Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/0178

 


 “Вагнер ази автомотив” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням, О.Тэнгис, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Т.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 904 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 212 дугаар магадлалтай, “Вагнер ази автомотив” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Т.Энхтайван нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Вагнер ази автомотив” ХХК-ийг төлөөлж тус компанийн санхүү хариуцсан захирал А.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Т.Энхтайван нар нь төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 210003884 тоот актыг үйлдсэн. Энэхүү актаар нийт 5 төрлийн зөрчилд 772,433.3 мянган төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан. Энэхүү төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд 477,774.5 мянган төгрөгийн төлбөрийг хасч, үлдсэн хэсгийг хэвээр үлдээсэн тухай тогтоол гаргасан. Энэхүү 210003899 тоот актын тогтоох хэсгийн 1.2 болон 1.3 дахь хэсгийн үлдсэн төлбөрүүд болох 294,658.8 мянган төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Манай компани нь дэлхийд алдартай Форд, Ланд ровер зэрэг брендийн суудлын автомашины албан ёсны гэрээт борлуулагч юм. Бид уг автомашиныг санхүүгийн бүхий л нөхцөлөөр борлуулахаас гадна түрээслэх үйл ажиллагааг давхар эрхэлдэг. Эдгээр үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн худалдан авалтыг гадаад, дотоодын зах зээлээс хийдэг. Үүний нэг нь санхүүгийн болон үйл ажиллагааны түрээсээр автомашин, түүний сэлбэг хэрэгсэлтэй холбоотой нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтууд юм.

Энэхүү худалдан авалттай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.4.1-д суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг” гэж заасан боловч уг хуулийн 14.5-д суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулахаар өөрийнхөө гэрээ, дүрэмд тусган түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуулийн 14.4.1 дэх заалт үйлчлэхгүй гэж хуульчилснаар энэхүү 14.4.1 дэх заалтын хэрэглээг хязгаарласан байдаг.

Хэрэв нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь компанийнхаа гэрээ, дүрэмд зааж суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулж буй тохиолдолд тэрхүү татварын байцаагч нарын хасалтад хамруулахгүй гэж үзсэн 14.4.1 дэх заалт үйлчлэхгүй байхаар хуульчилсан байна.

Дээрх хуулийн заалтад манай компанийн дүрэмдээ заагаад үндсэн үйл ажиллагааны хүрээнд борлуулж буй суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл бүрэн хамаарах бөгөөд ийнхүү нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийнхаа хасалтад хамруулж болохыг Татварын алба тухай бүр тайлан хүлээн авах үедээ баталгаажуулж ирсэн билээ. Түүнчлэн 2009-2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын шалгалтаар Улсын төсвийн орлого, хяналтын газрын байцаагч Д.Ганбат, Н.Долгормаа нар хасалтдаа хамруулна гэж үзэж баталгаажуулалтыг хийсэн хирнээ дараагийн хяналт шалгалтаараа Д.Ганбат нь өөрийн өмнө нь нэгэнт шалгаад баталгаажуулчихсан онууддаа энэ зөрчлийг гаргаж ирж актаар хариуцлага тооцож буй нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.

Учир нь түүний зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг хийчихсэний дараагаар манай компани нь холбогдох илүү төлөлтийг төсвөөс буцааж авсан бөгөөд үүний дараагаар хасалт хийсэнд хариуцлага тооцож буй нь өөрийнхөө шийдвэрт татварын хариуцлага тооцож буй нөхцөл байдлыг үүсгэж байна. Бид энэхүү нөхцөл байдлыг тайлбарлан Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандахад 2009 он, 2010 он болон 2011 онуудын суудлын авто машины болон түүний сэлбэг хэрэгсэлтэй холбоотой худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын 432,612.3 мянган төгрөгийн төлбөрийг хасах нь зүйтэй байна харин 2012 болон 2013 оны худалдан авалтын хасалт хийх нь буруу гэж үзэн актын 256,688.3 мянган төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж байгаа нь хуулийг нэг мөр дагаж хэрэгжүүлэх, татварын талаар нэгдсэн бодлого боловсруулж буй төрийн дээд шатны байгууллага нь ийм шийдвэр гаргаж байгаа нь татвар төлөгч биднийг улам эргэлзээтэй байдалд оруулж байна.

Энэ хугацаанд ямар нэгэн хууль эрх зүйн өөрчлөлт гараагүй, яг ижил гүйлгээтэй холбоотой татварын асуудлыг ялгавартайгаар авч үзэж, хуулийн заалтыг янз бүрээр ойлгож, хэрэглэсэн буруу шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймээс 210003899 тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь хэсгийн үлдсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломж байхгүй юм.

2. Актын тогтоох хэсгийн 1.2 дахь зөрчилтэй холбоотой 38,046.4 мянган төгрөгийн зарим төлбөрийн асуудлаар: Баталгаат засварын орлогын нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд манай компани Америкийн нэгдсэн улсын Форд, Ланд ровер зэрэг компанийн албан ёсны борлуулагч бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тус компаниуд нь дэлхий даяар борлуулж буй авто машиндаа тодорхой хугацааны үйлдвэрийн баталгаа гаргадаг. Энэ баталгаат хугацаандаа тухайн авто машины үйлдвэрийн гэмтлийг үнэ төлбөргүй засах үүргийг хүлээдэг.

Харин албан ёсны борлуулагч нар /жишээ нь манай компани/ тухайн улсдаа борлуулсан авто машины үйлдвэрийн баталгаат засварыг Фордын нэрийн өмнөөс гүйцэтгэж өгдөг. Үүнтэй холбоотой гарсан бүхий л зардлаа Форд компаниас 100 хувь нэхэмжилж авдаг. Бид мөн чанартаа Монгол улсын худалдан авагч нарт үйлчилгээ үзүүлж буй биш харин Америкийн нэгдсэн улсын үйлдвэрлэгч нарт үзүүлсэн экспортын үйлчилгээ юм. Иймээс энэхүү засвар нь манай компанийн орлого биш бөгөөд бид дунд нь ямар нэгэн нэмүү өртөг шингээдэггүй тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй болно. Америкийн нэгдсэн улсын Форд, Ланд ровер зэрэг компаниудын нэрийн өмнөөс авто машин зэрэг бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд таниулах, нэвтрүүлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй харилцаж, сурталчлах ажлыг бид гүйцэтгэдэг.

Үүнтэй холбоотой гарсан зардлаа тэдгээр компаниудаас бүрэн нэхэмжлэн авдаг. Энэхүү ажлынхаа хөлсөнд бид зарим авто машиндаа хөнгөлөлт эдлэх эрхийг авдаг. Тиймээс энэхүү гарсан мөнгөө эргүүлэн нөхөж авч байгаа нь нэмүү өртөг шингэсэн, орлогын шинж чанартай гүйлгээ болж чадахгүй юм. Иймд Татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210003884 дугаар актын тогтоох хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Т.Энхтайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Ганбат, Т.Энхтайван бид төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2100003884 тоот татварын улсын байцаагчийн актаар 4,375,850,843 төгрөгийн зөрчилд 772,433,270.4 төгрөгийн татварын төлбөр ногдуулсныг, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 62 тоот тогтоолоор 1,819,200,831 төгрөгийн зөрчилд ногдуулсан 294,734,710.6 төгрөгийн татварын төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн.

2012-2013 онд 1,566,064,161 төгрөгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, өөрийн өмчлөлийн суудлын автомашин, түүний сэлбэгийг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасалт хийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.1-д заасныг зөрчсөнд ногдуулсан хариуцлагад 256,688,269.1 төгрөгийн татварын төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн тайлбартаа Татварын алба тайлан хүлээн авах үедээ баталгаажуулж ирсэн гэсэн үндэслэлийг гаргаж ирсэн. Энэ нь татварын тайлан авч буй байцаагч нь татвар төлөгчийн хөрөнгийн дансны гүйлгээ эсвэл бараа, түүхий эдийн дансны гүйлгээг ялгаж харах боломжгүй. Мөн татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг хуульчилж өгсөн тул уг үндэслэл нь хууль бус гэж үзэж байна.

Дээрх маягаар хасалт хийсэн 2009 онд 569,843,515 төгрөгийн зөрчилд ногдуулсан 102,571,833 төгрөгийн татварын төлбөрийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2010 оноос 2011 онд 1,833,558,152 төгрөгийн зөрчилд ногдуулсан 330,040,467.8 төгрөгийн татварын төлбөрийг үндэслэлгүйгээр чөлөөлүүлсэн тул хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгаа зэргийг үндэслэн дээрх төлбөрийг элдэв тайлбаргүйгээр барагдуулах нь шударга ёсонд бага боловч ойртоно гэж үзэж байна. Иймд Татварын улсын байцаагчийн 210003884 тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь хэсгийн төлбөрийг үгүйсгэх хуулийн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Актын тогтоох хэсгийн 1.2-т заасан төлбөрийн 38,046,441.6 төгрөгийн хувьд баталгаат засварын орлого болон зар сурталчилгааны орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй орлогод нь Нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулсан. Үүнд 359,726,282 төгрөгийн зөрчилд 63,963,471.3 төгрөгийн татварын төлбөр ногдуулсны 2009 онд орсон 106,589,612 төгрөгийн орлогод ногдуулсан 19,186,130.2 төгрөгийн татварын төлбөрийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 6,730,89.5 төгрөгийн татварын төлбөрийг үндэслэлгүйгээр хасагдуулан 38,046,441.6 төгрөгийн татварын төлбөрийг төлүүлэхээр Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 6 сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор тогтоосон.

Иймд хуулийн үндэслэлгүйгээр хасагдуулан тооцсон татварын төлбөрүүдийг харгалзан, актын тогтоох хэсгийн 1.2-т заагдсан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй баталгаат засварын болон зар сурталчилгааны орлогод ногдуулсан төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 904 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1, 14.7., Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан “Вагнер ази автомотив” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ганбат, Т.Энхтайван нарын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210003884 тоот актын тогтоох хэсгийн 1.2 болон 1.3 дахь хэсгийн үлдсэн төлбөрүүд болох 301,465,609.0 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 212 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 904 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 7.5, 14 дүгээр зүйлийн 14.4.1, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан “Вагнер ази автомотив” ХХК-ийн нэхэмжлэлээс Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210003884 дугаар актын тогтоосон 294,734,710.60 төгрөгөөс 59,638,758.40 төгрөгийн торгууль, 53,099,928.10 төгрөгийн алданги, 75,941.00 төгрөгийн хүүг хасч, төлбөрийн хэмжээг 181,920,083.10 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Т.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулан торгууль, алданги хүүгээс чөлөөлж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 212 тоот магадлалыг дараах үндэслэлээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2.1-д “Өршөөл үзүүлэх хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль энэ хуулиас бүрдэнэ” гэж 5 хуулийг нэрээр нь зааж өгсөн. Дээрх 5 хуулиас өөр хуулийг хэрэглэж өршөөл үзүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.

2. Магадлалын хянавал хэсгийн 4-т “...Татварын хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэж буй хариуцлага нь Өршөөлийн хуульд хамрагдах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ” гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийг хангаагүйд төрд өгөх өглөг бөгөөд Монгол улсын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д ёслон биелүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүйд ногдуулсан хариуцлага юм.

Энэ нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн зөрчилд ногдуулах “торгох” шийтгэлээс ялгаатай өөр хариуцлага болох үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хангагдаагүй үүргийн гүйцэтгэлд хүү, торгууль, алданги ногдуулах зохицуулалтын ялгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн авч үзэлгүй шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

3. Мөн магадлалын хянавал хэсгийн 4-т заасан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1-д “энэ хуульд заасан захиргааны журмыг хуулиар тогтооно” гэж заасан захиргааны журам нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд хамаарах зохицуулалт бөгөөд дээрх татварын улсын байцаагчийн акт нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн бичигдсэн тул хамааралгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Вагнер ази автомотив” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Стив Поттер хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэг “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулахаар өөрийнхөө гэрээ, дүрэмд тусган түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуулийн 14.4.1 дэх заалт үйлчлэхгүй” гэсэн заалтын тухайд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.4.1 дэх хэсэгт заасан заалт нь суудлын авто машиныг компани нь өөрийн хэрэгцээнд зарцуулдаг бөгөөд түүнээс ямар нэгэн эдийн засгийн бодит үр өгөөжийг ирээдүйд компанид өгөхгүй байх захирлын ч юмуу, үйлчилгээний авто машинуудыг ойлгоно. Харин манай түрээслүүлж буй авто машинууд нь түрээсийн орлогоороо эдийн засгийн бодит өгөөжийг өгч байгаа бөгөөд харин хэрэглээ нь түрээсэлж буй компанид шууд хамааралтай юм.

Түрээслүүлж буй хугацаандаа зарах зорилго нь хэвээр бөгөөд тохирсон үнээр зардаг тул түрээсийн орлоготойгоо нэгтгэгдэн тухайн авто машины шинэ байх үеийн зарах үнээс илүү өндөр ашгийг компанид авчирдаг. Энэ утгаараа төдий хэмжээгээр улсад илүү нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байгаа болно. Тиймээс эцсийн мөчид худалдан авагчид шилжиж байгаа болон түрээсийн хугацаанд хэний хэрэглээнд байсан, тухайн машинаас нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үр ашгийг авч байсан эсэхээс хамаарах нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ үйл ажиллагаа бол компанийн өөрийн хэрэглээндээ ашигласан бус энгийн цэвэр бизнес гэдгийг авч үзэх ёстой, түүнээс биш суудлын машин л бол хасахгүй гэсэн шууд утгаар хуулийн дээрх заалтыг ойлгож болохгүй юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасан “борлуулах” гэсэн үгийг өргөн утгаар нь ашиг олох зорилгоор түрээслүүлэх болон зарах гэдэг үгсийг хамтаар ойлгох нь зүйтэй. Түүнээс бус зөвхөн тухайн хугацаанд гуравдагч этгээдэд бодитоор шилжсэн байх гэсэн явцуу утгаар ойлгож, тайлбарлах нь буруу юм.

Хэдий 176 ширхэг суудлын авто машиныг компаниудад түрээслүүлж байсан ч уг хугацаанд тэдгээрийн зарах зорилгыг ямагт солиогүй бөгөөд татварын хяналт шалгалт хийгдсэн онуудад бидний түр хугацаагаар түрээсэлж байсан 176 авто машины 11 ширхгээс бусад нь одоогийн байдлаар бүгд зарагдсан бөгөөд борлуулалтын орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлсөн байна. Цаашид ч үлдсэн 11 авто машиныг зарах болно. Иймээс эцсийн дүндээ гуравдагч этгээдэд шилжиж байгаа гэдгийг нь сайтар анхаарахыг хүсч байна. Манай компани нь 40 ажилтантай, эдгээр авто машинуудыг хувийн болон албан хэрэгцээнд ашиглуулах боломжгүй юм.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “үйлчилгээ үзүүлэх үед Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэж заасан тухайд: Зар сурталчилгааны үндсэн контент бол бүгд гадаад улсад бэлтгэгддэг, Монгол улсад дамжуулахаас өөр нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагаа хийгдэхгүй бөгөөд манай компанийн зүгээс ямар ч агуулгыг түүнд оруулдаггүй. Энд дан ганц Форд, Ланд роверийн брэндийн ерөнхий сурталчилгаа хийгддэг. Түүнийг манай компани мэдээлэл дамжуулах компаниудад өгч олон нийтэд цацуулдаг. Цацах төлбөрийг нь бид эхэлж төлөөд дараа нь түүнийгээ АНУ-ын компаниудаас баримтын дагуу нэхэмжлэн авдаг билээ. Бид ямар нэгэн нэмэлт төлбөр авдаггүй, бодит баримтыг нь үндэслэдэг.

Хэрэв манай орлого юм бол бид Монгол улсын мэдээллийн хэрэгслүүд болох телевиз, сонинуудад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах байсан бөгөөд энэ тохиолдолд манай компанийн улсад төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар бол “тэг” байна. Хэрэв АНУ-аас орж ирж буй төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ёстой гэвэл хасалтыг нь бас оруулан тооцох нь илүү шударга болох юм. Энэ зар сурталчилгааны төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Монгол улсын мэдээлэл дамжуулах компаниуд төлсөн гэдгийг анхаарна уу. Иймээс энэхүү зар сурталчилгааны төлбөр нь манай компанийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулах орлого биш, харин 0 хувиар ногдуулах экспортын орлого болно.

Манай компани АНУ-ын Форд, Ланд ровер зэрэг компанийн албан ёсны борлуулагч бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тус компаниуд нь дэлхий даяар борлуулж буй авто машиндаа тодорхой хугацааны үйлдвэрийн баталгаа гаргадаг. Энэ баталгаат хугацаандаа тухайн авто машины үйлдвэрийн гэмтлийг үнэ төлбөргүй засах үүргийг хүлээдэг. Харин албан ёсны борлуулагч нар тухайн улсдаа борлуулсан авто машины үйлдвэрийн баталгаат засварыг Фордын нэрийн өмнөөс гүйцэтгэж өгдөг. Үүнтэй холбоотой гарсан бүхий л зардлаа баримтын дагуу Форд компаниас 100 хувь нэхэмжилж авдаг. Бид мөн чанартаа Монгол улсын худалдан авагч нарт үйлчилгээ үзүүлж буй биш харин АНУ-ын үйлдвэрлэгч нарт үзүүлсэн экспортын үйлчилгээ юм.

Хянавал:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Энхтайван, Д.Ганбат нар “Вагнер ази автомотив” ХХК-ийн 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210003899 дүгээр актаар “бараа, материалын хэвийн хорогдлын нөөцийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан; зар сурталчилгааны урамшууллын болон баталгаат засварын зардлыг нөхөн авсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй; түрээслүүлэх болон өөрийн хөрөнгийн зориулалт бүхий суудлын автомашин, сэлбэгийг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хассан” гэх 4,375,850,843.0 төгрөгийн дүн бүхий 3 төрлийн зөрчил тогтоон, нөхөн татвар, торгууль, алданги нийт 772,433,270.4 төгрөгийн төлбөр ногдуулсан, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор актын зөрчлийн дүнг 1,819,200,831.0 төгрөг болгон бууруулж, 294,734,710.60 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилжээ.

Нэхэмжлэгч “Вагнер ази автомотив” ХХК нь “баталгаат засварын болон зар сурталчилгаатай холбогдох зардлаа нөхөн авснаас биш бусдад үйлчилгээ үзүүлж орлого олгоогүй, татварын улсын байцаагч Д.Ганбат өмнө нь НӨАТ-ын актаар баталгаажуулсан зүйлдээ акт тогтоосон, Маргаан таслах зөвлөл нь ижил зөрчилд хуулийг нэг мөр хэрэгжүүлсэнгүй” гэж маргаж, актын 1.2, 1.3 дахь хэсэг, үүнд холбогдох 294,658,800.0 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх актын зарим хэсэгт холбогдох маргааны үйл баримтад хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалд өөрчлөлт оруулав.

1. Зар сурталчилгааны урамшууллын болон баталгаат засварын зардлыг нөхөн олгосон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх актын 1.2-т заасан зөрчлийн талаар:

Актын 1.2 дахь хэсгээр 359,729,282.0 төгрөгийн зөрчилд 74,734,128.3 төгрөгийн төлбөр ногдуулснаас, Маргаан таслах зөвлөл нь “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж 2009 онд холбогдох зөрчил, төлбөрийг, мөн “алданги тооцох үндэслэлгүй” гэж үзэн бүх алдангийг хасч, 253,136,670.0 төгрөгийн зөрчилд 38,046,441.50 төгрөгийн төлбөр төлүүлэхээр болжээ.

Татварын улсын байцаагч нар нь зар сурталчилгаа болон баталгаат засвартай холбоотой нэхэмжлэгчийн үйл ажиллагааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.8-д заасан “өрийн төлбөрийг ажил, үйлчилгээ үзүүлэх замаар хаах” хэлбэрээр “үйлчилгээ үзүүлсэн” гэж үзжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, гадаадын хөрөнгө оруулалттай “Вагнер ази автомотив” ХХК нь эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлээр гадаад худалдаа, төрөл бүрийн тоног төхөөрөмж худалдаалах, түрээслэх, засварлах, сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэх, харин туслах үйл ажиллагааны хүрээнд бүх төрлийн тээврийн хэрэгслийн түрээс болон санхүүгийн лизинг эрхлэхээр улсыг бүртгэлд бүртгэгдсэн, “Форд”, “Ланд Ровер” брендийн суудлын автомашины Монгол Улс дахь албан ёсны гэрээт борлуулагч, эдгээрийг борлуулах зорилгоор зар сурталчилгаа хийх болон үйлдвэрийн баталгаат хугацааны дотор гарсан эвдрэл гэмтлийг засварлахдаа АНУ-ын “Форд”, “Ланд Ровер” компаниудтай байгуулсан гэрээний дагуу тэдний нэрийн өмнөөс гүйцэтгэдэг, үүнтэй холбогдож гаргасан зардлаа тэднээс нөхөж авдаг, үүний дагуу баталгаат засварт болон зар сурталчилгаанд зарцуулагдсан 253,136,670.0 төгрөгийг 2010-2013 онуудад авсан нь баримтаар нотлогдсон, уг үйл баримттай хариуцагч маргаагүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн “зар сурталчилгаа болон баталгаат засвартай холбоотой” үйл ажиллагааг “өрийн төлбөрийг ажил, үйлчилгээ үзүүлэх замаар хаах” хэлбэрээр “үйлчилгээ үзүүлсэн” гэж үзэх үндэслэлгүй, татварын улсын байцаагч нар нь үйлдсэн актдаа гадаадын хуулийн этгээдээс “нөхөн олгосон орлого” гэж тодорхой дүгнэсэн атлаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ үзүүлсэнд хамааруулсан нь буруу болжээ.

Нөгөө талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна” гэж заасан ба хуулийн 12 дугаар зүйлд албан татварын тэг /”0”/ хувь, хэмжээг хэрэглэх экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээг жагсаасан байна.

Энэ зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ гэж зохицуулсанаас үзвэл, нэхэмжлэгч “Вагнер ази автомотив” ХХК нь дээрх байдлаар “экспортын үйлчилгээ үзүүлсэн” гэх бол үүндээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй юм.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, актын уг хэсгийн агуулгыг буруу тодорхойлсон, хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй алдаа гаргажээ.

2. Түрээслүүлэх болон өөрийн хөрөнгийн зориулалт бүхий суудлын автомашин, түүний сэлбэгийг импортлох, худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасалт хийсэн гэх актын 1.3-т заасан зөрчлийн талаар:

Татварын улсын байцаагчийн актын 1.3 дахь хэсгээр 2009-2013 онд нийт 3,969,465,828.0 төгрөгийн зөрчилд 689,300,569.8 төгрөгийн төлбөр ногдуулснаас Татварын маргаан таслах зөвлөлөөс “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж 2009 оны, “НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акттай давхардсан” гэдгээр 2010, 2011 онд хамаарах зөрчил, төлбөрийг тус тус хасч, зөрчлийн дүнг 1,566,064,161.0 төгрөг, төлбөрийг 256,688,269 болгон бууруулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй; 14.4.1-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг” гээд, 14.5-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулахаар өөрийнхөө гэрээ, дүрэмд тусган түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуулийн 14.4.1 дэх заалт үйлчлэхгүй” гэж заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн санхүүгийн болон үйл ажиллагааны түрээсийн үйлчилгээ эрхэлдэг боловч 1,566,064,161.0 төгрөгийн үнийн дүн бүхий импортолсон, худалдаж авсан автомашин, түүний сэлбэг, эд анги нь “санхүүгийн түрээс”-ээр худалдан борлуулахад зориулагдсан гэдэг нь тогтоогдоогүй, харин санхүүгийн тайландаа үндсэн хөрөнгөөр тусгаж, элэгдлийг хуримтлуулан, тайлант үеийн алдагдлаар хүлээн бүртгэсний зэрэгцээ “машин түрээслэх гэрээ” нь “санхүүгийн түрээсийн гэрээ”-ний шинжийг агуулаагүй зэрэг нь тогтоогджээ.

Иймд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.5-д заасан нөхцөлийг хангаж буй албан татвар төлөгч хуулийн этгээд гэдгээр нь “хасалт” хийсэн зөрчлийг нь зөвтгөх үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Монгол Улсын Их хурал 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан, уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас “татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, харин торгууль, алдангийг өршөөнө” гэж шийдвэрлэжээ.

Үүнээс үзвэл Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасны дагуу нөхөн төлүүлэх татварын дүнд ногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго, зохицуулалтад нийцсэн талаар давж заалдах шатны үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэрэглэвэл зохих уг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, актын 1.2 дахь заалтыг хүчингүй болгох, хариуцагчийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 212 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.4, 7.4.8, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.4, 14.4.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус баримтлан “Вагнер ази автомотив” ХХК-ийн нэхэмжлэлээс “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210003899 дүгээр актын 1.2 дахь хэсгийг хүчингүй болгож, 46,981,924.90 төгрөгийн торгууль, 53,099,928.10 төгрөгийн алдангийг тус тус өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 156,606,416.10 төгрөгөөр тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ