрүүл маргаан үүсгэж, бид “хуулбар үнэн” тэмдэг дарж тушаалын хуулбарыг өгсөн. Гэтэл 2021 оны тушаалыг 2023 онд гардаж авсан гэж илт худал хэлж, 1 жил 4 сар гаруй хугацааны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. Г ХХК-ийн хувьд энэ талаар огт мэдээлэлгүй байгаа бөгөөд биднийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, тайлбар, байр сууриа илэрхийлэх нөхцөл бололцоо олгоогүй тус Хорооны шийдвэр үйл ажиллагаа нь Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэмд заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. “Гүүдсек ҮЦК" ХХК нь үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, иргэдэд хувьцааны данс нээх, хаах, үнэт цаасны зах зээлд оролцоход брокер диллерийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага бөгөөд ажлын байрны зохион байгуулалтын хувьд нэг том зааланд 6-8 ажилтан сууж, үйлчлүүлэгчтэй харилцахад хялбар байх үүднээс орох хаалга хэсэгт ойр брокерууд суудаг, харин нягтлан зэрэг бусад захиргааны ажилчид заалны цаад хэсэгт сууж ажилладаг. Мөн манай байгууллага ажлын байрны аюулгүй байдал, үйлчилгээний чанар стандартыг хангах үүднээс оффисын зааланд хяналтын камер ажилладаг бөгөөд энэ нь хуулиар хориглогдоогүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох хурууны хээгээр бүртгэсэн 2021 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын цагийн бүртгэл, мөн энэ тайлбарт хавсарган өгсөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хяналтын камерын бичлэгээр А.Г- 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ээлжийн амралтаа эдлээгүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан нь нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасныг ажил олгогч хэрэгжүүлж, нийт 3 удаа ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдэгдэж, хүргүүлж, гардуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар А.Г- нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авснаас хойш шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан боловч хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргалгүй өдийг хүрсэн атлаа 2 жилийн дараа ийнхүү маргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Г ХХК-д холбогдох, Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны №22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэгч А.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.18 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Г ХХК-д холбогдуулан Г ХХК-ны гүйцэтгэх захирлын 2021 оны №22 дугаар тушаалаар А.Г- намайг ажлаас халахдаа албаны шалгалт хийгээгүй, тухайн үед надтай хамт ажиллаж байсан Л.Д-, Э.Б-, С.Е- нарын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн бичгээр гаргасан тайлбарыг албаны шалгалт хийсэн мэтээр хэтэрхий нэг талыг барьж асуудалд хандаж ажилтан миний хөдөлмөрлөх эрхэд шууд халдсан. Хэрэв ажлаас халах тодорхой үндэслэл тогтоогдсон бол түүнийг баримтжуулан надад урьдчилан танилцуулах ёстойг тухайн компанийн эрх бүхий ажилтнууд мэдэх боломжтой гэж үзэж байна.

Мөн тухайн шийдвэрт ажлаас халсан тушаалыг хүлээн авахаас татгалзсан гэж дурдаад байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тухайн тушаал нь өөрөө холбогдох хууль тогтоомжид үндэслэсэн эсэх нь эргэлзээтэй байсан учир миний бие хүлээж авахаас эрс татгалзаж байсан.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авсан гарын үсэг А.Г-ийн гарын үсэг биш гэсэн тул анхан шатны шүүх гарын үсгийн шинжээч томилсон. Хэргийн 29 дүгээр талд авагдсан баримтаар маргаан бүхий чөлөөлсөн тушаалыг хүлээж авсан хүний гарын үсэг А.Г-ийн өөрийн гарын үсэг мөн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хугацаа 30 хоног буюу 1 сар гэж заасан байдаг. Үүнээс харахад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаа тоологдох ёстой. 2023 оны 03 дугаар сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал зөрчил гаргаагүй гэдэг асуудалд маргадаггүй. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлсөн тушаалыг эх хуваарь гардуулж өгөөгүй учраас гомдол гаргаагүй гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ удаа дараа зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. А.Г- сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хэд хэдэн удаа давтан зөрчил гаргаж байсан тул 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тушаал гарсан. Тухайн үед ковидын нөхцөл байдлын улмаас уулзалтыг цахимаар хийх ажлыг ажил олгогчийн зүгээс зохион байгуулж байсан. Энэ үүднээс ажилчдын хурлыг зарлаж, зөрчилтэй холбоотой асуудлыг ...өнөөдрийн 15 цагийн үед хэлэлцэх гэж байгаа тул та зүүмээр ороод ирээрэй гэж А.Г-т мэдэгдсэн. А.Г- ажилчдын хуралд цахимаар оролцоогүй. Манайх үйлчилгээний байгууллага тул камерын бичлэгээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тогтоогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны №22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв үнэлж, үйл баримтуудыг зөв тогтоосон байна.

 

2.1. А.Г-, Г ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оффисын туслах ажилтны албан тушаалд, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс брокерын албан тушаалд тус тус томилогдон ажилласан байна. /хх52,53/

 

3. Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 тоот тушаалаар нэхэмжлэгч А.Г-ийг “ажлын байрны тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ./хх 6/

 

4. Нэхэмжлэгч А.Г- дээрх тушаалыг эс зөвшөөрч, гомдлоо 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.   

 

5. Тодруулбал, хариуцагч Г ХХК нь ажилчдын цахим программаар нэхэмжлэгч А.Г-тэй харилцаж чатаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн 22 тоот тушаалыг файлаар илгээж, ажлаа хүлээлцэхийг мэдэгдсэн байх тул энэ өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг тоолно. /хх 60-62/

 

5.1. Мөн, хариуцагч талаас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шуудангийн илгээмжээр нэхэмжлэгч А.Г-т ажлаас чөлөөлсөн тушаал зэргийг хүргүүлсэн гэх бөгөөд уг илгээмжийг нэхэмжлэгч  хүлээн авахаас татгалзсан болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18/82 дугаартай албан бичиг, хүргэлтийн дэвтрийн хуулбар зэргээр тус тус тогтоогджээ./хх69-70/

 

5.2. Түүнчлэн, хариуцагч талаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Баримт бичиг хүлээлцэх акт”-ын дагуу нэхэмжлэгч А.Г-т ажлаас чөлөөлөх тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийн үнэмлэх зэргийг гардуулж өгч, нэхэмжлэгч хүлээн авч гарын үсэг зурсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №346 шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ./хх 32, 92-102/

Хэргийн баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

6. Иймд анхан шатны шүүх маргааны зүйлд хамаарах хөдөлмөрийн харилцааг зөв тодорхойлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон талаар, мөн хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссан зэрэг асуудлаар Хөдөлмөрийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ